Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 000083

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Отгончулуун, Ц.Энхтуул нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс 142/2017/0163/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:           

 

         Прокурор                                                       Л.Оюунтуяа

          Шүүгдэгч                                                       Э.Отгончулуун

          Нарийн бичгийн дарга                             У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолтой Энхтүвшингийн Отгончулуун, Цэнджавын Энхтуул нарт холбогдох, 201714000160 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Отгончулууны давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний операторч мэргэжилтэй, “Ачит холдинг” ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч дүү ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 22 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ГК 95052404 регистрийн дугаартай, Монгол овгийн Энхтүвшингийн Отгончулуун,

 

1999 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Барилгын 1 дүгээр ангид суралцдаг, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 10-09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ФБ 99072205 регистрийн дугаартай, Чулуут овгийн Цэнджавын Энхтуул.

 

Шүүгдэгч Э.Отгончулуун, Ц.Энхтуул нар нь 2017 оны 03 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр “Аялгуу” бааранд Отгончимэгтэй “ариун цэврийн өрөөнд удаан суулаа” гэж маргалдан Н.Отгончимэгийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208.1.1.д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Отгончулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Монгол овгийн Энхтүвшингийн Отгончулууныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар шүүгдэгч Э.Отгончулууныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Э.Отгончулуунаас 338 000 төгрөг гаргаж хохирогч Н.Отгончимэгт олгох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн цамц 1 ширхэг, юбка 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Отгончимэг нь эмчилгээний зардал, замын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Отгончулуунд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ц.Энхтуулд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Отгончулуун давж заалдах гомдолдоо:

 

2017.03.01-ний өдөр миний бие нь Н.Отгончимэгтэй үл ойлголцон хувийн тааламжгүй харилцааны улмаас хоорондоо муудалцаж маргалдаж харилцан зодолцсон. Түүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээр 1.200 000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн.

 

Би өөрийнхөө гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа. Миний бие нь ам бүл 5, аав, ээж, эгч дүүгийн хамт амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай. Иймд миний хувийн амьдрал хүнд байдлыг харгалзан үзэж мөнгөн торгуулийн ялыг хөнгөлөн өөрчилж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шйтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь :

 

Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуул нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй хохирогчид учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэлд шалтгаант холбоо байхгүй байна гэж дүгнэж насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Отгончулуунд ял сонсгож ирүүлсэн хуулийн зүйл ,хэсгийг өөрчилжээ.

 

Гэтэл шүүхийн үндэслэл болгосон хохирогч Н.Отгончимэгийн “...миний араас хүрч ирээд үснээс шар царайтай эмэгтэй нь зулгаагаад ямар аймар удаан ордог гичий вэ гээд үснээс зулгааж доош нь дараад байж байтал бөөр рүү нөгөө эмэгтэй нь хөлөөрөө өшиглөсөн. Үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь зөрүүлээд тэр эмэгтэйгийн үснээс зулгаасан....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Дэлгэрмаагийн “...баарнаас нэг залуу хүрч ирээд тэр хоёрыг салгасан чинь нөгөө эмэгтэй чинь Отгончулуун руу хандаж та нар яадаг муу гичийнүүд вэ гэсэн чинь хажуу талаас Энхтуул гэдэг нэртэй эгч хөл рүү нь өшиглөөд чи манай найзыг юу гээд байгаа юм бэ гэсэн чинь Пүрэвжаргал эгч Энхтуулыг болиулсан юм... гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуулын “...Отгончулуун тэр эмэгтэйтэй үснээсээ зулгаалцсан. Би тэр эмэгтэйг хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Э.Отгончулуун хохирогчийг үсдэж, Ц.Энхтуул өшиглөсөн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байхад үндэслэлгүйгээр Ц.Энхтуулын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйийн 36.2.т “хоёр буюу түүнээс этгээдд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж хуульчилсан. 

 

Мөн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолд шүүх насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Энхтуул нарт холбогдох эрүүгийн 201714000160 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:

 

Эсэргүцлээ дэмжиж байна шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Орхон аймгийн Прокурорын газраас Э.Отгончулуун, Ц.Энхтуул нарыг 2017 оны 03 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр “Аялгуу” бааранд Н.Отгончимэгийг ариун цэврийн өрөөнд удаан суулаа гэж хоорондоо маргалдан Н.Отгончимэгийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. .

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч Ц.Энхтуулийг дээрх гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзээд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208.1.1.д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаад, шүүгдэгч Э.Отгончулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн үед болсон үйл баримтанд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Энхтуулыг дээрх үйлдэлд оролцоогүй гэж үзэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Отгончулуунд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийвэл зохих ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчдоос хуулийн дагуу мэдүүлэг авсан бөгөөд тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоожээ.

 

Шүүгдэгч Э.Отгончулуун нь нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн учраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэснийг үндэслэн Э.Отгончулуунд оногдуулсан торгуулийн хэмжээг шинэ хуулийн зохицуулалтанд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааныг  “нээлттэй” гэж бичсэн боловч шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд хэрвээ түүний өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг хаалттай явуулахаар зохицуулагджээ.

 

Иймд “... нээлттэй гэж буруу бичсэн, ...мөн Ц.Энхтуулд холбогдох хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх... “ тухай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2.,3.,4 дүгээр заалтыг :

 

-Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Отгончулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй гэж,

 

-Шүүгдэгч Монгол овгийн Энхтүвшингийн Отгончулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.Отгончулууныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу

хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэлмагадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                            С.ЦЭЦЭГМАА                                                                                           

 

             ШҮҮГЧИД                                                                               С.УРАНЧИМЭГ                                                                                                                                                                                                                                                                                        Ц.ТУЯА