| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/09791/и |
| Дугаар | 210/МА2026/00922 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00922
2026 04 27 210/МА2026/00922
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01545 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* нарт холбогдох, иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 3360 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.03-ны өдрийн 310 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэж, *******, ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн дээрх 2 орон сууц буюу *******, ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт манай банкны нэр дээр шилжүүлж өгөх тухай өөрийн гараар бичгээр хүсэлт гаргасан. Үүний дагуу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *******, ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө буюу 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч банкны нэр дээр шилжүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Тодруулбал, дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь 2 гэрчилгээ бүхий, 4 өрөө орон сууц бөгөөд нэхэмжлэгч банкны өмчлөлд шилжүүлсэн.
1.2. Гэтэл одоог хүртэл уг орон сууцнуудад хариуцагч ******* амьдарч хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд уг хөрөнгүүдийг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өмчлөгч нь барьцаа хөрөнгөөр 1,200,000,000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд хариуцагч өөрт ногдох хэсэг болох 135,000,000 төгрөгт барьцаа хөрөнгийг үнэлж, шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт өгсөн. Шүүхийн шийдвэр 2021 онд гарснаас хойш 5 жил болоход хариуцагч төлбөрийг төлнө гэж хэлдэг байсан боловч одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хангалттай хугацаа, боломж олгосон. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд орон сууцнуудын өмчлөх эрх нэхэмжлэгч банкны нэр дээр шилжсэн учраас үүнээс өөр ажиллагаа хийх боломжгүй гээд ажиллагаа зогсонги байдалд орсон. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байх тул өмчлөлийн 2 орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ...Бид нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоот ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 633,740 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс талуудыг тохиролцох хугацаа олгож, шүүх хуралдааныг жич хойшлуулсан боловч гэнэтийн байдлаар шүүх хуралдааныг хийсэн.
4.2. Шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт өөр өөр зүйл дурдсан. Шийдвэрийн тогтоох хэсэгт ...******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоот ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж шийдвэрлэсэн нь хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон тул хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч нь мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа гомдолд дурдсан үндэслэлээс эсрэг агуулгатай тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь албан чөлөөлүүлэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хөрөнгийн үнэлгээнд маргасан асуудал байхгүй. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн бөгөөд холбогдох баримт нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Хоёрдугаарт, хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж дурдсан байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй бөгөөд хариуцагчийг оролцуулахын тулд шүүх хуралдаан 1 удаа хойшилж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээд нь өмгөөлөгч бөгөөд тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2 дахь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг дахин хойшлуулсан бөгөөд тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурж, холбогдох захирамжтай танилцсан. Гэтэл 3 дахь удаагийн шүүх хуралдаанд хариуцагч талаас ирээгүй. Талуудад шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан.
5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий орон сууцыг битүүмжилсэн тогтоол гарсан байгаа гэж тайлбарлаж байна. Уг тогтоол нь өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт хүчингүй болсон. ******* ТӨҮГ-ын шүүх хуралдаан нь давж заалдах шатны шүүхэд энэ 7 хоногийн баасан гарагт товлогдсон бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа тогтоолууд нь хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, холбогдох баримт байхгүй хэдий ч маргаан бүхий орон сууц нэхэмжлэгчийн нэр дээр байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь дээр дурдсан агуулгаар тайлбар гаргадаг учраас бид шүүхийн шийдвэрийн материалаас өмнөх өмчлөгчийн хүсэлтээр шилжүүлсэн, гараар бичсэн хүсэлт болон шийдвэр, тогтоол, улсын бүртгэлийн газарт явуулсан тогтоол зэргийг гаргаж өгсөн. Энэ маргаан нь 2020 оноос эхэлж хэрэг үүссэн бөгөөд 6 жилийн турш хариуцагчийг хүлээсэн. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдааны явцад холбогдох төлбөрийг төлнө гэж тайлбар гаргадаг хэдий ч төлж байсан удаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, техникийн шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан өөрийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан бол хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 102/ШШ2020/03360 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.03-ны өдрийн 310 дугаар магадлалыг биелүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.17-ны өдрийн 102/ШЗ2021/16904 дугаар захирамж, тус өдрийн 102/ГХ2021/01338 дугаар гүйцэтгэх хуудсаар *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, ******* дугаар байрны ******* тоот, ******* м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай тус хаяг дахь байрны ******* тоот ******* м.кв талбайтай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна; /хх-13-24, 57-68/,
3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******аас өөрийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцуулж төлбөр авагч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг 2025.04.03-нд гаргажээ. /хх-70/,
3.3. Үүний дагуу 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* ХХК болж, *******, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /хх-42-43/,
4. Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцаа, шаардах эрхийн үндэслэл, урьдчилсан нөхцөлийн талаар зөв дүгнэсэн.
4.1. Өмчлөлийн зүйлээ бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх, хариуцагчийн эзэмшлийн эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох буюу хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсхүл хууль бус эсэх асуудал тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтад хамаарах эсэхийг тодорхойлох урьдчилсан нөхцөл болно.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмнөх өмчлөгч *******ын өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрх шинэ өмчлөгч ******* ХХК-нд үүссэн болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурдсан 2 үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг зөрүүлж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг зөрүүтэй баримтыг үнэлж шийдвэрлэсэн гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг залруулсан өөрчлөлт оруулна.
5. Хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2026.01.14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтийг ханган шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангасан гэж үзнэ. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026.01.26-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг залруулсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын бүртгэлтэй гэсний дараа эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоот, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоот ******* м.кв талбайтай орон сууцыг гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Г.НЯМСҮРЭН