Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1481

 

 

 

 

 

 

 

 

 

“Хас” банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05093 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Хас” банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 22 117 956  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгө орлогоос барагдуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гантөгс,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Гал-Очир,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Очирваань,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нар нь тус банкнаас 2011 оны 9 дугаар сарын 29-ний өдөр 1310003719 тоот барьцаат зээлийн гэрээгээр, 20 000 000 төгрөгийг, сарын 1,77 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээл авсан бөгөөд барьцаа хөрөнгөд үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг cap бүр хэтрүүлдэг байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй 471 хоног хугацаа хэтрээд байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17 084 254 төгрөг, хүү 4 894 620.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40 381.64 төгрөг нийт 22 019 255.94 төгрөг, зээлиин гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулсны зардал 28 500 төгрөг, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 22 117 956 төгрөгийг гаргуулж өгнө үү. У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нарын бусад хөрөнгө, орлогоос зээл болон бусад төлбөрийг бүрэн төлүүлж өгнө үү. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд тооцон гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Өнөртуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас” банкнаас 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 10 жилийн хугацаатай 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан. Миний бие 4 жилийн турш хугацаанд нь зээлээ төлж ирсэн бөгөөд 2015 онд хүүхэдтэй болж ажил хөдөлмөр хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул графикийн дагуу зээлээ төлж чадаагүй. 20 000 000 төгрөгийн зээлээс нийт 15 286 789.63 төгрөгийг төлсөн. Одоо хүүхэд том болж байгаа тул ажил хийж зээлээ төлөх боломжтой мөн барьцааны зүйлийг зарж зээлийг бүрэн барагдуулах боломжтой. Миний бие зээлээ хугацаанд нь төлөөгүй байдал маань хүндэтгэн үзэх шалтгаантай байсан юм. Мөн 20 000 000 төгрөгийн зээл авчихаад нийт 15 286 789.63 төгрөгийг буцаан төлчихөөд байхад 22 019 255.94 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зуйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зөрчлийг арилгах урьдчилан сануулсан талаар нотлох баримт байхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нараас 22 047 728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас” банкны булган салбарт олгож, нэхэмжлэлээс 70 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Л.Ганбатын Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, В хэсэг, 17-р гудамж, 04 тоот хаягт байрлах, эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18392411497066 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 836 м.кв газар, Л.Ганбат, Б.Лонжид, Г.Жавзмаа нарын өмчлөлийн Y-0405002196 дугаар бүхий гэрчилгээтэй, Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, В хэсэг, 17-р гудамж, 04 тоот хаягт байрлах 45 м.кв талбайтай хувийн сууц, М.Цогтнарангийн өмчлөлийн Ү-0405001025 дугаарт бүртгэгдсэн, Булган аймгийн Булган сум 2 дугаар баг, А хэсэг, 6-р гудамж, 1 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай хувийн сууц, М Цогтнарангийн өмчлөлийн Г-0405000273 дугаарт бүртгэгдсэн Булган аймгийн Булган сум, 2 дугаар баг, А хэсэг, 6-р гудамж, 1 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 718 м.кв талбайтай газар, Булган аймаг, Булган сум, 3 дугаар баг, В хэсэг, 13-2 хаягт байршилтай, 1996 онд үйлдвэрлэгдсэн, Цагаан өнгөтэй, “Киа бонго” маркийн ачааны машин, “Даюун” маркийн БУТ 36-31 дугаартай мотоциклыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 22 047 728 төгрөгийг гаргуулж “Хас” банкны булган салбарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 268 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нараас 268 188 төгрөгийг гаргуулж “Хас” банкны булган салбарт олгуулахаар шийдвэрлэжээ.        

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир давж заалдах гомдолдоо: Миний бие өмгөөлөгч Д.Очирваанийн хамт 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр М.Ганчимэгийн нэхэмжлэлтэй Билгүүнд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчөөр оролцож тус хэргийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй тухайгаа бичгийн нотлох баримтын хамт хүсэлтээр хүргүүлсэн ба хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг бүхэлд нь, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Шүүх зээлийн гэрээний дагуу тооцоололыг бодохдоо 686 000 төгрөгийг илүү тооцож гаргасан байх тул шүүхийн шийдвэрээс 686 000 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Булган аймаг дахь “Хас” банкны салбар нь хариуцагч У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 019 227 төгрөг, хохиролд 98 700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Хас” банк нь 20 000 000 төгрөгийг, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нар нь зээлийн төлбөрийг жилийн 19,75 хувийн хүүтэй тохирсон хугацаанд төлж барагдуулах үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцжээ. /хх-ийн 20-30 дугаар тал/                                 

                                                                                                           

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Хас” банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй болно.

 

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн төлөлт хийх дарааллыг зээлийн гэрээний 3.3.1-д нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл юм.

 

Зээлдэгч нар зээлийн үндсэн төлбөрт 2 915 746 төгрөг, хүү 12 237 929 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 114 төгрөгийг тус тус төлсөн талаар зохигчид маргаагүй байна. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зөрчиж, зээлийн эргэн төлөлт төлөөгүй байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт  зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлалаа баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул шүүх хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 22 019 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас” банкинд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь нотариатын зардалд 28 500 төгрөг төлснийг шүүх хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хохирол гаргуулах тухай шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтыг баримтаагүй нь буруу байх тул энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах зорилгоор тэдгээрийн оршин суух хаягийг тогтоолгохоор шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэл нь баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 70 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч барьцааны гэрээнд тусгагдаагүй эд хөрөнгөөс гаргуулсан,  барьцаа хөрөнгийн м.кв-ыг буруу бичсэн, барьцааны гэрээнд тусгагдсан зарим хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжтой байна.

 

Тодруулбал, Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, В хэсэг, 17 гудамж, 04 тоот хаягт байрлах, эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18392411497066 дугаар бүхий Л.Ганбатын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 836 м.кв газар, Л.Ганбат, Б.Лонжид, Г.Жавзмаа нарын өмчлөлийн Y-0405002196 дугаар бүхий гэрчилгээтэй, Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, В хэсэг, 17 гудамж, 04 тоот хаягт байрлах 45 м.кв талбайтай хувийн сууцууд нь барьцааны гэрээнд тусгагдаагүй хөрөнгө байна. Мөн М.Цогтнарангийн өмчлөлийн Ү-0405001025 дугаарт бүртгэгдсэн, Булган аймгийн Булган сум, 2 дугаар баг, А хэсэг, 6 гудамж, 1 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай хувийн сууцыг 18 м.кв гэж буруу бичжээ.

 

Барьцааны гэрээгээр барьцаалагдсан Булган аймаг, Булган сум, 6-р баг, Д хэсэг 12-1 тоот, ГД:000121701, Ү-0405001516, 81.2 м.кв хашаа байшин, ГД-0334308  638 м.кв, ГД:0334313, 600 м.кв газрууд, Булган аймаг, Булган сум 6-р баг, Д хэсэг, 12-1 тоот, “Даюн” маркийн хар ногоон өнгөтэй, БУТ 3631 дугаартай автомашин, Булган аймаг, Булган сум, 3-р баг, В хэсэг, 13-2 тоот, ГД:000097846, Ү-0405000733, 24 м.кв, хашаа байшин, ГД:000087856, Ү-0405000269, 714 м.кв газар зэрэг эд хөрөнгийг нэмж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлээс барьцаа хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу барьцаа хөрөнгөөр, хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн бусад хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх тул бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нь тусдаа бие даасан шаардлага болохгүй юм. Өөрөөр хэлбэл барьцаа хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгө, орлогод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад энэхүү шийдвэр саад болохгүй.   

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс мөн залруулав.

 

Хариуцагч талын хүсэлтээр шүүх 2016 оны 6 дугаар сарын 13, 2016 оны 6 дугаар сарын 23, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан байх бөгөөд хариуцагч тал иргэний хэрэг үүсгэснээс хойш  хэргийг шийдвэрлэх хүртэл 5 сар орчим хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлд заасны дагуу эрхээ хэрэгжүүлж, мэтгэлцэх бүрэн боломжтой байжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч талыг эрхээ хэрэгжүүлэхэд шүүхээс саад учруулаагүй хэмээн дүгнэж шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

           

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын “… 227 дугаар зүйлийн 227.3 …” гэснийг, “227 дугаар зүйлийн 227.1” гэж,

 

            2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар

 -Булган аймаг, Булган сум, 6-р баг, Д хэсэг 12-1 тоот, ГД:000121701, Ү-0405001516, 81.2 м.кв хашаа байшин, ГД-0334308, 638 м.кв,  ГД:0334313,  600 м.кв  газрууд,

 -Булган аймаг, Булган сум, 3 дугаар баг, В хэсэг, 13-2 хаягт байршилтай, 1996 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, “Киа бонго” ачааны автомашин,  

-Булган аймаг, Булган сум 6-р баг, Д хэсэг, 12-1 тоот, “Даюун” маркийн хар ногоон өнгөтэй БУТ 36 31 дугаартай мотоцикл,

-Булган аймаг, Булган сум, 3-р баг, В хэсэг, 13-2 тоот, ГД:000097846, Ү-0405000733, 24 м.кв, хашаа байшин, ГД:000087856, Ү-0405000269, 714 м.кв газар,

-М.Цогтнарангийн өмчлөлийн Ү-0405001025 дугаарт бүртгэгдсэн Булган аймгийн Булган сум 2 дугаар баг, А хэсэг, 6 гудамж, 1 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай хувийн сууц,

-М.Цогтнарангийн өмчлөлийн Г-0405000273 дугаарт бүртгэгдсэн Булган аймгийн Булган сум 2 дугаар баг, А хэсэг, 6 гудамж, 1 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 718 м.кв талбайтай газруудыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

             3 дахь заалтын “… 60 дугаар зүйлийн 60.1…” гэсний дараа “56 дугаар зүйлийн 56.2” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ   

 

                  ШҮҮГЧИД                                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                             Г.ДАВААДОРЖ