| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03388/И |
| Дугаар | 210/МА2026/00990 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00990
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01607 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2020 онд цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмж зарах зарын дагуу ******* дугаартай *******ттой холбогдсон. Түүний хэлснээр суурь усаа шинжлүүлж хариуг нь *******руу явуулсан ба манай усны бүтцэд дунд оврын, цагт 1000 литрээс багагүй цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай орос тоног төхөөрөмж болно гээд 16,000,000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг нийлүүлэх үнийн саналыг *******ХХК-ийн албан бичгээр 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн.
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр урьдчилгаа 13,600,000 төгрөг, үлдсэн мөнгийг нөхрийн дансаар төлсөн ба *******мөнгө авсан гэдгээ албан тоотоор бичээд өгсөн. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод очиж тоног төхөөрөмжөө худалдан авч, төхөөрөмжөө угсруулахаар тохиролцож, урьдчилгаа 1,500,000 төгрөг төлсөн.
2020 оны 04 дүгээр сарын сүүлээр угсралтын багийн оронд *******эхнэртэйгээ ирж, манай үйлдвэрийн байранд тоног төхөөрөмж угсраад, зааварчилгаа гараар бичиж өгөөд буцсан. Яагаад хүлээлгэж өгөхгүй байгааг лавлахад цавуу ашиглаж холболтуудыг тогтоосон тул 72 цагийн дараа усаа нээх боломжтой гэсэн.
1.2.Ингээд 72 цагийн дараа төхөөрөмжөө залгаж асаахад бүх холбоосоор ус задгай гоожиж, нэг баллоны дээд талын хаалт цуурсан байсан ба *******ттой холбогдож нөхцөл байдлыг хэлэхэд та нар цуулсан байна, дахиж өгөх боломжгүй, баллоны хаалтын үнэ 1,600,000 төгрөг явуулбал дахиж явуулъя гэсэн. Ижил үйл ажиллагаа явуулдаг газруудаас үнэ судалтал тухайн хаалт 40,000 төгрөгийн үнэтэй байсан.
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Шинжлэх ухааны академийн Газар зүй-геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторид 2 төрлийн шинжилгээ хийлгэсэн. Дундын уртын худагт хийсэн шинжилгээний дүнгээр Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, хатуулаг дотроо магни зонхилсон, хатуувтар ус байна. Шинжилсэн химийн үзүүлэлтүүд нь ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018 шаардлага хангаж байна гэж дүгнэсэн. Шүүсэн усанд хийсэн шинжилгээний дүнгээр Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, хатуувтар, хатуулаг дотроо магни зонхилсон ус байна. Уг усыг анхны устай харьцуулахад уг шүүсэн ус чанар, найрлагад бараг өөрчлөлт ороогүй, шүүгээгүй ус байна гэж дүгнэсэн. Ингээд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад эргэлзээтэй байсан тул тус төхөөрөмжийг ажиллуулж үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дөрвөлж ХХК, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-аар дахин шинжилгээ хийлгэсэн. Эдгээр шинжилгээний хариуг аваад тус цэвэр усны төхөөрөмжөөр үйл ажиллагаа эрхлэх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, ашиглаж чадаагүй.
Дахин шинээр тоног төхөөрөмж худалдаж авахаар болж, тус газраас авсан төхөөрөмжийг хураасан, анх авсан тэр чигтээ хадгалагдаж байгаа. Зориулалтын дагуy ашиглах боломжгүй төхөөрөмж худалдсан гэж үзэж байна.
1.3.Доголдлыг илрүүлсэн даруйд утсаар ярьж шаардаж байсныг аав *******, бусад ажилчид хажууд харж, сонсож байсан. Хариуцагчид удаа дараа утасдаж хэлсэн боловч доголдлоо арилгаагүй, арилгахаас зайлсхийсэн тул анхнаасаа залилах, хуурч мэхлэх санаа зорилготой, залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн *******тод холбогдуулан 2021 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 121 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр анх нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагч оршин суугаа хаягтаа байдаггүй үндэслэлээр хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэрэгсэхгүй болгосон, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллагаас өнөөдрийг хүртэл хариуцагчийн оршин байгаа газрыг олж тогтоож өгөөгүй боловч нэхэмжлэгчийн зүгээс хуулийн этгээдийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийн дагуу ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлж байна.
1.4.Иймд *******ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Тоног төхөөрөмжийн үнэ 16,000,000 төгрөг, Сүхбаатар аймагт тоног төхөөрөмж угсрах зардалд нэмж төлсөн 3,115,822 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт байгаа баримтын хүрээнд буюу *******тын 15,000,000 төгрөг авсан гэх баримтын хүрээд нэхэмжлэлийн шаардлагаа 15,000,000 төгрөг болгож багасгасан. *******хаана байгаа нь тодорхойгүй байгаа учраас түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2.Хариуцагч *******ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Шүүхээс *******ХХК-ийн нэр дээр ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан асуудлын талаар миний бие огт мэдэхгүй. 2024 оны 07 дугаар сард *******татан буугдсан компанийн нэрс дундаас сэргээн ашиглах боломжтой эсэхийг нь лавлаад болно гэвэл ав гэсний дагуу авсан. Элдэв хэлцэл гэрээ шилжүүлэн авах юм уу худалдаж аваагүй. Шүүхээс ирүүлсэн нэхэмжлэхийг хариуцах үндэслэлгүй гэжээ.
3.Хариуцагч *******шүүхэд хүрэлцэн ирээгүй, тайлбар гаргаагүй болно.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******хариуцагч *******тод холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 19,115,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж *******тод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч*******ХХК-ийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгч ******* нь шүүхээс ажиллагаа эхлэхээс өмнө хуулийн этгээдэд өөрчлөлт орсон эсэхийг хэрхэн яаж мэдсэн байх боломжтой, дээрх мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар олж авсан эсэх, шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2 дахь заалтын 2 албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоолгох. Уг 2 бичиг нь байгууллагын хэвлэмэл албан бланк бус *******ХХК-ийн захирал *******гэх хүний гарын үсэг мөн эсэх, тамга нь тухайн байгууллагынх мөн болохыг холбогдох байгууллагаар шинжлүүлснээр Иргэний хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан хэлцлийн хэлбэрийг агуулж байгаа эсэх.
5.2.Нэхэмжлэгч ******* нь тоног төхөөрөмж, угсралт холболтын зардлын төлбөрийг Хаан банкин дахь иргэн *******тын хувь хүний дансанд шилжүүлснийг шүүхээс тогтоосон талаар үндэслэх хэсгийн 6.1 дэх заалтад дурдсан байна. "*******" ХХК нь иргэн *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байгаа тул шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2 дахь заалтад дурдагдаж буй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
5.3.Хавтаст хэрэгт авагдсан Хил хамгаалах байгууллагын лавлагаагаар иргэн *******нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн. Шүүхээс иргэн *******тыг олж тогтоон ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан боловч шүүгчийн захирамж бүрэн биелэгдсэн эсэх нь эргэлзээтэй, зөвхөн оршин суух газраа байхгүй гэх шуудангийн буцах тасалбарын хэсэгт гадаадад байгаа гэх бичвэрээр иргэн *******тыг шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй гэх үндэслэлээр түүнийг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн нь үндэслэлгүй байна. Иргэн *******тыг олж тогтоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах бүхий л ажиллагааг авч хэрэгжүүлээгүйгээс дээрх этгээд хариуцлагаас мултрах шалтгаан болсон тул иргэн *******тыг олж тогтоон шүүхэд хариуцагчаар дуудан ирүүлэх нэн шаардлагатай байна.
5.4.Нэхэмжлэгч тал нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө "*******" ХХК-ийн захирал *******тод холбогдуулан иргэний шинжтэй болон гэмт хэргийн шинжтэй байдлаар хуулийн байгууллагад хуулийн этгээд болон хувь хүн дээр нь гомдол гарган шалгуулж байсан боловч нэхэмжлэгчийн талд шийдвэр гараагүй тул 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч *******тод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч *******тод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5.5.Миний бие "*******" ХХК-ийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан боловч уг байгууллага нь ямар нэгэн аж ахуйн нэгж болон иргэн хоорондын эд хөрөнгийн маргаантай байгаа асуудлыг мэдээгүй, түүнчлэн эрх шилжүүлэн авах үед тухайн байгууллага дээр өр, авлагын асуудал байхгүй байсан тул шилжүүлэн авсан. Тухайн иргэний эрх зүйн харилцааг үнэн зөв, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж тогтоосны үндсэн дээр буюу иргэн *******тыг шүүхэд дуудаж, түүнээс хариу тайлбар гаргуулан авсны үндсэн дээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Хавтаст хэрэгтэй танилцахад нэхэмжлэгч талын дурдаад байгаа ус цэвэршүүлэгч тоног төхөөрөмж угсарсан, хүлээлцсэн акт, фото зураг байхгүй.
Дээрх маргаан нь иргэн *******, *******нарын хооронд болсон асуудал байхад шүүх хариуцагч *******ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1.Хуулийн этгээдийн опен дата буюу нээлттэй мэдээллийн санд хувьцаа эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдсөн бүртгэл орсон болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хариуцагчийг олж өгөөгүй, зөвхөн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай албан тоотоор хариу өгсөн. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж нотлох баримт цуглуулсан ажиллагаа хийгээгүй.
6.2.Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг дурдсан байна. Давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргах боломжгүй, зөвхөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв шийдсэн эсэхийг дүгнэдэг учраас хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийг биечлэн оролцуулах хүсэлттэй байсан учраас шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. *******ХХК-ийн захирал шүүх хуралдаанд ирээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй.
6.3.*******тыг удаа дараа шүүх хуралдаанд оролцуулах арга хэмжээг авсан боловч ирээгүй. *******тыг хариуцагчаар байлгаад байх юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, түдгэлзэх, хэрэгсэхгүй болох нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа тодорхойлох, өөрчлөх эрх хэмжээний хүрээнд *******тыг хариуцагчаас хасаж, *******ХХК-тай гэрээ байгуулсан гэж үзэж хариуцагчаар татсан. Хариуцагч болон *******тын хувьд хувьцаа бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн ба тухайн гэрээнд худалдан авсан хувьцааны хэмжээнд өр төлбөрийг хариуцах тухай дурдсан байсан учраас *******тыг хариуцагчаас хасаж болох юм байна гэж үзэж хассан. Хувьцаа худалдан авч байгаа этгээд өөрийн худалдан авч буй хувьцаанд ноогдож байгаа өр төлбөр, ашиг орлогыг урьдаас асууж тодруулсны үндсэн дээр тухайн хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзах үндэслэл болохгүй үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, *******нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 16,000,000 төгрөг, угсрах зардалд төлсөн 3,115,822 төгрөг, нийт 19,115,822 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг 15,000,000 төгрөг болгож багасгаж, хариуцагч *******тод холбогдох шаардлагаасаа татгалзсан.
Анхан шатны шүүх хариуцагч *******тод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч *******ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан *******ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/17 тоот Тоног төхөөрөмжийн захиалгын жагсаалт гэсэн албан бичиг, *******ээс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 13,000,000 төгрөгийг тоног төхөөрөмжийн төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн дансны хуулга, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тоног төхөөрөмж угсарч суурилуулсан талаарх санамж баримт, мөн талуудын тайлбарыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлж, ******* болон *******ХХК-ийн хооронд тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.1.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх албан бичигт *******ХХК нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн *******т бага оврын ус цэвэршүүлэх үйлдвэрийн ус савлагч, бөглөгч, багцлагч тоног төхөөрөмжийг 16,000,000 төгрөгөөр тооцон нийлүүлэх агуулга тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл компани тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэл зоригоо илэрхийлснийг компанийн захирал *******тын гарын үсэг, компанийн тэмдгээр баталгаажуулсан тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримтаар *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг *******тоос 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр *******т шилжүүлж, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь компанийн хүлээсэн үүрэг, хариуцлагыг дуусгавар болгох үндэслэл болохгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.2.Худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн талаар хуульд тусгай шаардлага тогтоогоогүй бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Хэргийн баримтаас үзэхэд *******ХХК-ийн хэлцэл хийхийг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичгийг ******* хүлээн авсан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар бичгийн хэлцэл хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
3.3.Түүнчлэн нэхэмжлэгч нь компанийн захирал *******тын нэрлэн заасан дансанд тоног төхөөрөмжийн үнийг шилжүүлсэн, мөн хариуцагч нь тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч санамж бичиг үйлдсэн нь үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгөх талаар зохицуулсан Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Хэрэгт ус цэвэршүүлэгч тоног төхөөрөмж угсарсан, хүлээлцсэн акт, фото зураг байхгүй талаар хариуцагч давж заалдах гомдолдоо дурдсан ч тэрээр энэ талаар татгалзалдаа тусгаагүй, анхан шатны шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
3.4.Хариуцагч талаас дээрх албан бичиг нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, захирал *******гэх хүний гарын үсэг мөн эсэх, тамга нь тухайн байгууллагынх мөн эсэхийг холбогдох байгууллагаар шинжлүүлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүй тул энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Түүнчлэн компанийн захирал *******өөрийн дансаар төлбөрийг хүлээн авсан нь компанийн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчтэй *******ХХК гэрээ байгуулаагүй гэх гомдлыг мөн хүлээн авахгүй.
4.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан.
Хэрэгт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дунд уртын худгийн сорьц болон шүүсэн усны сорьцод шинжилгээ хийсэн Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтууд, Дөрвөлж ХХК-ийн унд, ахуйн усны дотоод хяналтын лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүн, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээний дүн тус тус авагдсан ба нэхэмжлэгч нь эдгээр баримтыг үндэслэн хариуцагчаас худалдан авсан тоног төхөөрөмж ус цэвэршүүлэх боломжгүй буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон гэж тайлбарласан.
Хариуцагч дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж маргаагүй байна.
Анхан шатны шүүх гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой гэж нэхэмжлэгч тайлбарласныг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
5.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан ба талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх боломжтой тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэнэ. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шаардах эрхийн талаарх дээрх зохицуулалтыг дүгнээгүй, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулна.
6.Нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахаа өөрөө тодорхойлох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******тод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасанд нийцсэн. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдолд *******тыг шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй гэх үндэслэлээр түүнийг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн нь үндэслэлгүй, *******тыг олж тогтоон шүүхэд хариуцагчаар дуудан ирүүлэх нэн шаардлагатай, хариуцагч *******тод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй.
7.Нэхэмжлэгч нь нийтэд нээлттэй мэдээлэл болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс хариуцагч компанийн мэдээллийг авч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч нь шүүхээс ажиллагаа эхлэхээс өмнө хуулийн этгээдэд өөрчлөлт орсон эсэхийг хэрхэн яаж мэдсэн байх боломжтой, дээрх мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар олж авсан эсэхийг тогтоох тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
8.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...256 дугаар зүйлийн 256.1... гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 232,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Д.ЗОЛЗАЯА