| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2416000000196 |
| Дугаар | 2025/ХШТ/23 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ХШТ/23
Ц.Д, Д.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 189 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, Ц.Д, Д.М нарт холбогдох 2416000000196 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, овогт М.
2. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, ял шийтгэлгүй, овогт Д.
шүүгдэгч Ц.Д нь Д.М-ыг эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгойн орой хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М, Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Ц.Д нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М, Ц.Д нарт мэдэгдэж,
шүүгдэгч Д.М нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,044,070 төгрөг, хохирогч Д.М-т 500,000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Д.М-аас 5,848,320 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-т, шүүгдэгч Ц.Д-аас 353,212 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч Ц.Д-аас 5,280,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-тад тус тус олгож,
Хохирогч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас малчин хөлсөөр ажиллуулсан талаарх зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч М.Энхзаяа гаргасан гомдолдоо “... анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Д-аас хохирогч Д.М-тад сэтгэцэд учирсан хохирол 5,280,000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн атлаа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3.6 дугаар зүйлд хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, шинжээчийн дүгнэлттэй адилтган шийдвэрлэхээр заасан ч уг тогтоолын хавсралтын 3.8 дахь заалтад сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо ямар нөхцөл байдлыг шалгуур болгож доод болон дээд хэмжээг тооцсон нь ойлгомжгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хоёрдугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 8 дахин нэмэгдүүлж гаргасан үндэслэлээ тайлбарлаж чадаагүй шүүгдэгчийн эрх ашгийг зөрчиж шийдвэрлэсэн тул Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2024/ДШМ/41 дугаартай магадлалыг дахин хянаж сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрт гаргасан хохирлын хэмжээг багасгаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Прокурор C.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... хэрэгт авагдсан баримтаар Д.М нь Ц.Д-тай таарамжгүй харилцааны улмаас зодолдох явцдаа хохирогч Д.М-ын биед хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Д нь Д.М-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Мөн хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй байна. Харин Д.М болон Ц.Д нараас хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5,280,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хууль зүйн сайдын баталсан журмын 2.7-т тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор заасан ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгчийн гаргах магадлагаа нь тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадлагаа гаргах шаардлага бий. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.4-т “шинжээч нь хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүн байна” гэж заасан. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.8-д “сэтгэцэд учирсан хор уршгийг тогтооход сэтгэцийн шинжилгээ хийлгэхээр”, мөн 40 дүгээр зүйлийн 1-т “энэ шинжилгээг шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж тус тус заасан. Түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас хэргийн материалтай танилцахад гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлд хохирогч нарын буруутай үйлдэл харилцан адилгүй байгаа. Үүнд дүгнэлт хийж, харгалзан үзээгүй. Хавтас хэргийн 19-20 дугаар талд авагдсан зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварт ямар шинжилгээ хийсэн талаар агуулга баримтгүй, шинжилгээний явцад тогтоосон нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, хүлээн зөвшөөрөх эсэхийг танилцуулсан тэмдэглэл маягийн загварыг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв хохирогч нараас сэтгэцэд учирсан хохирлыг заавал тогтоох шаардлагатай гэж үзэх юм бол үүнтэй холбоотой шийтгэх тогтоол, магадлалын заалтад иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх өөрчлөлт оруулж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрт нөлөөлөхгүй учраас гэм буруугийн асуудал шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх байдлаар сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн талаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн Д.М, Ц.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ... аймгийн ... сумын ... дугаар гудамжны ... тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Ц.Д-тай маргалдан зодолдож, зодооныг салгахаар очсон Д.М-ын зүүн гуянд хутгалж хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Д нь ... аймгийн ... сумын ... дугаар гудамжны ... тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.М-тай эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдан, зодолдож толгойн орой хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.М, Ц.Д нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах зорилгын хүрээнд шүүгдэгч Д.М-аас хохирогч Д.М-т эмчилгээ хийлгэсэн зардал болох 568,320 төгрөг, шүүгдэгч Ц.Д-аас 353,212 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийнэ гэж хуульчилсан болно.
Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Д.М, Д.М нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогч Д.М, Д.М нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч М.Энхзаяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... шүүгдэгч Д.М-аас 5,848,320 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-т, шүүгдэгч Ц.Д-аас 353,212 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч Ц.Д-аас 5,280,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-ад тус тус олгоcугай” гэснийг “... шүүгдэгч Д.М-аас 568,320 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-т, шүүгдэгч Ц.Д-аас 353,212 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгоcугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ