Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01074

 

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/07046 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй

Хариуцагч *******холбогдох

Гэм хорын хохирол 1,830,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов. 

 

ХЯНАВАЛ:

 

  1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан гэм хорын хохирол 1,830,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулсан, уг эвдрэл, гэмтлийг *******ХХК-ийн тогтоосон 6,678,000 төгрөгөөр засах боломжгүй, *******ХХК-ийн үнэлгээгээр 7,908,750 төгрөг болсон тул зөрүү 1,230,750 төгрөг, үнэлгээний төлбөр 600,000 төгрөг, нийт 1,830,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа хоёр тал хамт очиж *******ХХК-аар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 6,678,000 төгрөгөөр үнэлүүлсэн, даатгалаас 5,000,000 төгрөг, өөрөө 1,678,000 төгрөг төлж барагдуулсан, мөн журмын хашааны төлбөр 490,000 төгрөг, хүүхдийн оношилгоонд 318,000 төгрөг, автомашины үнэлгээнд 510,000 төгрөгийг тус тус төлсөн, гэтэл нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг надад мэдэгдэхгүйгээр дахин өндөр үнээр үнэлүүлж, зөрүү төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

3.Хэргийн баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна. Үүнд:

3.1.Хариуцагч нь 2025.10.02-ны өдөр *******ГСА улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчиж, ******* УЕН улсын дугаартай, Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэсгийн эрх бүхий албан тушаалтны 2025.10.23-ны өдрийн 0142663 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны бусад баримтаар тогтоогдсон.

3.2.Дээрх ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн нэр дээр, *******ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагчийн нэр дээр тус тус бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогджээ.

3.3.*******ХХК-ийн 2025.10.03-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэг дугуй хагарч цоорч, зүүн хойд амортизатор, зүүн хойд цап, дээд татуурга, хойд тэвш гулзайж, зүүн хойд крыло чихэгдэж цоорч урагдаж гулзайж, аккумлятор, агаарын сетка, зүүн хойд гэрэл хагарч, буферийн нэмэлт хормой хагарч хугарч, буфер тогтоогч зам хугарч, зүүн хойд под крыло тасарч, багажны тагны нугас 2 ширхэг гулзайж, хормойн эмжээр зурагдаж, зүүн хойд хаалга зурагдаж, хаалганы никель эмжээр сэвтэж, хойд хэсгээр гажиж, зүүн хойд крыло цоорч урагдаж гулзайж чихэгдэж, зүүн хойд кузовны булан хонхойж тунарч, хойд хэсгээр гажсаныг тодорхойлж, сэлбэг, материалын үнэ, ажлын хөлсийг нийт 6,678,000 төгрөгөөр тооцжээ.

3.4.Хариуцагчаас 2025.10.27-ны өдөр 1,678,000 төгрөг, даатгалын байгууллагаас 2025.11.24-ний өдөр нөхөн төлбөр 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

 

4.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ба гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

4.1.Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт авсан 5,000,000 төгрөгийг 2025.11.24-ний өдөр Хаан банк ХК дахь *******эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлсэн, уг данснаас 2025.11.28-2025.12.28-ны өдрийн хугацаанд 950,000 төгрөг гупер, 700,000 төгрөг гэрэл, 1,100,000 төгрөг 11-04 кровн, 955,000 төгрөг засвар, 120,000 төгрөг ачилт ******* гэсэн тодорхой утгатай зарлагын гүйлгээнүүд хийгджээ. Гэрч ******* нь крыло, под крыло, хойд буфер, нэмэлт гэрэл, хормойны нэмэлт, яндан, кузов засвар дутуу байгаа талаар шүүхэд мэдүүлсэн хэдий ч буфер, гэрэл, бусад сэлбэгийн үнэ төлсөн талаарх түүний дансны хуулгаас зөрүүтэй, мөн 5,000,000 төгрөгийг засварт бүрэн зарцуулаагүй байна.

4.2.Үүнээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчаас 2025.10.27-ны өдөр шилжүүлсэн 1,678,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээнд төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

4.3.*******ХХК-ийн 2025.11.02-ны өдрийн үнэлгээний баримтад хохирлын үнэлгээг 7,908,750 төгрөг гэж тодорхойлсон байх хэдий ч уг үнэлгээ нь тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийгдсэн үйл баримттай холбоогүй байна.

4.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч болон даатгалын байгууллагаас шилжүүлсэн 6,678,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг бүрэн засварлуулж чадаагүй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.5.Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн засварт бодитой гаргасан зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй боловч тэрээр 6,678,000 төгрөгийг засварт хэрхэн зарцуулснаа баримтаар нотлоогүй нөхцөлд *******ХХК-ийн үнэлгээг үндэслэн зөрүү 1,230,750 төгрөг нэмэлтээр шаардлагатай гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,830,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/07046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 44,242 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 .2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай. 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД    Б.УУГАНБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА