Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01072

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01434 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

Орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 129,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь *******ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 22/08 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч *******ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах *******орон сууцны барилгын Б блок, 15 дугаар давхар, А тоот хаягт байршилтай, 70 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх, захиалагч ******* гэрээний төлбөрт 259,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч нь гэрээний 4.2-т зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч орон сууцны барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчиж, 2 жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн, мөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан мөртлөө өөр хүмүүст орон сууцыг давхардуулан худалдсанд гомдолтой байна. Иймд дээрх орон сууцыг барьж дуусган, захиалагч *******т хүлээлгэн өгөхийг *******ХХК-д даалгуулна.

Гэрээний 5.2.9-д гүйцэтгэгчээс шалтгаалж гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан учир алдангид 129,500,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *******тэй орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан, нэхэмжлэгч гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг төлсөн талаар маргахгүй.

Манай компанийн хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүссэн, үүний улмаас төсөл үндсэндээ зогссон, хэзээ бүрэн хэрэгжиж дуусах нь тодорхой бус байгаа учир барилгыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдах ямар ч боломжгүй болоод байна. Мөн нэхэмжлэлд дурдсан 70 м.кв талбайтай орон сууц одоо энэ төсөлд байхгүй, зураг өөрчлөгдсөн учир хэрэгжих боломжгүй болсон. Компаниас нэхэмжлэгчид гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон талаар мэдэгдэж үүссэн нөхцөл байдлыг тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч нь хуульчтайгаа ярьсан гээд гэрээний төлбөрийн үлдэх хэсэг 199,590,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өөрөө төлсөн. Данс хаалттай, мөнгө шилжүүлж болохгүй талаар анхааруулсаар байтал шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө гэрээний дагуу тогтоосон хугацаанд мөнгөө бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, яг шүүхэд хандахдаа бидний сануулгыг үл ойшоож мөнгөө төлсөн, хугацаа хэтрүүлсэн учир алданги шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 12 дугаар сард *******ХХК-аас тус орон сууцыг худалдан авч, 177,928,360 төгрөгийг төлсөн. Гэтэл орон сууцыг давхардуулан худалдсан асуудал гарч ирсэн байна. Иймд хуульд заасны дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ХХК-д холбогдох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******орон сууцны барилгын Б блок, 15 дугаар давхрын А тоот хаягт байршилтай, 70 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж дуусган, *******т хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 129,500,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,100,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулж нэхэмжлэлийн зүйл болох орон сууц нь хариуцагчийн өмчлөлд байгаа эсхүл өмчлөлд нь бий болох талаар хэрэгт баримт авагдаагүй, гэрээний үндсэн үүрэг биелэгдэх боломжтой нь тогтоогдохгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл буюу хариуцагчийн хөрөнгийн эзэмшил, өмчлөлийг шилжүүлэх үүрэг бодит байдал дээр биелэгдэх боломжгүй нөхцөлд орон сууцыг барьж дуусгах, хүлээлгэн өгөх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн.

5.2.Орон сууц захиалгын гэрээний 2.3-т Захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд уг байр гүйцэтгэгчийн эзэмшилд байна гэж заасны дагуу маргаан бүхий орон сууц нь хариуцагчийн эзэмшилд байгаа ба хариуцагч орон сууцны төсөл хэрэгжүүлэгч буюу ерөнхий гүйцэтгэгч юм. Өөрөөр хэлбэл, шүүхэд гаргасан тайлбартаа орон сууцыг барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх этгээд биш гэж огт маргаагүй. Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа огт нотлоогүй.

5.3.Талууд орон сууц захиалгаар барих гэрээгээр 70 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авах, хүлээлгэн өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн тул орон сууцыг хүлээн авах эрхтэй. Гэвч хариуцагчийн зүгээс орон сууцны хэмжээг өөрчилсөнд гомдолтой байна. Мөн ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч нарын хоорондын маргаан нэхэмжлэгчид огт хамааралгүй. Уг төсөл огт зогсоогүй, өнөөдрийн байдлаар төсөл хэвийн үргэлжилж, орон сууц баригдаж байна. Гүйцэтгэгч нь гэрээний 5.2.2-т заасан орон сууцыг ашиглалтад оруулж орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шүүхээр даалгуулах, гэрээний үүргийн зөрчилд алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс "гэрээний үндсэн үүрэг биелэгдэх боломжтой нь тогтоогдохгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.4.Нэхэмжлэгч хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад огт биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатын шүүхээс үндэслэлгүй дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т "Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй", 14-т "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...", Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд "Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй" гэх хуульд заасан эрхээ эдэлж, шүүхээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болж байгаад туйлын их гомдолтой.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан анх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөхийг даалгах гэж өөрчилж, алданги 129,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд бичгээр тайлбараа гаргаагүй боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь 2022 оны 12 дугаар сард хариуцагчаас орон сууцыг худалдан авч, 177,928,360 төгрөгийг төлсөн гэсэн тайлбар гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ гүйцэтгэгч орон сууцны барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчиж, 2 жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн, мөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан атлаа өөр хүмүүст орон сууцыг давхардуулан худалдсан гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа төслийн хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүссэний улмаас төсөл үндсэндээ зогссон, хэзээ бүрэн хэрэгжиж дуусах нь тодорхой бус байгаа, мөн нэхэмжлэлд дурдсан 70 м.кв талбайтай орон сууц одоо энэ төсөлд байхгүй, зураг өөрчлөгдсөн гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээгээр *******ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах *******орон сууцны барилгын Б блок, 15 дугаар давхар, ****** тоот хаягт байршилтай, 70 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэж өгөх, ******* орон сууцны үнэд 259,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба талуудын маргааны зүйл нь дээрх гэрээнд дурдсан орон сууц баригдсан эсэх, хариуцагч уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжтой эсэх асуудал байна.

4.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, талуудын мэтгэлцээний хүрээнд тухайн барилгын төслийн захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нь хэн болох, хариуцагч эдгээрийн алинд хамаарах, барилга бүрэн баригдаж ашиглалтад орсон эсэх, маргаан бүхий орон сууц гэрээнд заасан нөхцөлөөр баригдсан эсэх, мөн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

4.2.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй бөгөөд үүнд маргааны зүйлийг зөв тодорхойлох, улмаар талуудыг маргаанд чиглүүлэх, мэтгэлцүүлэх, тэдгээрийн мэтгэлцэх нөхцөлийг хангах ажиллагаа хамаарна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар шүүгч нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх замаар дээрх ажиллагааг явуулах учиртай.

4.3.Гэвч маргааны үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байх ба анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг хэргийн баримтуудтай харьцуулан судлахад орон сууц нь хариуцагчийн өмчлөлд байгаа, эсхүл өмчлөлд нь бий болох талаар хэрэгт баримт авагдаагүй, гэрээний үндсэн үүрэг биелэгдэх боломжтой нь тогтоогдохгүй, бодит байдал дээр биелэгдэх боломжгүй нөхцөлд орон сууцыг барьж дуусгах, хүлээлгэн өгөх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагч татгалзлаа нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01434 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******өөс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 2,100,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД   Б.УУГАНБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА