Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 511

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Бүжинлхам,

Шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шороот овогт Ч.Ад холбогдох эрүүгийн 1902001210095 дугаартай хэргийг 2019 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Шороот овогт Чинзоригтын Анардөлгөөн, Монгол Улсын иргэн, 1994 оны 04 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, зохиолч мэргэжилтэй, “Залуу Од” продакшн ХХК-ний найруулагч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 22а-73 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /..................................................

          Шүүгдэгч Ч.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Хүдэр мөнх” оффисын 408 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканниболын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгчид орж ирээд ширээн доор байсан өвс гэх нэршилтэй бодисыг аваад гарсан. Би турших зорилгоор хэрэглэж үзээд хадгалсан юм. Цагдаа нар орж ирэхэд өгсөн” гэв.

Шүүгдэгч Ч.Аөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгааг ойлгож мэдэж байгаа ...Тогтоолд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна ...Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэхгүй зөвөөр амьдарч чадна ... ” гэсэн мэдүүлэг /хх-37-38х/,

Гэрч Б.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...өнөөдөр би Анардөлгөөнтэй хамт түүний түрээслэдэг өрөөнд очиж компьютер дээр сургалтын чиглэлээр хичээл бэлдэх санаатай 19-20 цагийн үед хамт очоод өрөөнд ороод сууж байх үед гаднаас цагдаа нар орж ирээд бид хоёрыг барьж авсан. Ингээд өрөөнд үзлэг хийх үед хар тамхи хэрэглэхэд ашигладаг бонго гарч ирж хураагдсан гэж байсан миний хувьд мансууруулах бодис болон түүнийг хэрэглэхэд ашигладаг зүйлсийг хадгалж байхыг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1524 тоот дүгнэлтэд:

“1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан AU0396072 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, хуйлсан AJ6791663 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

Ямар нэгэн хаяг, шошгогүй дотроо шингэнтэй хуванцар сав, “RAISON”  гэсэн бичигтэй тамхины хайрцагт хийсэн мөнгөлөг цаас, хуйлсан АН 2392452 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” жич:Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдийг дүгнэлтийн хамт буцаав гэжээ /хх-19-20х/,

 

Үзлэг хийсэн тэмдэглэл: “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүдэрмөнх оффис гэж хаягласан ...4 давхарт 408 тоот гэсэн өрөөний ...хаалганы хажууд Залуу од продакшн гэж бичсэн хаяг байршуулсан ...өрөөний хойд хананы зүүн хэсэгт хар өнгийн бүтээлэгтэй ширээ байх ба ...компьютер принтер хоёрын дунд ямар нэгэн хаяг шошго байхгүй, дотроо шаргал өнгийн шингэнтэй зүйлтэй, 0,5 литрийн багтаамжтай голд нь цоолж нүхлэн МУ-ын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөг хуйлж соруул болгон хийж, нэг үзүүрт нь тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулан хийсэн байх ба тугалган цаасан дотор хар өнгийн /шатсан мэт/ ургамлын үртэс мэт зүйлс байлаа. Уг эд зүйлсийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авч ...шинжээч томилон хүргүүлэхээр тогтов ...гол хэсэгтээ шатаж харласан тугалган цаас, байсныг хураан авав ...Raison гэсэн бичигтэй бичиглэлтэй тамхины хайрцагийг онгойлгоход МУ-ын мөнгөн дэвсгэрт олох 20,50 төгрөг тус тус байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авав ...” /хх-07-09х/,

Шүүгдэгч Ч.Аий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Хүдэр мөнх” оффисын 408 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканниболын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ч.Ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ямар нэгэн шошго байхгүй дотроо шаргал өнгийн зүйлтэй 0,5 л багтаамжтай голд нь цоолж нүхлэсэн хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас, RAISON бичиглэлтэй тамхины хайрцагт хийсэн мөнгөлөг цаас зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Хуйлж соруул болгосон Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 50 төгрөгний 2 ширхэг, 20 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг зэргийг устгуулахаар Монгол банканд тус тус шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.