Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00923

 

     2026            04           27                                       210/МА2026/00923   

 

                                                                            “*******” ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01212 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, “*******” ХХК-д тус тус холбогдох,

   Хамтран ажиллах гэрээний үүрэгт 154,667,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “*******” ГХОХХК-ийн захирал *******, “*******” ХХК-ийн захирал ******* нарын хооронд 2018.10.30-ны өдөр хийсэн “Бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд “*******” ХХК нь төлбөр тооцоогоо бүрэн хийгээгүйн улмаас талуудын талуудын хооронд өр авлага үүсэж, гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоог 2020.07 сард дүгнээд 2021.07.20-ний өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулах өрийн бичиг хийж төлбөр төлөх үүргийг баталгаажуулсан. Манай компани сүүлийн 2 жилийн хугацаанд захирал *******тэй уулзаж хохирол төлбөрөө төлөхийг шаардахад 2024 оны 11 дүгээр сард 50,000,000 төгрөгийг нэг удаа өгсөн боловч үүнээс хойш төлбөр төлөөгүй. Иймд хариуцагч “*******” ХХК-аас 154,667,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай “*******” ХХК нь ******* аймгийн ******* сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын MV-010380 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг ба “*******” ГХОХХК-тай 2018.10.30-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр талуудын хооронд бүтээгдэхүүн хуваах аливаа нөхцөлийг тохироогүй бөгөөд хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсний дараа бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулах талаар ярилцаж байсан. Гэтэл “*******” ГХОХХК нь хөрс хуулалтын ажлыг явуулахдаа манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас гарч ирсэн жоншнуудыг их хэмжээгээр зөвшөөрөл авалгүйгээр ачилт хийж, борлуулсан ба тэр даруйд нь манай компаниас газар дээр нь очиж гэрээг цуцалснаа мэдэгдэж, талбай дээрээс явуулсан. Энэ хууль бус үйлдлийн талаар нотлох гэрчийн этгээдүүд байгаа. “*******” ГХОХХК-ийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тухайн үедээ цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдээгүй. Харин 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандаж 50,000,000 төгрөг шилжүүлсэн.

2.2. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75.2.1, 76.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.  Гэтэл “*******” ГХОХХК нь гэрээ байгуулснаас хойш 7 жил гаруй хугацааны дараа гэнэтийн байдлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн.

2.3. Хамтран ажиллах гэрээнд зааснаар манай компанийн тусгай зөвшөөрлийг ашиглан олборлолт хийхдээ машин техник, тоног төхөөрөмж, бензин шатахууны зардлаа өөрсдөө гаргаж олборлосон жоншоо борлуулан А тал буюу манайх 80 хувийг Б тал буюу “*******” ГХОХХК 20 хувийг авахаар тохирсон тул манайх эдний гаргасан зардлыг төлөх ёсгүй. Өрийн бичгийг бичихээс өөр аргагүй байдалд оруулж, ажил дээр олуулаа ирж, сүрдүүлж бичүүлж авсан, тухайн үедээ Цагдаагийн байгууллагад хандаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-д холбогдох 154,667,125 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “*******” ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 931,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талууд гэрээ байгуулж “*******” ХХК-ийн газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулсан бөгөөд 70 болон 30 хувиар хувааж авах талаараа гэрээндээ тусгасан байдаг. Жонш олборлох явцад “*******” ХХК нь өр төлбөр их гэх шалтгаанаар орлогыг авдаг байсан бөгөөд бидэнд холбогдох төлбөрийг өгөөгүй. Талууд энэ асуудлаар удаа дараа уулзаж төлбөр тооцоог нийлж байсан. Үүнээс хойш төлбөрөө нэхэмжлэх, төлбөр барагдуулах ажиллагааг тасралтгүй хийсэн. Хариуцагч нь нийт 206,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх ёстой бөгөөд үүнээс 50,000,000 төгрөгийг 2024 онд төлсөн. Бид 2023 онд тооцоо нийлсэн бөгөөд 2020.07.20-ны өдөр өрийн бичиг үйлдсэн. Миний бие ******* захиралтай удаа дараа уулзаж байсан бөгөөд тэрээр үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тайлбарладаг байсан. Тэрээр сүүлийн 1 жил холбогдох төлбөрөө төлөхгүй зугтааж байсан учир бид шүүхэд хандсан. Бид холбогдох баримт бичгүүдийг шүүхэд гаргаж өгсөн. Тодруулбал, гэрээ, өрийн бичиг, төлбөр төлсөн баримууд нь хэрэгт авагдсан. Бид холбогдох баримтай, тодорхой шаардлагатай нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх эргэлзээтэй байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2. ... Бид хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх үүссэнээс хойш хууль зүйн хувьд зөрчил гаргаагүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ ойлгомжтой тайлбарлаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд бид нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгсөн. Жонш олборлох ажиллагааг хийхэд холбогдох зардлуудын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан баримтуудад талуудын гүйцэтгэх удирдлагуудын гарын үсэг зурагдсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан, хоёрдмол санааг агуулаагүй баримтууд байдаг. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хэрэв өөр төрлийн жонш үйлдвэрлэсэн гэж үзвэл энэ талаарх үйл баримтыг холбогдох газраар шалгуулах боломжтой гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хуулийг зөв хэрэглэж, Иргэний хуульд заасан гэрээний харилцааг зөв дүгнэх замаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2026.02.26-ны өдөр гомдол гаргасан. Хавтаст хэргийн 7 дугаар талд итгэмжлэл авагдсан...Тус баримтад н.******* гэх этгээд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байдаг. Хуулийн этгээдийн гэрчилгээний арын хуудаст гүйцэтгэх захирал н.******* гэх этгээд бүртгэлтэй байсан. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргаснаас хойш 2026.03.23-ны өдөр итгэмжлэлээ шинэчилж гаргаж өгдөг бөгөөд уг итгэмжлэлд гүйцэтгэх захирал н.******* гарын үсгээ зурсан байдаг...Уг итгэмжлэлд давж заалдах журмаар гомдол гаргах эрхийг тусгайлан олгоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь итгэмжлэлээр эрх олгогдоогүй байхад давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд энэ асуудал нь цаашлаад нэхэмжлэл гаргах эрхийн асуудал яригдана. “*******” ГХОХХК нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. н.******* нь гарын үсгээ 2 удаа зөрүүтэй зурсан эсэх асуудлаа мэдэж байгаа эсэх, Монгол хэл, бичиг үйлдэх чадвартай эсэх, тэрээр ямар асуудлаар шүүхэд хандаж байгаа талаараа мэдэж байгаа эсэх нь зэрэг нөхцөл байдал нь эргэлзээтэй байна.

5.2. Нэхэмжлэгч нь 2018.10.30-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах гэрээний төлбөрийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгчээс “гэрээний 2.4, 2.7-д заасны дагуу талуудын ашиг орлогын хуваарилалт нь 70, 30 хувь болон 80, 20 хувийн харьцаатай байх бөгөөд энэ нь бүтээгдэхүүнээс тооцох зардал байна. Үүнийг хэрхэн нотлох вэ, хэргийн оролцогчид өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөх ёстой” гэж удаа дараа тодруулж байсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч тайлбарлахдаа “бид нар энэ талаар санхүүгийн баримт үйлдсэн бөгөөд ******* захиралд танилцуулаагүй, манай нягтлан бодогч гарын үсэг зурсан бөгөөд тооцоо нийлсэн акт байгаа” гэж тайлбарладаг. Тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбаруудаас үзэхэд 2022-2023 онуудад гарсан зардлууд байгаа юм. Нэхэмжлэгч нь бичгээр гаргасан гомдлын сүүлийн хэсэгт “*******” ГХОХХК-ийн жонш олборлох явцад гарсан зардал, техник хэрэгсэл, түлшний үнийн дүнтэй 154,667,125 төгрөг тохирч байгаа гэж дурддаг. “*******” ГХОХХК нь гэрээний 4.2-т зааснаар үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүх зардлыг өөрөө хариуцна гэж зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээс үзэхэд тэрээр өөрийн гаргасан зардлыг хариуцагч нараас шаарддаг. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар хэдий хэмжээний олборлолт явуулсан болох нь тодорхой харагддаггүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тодорхой хэмжээний олборлолт явуулж, тооцоо нийлж, үүнээс хувь хүртэх замаар үнийн дүн тодорхой болох ёстой. Гэтэл зөвхөн гарсан зардал нь гэрээний төлбөр мөн эсэхэд шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх гэрээний хугацааг 2019.01.30-ны өдөр дууссан гэж зөв дүгнэсэн. Талуудын байгуулсан гэрээнд уг гэрээг 3 сарын хугацаатай байгуулна гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа гарсан зардал нь дээр дурдсан хугацаанаас хойш 3 жилийн дараа гарсан бөгөөд тухайн үйл баримтаас хойш 7 жилийн дараа “*******” ГХОХХК нь нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч “*******” ГХОХХК нь хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 154,667,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК нь “...нэхэмжлэгч компани хөрс хуулалтын ажлыг явуулахдаа манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гарч ирсэн жоншийг зөвшөөрөл авалгүйгээр их хэмжээгээр ачиж, борлуулсантай холбоотой манай компаниас газар дээр нь очиж гэрээг цуцалснаа мэдэгдэж, явуулсан... энэ гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн, бодитой тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Нэхэмжлэгч 2018.10.30-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах гэрээ”-ний үүрэгт 154,667,125 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч тухайн гэрээний хувь хураамж, ашиг, алдагдлыг хэрхэн тооцож нэхэмжилж байгааг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаар хоёр этгээдийг татан, шүүх тэдгээрт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атал хариуцагч тус бүрд холбогдох шаардлага, үндэслэл тодорхойгүй, улмаар хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

3.3. Мөн нэхэмжлэгч тал хариуцагчийг 2024 оны 11 дүгээр сард 50,000,000 төгрөгийг уг гэрээний үүрэгт шилжүүлсэн нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүйг нотолно гэж тайлбарласныг хариуцагч тал уг гэрээнд хамааралгүй, өөр төлбөрт шилжүүлсэн хэмээн мэтгэлцэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

4. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар зохигчоос тодруулах, чиглүүлэх ажиллагаа хийгээгүй, хэргийн оролцогчоос маргаан бүхий үйл баримтыг тодруулахаар баримт гаргаж, мэтгэлцээгүйн улмаас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “*******” ГХОХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 931,286 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ХУЛАН

 

 

             ШҮҮГЧИД                                       Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                        Г.НЯМСҮРЭН