Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 535

 

 

 

                                                           

 

 

 

 

                                                       

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч Г.Н, Г.Н, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Г.Н, Түмэнбаяр овогт Ш. Б нарт холбогдох эрүүгийн 1811029520528 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Харчин овогт Г.Н, Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын ажил хувиараа хийдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 48-765 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................................................

 

2. Шүүгдэгч Түмэнбаяр овогт Ш.Б, Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилга ХК-д туслах ажилтан хийдэг гэх, ам бүл 3, эцэг, ахын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11-191 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........................................................................

 

          Шүүгдэгч Г.Н, Г.Н нар /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 47 дугаар гудамжинд Д.Ганчимэгийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

         Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Нээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Буянбаатар болон найзуудын хамт уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Буянбаатар бид хоёр манай гэрт очиж  хонохоор болсон. Гэр лүү явах замдаа дугуй засврын газрын Баяраа ахтай тааралдсан.Тэгээд  бид нар тамхи татаж хамт сууж байхад хохирогч Ганцэцэг караокенаас гарч ирээд Баяраа ахтай муудалцсан.Тэгээд би очиж салгасан.Тэгэхэд  хохирогч Ганцэцэг  хойшоогоо харанхуй гудамжаар ороход нь би Буянбаатарт цүнхийг нь булаах уу гэж хэлсэн. Буянбаатар юм хэлэхгүй байхаар би хохирогч Ганцэцэгийн араас нь дагаж  очиж цүнхийг нь булаагаад зугтах гэсэн боловч хохирогч тавихгүй байхаар нь газар унагаагаад тийрсэн. Гэтэл гудамжны цаанаас нэг машинтай ах гарч ирэхэд би айгаад зугтсан. Гүйж явах замдаа Буянбаатарт цүнхээ өгсөн. Би хохирогч Ганцэцэгийн дух руу нь өшиглөж, үсдэж зулгаасан зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Наас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр Нямдэлгэртэй ажлаасаа гараад явж байгаад Төгөлдөр Орхонтамир гэдэг  хоёр найзтайгаа уулзаж гудамжинд 2 шил архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид хоёр Нямдэлгэрийн гэрт очиж хонохоор болсон. Харих замдаа дугуй засварын Батбаяр  ахтай таарсан.Тэгэхэд хохирогч Ганцэцэг эгч согтуу гадаа цүнхээ савлаад зогсож байсан. Тэр үед Нямдэлгэр Батбаяр ахаас тамхи аваад татаж байхдаа Ганцэцэг  эгчийн цүнхийг булаах уу гэж хэлсэн. Би юм хэлээгүй тамхи татаж байсан. Нямдэлгэр хохирогч Ганцэцэг эгчийн цүнхийг булаана гээд араас нь дагаад  явсан. Би араас нь дагаж очоод хөндлөнгөөс хашааны буланд хараад сууж байсан. Нямдэлгэр тэр үед цүнхийг нь булаах гээд тэмцэлдээд байж байсан чинь гудамжнаас  машин  эргэж орж  ирээд таксинаас нэг ах бууж ирээд Нямдэлгэр зугтаасан. Нямдэлгэр зугтах үедээ  цүнхийг нь  надад өгсөн. Би хохирогч Ганцэцэгийн цүнхийг буцааж өгөх гэсэн боловч араас хүмүүс хөөгөөд би айгаад буцааж өгч чадаагүй юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.Ганчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 22 цагийн 30 минутын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Аяз караокед 1 цаг 30 минут дуулахаар өөрийн нөхөр Ч.Батбаярын хамт орсон юм. Уг караокед үйлчлүүлж дуусах үед нөхөр бид 2 хувийн асуудлаар бага зэрэг маргалдах нөхөр түрүүлээд гарч явсан. Харин би караокены төлбөр тооцоо хийх гээд караокед үлдсэн. Төлбөр тооцоо хийх үед караокед танил дугуй засварчин ахтай маргаан үүсгэсэн, учир нь тухайн хүн хөндлөнгөөс орж ирээд янз бүрийн үг хэл ярьж хэлээд байсан юм. Караокед төлбөр тооцоо хийчихээд гарч яваад замаас такси барих гэхэд караокед надтай маргалдаж байсан үл таних залуу зам дээр зогсож байсан. Тухайн үед над дээр хүрч ирсэн, тэр үед уг залуугийн дэргэд шар өнгийн куртиктай, 175-180 см өндөр нуруутай буржгар үстэй, үсээ 2 хувааж самнасан залуу хамт байсан. Тэр үед дугуй засварын хүн надтай маргаан үүсгэсэн. Хажуу талаас нь шар куртиктай залуу намайг явах уу гэж янз бүрээр хэлээд байхаар нь би хэрэлдэж байгаад замаас такси олдохгүй болохоор замаа дагаад дээшээ алхаж явсан бөгөөд төв замаас баруун гар тал руугаа гэр хорооллын гудамж руу ороож эргэж тойроод явж байхад миний араас нэг хүн толгой руу гэнэт цохихоор нь эргээд харахад надтай зам дээр хэрэлдэж байсан, шар өнгийн куртиктай өндөр залуу мөн байсан. Тэр үед уг залуу миний мөрөндөө үүрч явсан хөх өнгийн гар цүнхийг татаад булаах үед би газар унасан, газар унах үед миний цүнхнээс зуурч чирсэн, учир нь цүнхний оосор мөрөнд тээглэсэн байсан. Тэгснээ миний дух руу уг залуу өшиглөсөн. Тэр үед миний цүнх мөрнөөс мултарсан. Тухайн үед би туслаарай гэж хашгирах үед машинтай хүн булан эргээд орж ирсэн. Уг залуу цүнх авчингуутаа миний үснээс зулгаагаад чирсэн, энэ үед нь машинтай хоёр залуу машинаасаа буугаад над руу ирсэн, тэгэнгүүт миний эд зүйлийг дээрэмдэх гэж байсан залуу надаас зугтаах үед таксины хоёр залуу уг залуугийн хойноос хөөгөөд яваад өгсөн. Харин би босоод араас явах гэхэд барилгын фосфортой гэрэл тусгаж ойдог хантаазтай саравчтай малгай өмссөн хүн байх шиг байсан. Уг хүн намайг хажуугаар нь явах үед миний өөдөөс босоод ирсэн, би тухайн хүнтэй та нар хамт хүн дээрэмддэг юм уу гээд хэрүүл маргаан үүсгээд байж байхад уг хүн зугтаагаад алга болсон юм. Харин би анх намайг дээрэмдсэн залуу таксины жолооч нарын араас гүйсэн. Тэр үед нэг хаалга нь онгорхой хашаа руу явж ороход таксины хоёр жолоочийг хоёр талд нь тус бүр 4-5 хүн зодож байсан ...миний сүүлд очсон хашааны гадна талд нь надаас дээрэмдэж авсан цүнхийг хаясан байсан. Тухайн хоёр таксины жолооч хөөх үед цүнхийг хаясан байх гэж бодож байна. Дээрэмдсэн залуу нь анх караокены үүдэнд ороход байсан, гарахад мөн адил дугуй засварчин залуугийн хамт ирсэн, мөн дээрэмдэх үед тухайн залуу мөн байсан, уг залуугийн дүр төрх, царай биеийн ерөнхий хэлбэр зэргийг хараад би танина. Намайг араас гараараа цохисон, мөн цүнх авах гэж чирсэн татсан, энэ үед би газар унасан, тэр үед цүнхтэй хамт намайг газраас чирсэн, тавихгүй байх үед нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Миний Самсунг 2017 оны жи 5 гар утас дэлгэц нь хагарсан, гишгэсэн бололтой ажиллагаагүй болсон, өмсөж явсан куртик суга хэсгээрээ урагдсан. Иймд надад учирсан хохирлыг гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Тухайн үед цүнхэнд байсан эд зүйлс бүрэн байсан. Энэ асуудлаас болоод сэтгэл санааны хямралд орсон ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,

Гэрч Д.Бат-Өлзийгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Харих гээд Хайлаастын 15 дугаар буудлын орчимд явж байтал гудамны үзүүрт харанхуйд эмэгтэй хүний орилох дуу сонсогдсон. Тэгэхээр нь машинаасаа буугаад очиход тэр эмэгтэй зодож байсан хоёр залуу зугтаасан тэгэхээр нь араас нь хөөсөн. Тэгээд хөөж байтал Аяз караокений наад талд урагшаа нэг гудамж яваад булангийн хашаа руу тэр хүмүүс орсон. Тэгээд араас нь дагаж ороход тэр эмэгтэйд надтай адил туслахаар арын машины залуу цуг ороход тэр зугтаасан хоёр залуу байхаар нь барьж аваад авсан юмаа гаргаж өг гэхэд бид хоёрыг зуурчихаад явуулахгүй байсан. Тэгээд байж байтал баахан хүмүүс гарч ирээд бид хоёрыг хоёр талд зогссон. Өөрийгөө хамгаалж харилцан зодолдсон. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэснээс болж зодуулаад арай гэж зугтсан ...” гэх мэдүүлэг /хх-28-29х/,

Гэрч Ч.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зам хөндлөн гараад явж байхад манай гэрийн ойролцоо хамар хашаанд байдаг Нямка гэдэг хүүхэд агаа тамхи байна уу гэж асуусан байна байна гээд 1 ширхэг тамхи өгчихөөд замын зүүн тийш гараад гэр лүүгээ харих гэхэд уг эмэгтэй караокеноос гараад ирсэн. Төв замын хажуу талын явган хүний зам дээр надтай маргалдсан, тэр үед Нямка гэх хүүхэд голоор орж ирээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд би замын баруун тийш гараад гэр лүүгээ харьсан. Нөгөө эмэгтэй тэндээ үлдсэн. Нямка найзын хамт мөн адил тэнд үлдсэн. Түүнээс хойш юу болсоныг нь би мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-37-38х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №12425 тоот дүгнэлтэнд:

“1. Д.Ганчимэгийн биед дух, баруун, зүүн хацар, баруун, зүүн алганд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-53х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17х/,

Дамно ХХК-ийн эд хөрөнгийг нийт 473.640 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-55-57х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-84, 87х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89, 90х/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Н, Г.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 47 дугаар гудамжинд Д.Ганчимэгийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Н, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Н, Г.Н нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Г.Ныг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт 3 жилийн хорих ял, шүүгдэгч Г.Нт 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч нарыг согтууруулах ундаа, хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Ганчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...хохирлоо бүрэн барагдуулж авсан учир гомдол саналгүй “ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.