| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/028945/и |
| Дугаар | 210/МА2026/00953 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00953
2026 04 29 210/МА2026/00953
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18300 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,975,260 төгрөг гаргуулах тухай үндсэн,
7,072,199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 4,975,260 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг “...ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 12,438,150 төгрөгөөр тохирч, урьдчилгаанд 7,462,890 төгрөг авсан ба үлдэх 4,975,260 төгрөгийг гаргуулна” гэжээ.
3. Хариуцагч “*******” ХХК нь “...ажилчдын биеэс хэмжээг авч оёулсан хувцас таараагүй, доголдолтой байсан ...захиалгыг 42 хоног хэтрүүлсэн...захиалсан барааг дутуу ирүүлсэн...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, 7,072,199 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. “*******” ХХК болон ******* нар 2025.02.10-ны өдөр ******* дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь эмэгтэй оффис хослол 10 ширхэг, эрэгтэй оффис хослол 9 ширхэг, эмэгтэй зөөгч хослол 7 ширхэг, эрэгтэй зөөгч хослол 6 ширхэг, эмэгтэй ЗБ хослол 1 ширхэг, эрэгтэй ЗБ хослол 2 ширхэг, цагаан сорочик 35 ширхэг, нийт 35 хослол, 35 сорочикийг хийж гүйцэтгэх, “*******” ХХК нь 12,315,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-8-9, 35-36/
4.2. “*******” ХХК 2025.02.12-ны өдөр урьдчилгаа төлбөрт ажлын хөлсний 60 хувь болох 7,462,890 төгрөгийг *******д шилжүүлсэн. /хх-ийн 61/
5. Анхан шатны шүүх зохигчдын маргааны зүйл, эрх зүйн харилцааг зөв тогтоосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй.
5.2. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-т зааснаар ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч ажлын хөлсөө учирсан хохиролд тооцон шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлын үр дүн болох нийт 35 хослол, 35 сорочик хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.
Нөгөөтээгүүр, ******* эмэгтэй зөөгч хослол 7 ширхэг, эрэгтэй зөөгч хослол 3 ширхэг, эрэгтэй ЗБ хослол 3 ширхэг буюу нийт 13 хослол, цагаан сорочик 33 ширхгийг “*******” ХХК-д хүлээлгэн өгсөн, үлдэх хувцас *******д өөрт нь байгаа талаар зохигч маргаагүй.
Эндээс үзвэл, нэхэмжлэгч ажлын үр дүн бүрэн хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг ажлын хөлсний үлдэх төлбөр 4,975,260 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
5.3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажлын үр дүн биет байдлын доголдолтой, гэрээний хугацааг 42 хоног хэтрүүлсэн, доголдлыг засварлаж бүрэн хүлээлгэн өгөөгүй тул учирсан хохиролд хувцсыг бусдаар засварлуулахад 784,500 төгрөг, алданги 698,309 төгрөг, шүүхийн зардал 180,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,650,000 төгрөг, нотариатын зардал 60,000 төгрөг, урьдчилгаа төлбөрөөс үлдэх 3,699,390 төгрөг, нийт 7,072,199 төгрөг гаргуулна гэжээ.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т захиалагч доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах, 352.3-т доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол энэ хуулийн 352.2.2-т заасан захиалагчийн эрх дуусгавар болохоор зохицуулжээ.
Захиалагч нь гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой хэмээн дээрх шаардах эрхийг хэрэгжүүлнэ гэх боловч хүлээн авсан ажлын үр дүн доголдолтой болох нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй.
“*******” ХХК нь “*******” ХХК-ийн буюу ******* зочид буудлын ажилчдын дүрэмт хувцсыг хийлгэхээр захиалга авсныг дамжуулан *******гаар гүйцэтгүүлсэн нь “*******” ХХК болон “*******” ХХК-ийн 2025.02.06-ны өдрийн ******* дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдоно. /хх-37-38/
“*******” ХХК-ийн 2025.08.06-ны өдрийн *******, 2025.08.25-ны өдрийн ******* тоот албан бичигт “...захиалагчийн сонгосон материал үзүүлсэн каталог дээрх 605-12, 7, 8, Polyester 73%, Viscose 25%, Sp2%8 320g/m шаардлагаас өөрчлөгдсөн, захиалагчийн сонгосон загварын дагуу бус гүйцэтгэсэн, оёдлын гүйцэтгэл үйлдвэрийн бус чанарын шаардлага хангаагүй, захиалсан размер өмсгөл таараагүй...” гээд албан бичигт 2 хувцасны зургийг хавсаргасан нь бусад ажлын үр дүн буюу 33 хослолд хамааралтай гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн, хариуцагч “*******” ХХК-аас *******д 2025.08.21-ний өдрийн ******* тоот албан бичгээр доголдлыг арилгуулах хугацаа олгож, хугацаандаа гүйцэтгээгүй нөхцөлд гэрээ цуцалж учирсан хохирлоо шаардах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч мэдэгдлийг “******* ээж нь чимэд” гэх тэмдэглэгээг ******* гардан авсан гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймээс ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрх захиалагчид үүсэхгүй.
Харин ажил гүйцэтгэгч 13 ширхэг хослол, 33 ширхэг сорочик буюу 4,548,000 төгрөгийн хувцсыг захиалагчид хүлээлгэн өгсөн, үлдэх хэсэг өөрт нь байгаа талаар маргаагүйг үндэслэн гэрээний урьдчилгаанд төлсөн 7,462,890 төгрөгөөс ажил гүйцэтгэгчийн захиалагчид нийлүүлсэн хувцасны ажлын хөлс 4,548,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,914,890 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
5.4. Хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах үндэслэлгүй.
Захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар захиалагч доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
“*******” ХХК болон ******* нарын 2025.09.18-ны өдрийн 784,500 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдсан боловч өмнө дүгнэсэн ёсоор *******гийн ажлын үр дүн доголдолтой болох нь эргэлзээгүй тогтоогдоогүйн зэрэгцээ “*******” ХХК-аас 784,500 төгрөгийн зардал гаргасан баримт хэрэгт авагдаагүй тул хангах үндэслэлгүй.
Алдангийн тухайд, захиалагч талаас хувцасны хэмжээ өгөх ажил удааширч гэрээний хугацаа хэтрэхэд нөлөөлсөн бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар гэрээний хугацааг хэтрүүлсэнд зөвхөн ажил гүйцэтгэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэл хангуулах арга болох алдангид 698,309 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байхаас гадна хохирол нь баримтаар тогтоогдсон байх учиртай.
Анхан шатны шүүх өмгөөлөгчийн зардлыг хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаатай холбоотой зардал учраас хохиролд тооцохгүй гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Шүүхийн зардал, нотариатын зардал нь гэрээний үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой учирсан хохирол гэж үзэхгүй тул энэ талаарх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдэл зөв байна.
6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох шаардах эрхийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,975,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******гаас 2,914,890 төгрөгийг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д олгож, үлдэх 4,157,309 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “...хариуцагч “*******” ХХК-аас 82,002 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож...” гэснийг “...нэхэмжлэгч *******гаас 61,588 төгрөгийг гаргуулж, хариуцагч “*******” ХХК-д олгож...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,307 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Г.НЯМСҮРЭН