Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00862

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/11335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай 290.74 м.кв амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг *******ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг ******* ХХК, ******* нарт даалгах тухай нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүрэг, ******* тоот хаягт байршилтай амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь *******тэй 2015 оны 08 сарын 27-ны өдөр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож ******* дүүргийн *******тоот 290.74 м.кв амины орон сууцыг 725,000,000 төгрөгөөр захиалан бариулах 16/s1/11 дугаартай гэрээг байгуулсан. Амины орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг буюу төлбөрийг бартер болон бэлэн мөнгөөр төлөхөөр, амины орон сууцыг 2016 оны 12 сарын 01-ний өдөр багтаан бүрэн ашиглалтад оруулж, захиалагч талд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д орон сууцны ордерыг гэрээний төлбөр бүрэн төлөгдсөний дараа захиалагч талд шилжүүлж өгнө, 4.3-т захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, орон сууцны түлхүүрийг орон сууцыг хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар захиалагчийн орон сууцыг эзэмших эрх үүснэ гэж харилцан тохиролцсон бөгөөд ******* нь бартерын бараа материал болон бэлэн мөнгөөр хариуцагчид 725,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан тул гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ. ******* нь маргаан бүхий амины орон сууцыг 2016 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд бодитоор эзэмшиж, ашиглах эрхэндээ байлгаж, гэр бүлийн хамт амьдарч байгаа ба хариуцагч *******ээс удаа дараа буюу байнга маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсаар өнөөдрийг хүрсэн.

******* нь маргаан бүхий амины орон сууцыг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ******* дугаар гэрчилгээ, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-д барьцаалан 2015 оны 04 сарын 16-ны өдөр бизнесийн зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээтэй холбоотойгоор маргаантай байгаа тул танай амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгөх боломжгүй гэж тайлбарладаг.

******* нь *******ээс удаа дараа шаардаж, тодруулсны үндсэн дээр ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ******* тоот гэрчилгээ, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсан ба одоог хүртэл маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх тус компанийн нэр дээр бүртгэлтэй байгааг олж мэдсэн.

******* нь 2019 онд ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасныг 3 шатны шүүхээр хэлэлцэж Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/01352 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ХХК нь хариуцагч *******т маргаан бүхий орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн боловч мөн шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хугацаанд биелээгүй байна. Хариуцагч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн үүргээ биелүүлсэн тохиолдолд хариуцагч ******* нь дээрх маргаан бүхий орон сууцыг *******тай байгуулсан 2015 оны 08 сарын 27-ны өдрийн амины орон сууц захиалан бариулах 16/81/11 дугаартай гэрээний дагуу *******д шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл бодит байдалд хариуцагч ******* ХХК нь хариуцагч *******т шилжүүлээгүй байх тул ******* нь өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн хууль ёсны дагуу эзэмшилд байгаа хөрөнгийг өмчлөлдөө авч чадахгүй хохирч байна.

Хариуцагч нарын бизнесийн ёс зүйгүй, хариуцлагагүй, хууль бус дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шударгаар, бодитоор маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийг шүүхээр сэргээлгэх, хамгаалуулах хүсэлтэй байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 91 дүгээр зүйлийн 91.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* дүүргийн ******* тоот 290.74 м.кв амины орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь ******* бөгөөд хариуцагч нар нь аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй юм.

Мөн ******* нь хариуцагч *******ээс 2016 онд маргаан бүхий барилгыг 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээн авч өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ, дотор засал зэргийг хийж гүйцэтгэн бүрэн ашиглалтад оруулж, өнөөдрийг хүртэл хугацаанд гэр бүлийн хамтаар бодитоор эзэмшиж, ашиглаж байна.

Иймд ******* дүүргийн ******* тоот 290.74 м.кв амины орон сууцны өмчлөгчөөр ******* тогтоож, мөн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга:

******* нь 2014 оноос ******* дүүргийн ******* нэртэй хотхоны төсөл эхлүүлсэн ба 2015 оны 04 сард уг төслийг санхүүжүүлэх зорилгоор ******* ХХК-тай тухайн төслийн 1 айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг /90 хувь гүйцэтгэлтэй/ барьцаалж бизнесийн зээл авсан. 2015 оны 08 сарын 27-ны өдөр *******д 290.74 м.кв амины орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж худалдсан. Төлбөр барагдуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ******* ХХК-аас тухайн *******д худалдсан ******* улсын бүртгэлтэй 90 хувь гүйцэтгэлтэй гэрчилгээг барьцаанаас суллах хүсэлтийг 2018 онд өгсөн боловч өмчлөгчийг өөрсдөө гэж үзэн надад буцааж өгөөгүй болно. 2019 оноос эхлэн 3 шатны шүүхээр явж миний өмчлөлд өгөх шийдвэр гарсан боловч уг шийдвэр одоог хүртэл биелээгүй байна. ******* нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө дуусгасан боловч эрхээ эдлээгүй байгаа нь үнэн болно. 2016 оноос ******* нь гэр бүлийн хамт уг хотхонд өнөөдрийг хүртэл амьдарч байна. *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Хамтран хариуцагч ******* нь ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй, ******* дүүргийн ******* тоот хаягт 290.74 м.кв талбай бүхий орон сууцтай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/01352 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Харин хариуцагч ******* ХХК нь 2021 оны 12 сард хамтран хариуцагч болох *******ээс зээлийн гэрээний үүрэгт 794,114,996 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох ******* дүүргийн *******тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Дээрх нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 001/ХТ2022/00008 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 210/МА2022/01852 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 541,653,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252,457,672 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж, шийдвэрийн 3 дахь заалтын ...4,194,869.96... гэснийг ...2,866,217... гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын бусад хэсэг буюу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох ******* дүүргийн *******тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Харин тус хэргийн хариуцагч болох *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 101/Ш32023/04475 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2023/00414 дугаар гүйцэтгэх хуудас үйлдэгдсэний үндсэн дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр буюу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 210/МА2022/01852 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 001/ХТ2022/00008 дугаартай тогтоолоор маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болон мөн шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангах үүднээс уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* ХХК нь зээлдэгч *******тэй 2015 оны 04 сарын 16-ны өдөр 130 дугаартай бизнесийн зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр олгосон. Мөн өдөр дээрх бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч *******тэй 130 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Талууд дээрх барьцааны гэрээ байгуулахдаа, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 290.74 м.кв талбай бүхий ******* дүүргийн, ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дараа, ******* нь *******тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд ингэснээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, улмаар уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч *******ийн гаргасан хариу тайлбарын агуулга:

Хариуцагч ******* ХХК нь *******д холбогдуулан маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд тухайн нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

******* нь *******тэй 2015 оны 08 сарын 27-ны өдөр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож ******* дүүргийн *******тоот 290.74 м.кв амины орон сууцыг 725,000,000 төгрөгөөр захиалан бариулах 16/з1/11 дугаар гэрээг байгуулж, бартерын бараа материал болон бэлэн мөнгөөр хариуцагчид 725,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан тул гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, шударга эзэмшигч билээ.

...шүүхийн шийдвэрээр хариуцагч ******* ХХК нь хариуцагч *******т маргаан бүхий орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн боловч мөн шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хугацаанд биелээгүй байна. Хариуцагч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн үүргээ биелүүлсэн тохиолдолд хариуцагч ******* нь дээрх маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч надтай байгуулсан 2015 оны 08 сарын 27-ны өдрийн амины орон сууц захиалан бариулах 16/s1/11 дугаартай гэрээний дагуу шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл бодит байдалд хариуцагч ******* ХХК нь хариуцагч *******т шилжүүлээгүй байх тул ******* нь өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн хууль ёсны дагуу эзэмшилд байгаа хөрөнгийг өмчлөлдөө авч чадахгүй хохирч байна. Дээр дурдсан үндэслэлээр ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, 290.74 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК болон *******т тус тус даалгаж, ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, 290.74 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэхийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, 290.74 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,853,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК болон ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 3,853,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Худалдан авагч ******* нь 2015 оны 08 сарын 27-ны өдөр 16/S1/11 дугаартай амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, нийт төлбөр тооцоо 725,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн болох нь хариуцагч *******ийн тайлбар, 2015 оны 08 сарын 27-ны өдөр 16/S1/11 дугаартай амины орон сууц захиалан бариулах гэрээний тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2015 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан 16/S1 /11 дугаартай амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 725,000,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад шүүх зөвхөн хариуцагч *******ийн тайлбарыг үндэслэн орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 11 сарын 07-ны өдөр үйлдсэн гэрээний тооцоо нийлсэн акт гэх баримт хэрэгт авагдсан боловч уг баримтад дурдагдсан 724,986,799 төгрөгийн үнийн дүн баримтыг төлбөр төлсөн баримтаар тооцон үнэлэх боломжгүй. Учир нь уг баримтад дурдсан буюу нэхэмжлэгчээс хариуцагч *******т орон сууцны төлбөрт тооцон нийлүүлсэн гэх 724,986,799 төгрөгийн үнийн дүн бүхий бартерын эд зүйл болон мөнгө шилжүүлсэн болохыг нотлох бусад баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

Мөн уг гэрээний тооцоо нийлсэн акт гэх баримтад орон сууц худалдан авахтай холбоогүй буюу******* авав, *******од, *******т ажлын хөлс, *******д байрны засварын зардал, *******, цахилгаанчин *******д, *******д байрны засварын зардалд, мужаанд ажлын хөлс, өмгөөлөгчид, *******гаас авсан зээл, *******ад гэсэн жагсаалтыг уг баримтад дурдсан байхад шүүх уг байдлыг анхаарч, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч ******* нь амины орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрийг хариуцагч *******т төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт тус тус зааснаар тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй. Учир нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөгчийн шаардах эрх үүсдэг бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

Гэтэл хариуцагч ******* нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хариуцагч ******* нь ******* ХХК-тай 2015 оны 04 сарын 16-ны өдөр 130 дугаартай бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг зээлдүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба ******* нь зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй.

Тиймээс зээлдүүлэгч ******* ХХК нь *******т холбогдуулан 2021 оны 12 сард зээлийн гэрээний үүрэгт 794,114,996 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох ******* дүүргийн *******тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 001/ХТ2022/00008 дугаар тогтоолоор хариуцагч *******, ******* нараас 541,653,324 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу маргааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч, хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 001/ХТ2022/00008 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагч *******ээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангахгүй, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд буюу хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т төлбөр төлсөн нь хангалттай нотлогдоогүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагч *******тэй 2015 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан 16/S1 /11 дугаартай амины орон сууц захиалан бариулах гэрээний гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 10-ны өдөр гаргасан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах зургаан жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 11 сарын 07-ны өдөр үйлдсэн гэх ганц тооцоо нийлсэн актыг үндэслэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримттай холбоотой асуудлын талаар гомдолдоо дурдсан. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд өөр этгээд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, ******* ХХК үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах болон худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй. Иргэний эрх зүйн харилцаанд оролцож буй талууд гэрээний үүрэг биелэгдсэнтэй холбоотой хэн аль нь хүлээн зөвшөөрч буй баримтыг гуравдагч этгээд үгүйсгэж, таны төлбөр төлөгдөөгүй гэх агуулгаар маргаж байгаа нь ямар баримтаар тогтоогдож байгаа эсэх асуудал яригдана. Хариуцагч байгууллагын дээрх агуулгаар гаргаж буй гомдол үндэслэлгүй. Хариуцагч ******* нь ******* ХХК-д өртэй эсэх нь бидэнд хамааралгүй. Нэхэмжлэгч нь 2015 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаан бүхий байранд амьдарч байгаа бөгөөд хэрэглээний зардлуудыг төлсөн. Үүнтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Хариуцагч тал баримт байхгүй гэж маргасан нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цахилгаан болон дулаан гэх мэт хэрэглээний зардлыг төлсөнтэй холбоотой дансны хуулга нотлох баримтаар авагдсан. Тухайн баримтыг анхан шатны шүүх шинжлэн судалсан. Жишээлбэл, төлбөр төлж байгаа баримтад өмгөөлөгчийн зардал гэх шилжүүлэг байсан гэх агуулгаар хариуцагч маргасан. ******* гэх хүн нь өмгөөлөгчийн төлбөр хэрэгтэй байна гэсэн тул байрны төлбөрт оруулан өгсөн тул өмгөөлөгчийн төлбөр гэж бичсэн. Өмгөөлөгчийн төлбөр байрны мөнгө биш гэх агуулгаар маргаж байгаа нь зохимжгүй асуудал юм.

Монгол Улсын Дээд шүүхэд шийдвэрлэгдсэн 2 хэрэг байдаг. Эхний маргаан буюу *******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ, хүчин төгөлдөр бус гэж дүгнэн, ******* ХХК-ийг *******т үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл тус шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй. Хоёр дахь маргаан буюу ******* ХХК-аас зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэл болон барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардсан ба үүнийг хангаж шийдвэрлэсэн. ******* ХХК-д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх байгаа бөгөөд өмчлөх эрх байхгүй. Уг асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгч өмчлөх эрхээ олж авч чадаагүй.

Хоёр дахь шүүхийн шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад явагдаж байгаа. ******* ХХК-аас зээлийн гэрээ, түүний үүрэг, гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явж байгаатай холбоотой маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явагдаж байгаа нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* ХХК нь орон сууцыг 90 хувийн хэмжээнд барьцаалсан тул барьцаалсан хэмжээгээр үүрэг гүйцэтгэх асуудал яригдана. Өнөөдрийн хувьд 100 хувийн хэмжээтэй буюу илүү үнэлэмжтэй асуудал яригдаж байгаа. Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас маргаан бүхий эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж, борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгийн 90 хувиар хариуцагч байгууллага гэрээний үүргийг авах ёстой. Үлдэх 10 хувийн хөрөнгийг ******* авахгүй эрхгүй буюу ******* гэх хүн авах ёстой асуудал үүссэн тул бид шүүхэд хандсан. Ямар нэгэн байдлаар өмчлөх эрхтэй этгээд мөн гэдгийг нотлоогүй тохиолдолд тухайн 10 хувийн хөрөнгө бидэнд ирэх боломжгүй. ******* ХХК-ийн өрөнд эсхүл бусад этгээдийн төлбөрт суутгагдах тул *******ийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Уг асуудлыг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан. Иргэний хуульд заасан ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаанд хамаарна. Учир нь ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж өмчлөх эрхийг хадгалж байгаа. Хэрэгт авагдсан лавлагаанаас харвал, ******* ХХК нь маргаан бүхий эд хөрөнгийг бусад этгээдүүдэд барьцаалсан нөхцөл байдал тогтоогддог. Бодит байдалд нэхэмжлэгч хохирч байгаа бөгөөд хүүхдүүдээ дагуулаад байрнаасаа хөөгдөх нөхцөл байдал үүссэн. Магадгүй өмчлөгчөөр тогтоогдсон тохиолдолд, ирээдүйд гарах 10 хувийн хөрөнгийг олж авах боломжтой. ******* ХХК-ийн барьцааны эрхтэй холбоотой асуудлаар маргаагүй бөгөөд тус эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тусдаа явагдах ёстой гэх байр суурьтай байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон ******* ХХК-д холбогдуулан ******* дүүргийн *******тоот хаягт байршилтай, 290.74 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК эс зөвшөөрсөн тайлбарыг, хариуцагч ******* зөвшөөрсөн тайлбарыг тус тус шүүхэд гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд: 

 

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2015 оны 08 сарын 27-ны өдрийн №16/s1/11 дугаар Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, 290.74 м.кв талбайтай, амины орон сууцыг барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 725,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ, /хх-7-9/

 

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 2016 оноос тухайн амины орон сууцанд амьдарч байгаа болох нь тогтоогдсон,  

 

3.3. ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай 290.74 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2014 оны 12 сарын 01-ний өдөр *******ийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-160/

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.  

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 725,000,000 төгрөгийг төлж, 2016 оноос орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон ба хариуцагч ******* худалдах, худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн асуудлаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

 

7. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Тиймээс нэхэмжлэгч хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж худалдан авсан амины орон сууцны үнийг бүрэн төлсөн тул хариуцагчаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

8. Хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үндэслэлээр маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02502 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 375 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/01352 дугаар тогтоолоор хариуцагч ******* болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, маргааны зүйл болох ******* дүүргийн *******тоот хаягт байршилтай, 290.74 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцыг *******ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөх эрхийг *******т шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч ******* ХХК заавал биелүүлэх үүрэгтэй.

Тиймээс хариуцагч ******* ХХК-ийг 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 000473426 дугаар гэрчилгээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд хэвээр байгаа гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10. Түүнчлэн нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул гэрээний үүргийг шаардах эрх тэдгээрийн хооронд үүснэ.

Өөрөөр хэлбэл гэрээний төлбөр төлөгдсөн эсэх, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар маргах эрх нь гэрээний талуудад өөрт нь байдаг тул нэхэмжлэгч ******* үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөөгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

11. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 210/МА2022/01852 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 001/ХТ2022/00008 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 541,653,324 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн ******* дүүргийн *******хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдсон.

 

12. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор заасан тул ******* дүүргийн *******тоот хаягт байршилтай, 290.74 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу уг эд хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн барьцааны эрхийг хөндөхгүй, барьцааны эрх хэвээр үлдэхийг дурдах нь зүйтэй.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хоёр заалтаар шийдвэрлэсэн нь оновчгүй болсон байх тул тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн дугаарлалтуудыг өөрчилнө.

 

14. Мөн нэхэмжлэгчийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70,200 төгрөг төлөх тул үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн илүү төлсөн 3,782,950 төгрөгийг буцаан олгох, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/11335 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэн, 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн *******тоот хаягт байршилтай, 290.74 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэхийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

3, 4, 5 гэсэн дугаарлалтыг 2, 3, 4 гэж дугаарлан,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 3,853,150 төгрөг, хариуцагч 70,200 төгрөг төлснийг дурдаж, нэхэмжлэгч *******аас илүү төлсөн 3,782,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагч ******* ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаруулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,925,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,784,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч ******* ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН