| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/42099/И |
| Дугаар | 210/МА2026/00988 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00988
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/07255 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Бараа бүтээгдэхүүний үнэ 14,643,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ 14,643,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй.
Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд манай компани нэхэмжлэлийг гардаж авсан даруйд буюу 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар бичиж албан имэйлээр хүргүүлсэн гэж дурдсан байх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчаас хүүхдийн сүү, бусад бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авдаг байсан ба хэрэглэгчдээс хурц үнэртэй байна гэсэн гомдол ирсэн учир 14,643,680 төгрөгийн барааг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буцаан хүлээлгэж өгсөн гэж тодорхойлжээ.
Хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн огноотой 14,643,680 төгрөгийн үнэтэй 25 нэр төрлийн 308 ширхэг хүнсний бараа бүтээгдэхүүний орлогын баримт авагдсан ба уг баримтад *******ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдаж, хүлээн авагч болон шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг зурагдсан байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзвэл, 2025.08.06-ны өдөр 5,001,600 төгрөг, 2025.08.15-ны өдөр 3,479,040 төгрөг, 2025.09.02-ны өдөр 2,230,400 төгрөг, 2025.09.12-ны өдөр 4,670,880 төгрөг, 2025.10.01-ний өдөр 3,529,280 төгрөг, 1,955,200 төгрөг, 2025.10.06-ны өдөр 6,208,960 төгрөг, нийт 27,075,360 төгрөгийг Хаан банк ХК дахь хариуцагчийн эзэмшлийн 5622695193 тоот дансанд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх дээрх харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан агуулгыг зөрчөөгүй.
4.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь 14,643,680 төгрөгийн үнэтэй 25 нэр төрлийн 308 ширхэг хүнсний бараа бүтээгдэхүүн доголдолтой учир 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буцаан өгсөн гэж тайлбарласныг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж маргаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэж гомдолдоо дурдсан боловч хэрэгт хариу тайлбар авагдаагүйг дээр дүгнэсэн болно.
Иймээс анхан шатны шүүх гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.
5.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь 25 нэр төрлийн 308 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид буцааж өгсөн үндэслэлээр тэдгээрийн үнэд төлсөн 14,643,680 төгрөгийг буцаан шаардсан ба талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх боломжтой тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэнэ. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүний үнэд төлсөн 14,643,680 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад гэрээний эрх зүйн нийтлэг зохицуулалтаас гадна талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулгыг тодорхойлсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг нэмж тусгах нь хууль хэрэглээний хувьд оновчтой байх тул зохих өөрчлөлт оруулна.
6.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр очих боломжгүй талаар хүсэлт гаргасан байх боловч хүсэлтэд *******т олгосон эмнэлгийн магадалгааг хавсаргасан байх тул уг баримтаар *******ыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх дүгнээгүй нь үндэслэлтэй болжээ. Иймээс хариуцагчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулж мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/07255 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн... гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 231,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЗОЛЗАЯА