| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0490/Э |
| Дугаар | 510 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Д.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайн ноён овогт Д.Цд холбогдох эрүүгийн 1811029940515 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Сайн ноён овогт Д.Ц, Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам гүүрийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 60-102 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд: 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ..............................
Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Сүхбаттай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун шуу, баруун сарвууны хуруу, зүүн алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие бусдын биед гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож байна ...” гэх мэдүүлэг /хх-25х/,
Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед Бөмбөгөрөөс зүүнээс баруун тийшээ явж байсан. Тэгээд нэг залуу намайг доромжлоод янханы зулбасга минь, пизда минь гэх байдлаар намайг доромжлоод байсан. Тэгээд машинтайгаа ирээд сигналдаад байхаар нь би машиных нь хажууд очиход над руу нулимсан. Миний буруутай үйлдэл байгаа” гэв.
Хохирогч Д.Сүхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд байж байтал миний машин тавьсаны урд талд 2 хөгшин хүн такси барьж явсан зүйлсээ машинд нь ачаад явах хооронд хойд талд зогсож байсан 3200 УБТ улсын дугаартай Приус 30 маркийн машин сигналдаад жолооч болох 30 орчим насны нь тэр хоёр хөгшнийг сигналдаад болихгүй байхаар нь би машинаасаа буугаад чи сигналдахаа болиоч ээ, хөгшин настай чиний аав ээж шиг хүн байна ш дээ одоо явахын хооронд гэхэд машинаасаа бууж ирээд чи миний ээж аавыг доромжиллоо гээд бид хоёр маргалдсан. Тэгээд тэр залуу чамайг эргэж ирээд ална аа гэж хэлээд яваад өгсөн ба би машиндаа сууж байхад надтай хамт байсан 2 хүний нэг нь яваад өгсөн ба эхнэр хүрч ирээд машинтайгаа явах гэж байтал нөгөө залуу гартаа төмөр хийчихсэн 2 залуу дагуулан хүрч ирээд машины цонх нүдээд хаалга өшиглөхөөр нь би цонхоо нээтэл шууд төмөр зүүсэн гараараа миний толгой тархи цохиж эхэлсэн. Тэгээд би машинаасаа буухад намайг татаж унагаагаад дээрээс гараараа цохиж хөлөөрөө дэвссэн. Тэр үед надтай архи уусан 2-ын нэг нь мөн яваад өгсөн байсан ба манай эхнэр машинаас бууж ирээд болиоч ээ, согтуу хүн зодохоо болиоч гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэрийг үсдээд цааш нь чирээд эргэж хүрч ирээд намайг дахин дээрээс дэвсэж өшиглөж, гараараа цохиод байсан ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,
Гэрч Д.Өлзийхутагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай нөхрийг бол нэг л залуу нь зодсон. Хажууд нь бол хоёр залуу хараад л зогсож байснаас зодож цохисон зүйл байхгүй. Тэр залуу бол гартаа арзгар цагаан өнгийн төмөр хийчихсэн тэр төмрөөрөө л цохиод байсан. Гадаа гараад хойноос нь очоод цээж болон толгой руу нь өшиглөөд байсан ...” гэх мэдүүлэг /хх-15х/,
Гэрч Б.Ганболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бөмбөгөрийн урд талын замаар баруунаас зүүн тийш явж байхад урд талын зогсоол дээр зогсож байсан машины хүмүүстэй Цэрэнбат муудалцаад машинаа зүүн тийшээ зогсоол руу тавьчихаад гүйгээд гараад явчихаар нь хараад сууж байтал хаалгыг нь онгойлгоод бараг машин дотор нь ороод зодолдоод эхэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12641 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Д.Сүхбатын биед зүүн 9-р хавирганы далд хугарал, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун шуу, баруун сарвууны хуруу, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-20х/,
Шүүгдэгч Д.Цын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-30-32х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Сүхбаттай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун шуу, баруун сарвууны хуруу, зүүн алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Сүхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед өөрт учирсан гэм хорын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх ба түүнийг цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Д.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.