Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаамуна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 232 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Б нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч З.Б 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/172 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бус сахилгын шийтгэл байсныг тогтоолгон, урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, Байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ээлжийн амралтаа эдлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/172 дугаар тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Б урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, Байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хуульд заасны дагуу ээлжийн амралтын мөнгөн урамшуулал олгож, ажилгүй байсан хугацааны цалин 3107190 (Гурван сая нэг зуун долоон мянга нэг зуун ерэн) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь удирдлагын хуульд нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан, 2016-2018 оны архивын материалыг хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын цагийг үр ашигтай хангаагүй, удирдлагад мэдэгдэж чөлөө авалгүй эмнэлэг явж ажил тасалсан гэх нөхцөл байдлууд нь тогтоогоогүй байна. /Архивын үзлэг шалгалт З.Б ажиллаж байх хугацаанд тус яаманд ирээгүй бөгөөд маргаан бүхий тушаалаар ажлаас халагдсаны дараа ирсэн Архивын үзлэгийн үр дүнг энэхүү актын үндэслэл болгосон талаар тайлбарлаж байгаа нь хууль бус байна/ гэх зэргээр хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд хэлсэн тайлбарыг огт үндэслэхгүй илт нэхэмжлэгч талд шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ч тодорхойлж чадахгүй байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг нь эхнээс өөрөө тодорхойлж өгсөн. Шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд өөрийн гаргасан нэхэмжлэлээ ямар нэгэн хууль зүйн үндэслэлээр огт хамгаалж чадаагүй байхад илт хууль бус шүүхийн шийдвэр гаргасан. Архивын улсын шалгалт З.Б ажлаас чөлөөлөгдсөний дараа ирсэн гэх үндэслэлээр шүүх хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь тухайн шалгалтыг ирэхээс өмнө тухайн материалыг шалгаж шалгалтад бэлдэх үед З.Б хариуцан ажиллаж байсан Сайдын зөвлөлийн хуралдааны материал байхгүй байсан. Гэтэл үүнийг үндэслэлгүйгээр гуйвуулж ашигласан нь “хууль бус” гэж үзэж байна. Түүнчлэн З.Б нь эмнэлгийн магадлалгаатай байх хугацаандаа ажиллаа хийж байсан бөгөөд эрүүл мэнд болон бусад байдлаараа зүгээр байснаас гадна тус өдрийн хуралдаан дээр арга хэмжээ авах талаар мэдэгдсэний дараа ажлаа хаяж яваад ирээгүй. Үүнээс болж тухайн З.Б хариуцаж байсан ажил хаягдаж, төрийн ажил цалгардсан. Ямар нэгэн байдлаар ажил хүлээлцээгүй. Хэд хэдэн удаа утсаар холбогдох гэсэн боловч аваагүй ирж уулзаагүй. Тус нөхцөл байдлуудыг огт харгалзаж үзэлгүй шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч З.Б ажлаас чөлөөлөх болсон “төрийн албаны захирах, захирагдах ёс зарчмыг баримтлаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээж ханган ажиллаагүй” гэх үндэслэлүүд хангалттай нотлогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүх дүгнэлт хууль ёсны болжээ.  

Хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ч Төрийн албаны зөвлөлийн даргын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О хүргүүлсэн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01/73 дугаар албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч З.Б тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар “удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.8, 48 дугаар зүйлийн 48.48.1.1-д заасныг баримтлан сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэхүү тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах явцад одоогийн маргаан бүхий тушаалаар түүнд дахин төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Сануулах шийтгэлийн тухайд Төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичигт “…яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс ирүүлсэн тайлбар, холбогдох баримтыг судлан үзэхэд нэхэмжлэгч З.Б зөрчил гаргасан гэдэг нь баримтаар нотлогдохгүй, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг баримтлаагүй хууль, журам зөрчсөн тушаал…” гэж дүгнэн, уг тушаалыг хүчингүй болгохыг хариуцагчид мэдэгдсэн байх бөгөөд энэхүү сануулах сахилгын шийтгэлээс 3 хоногийн дараа гарсан одоогийн маргаан бүхий тушаал нь мөн л Төрийн албаны тухай хууль, журамд нийцээгүй хууль бус тушаалд хамаарна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага сануулах бус зөвхөн төрийн албанаас халсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн, иймд “төрийн албаны захирах захирагдах ёс, зарчмыг баримтлаагүй, удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээж ханган ажиллаж чадаагүй” гэсэн үндэслэлээр З.Б төрийн албанаас халсан тушаал нь анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэснээс гадна Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэсэнтэй зөрчилдсөнд тооцогдоно.

Учир нь цаг хугацааны хувьд 3 хоногийн зайтай гарсан дээрх 2 тушаалын үндэслэлийг адил гэж дүгнэх бүрэн боломжтой, бичиглэлийн хувьд ч “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах бөгөөд тэрхүү биелүүлээгүй гэх үүрэг даалгаврыг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудад ялгаж зааглаж тусгаагүй байна.

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хурлын тэмдэглэлд тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Э нэхэмжлэгч З.Б “…миний ажлын байрны тодорхойлолтод байхгүй, үндсэн ажлаа хиймээр байна…” гэж хэлсний төлөө хүмүүс үүрэг өгч байхад өөдөөс тайлбар тавьж байна уу гээд сануулах тушаалынх нь араас дахин тушаал тойруулж, З.Баярбаатарыг чөлөөлөх тушаал гаргах үүргийг мэргэжилтэн Д.Б өгсөн болох нь тусгагдсан, мөн өдрөө төрийн албанаас халах тушаал гарсан зэргээс үзэхэд 1 зөрчилд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан төдийгүй гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоох ажиллагааг огт хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”-аар заасан, гэтэл газрын даргын өөдөөс тайлбар хийснийхээ төлөө төрийн албанаас халагдах шийтгэл хүлээсэн нь, мөн уг тайлбар нь үндэслэлтэй эсэх, цаашлаад халах шийтгэх ногдуулах хэмжээний зөрчил мөн эсэх, зөрчлийн шинж байдал зэргийг огт харгалзан үзээгүй нь, түүнчлэн өмнөх сануулах шийтгэлийг хуульд нийцүүлэх талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдсэн байхад ийнхүү дахин тушаал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох зөрчлийг зохих журмын дагуу шалгаж тогтоосон байхыг хариуцагчаас шаардсан зохицуулалт болно.

Гаргасан зөрчил, түүний шинж байдлыг хууль журмын дагуу хангалттай шалган тогтоолгүйгээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж болохгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуучлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч З.Б гаргасан зөрчлийн талаар хэлэлцсэн гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д…” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН