Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00989

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/02618 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******холбогдох,

72,080,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2022-2023 оны хооронд хариуцагч ******* руу нийт 287,880,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь мөн тус хугацаанд над руу нийт 215,800,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Тус мөнгөн гүйлгээний зөрүү нийт 72,080,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас 72,080,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би *******атай оройн эчнээ ангид суралцаж байсан. Нэг ч удаа би мөнгө авч байгаагүй, хамтарч хүнд мөнгө зээлж байгаагүй. Суралцаж байх хугацаанд ******* гээд 4, 5 багшийн нэрийг хэлээд мөнгөний хэрэг байна, та мөнгөтэй юм байна, тэр багшид 300 мянган төгрөг, 800 мянган төгрөг хэрэгтэй байна, та өгчих гээд хэлэхээр нь би хэлсэн мөнгө болгоныг өгч байсан, гэхдээ би мөнгө авч байгаагүй. Зээлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчид байх ёстой, гэрээнд гарын үсэг зурна гэхээр ажил дээр орхичихсон байна гэж хэлдэг байсан. ******* багшийн боловсруулсан гэрээ байгаа та надаас айлтгүй гэдэг байсан учраас би итгэсэн. Миний байнгын зээлдэгчээс найдвартай хүмүүс байна, бид хоёрын мөнгө арай багадаж байна, та мөнгө нийлүүлээд өдрийн 10 хувь өгнө гэж хэлсэн боловч хэзээ ч 10 хувиа өгч байгаагүй, би мөнгө зээлж аваагүй байхад намайг мөнгө зээлсэн гээд шүүхэд ачаалал үүсгэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 72,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 901,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 518,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Гэтэл бодит байдалд талуудын хооронд зээлийн гэрээ биш Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Тодруулбал *******а нь анх хариуцагчтай "Бусдад хүүтэй мөнгө зээлүүлж, ашиг олох үйл ажиллагааr тогтвортой явуулж ирсэн, таны мөнгийг өсгөж өгье" гэж холбогдсон бөгөөд хариуцагч энэ саналыг хүлээн зөвшөөрч, түүний үйл ажиллагаанд мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулж, мөнгө шилжүүлж байсан. *******а нь хүмүүсээс мөнгө авч бусдад хүүтэй мөнгө зээлүүлж ашиг олдог бөгөөд зээлдэгч нар нь төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд барьцаанд тавьсан утас, машин зэргийг зардаг байсан. Ингэж олсон ашгаасаа *******хуваарилж байсан. Иймд *******а нь *******аас мөнгө зээлж авч байсан удаа байхгүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн мөнгө нь анхны тохиролцоо болох хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлж байсан ашиг юм. Түүнчлэн хариуцагч нь өөрийн найз *******, дүү зэргээс мөнгө авч нэхэмжлэгч рүү шууд шилжүүлж байсан бөгөөд *******а тэдгээр хүмүүсийн мөнгийг мөн өсгөж өгч байсан.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээ эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж тайлбарлаж байсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ "Нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь хүүтэй мөнгө зээлэх замаар ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж байсан учраас бие биесээ дэмжих байдлаар мөнгө өгч авдаг байсан. Аль аль нь хүүтэй мөнгө зээлдэх замаар ашиг олох харилцан мөнгө төгрөг өгөлцөж, авалцдаг байсан ... Тэгэхээр харилцан өгөлцөж авалцсан мөнгөний зөрүү нийт дүн нь 72,080,000 төгрөг болж байгаа ... 72,080,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу гэрээнээс ******* гэдэг хүн *******а гэдэг хүнээс ямар нэгэн үндэслэлгүй шилжүүлж авсан", "Тус бүрдээ бие даасан зээлийн гэрээний харилцаанууд явагдсан. Гэхдээ явц дундаа ингээд тооцооны алдаа гарснаас болоод" гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл харилцан бие биедээ мөнгө зээлүүлж байсан, нэхэмжлэгч хариуцагчид илүү мөнгө зээлүүлсэн, тэрийгээ тооцоолоогүй алдаа гаргаж мэдэхгүй явсаар байгаад сүүлд мэдсэн тул зээлүүлсэн мөнгөө шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан. Мөн шүүхийн шийдвэрээр ******* нь *******аас 72,080,000 төгрөгийг зээлсэн байна гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн. Гэтэл харилцан тохиролцоогүйгээр зээлийн гэрээ байгуулагдах боломжгүй бөгөөд их хэмжээний мөнгөний хувьд мэдэхгүй, тооцоолоогүй байх боломжгүй. Мөн хариуцагч нэг ч удаа нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй бөгөөд мөнгө зээлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа бол нэхэмжлэгч үүнийгээ нотлох ёстой. Гэтэл хэрэгт ******* нь *******аас мөнгө зээлж, зээлийн гэрээ байгуулагдсан талаарх нотлох баримт байхгүй.

Харин хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө шилжүүлж, ашгаа хүртэж байсан болох нь хэрэгт цугларсан дансны хуулга, талуудын тайлбар төдийгүй талуудын хооронд харилцаж байсан чатанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Тухайлбал хариуцагч нэхэмжлэгчээс өдрийн хүү хэд болж байна, ийм болж байна зөв үү гэх мэтээр асууж тодруулж байсан бөгөөд нэхэмжлэгч "ок" гэх мэтээр хүлээн зөвшөөрч хариу илгээдэг байсан нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд хүлээн зөвшөөрч тайлбар өгч байсан.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.8-т "*******, *******а нарыг бусдад хүүтэй мөнгө зээлж ашиг олох үйл ажиллагаа явуулсан, хамтран ажилласан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн өмгөөлөгчийн ...хамтарч ажилласан, ашгаа хүртсэн... гэх тайлбар Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлд нийцэхгүй байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэл бүрдээгүй. Иргэний хуулийн 492.1-т "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:" 492.1.1-т "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон"; 492.1.2-т "үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай" гэж заасан. Миний зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эдгээрийн аль үндэслэлээр шаардаж байгааг тодруулахад "Үүрэг анхнаасаа үүсээгүй гэдэг үндэслэлээр шаардаж байгаа" гэж хариулсан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/. Гэтэл хариуцагч нь ашиг олох зорилгоор түүнтэй тохиролцон мөнгө шилжүүлж, түүнийхээ ашгийг хүртэж байсан. Мөн түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байгаа. Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна.

4.2.Нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан зарчмыг зөрчсөн:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг үнэлэх зарчмыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг үнэлэхдээ талуудын аль алинаас гаргасан тайлбар, нотлох баримтыг анхаарч, харгалзан үзэж /тал бүрээс нь/, тухайн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоож эсхүл няцааж байгаа эсэх /хэрэгт хамааралтай/, бусад нотлох баримтуудтай харьцуулж, зөрүүтэй, үгүйсгэсэн зүйл байгаа /үнэн зөв эргэлзээгүй талаас/ эсэхийг харгалзан үнэлэх ёстой. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, түүнээс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй, нотлогдоогүй байна гэх мэтээр огт хүлээж аваагүй.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан зарчмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж шийдвэр гаргасан тул дээрх шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй.

4.3.Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасан:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрийн шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд энэ нь талуудын зарчимд хамаардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, нэхэмжлээгүй зүйлийг олгох буюу шаардлагаас илүү хэмжээгээр шийдвэр гаргах ёсгүй.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад 72,080,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан. Тухайлбал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх талд нэхэмжлэгчийн өмгөөлөгч "...хариуцагч аа, төлөөгүй 72,800,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хасагдах нь байна, нэхэмжлэгч тал маргахгүй илүү өгчихсөн энэ мөнгөө л буцааж авъя гэж байгаа юм..." гэж тайлбар хийсэн байдаг. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан байхад хэрэг хянан шийдвэрлэх талуудын зарчмыг зөрчиж 72,080,000 төгрөгийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймээс анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, хэт нэг талыг барьж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

Харин хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны шинжийг тодорхойлох нь чухал бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас уг харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж тайлбарласан. Талууд анхнаасаа харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор бие биедээ мөнгө зээлдүүлж байсан бөгөөд уг харилцааны явцад тооцооны алдаанаас шалтгаалан үндэслэлгүйгээр илүү мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн, илүү шилжүүлсэн 72,080,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх уг харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрч байна. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй хамтран ажиллах гэрээ гэх үндэслэл уг маргаанд хамаарах боломжгүй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний хувьд талууд харилцан эрх, үүрэг хүлээж, гуравдагч этгээдийн өмнө хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилготой байх ёстой. Хэрэв талуудын хооронд үнэхээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзвэл хамтран ажиллах хэлбэр, тохиролцоо, оруулсан хөрөнгийн хэмжээ, төрөл, ямар үйл ажиллагаа явуулах, ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах зэрэг нөхцөл байдал нь тодорхой байх ёстой. Гэвч эдгээр нөхцөл тодорхойгүй, гэрээгээр зохицуулагдаагүй тул уг харилцааг хамтран ажиллах гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбаруудыг харьцуулан үзэхэд талууд өөрсдөө яг ямар эрх зүйн харилцаа үүсгэсэн, хоорондоо ямар тохиролцоо хийсэн, мөн татгалзлынхаа үндэслэлийг тодорхой, зөрчилгүй тайлбарлаж чадахгүй байна. Тухайлбал, хариуцагчийн өмгөөлөгч нь талуудыг хамтран ажилласан, хүү тохирсон, ашиг, алдагдлыг хуваарилсан гэх агуулгаар тайлбарлаж байгаа бол хариуцагч өөрөө шүүх хуралдаанд бид бие биедээ туслах зорилгоор мөнгө өгч, авалцаж байсан, мөн харилцан хүүгүй зээлж байсан гэж огт өөр, эсрэг утгатай мэдүүлэг өгсөн. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс дурдсан 62,080,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу олсон ашиг гэж тайлбарласан. Хэрэв үнэхээр ашиг байсан бол ямар үйл ажиллагаа явуулж, хэдий хэмжээний ашиг олж, түүнийг ямар хувь, хэмжээгээр хуваарилсан нь тодорхой байх ёстой. Гэтэл энэ талаар тодорхой, нотлогдохуйц тайлбар өгч чадахгүй. Иймээс уг харилцааг хамтран ажиллах гэрээ гэж үзэх боломжгүй. Түүнчлэн талууд зээлийн үйл ажиллагаа явуулах замаар хамтран ажилласан гэж үзвэл иргэд хоорондоо хуулийн этгээд байгуулахгүйгээр, тусгай зөвшөөрөлгүйгээр тогтмол, мэргэжлийн шинжтэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой эсэх асуудал яригдана. Хэрэв ийм байдлаар үйл ажиллагаа явуулсан бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа болох үндэслэлтэй. Хуулийн этгээд байгуулахгүй, тусгай зөвшөөрөл авахгүйгээр зээлийн үйл ажиллагааг тогтмол, мэргэжлийн байдлаар эрхлэх боломжгүй бөгөөд бодит байдал дээр ийм үйл ажиллагааг эрхлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос зохих зөвшөөрөл авдаг. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж буй байр суурь нь хууль тогтоомжид нийцэхгүй төдийгүй өөрийн үйлчлүүлэгчийн шүүх хуралдаанд илэрхийлсэн тайлбартай зөрчилдөж байна. Талуудын хооронд үүссэн харилцаа нь хамтран ажиллах гэрээний шинжтэй бус, анхнаасаа зээлийн гэрээний агуулгатай байсан. Өөрөөр хэлбэл, талууд харилцан туслах зорилгоор бие биедээ мөнгө зээлдүүлж байсан бөгөөд удаа дараагийн гүйлгээ хийгдсэнээс үүдэн тооцооны алдаа гарч, улмаар нэхэмжлэгч талаас хариуцагчид 72,080,000 төгрөгийг илүү шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн. Иймээс уг илүү шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж байгаа болно.

Нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн талаар тайлбарлахад анх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд тулгуурласан боловч тооцооны алдаанаас үүдэлтэй, хүсэл зоригийн зөрчилтэй шилжүүлэг болсон гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд үндэслэн өөрчилсөн. Гэвч энэ нь зөвхөн нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийн асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 72,080,000 төгрөг хэвээр үлдсэн. Харин тухайн шаардлага аль эрх зүйн зохицуулалтад хамаарахыг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд эцэслэн тогтоох ёстой.

5.2.Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас 10,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй. Шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******а нь нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна. Шүүх хуралдааны явцад 10,000,000 төгрөгийн гүйлгээ орсон эсэх талаар маргаан хөндөгдсөн. Миний бие тухайн үед тайлбар өгөхдөө үг зөрүүлж, уг дүн орсон, эсхүл ороогүй талаар буруу ойлголт төрүүлэхүйц тайлбар өгсөн тохиолдол бий. Гэвч нэхэмжлэгч талаас байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн. Тодруулбал, шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчид хэдэн удаагийн гүйлгээгээр, ямар дүнгээр мөнгө шилжүүлсэн, мөн хариуцагч талаас хэдэн удаагийн гүйлгээгээр, ямар хэмжээгээр буцаан төлсөн талаар бүх тооцоог бичгээр гарган шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримт, тайлбараа дэмжиж оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, түүнийг ихэсгэх, багасгах эрх нь зөвхөн нэхэмжлэгчид өөрт нь олгогдсон бие даасан эрх юм. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч дангаар энэ талаар шийдвэр гаргах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзах боломжгүй бөгөөд энэ нь зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь илэрхийлсэн хүсэлтээр хэрэгжинэ. Шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа огт татгалзаагүй бөгөөд шүүх хуралдаанд 72,080,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцсон. Анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******холбогдуулан 72,080,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчид мөнгөн хөрөнгийг зээлдүүлсэн боловч бүрэн төлөөгүй гэх үндэслэл тодорхойлсон ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлсэн мөнгөнийхөө тооцоог хяналгүй хариуцагчид илүү мөнгө шилжүүлсэн гэсэн агуулгаар тайлбарласан.

Харин хариуцагч нь тухайн харилцааг нэхэмжлэгчтэй хамтарч бусдад хүүтэй мөнгө зээлдүүлэх буюу хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчээс түүнд ашиг шилжүүлсэн гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

 

3.Талуудын холбогдох дансуудын хуулга, төлбөрийн баримтуудаас үзэхэд, 2022.10.07-2023.06.07-ны өдрийн хугацаанд нэхэмжлэгч нь 116 удаагийн гүйлгээгээр нийт 287,880,000 төгрөгийг хариуцагчид, хариуцагч нь 43 удаагийн гүйлгээгээр нийт 215,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв тогтоосон. Мөн 2022.10.07-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2022.10.10-ны өдрийн 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг дээрх 215,800,000 төгрөгт багтсан болохыг шүүх зөв дүгнэсэн ба нэхэмжлэгч энэ дүнгээр нэхэмжлэлээ багасгасан байхад шүүх нэхэмжлэлээс хальж шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

Цаг хугацаагаар авч үзвэл, эхлээд хариуцагч 2022.10.07-10-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 14,000,000 төгрөг шилжүүлсний дараа нэхэмжлэгч 2022.10.11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4,400,000 төгрөг хариуцагчид шилжүүлснээр дээрх харилцаа үргэлжлэн явагджээ.

Түүнчлэн талуудын 2022.10.18-2023.06.26-ны өдрийн хугацаанд фэйсбүүк ашиглан харилцсан зурвасуудад шүүх үзлэг хийж бэхжүүлсэн байх ба хариуцагчийн зүгээс зээл, хүүний талаар нэхэмжлэгчид удаа дараа сануулсан, төлөхийг мэдэгдсэн, мөн зээл, хүү төлөх хугацаа, үнийн дүн тогтоож, улмаар төлөхийг шаардсан, үүний хариуд нэхэмжлэгч нь хүү өгөөд сунгах, барьцаа зараад төлбөр төлөх, тохирсон хугацаанд мөнгө шилжүүлэхээ тухай бүр илэрхийлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

4.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж тус тус заасан.

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй ч дээрх баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна. Тодруулбал, нэг талаас хариуцагч нь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нөгөө талаас нэхэмжлэгч нь тохирсон хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагджээ.

Хариуцагч нь ашиг олох зорилгоор бусдад зээл өгөх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн гэж маргасан хэдий ч талууд хэрхэн хураамж төлсөн, мөн зээлийг хэнд ямар нөхцөлөөр хэрхэн олгосон, хэрхэн төлүүлсэн, уг үйл ажиллагаанаас ямар ашиг бий болсон, хэрхэн хуваарилахаар талууд тохиролцсон зэрэг хамтран ажиллах гэрээний агуулгыг тодорхойлох үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх маргаан бүхий харилцааг агуулгын хувьд зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч *******аас *******ад анх хүүтэй мөнгө зээлсэн, үүнээс хойш *******аас *******д хүүгүй мөнгө зээлсэн зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болсон тул тул дор дурдсанаар залруулна.

Шүүх тус дүгнэлтийг хийхдээ хариуцагчийн эхний 3 удаагийн шилжүүлэг (2022.10.07, 2022.10.08, 2022.10.10-ны өдөр нийт 14,000,000 төгрөг), үүний дараах нэхэмжлэгчийн 6 удаагийн шилжүүлэг (2022.10.11, 2022.10.15, 2022.10.19, 2022.10.20-ны өдөр нийт 10,905,000 төгрөг)-т үндэслэсэн байх ба эдгээр гүйлгээнээс хойшхи нэхэмжлэгчийн 111 удаагийн, хариуцагчийн 40 удаагийн гүйлгээг хэрхэн үзсэн нь тодорхойгүй, ийм агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойлогдоогүй, зохигчийн маргааны зүйл болоогүй, талууд мэтгэлцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хариуцагчид зээл олгох талаар гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй болно.

 

5.Дээрх байдлаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн учир талуудын маргаж буй 72,080,000 төгрөг ямар үндэслэлтэй төлбөр болохыг дүгнэх шаардлагатай.

5.1.Хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн 215,800,000 төгрөг буцаан төлөгдсөн үйл баримтын хувьд маргаагүй.

5.2.Хэрэгт талуудын фэйсбүүк ашиглан харилцсан зурвасуудад хийсэн үзлэгийн тэмдэглэл авагдсан ба анхан шатны шүүх уг харилцааны зөвхөн 2022.10.18-ны өдөрт хамаарахыг үнэлээд бусад хэсгийг үнэлээгүй орхисон нь хууль заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Үзлэгээр бэхжүүлсэн зурвасын агуулгыг тодруулбал:

- 2022.10.18-ны өдөр хариуцагч маргааш 5 хоног, нөгөөдөр 10 хоног сануулахаа мартваа гэхэд нэхэмжлэгч заа өнөөдөр 500,000-аараа сунгана гэсэн маргааш 5 хоногийнхоо мөнгийг хүүтэй нь авна гэсэн,

- 2023.01.29-ний өдөр хариуцагч маргааш 30-ны хүү нийлээд 12.050.0 өгөхийн байна шүү гэхэд нэхэмжлэгч заа гэсэн,

- 2023.01.30-ны өдөр хариуцагч би өөртөө орж ирсэн мөнгийг 550.0 хүүгийн нэмээд өгчихөөд ... байна гэж, 2023.02.18-ны өдөр Өнөөдөр *******аагийн хүүг өгөхийн байна шүү гэж тус тус бичсэн,

- 2023.02.26-ны өдөр хариуцагч ...16-нд авсан 5 сая 2 хоногоор, 18-нд авсан 6 сая 3 хоногоор 5 саяын хүү 3 сая нийт 8 сая 28-нд өгөх ёстой, 6 саяын хүү 1800.0 нийт 7800.0 бүгд нийлээд 15800.0... гэхэд нэхэмжлэгч ...та ямар ч байсан л байсан хүүтэйгээ мөнгөө авнаа гэсэн,

- 2023.03.04-ний өдөр хариуцагч ...27-нд 15800.0 бүгдийн өгөх байсан гэтэл ...11 саяыг цувуулж өгсөн анх авахдаа хэлсэн хүүгээр чинь тооцвол түрүү цувуулж өгснийг нь эс тооцоод үлдэгдэл 6300.0-г чинь 2 хоногийн хүү 1200.0 нэмэгдэх ёстой... гэхэд 2023.03.05-ны өдөр нэхэмжлэгч сүүлчийн удаа маргааш 13 цаг хүртэл хүлээчээч би бүгдийн зохицуулнаа гэсэн,

- 2023.03.15-ны өдөр хариуцагч ...өнөөдөр бүх тооцоогоо дуусгая чамд байгаа 10 саяас хүүгийн тооцсон бол 16500.0 өнөөдөр авах ёстой... гэж бичсэн,

- 2023.04.05-ны өдөр хариуцагч ...миний 13 сая+1000.0 өнөөдөр хүү орох нь, дүүгийн 8.8 өнөөдөр хүртэл хэд хоносон бодоорой гэхэд нэхэмжлэгч ок ок... гэсэн,

- 2023.04.10-ны өдөр хариуцагч ...чиний хэлж байсан хүүгээр бодвол нэг хоногт 800.0х14=11200.0 балрах байгаа биз, би 2 хоногт 400.0 хүү өгөхөөр сунгасан гээд хэлсэн ...нийт 13-нд чамаас авах мөнгө ... 22200.0 болж байна өөрийнхтэйгөө тулгаж үзээрэй гэхэд нэхэмжлэгч за тулгаадхая... гэснээс үзэхэд, хариуцагчаас олгож байгаа зээлийн дүнд хоногоор хүү тооцох, ингэхдээ хүүний хэмжээг тухай бүр тохиролцон тогтоож байсан гэж үзэхээр байна.

5.3.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан 72,080,000 төгрөгийг хүүнд тооцон хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

6.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй хэдий ч нэхэмжлэгч нь хүү төлөх хүсэл зоригоо бодитой илэрхийлж хүүний төлбөр тооцоог гүйцэтгэсэн байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зааснаар амаар хийгдсэн гэрээг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагчид хүү төлснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

7.Дээрх үндэслэлээр өөрийн тооцоог хяналгүй хариуцагчид илүү мөнгө шилжүүлсэн гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцээгүй тул хариуцагчийг 72,080,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, зохигчийн маргааны зүйлийг анхаараагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож чадаагүй, улмаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 72,080,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

8.Дээрх үндэслэлээр нотлох баримт буруу үнэлсэн талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчид холбогдуулан гаргасан 72,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/02618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******холбогдуулан гаргасан 72,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 518,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Б.УУГАНБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА