Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00907

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/00261 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* 2024 оны 08 сарын 05-ны *******ын хүсэлтээр зээлийн гэрээг байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр үйлдэж гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээ байгуулсан даруй өөрийн Голомт банкны хадгаламжийн данснаас мобайл банкаар 20,000,000 төгрөгийг *******ын ******* тоот ******* банкны дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу 11 сарын 05-ны өдөр үндсэн мөнгөө авахаар тохиролцсон. Зээлдэгч 2024 оны 09 сарын 05, 10 сарын 06-ны өдөр зээлийн хүү болох 1,000,000 төгрөгийг манай охин *******ийн дансанд шилжүүлсэн гэсэн. 11 сарын 05-ны өдөр үндсэн зээлсэн мөнгөө хийх байсан боловч өгөөгүй, гэрээний хугацаа дууссан, огт утас нь холбогдохгүй болсон. ******* нь *******т итгэж ямар ч барьцаагүй зээлдүүлсэн байхад итгэл алдсанд гомдолтой байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүд ногдох мөнгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь *******тай ажлын журмаар анх танилцаж байсан ба зураг бичлэг хийх гэх мэт зүйлсэд тусалдаг байсан. ******* нь *******д мөнгө зээлэхээр болсон бөгөөд ******* нь гадаадад байсан учир уулзах боломжгүй байсан. Надад Зөвхөн уулзаж гэрээ хийгээд мөнгө аваад шилжүүлэхэд болно гэж хэлсэн. ******* нь *******г төлөөлж, 2024 оны 08 сарын 05-ны өдөр *******ийн ээж болох ******* нь ******* банкны ******* тоот данснаас миний эзэмшлийн ******* банкны ******* тоот данс руу 14:37 цагт 10,000,000 төгрөг, 14:51 цагт 20,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* мөнгийг авч 15:29 цагт *******гийн ******* банкны ******* тоот данс руу 4,900,000 төгрөгийг 6 удаагийн давтамжтайгаар шилжүүлж, 600,000 төгрөгийг 1 удаа шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусах үед зээлдүүлэгч болох ******* над руу залгаж *******тай холбогдож чадахгүй байна гэсэн. ******* нь тэр үеэс хойш ******* руу удаа дараа холбогдох гэж оролдсон боловч огт хариу өгөөгүй. Өмнө нь цагдаагийн газар ******* гомдол гаргасан ба тухайн үед ******* цагдаагийн газар очиж уулзсан гэж цагдаагийн газраас мэдэгдсэн. *******ын гаргасан нэхэмжлэлдээ 20,000,000 төгрөг болон хүүг нэхэмжилснээс үзэхэд 10,000,000 төгрөгийг *******гаас авсан нь харагдаж байна. Нэхэмжлэгч ******* нь мөнгө зээлсэн зээлдэгч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргах нь зүйтэй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцааг нэхэмжлэгч *******ын охин ******* болон ******* нарын хооронд үүссэн мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарыг өөр этгээдийг төлөөлж хэлцэл хийсэн мэтээр тайлбарласан байна. Гэвч төлөөллийн харилцаа үүссэн эсэх, төлөөлөх бүрэн эрх олгосон эсэх, энэ үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдсан эсэхийг шүүх огт анхаараагүй байна. Хэрэв шүүх хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийсэн гэж үзэж байгаа бол энэ талаарх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх, төлөөллийн харилцаа үүссэн эсэхийг нотлох баримтад тулгуурлан тогтоох учиртай. Гэтэл анхан шатны шүүх төлөөллийн ямар харилцаа үүссэн, талууд хэн нэгнийг төлөөлж гэрээ байгуулах бүрэн эрх олгогдсон эсэх талаар огт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.2. Зээлийн гэрээ нь зөвшилцөлд тулгуурласан гэрээ бөгөөд хоёр тал харилцан тохиролцсон саналын үндсэн дээр нэг тал нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, нөгөө тал нь уг хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээснээр байгуулагддаг. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг хариуцагч *******ын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан, уг мөнгийг өөрийн дансанд хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Ийм нөхцөлд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болон дүгнэлтийн хооронд зөрчил үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.3. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг өөр этгээдийг төлөөлж хэлцэл хийсэн гэж дүгнэсэн атлаа төлөөллийн харилцаа үүссэн эсэх, төлөөлөх бүрэн эрх олгогдсон эсэх, төлөөлөгчийн эрх хэмжээ ямар байсан талаар ямар нэгэн нотлох баримтыг тогтоогоогүй, энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамгийн түрүүнд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай. Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд нэг талаас гэрээ байгуулах санал гарсан байх, нөгөө талаас уг саналыг хүлээн зөвшөөрсөн байх эрх зүйн шаардлага бий. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулах тухай тодорхой санал, түүнийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл тогтоогдохгүй байна.

Мөн ******* нь нэхэмжлэгч *******аас 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх талаар өөрийн хүсэл зоригийг илэрхийлээгүй, ийм төрлийн зээлийн харилцаа үүсгэх бодит зорилго, шаардлага байгаагүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үндсэн нөхцөл болох талуудын харилцан тохиролцоо, хүсэл зоригийн нийцэл бүрдээгүй. Цаашлаад 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх гол тохиролцоог *******ын охин ******* болон ******* нарын хооронд хийгдсэн. Гэтэл ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний гол тохиролцоо хийгдээгүй байхад талуудын хооронд шууд эрх зүйн харилцаа үүсгэсэн гэж үзэх боломжгүй. Мөн хэрэгт авагдсан баримтаас харахад ******* овогтой *******т ******* овогтой ******* миний бие ийм тоот дансанд шилжүүлсэн болно гэх агуулгатай бичвэрийг нэхэмжлэгч өөрөө үйлдсэн байх шинжтэй байгаа бөгөөд энэ нь ******* өөрөө зээлийн гэрээний гол нөхцөлийг дангаар бүрдүүлсэн гэх дүгнэлт хийх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд гэрээнд ******* гарын үсэг зурсан гэж дурдагдаж байгаа боловч түүний гарын үсэг нь өөр баримтуудад тусгагдсан гарын үсэгтэй нийцэж байгаа эсэх, эсхүл гэрээний нөхцөлд бодитоор оролцож, хүсэл зориг илэрхийлсэн эсэх нь хангалттай тогтоогдоогүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар гэрээний нөхцөлийг бүрдүүлсэн тохиролцоо нь талуудын хооронд шууд бус, гуравдагч этгээдүүдийн оролцоотойгоор хийгдсэн болох нь тогтоогдсон. Тухайлбал, ******* нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ *******ээс 30,000,000 төгрөг зээлэх, мөн уг мөнгийг гуравдагч этгээдийн дансаар дамжуулан шилжүүлэх талаар тохиролцоо хийгдсэн гэж тайлбарласан. Уг мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай тодорхой хэмжээгээр давхцаж байгаа бөгөөд анхны санхүүжилтийн чиглэл, харилцаа нь ******* болон ******* нарын хооронд шууд үүссэн гэхээс илүү гуравдагч этгээдүүдийн хооронд зохицуулагдсан шинжтэй байна.

Тухайлбал, яагаад *******г хариуцагчаар татахгүй байгаа вэ гэх асуултад, уг этгээдийг олж тогтоох боломжгүй, харин шүүхийн дуудлагаар ирж буй нь зөвхөн ******* болохыг дурдсан. *******г төлөөлөл, итгэмжлэлийн харилцаатай холбон тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр уг харилцаа нь тодорхой бус, нотлох баримтаар хангалттай баталгаажаагүй. Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөнгөн хөрөнгийг дамжуулан шилжүүлэх, гуравдагч этгээдээр дамжуулж ашиглах зэрэг нөхцөл байдал ажиглагдаж байна.

Түүнчлэн, ******* нь зээлийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээгээр оролцож, нийт 30,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг буцаан төлсөн нь тогтоогдож байна. Хэрэв тэрээр уг зээлийн харилцаанд оролцоогүй, үүрэг хүлээгээгүй байсан бол ийнхүү төлбөр барагдуулах үндэслэлгүй. Мөн өөрийн өгсөн мэдүүлэгт одоогоор санхүүгийн боломжгүй тул үлдэгдлийг төлж чадахгүй байгаа, боломжтой үедээ төлнө гэж тайлбарласан нь зээлийн үүргийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хангалтгүй бөгөөд гэрээ байгуулах хүсэл зоригийн нэгдэл бодитойгоор бүрдээгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******аас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...*******тай 2024 оны 08 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, ...10,000,000 төгрөгийг хүү 1,000,000 төгрөгийн хамт охин *******ийн дансанд шилжүүлсэн тул үлдэх 20,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсан *******аас гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлдээ ...би нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, *******гийн даалгавраар түүний *******тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг нь хүлээн авч *******гийн дансанд шилжүүлэн өгсөн ... хариуцан төлөх хүн нь ******* тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйн улмаас маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулна.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2024 оны 08 сарын 05-ны өдөр ******* компанийн дансны менежер ******* овогтой *******тай хийх зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 30,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй *******т зээлдүүлэх, зээлийн хүүг сар бүрийн 5-нд тооцон авах, 11 сарын 05-ны өдөр үндсэн мөнгөө зээлийн хүүтэйгээ тооцон авах, үндсэн зээл болох 30,000,000 төгрөгийг ******* овогтой *******ын ******* тоот дансанд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. /хх-35/

 

4.2. *******ын ******* банк дахь ******* тоот дансанд 2024 оны 08 сарын 05-ны өдөр ******* тоот данснаас 10,000,000 төгрөг, ******* тоот данснаас 20,000,000 төгрөг тус тус *******ээс *******д зээл гэсэн гүйлгээний утгатайгаар орлогын гүйлгээ хийгдэж, мөн *******ын данснаас ******* тоот данс руу 4,900,000 төгрөгөөр 6 удаа, 600,000 төгрөгөөр 1 удаа тус тус megafunded zardal гэсэн гүйлгээний утгатайгаар шилжсэн.

 

4.3. *******ын өргөдлийн дагуу хэрэг бүртгэлтийн 240804519 дугаартай хэрэг нээн шалгах явцад нэхэмжлэгч ******* гэрчээр ...охин ******* өөрийн таньдаг хүнд хүүтэй мөнгө зээлэхээр болсон тул өөрийн данснаас 10,000,000 төгрөгийг, би 20,000,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн..., ... охин ******* 10,000,000 төгрөгөө буцаан авсан... гэж, хариуцагч ******* гэрчээр ...ах нь найзаасаа мөнгө зээлэхээр болсон юм, ээж нь гэрээ маягийн юм хийнэ гээд байна. Чи ээж дээр нь очоод гэрээ хийгээд мөнгийг нь над руу шилжүүлээд өг гээд утсыг нь өгсөн... гэж, ******* гэрчээр ...Швед улсад танилцсан ******* гэгч эмэгтэйгээс 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй зээлээч гээд зөвшөөрсөн. *******т төгрөгөөр зээлэх мөнгө байгаа гээд Монгол улсад оршин суух ээж нь *******ийн өмнөөс хадгаламжийг нь цуцалж мөнгийг өгөхөөр болж мөнгийг хүлээн авч гэрээ байгуулах хүн хэрэг болоод *******ыг гуйсан. ******* өөрийн дансаар 30,000,000 төгрөгийг аваад миний дансанд шилжүүлэн өгсөн. 2024 оны 8 сарын сүүлээр 10,000,000 төгрөгийг, мөн 09 сарын 05, 10 сарын 06-ны өдрүүдэд зээлийн хүү 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...20,000,000 төгрөгийг буцаан өгч чадахгүй байна... гэж тус тус мэдүүлжээ. /хх-4-6/

 

5. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй боловч хариуцагч ******* нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин ******* ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаны дагуу мөнгийг *******аас авч *******д шилжүүлэн өгсөн гэж маргасан.

6. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхэд нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрч, талуудын хүсэл зориг харилцан нийцсэн байх учиртай. Иймд зээлийн гэрээний хувьд нэг тал нь мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулах санал гаргаж, үүнийг нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчид хандаж мөнгө зээлэх гэрээ байгуулах санал гаргаж, уг саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр талууд зээлийн гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхгүй.

 

7. Харин хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн 240804519 дугаартай хэрэгт хохирогч *******, гэрч *******, ******* нарын өгсөн мэдүүлэг, facebook чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримт зэргээр *******, ******* нар нь гэрээ байгуулах хүсэл зоригоо бодитой илэрхийлснээр тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч *******, ******* нар нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх газар этгээдийг тохиролцон өөрийгөө төлөөлүүлэн *******, ******* нараар гүйцэтгүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

8. Иргэний хуулийн 187 дугаар зүйлд үүрэг үүсэх үндэслэлийг заасан бөгөөд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь үүрэг үүсэх үндэслэл болдог.

Тиймээс 2024 оны 08 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд бичгийн хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг хариуцагч *******т өгч, хариуцагч нь уг мөнгийг 3 сарын хугацаатай буцаан төлөх үүрэг хүлээсэн байх тул дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг бичгээр хийж, гарын үсэг зурснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.

 

9. Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар бодит байдалд *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүний дагуу ******* нь 12,000,000 төгрөгийг *******т буцаан төлсөн үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй тул дээрх 12,000,000 төгрөгийг хасаж тооцож үлдэх 18,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******ад олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/00261 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 18,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******аас 247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН