Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2015/0636/З |
Дугаар | 442 |
Огноо | 2017-06-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 442
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Г ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох
Гуравдагч этгээд: Ж гын Н ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Н д холбогдох хэсгийг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э-О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Г ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай “Г ” СӨХ-ны мэдэлд Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны ..А, ..Б байр, .. дугаар хорооны .. дугаар байрууд ордог юм. Иргэн Ж.Н нь үйлчилгээний зориулалттай 9 давхар барилгыг .. дугаар хорооны .. дугаар байрны хойд хэсэгт тулгаж шахуу барихаар болсныг оршин суугчид эсэргүүцэн шүүхэд хандаж байна. 1995 онд тус .. дугаар байр нь “Н -ийн 80 айл” гэсэн нэрээр ашиглалтад орсон. Иргэн Ж.Н гийн барилга барих гэж байгаа газар болон түүний дэргэд дэх “О ” дэлгүүрийн газар нь тухайн үедээ .. дугаар байрны нийтийн эзэмшлийн талбай байсан бөгөөд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар зураг төсөлд тусгагдсан байдаг юм. Гэвч тухайн үед “Н ” ХХК нь санхүүжилтийг нь шийдэж өгөөгүйгээс шалтгаалан тус газар нь тохижуулагдаагүй үлдсэн байдаг.
1997 онд тус газарт иргэн н.Б-Э жижиг хэмжээний “ТҮЦ” байрлуулсан. Энэ “ТҮЦ”-ээ н.Б-Э нь Ж.Н д худалдсан байдаг. 2000 онд Ж.Н жижиг хэмжээтэй “ТҮЦ”-ээ томсгож 10x8 хэмжээтэй тоосгон 1 давхар дэлгүүрийн барилга болгосон. Иргэн Ж.Н дээрх газрыг 2010 он хүртэл ямар ч газрын зөвшөөрөлгүй дэлгүүрээ байрлуулан эзэмшиж, ашиглаж байсан юм.
2010 онд тухайн үед “Г ” СӨХ-ны дарга байсан н.Х тай үгсэн хуйвалдаж анхны зураг төслөөр нийтийн эзэмшлийн байх газрыг Ж.Н д хууль бусаар шилжүүлсэн. Харин автомашины зогсоол байх ёстой газрыг Ж.Н санхүүжүүлж хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан. Ингээд автомашины зогсоол нь их л бага хэмжээний талбайд байрлах болов. Улмаар хүүхдийн тоглоомын талбай байх ёстой газрыг хууль бусаар Ж.Н гийн дэлгүүрийн газарт шилжүүлэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 200 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэн гэрээ, гэрчилгээ олгосон байдаг.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 869 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг үйлчилгээ, албан конторийн зориулалтаар 13x10 м хэмжээтэй, зоорьтой 9 давхар барилга байхаар, 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 440/2014 тус тус олгосон байна.
2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр барилгын ажлаа эхлүүлэхээр Ж.Н хашаа татсан. Оршин суугчид 9 давхар барилга барих болсныг тухайн үед л мэдэн эсэргүүцэж, газар шорооны ажил эхлүүлэх гэж байсан экскаваторыг нь хүчээр гаргасан /тухайн үед татсан байсан барилгын талбайн зураг хавсаргав/.
Ингээд оршин суугчид телевиз, сонин зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль бус барилгын талаар мэдээлсэн. Оршин суугчид 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хашаа татаж, барилгын суурь ухах гэж байхад нь л газрын зөвшөөрөлтэй гэдгийг мэдсэн.
2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нийтийн хурал зарлан хуралдуулсан. Энэ хурал дээр оршин суугчид хуучин гүйцэтгэх захирал байсан /2015.06.01-ний өдрөөс өмнө/ Д.С ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Н ” ХХК-тай байгуулсан гэрээ болон иргэн Ж.Н гийн барилга барихтай холбоотой зөвшөөрлүүдтэй танилцсан. “Н ” ХХК-ийн захирал Д.О нь Ж.Н гийн эхнэр юм.
Тус гэрээнд одоо байгаа хүүхдийн талбай, машины зогсоолыг зөөж, газрыг нь барилгын ашиглалтын талбай болгож ашиглуулна гэсэн байгаа нь оршин суугчдын ая тухтай аюулгүй орчинд амьдрах, хүний эрх, амьд явах эрх /хүүхдийн тоглоомын талбай одоо ..а, .. дугаар байрны дунд байрлаж байна/ гэх мэт эрхүүдийг ноцтой зөрчсөн гэрээ хийсэн байна гэж хуралд оролцсон оршин суугчид үзээд гэрээг нэн даруй цуцлахыг СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.С т даалгасан.
2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Н ” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээг цуцалсан тухай болон одоогоор хашаалаад байгаа явган хүний зам, автомашины зогсоолыг чөлөөлөх албан бичиг хүргүүлсэн. Ингээд иргэн Ж.Н хашаагаа татаж арай багасгаад байгаа болно. Гэхдээ энэ нь гэрчилгээн дээр тусгагдсан 200 м.кв-аас илүү хэмжээтэй байгаа.
2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж иргэн Ж.Н буюу “Н ” ХХК түүний дэргэд ажиллаж байгаа “О ” супермаркет, Сүү ногооны цэгийн газар эзэмших зөвшөөрөл хэзээ дуусах талаар албан хариу өгнө үү гэсэн хүсэлт тавьсан.
2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Г ” СӨХ-ны нэр дээр 5/3954 дугаартай газар эзэмшигч иргэдийн дэлгэрэнгүй мэдээлэл болон, холбогдох материалыг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Бид 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр .. дугаар хороо болон .. дугаар хорооны Засаг дарга нарт хандаж Нийслэлийн Өмчийн харилцааны газарт манай нийтийн эзэмшлийн талбайн талаар санал өгнө үү гэсэн хүсэлт явуулсан. Одоогоор .. дугаар хороо “танай хүсэлтийг дүүрэгт шилжүүлсэн хариу ирээгүй” гэсэн хариу өгсөн. Харин .. дугаар хороо 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж “оршин суугчид болон хорооны зүгээс барилга барихыг эсэргүүцэж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн 26/66 дугаартай албан бичиг явуулсан тухайгаа мэдэгдээд байна.
2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр оршин суугчид уг барилгыг эсэргүүцэж бүх нийтийн хурал зарлан хуралдуулсан. Уг хурлаар оршин суугчид санал нэгтэйгээр Ж.Н гийн эзэмшиж байгаа нийтийн эзэмшлийн газрыг өөрсдийн мэдэлд буцаан авч хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан /хурлын протокол хавсаргав/.
2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Б , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-Ү , УИХ-ын гишүүн Ж.Б , Д.А , Д.Г нарт хууль бусаар барилга баригдах гэж байгаа тухай албан ёсоор гомдол мэдүүлсэн. Мөн ..А байрны оршин суугч иргэн Н.Х хувиараа Өмчийн харилцааны газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт иргэнээрээ хууль бус барилга болон газар эзэмших захирамжийг хүчингүй болгуулах гомдол гаргасан.
2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас 5/30.. дугаартай “Иргэн Н.Х танаа” гэсэн “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байгаа тул иргэн Ж.Н д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн.
2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв, “Б-О ” ХХК, иргэн Н.Х , “Г ” СӨХ, иргэн Ж.Н д хандсан “Барилгын төлөвлөлт, барилгын хоорондын зай хэмжээний тухай” 07/101/292 тоот улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд 6 зөрчлийг дурдаж иргэн Ж.Н гийн оффис, үйлчилгээний барилгын орчны тохижилтыг эзэмшил газраас хэтрүүлэн төлөвлөсөн, барилга хоорондын зай хэмжээ, архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчсөн ажлын болон эх загвар зураг /эскиз/ баталгаажуулсан зэрэг нь зөрчил гарах үндсэн шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт гаргасан.
2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “УИХ-ын гишүүн Ж.Б танаа” гэсэн 07/1735 дугаартай “Зөвшөөрөл хураасан тухай” албан хариу өгсөн. Уг бичигт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу барилга барих талбайд 2x3 хэмжээтэй мэдээллийн самбар 7 хоног байрлуулан иргэдээс саналын хуудсаар санал авч ирүүлэхийг мэдэгдсэн ба 440/2014 дугаартай Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хурааж авсан болно гэсэн хариу өгсөн байна.
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Г ” СӨХ-ны нэр дээр 07/2277 дугаартай “Ж.Н гийн барилгын талаар” гэсэн албан хариу өгсөн. Уг бичигт “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД-ийн 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгт дэх зай хэмжээний нормативийн 2, 3 дахь заалтуудыг хангуулан эх загвар зургийг батлуулсан гэсэн хариу өгсөн.
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт 6/06 тоот хүсэлт явуулсан. Уг хүсэлтэд бид 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ж.Н гийн газар эзэмшлийн гэрчилгээний хугацаа дуусгавар болно. Дээрх гэрчилгээний хугацаа дуусгавар болоход дахин сунгалтгүй оршин суугчид бид анх манай орон сууцнуудын нийтийн эзэмшилд байсан газрыг буцаан авах хүсэлттэй байна гэсэн хүсэлт гаргасан.
3 жилийн өмнө манай “Г ” СӨХ-ны ..А байрны урд талд байсан хүүхдийн сагсны талбай дээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар .. дугаар хорооны барилга барьсан. ..А, ..Б, .. дугаар байрны оршин суугчдын 20 гаруй айлын гараашуудыг буулган нурааж, Нийслэлийн Засаг даргын захирамж гарч 100 хүүхдийн цэцэрлэг барихаар хашаа татаад 2 жил гаруй болж байна.
Дээрх газруудыг алдсанаас болж манай байрууд нийтийн эзэмшлийн талбай, машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүн явах зам, талбай, газаргүй болсон тул оршин суугчид ихээхэн гомдолтой байна. Иймд иргэн Ж.Н гийн хууль бусаар эзэмшилдээ авсан газрыг эрх бүхий газруудаар нь шийдвэр гаргуулан, оршин суугчдын эзэмшилд буцаан олгуулж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолын газартай болгон тайван, ая тухтай амьдрах боломжийг хангаж өгөх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучнаар/-ын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Иргэн Ж.Н д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 275 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны .. дугаар байрны хойно худалдаа үйлчилгээний зориулалтаар 200 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Мөн иргэн Ж.Н нь уг газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны .. дугаар байрны хойно 200 м.кв талбай газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон байна.
Тиймээс нийслэлийн Засаг даргын 2010 оны 660 тоот захирамжаар иргэн Ж.Н д олгосон газрын талбай хэмжээ нь нэхэмжлэгч “Г ” Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшил газартай давхцаагүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус хэрэгт иргэн Ж.Н г гуравдагч этгээдээр татан оролцуулна уу” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Ж.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Г ” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь:
Иргэн Ж.Н нь анх тухайн нэхэмжлэлд дурдсан газрыг 1999 оноос хойш эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд газар эзэмших тухай хүсэлтээ зохих хууль журмын дагуу гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 275 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны .. дугаар байрны хойно худалдаа үйлчилгээний зориулалтаар 200 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай иргэн Ж.Н д эзэмшүүлсэн.
2010 онд уг газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 тоот Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжаар Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны .. дугаар байрны хойно 200 м.кв талбай газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх, гэрчилгээ олгосон байдаг.
Энэ хугацаанд Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулан гэрээний үүргийн дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлж холбогдох бусад төрлийн татвар хураамжийг тухай бүрт төлж, нийслэлээс хийгддэг хот тохижилт, газар хэмжилтийн шаардлагатай өөрчлөлтийг цаг хугацаанд нь гүйцэтгэж байсан болно.
Өөрөөр хэлбэл иргэн Ж.Н нь одоо мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн үзэл баримтлал заалтад нийцүүлэн төрийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагын дагуу газраа эзэмшиж ирсэн төдийгүй уг нэхэмжлэлд дурдсан газарт 2000 онд нэг давхар барилгыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан тасралтгүй 15 гаруй жил хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн нь газраа зориулалтын дагуу Газрын тухай хуульд зааснаар ашиглаж ирснийг гэрчлэх болно.
Нэхэмжлэл гаргагч тал өнгөрсөн хугацаанд хаана юу хийж явсан, хүчингүй болгуулах нэхэмжлэлд дурдсан газрыг эзэмших хүсэлтээ ямар нэгэн байдлаар гаргаж байсан эсэх, тухайн газар нь хэн нэгний эзэмших газартай давхцаж байгаа эсэх, мөн нэхэмжлэл гаргагчийн хууль ёсны, эрх ашиг хэрхэн хөндөгдсөн эсэх асуудал тавигдаж байсан бол хүчингүй болгуулах нэхэмжлэл үндэслэлтэй байх гэж үзэж байна.
Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан газрыг эзэмших хүсэлтийг иргэн Ж.Н г эзэмшихээс өмнө төрийн байгууллагад гаргах нь битгий хэл 2000 онд ашиглалтад орсон дэлгүүрийн байшингийн байрлаж байсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй талбар газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 660 тоот захирамжаар тухайн газрыг баталгаажуулсан тул Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 660 дугаар захирамжаар олгосон нэгж талбарын 18644910942507 дугаартай 200 м.кв газар дээр нэхэмжлэгч этгээдүүд хууль зүйн үндэслэлгүйгээр маргаан үүсгэж байгаа бөгөөд уг газар нь тухайн байрны СӨХ, эсхүл хэн нэг иргэний эзэмшил газар биш, орчны газар эсхүл авто зогсоолын аль нь ч биш, тухайн газар байрлаж буй орон сууцтай хил залгаа оршиж байгаа газар байсан бөгөөд гуравдагч этгээд нь хууль ёсоор эзэмшиж байгаа билээ.
Нөгөөтэйгүүр Ж.Н тус газар дээр 2013 онд Үйлчилгээ, албан конторын барилгыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шаардлагатай бүх шатны зөвшөөрлийг авч, эскиз зургаа батлуулсан билээ. Мөн “Орон сууц барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД-ийн 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгт дэх зай хэмжээний нормативын 2, 3 дахь заалтуудыг хангуулсан эх зургийг батлуулсан байдаг.
Түүнчлэн олон жилийн өмнөөс төлөвлөж энэ 2015 онд эхлүүлсэн барилга нь холбогдох мэргэжлийн бүх шатны байгууллагаас зайлшгүй шаардлагатай зөвшөөрлийг авсан байгаа бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм, стандартын дагуу барилга эхлүүлэн, ажил үргэлжилж байсан.
2015 онд манай талаас санаачлан сууц өмчлөгчдийн холбоотой уулзаж үүссэн бодит байдлыг ойлгуулж чадсан боловч цөөн хэсэг хүмүүсийн хувийн ашиг сонирхол маргаантай асуудлыг дэвэргэн хууль бус үйлдлээ хаацайлах гэсэн хандлага анзаарагдсан. Мөн асуудал үүсэх болгонд цаг хугацаа алдагдаж, бидний барилгын ажил доголдохын зэрэгцээ зээлсэн мөнгөнд өдөр хоногоор тооцогддог өндөр хүү бодогдож, санхүүгийн хувьд алдагдалд орж байгаа нь бидний хувьд их хэмжээний хохиролтой байна.
Иймд Захиргааны хэргийн шүүхийн зүгээс Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд байрлах иргэн Ж.Н гийн эзэмшлийн газартай холбоотой гарсан нэхэмжлэлийг хууль журмын дагуу шийдэж манай компанид учирч буй үндэслэлгүй маргаан, дарамтыг эцэслэж шийдэж өгнө гэдэгт найдаж байна” гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“... Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт орших .. дугаар хорооны .. дугаар байрны 35 тоотод оршин суугч иргэн Ж.Н нь уг .. дугаар байрны хойд талд байрлах хүнсний дэлгүүрийн 1 давхар байшинг нурааж оронд нь үйлчилгээ, албан конторын (орон сууцны) зориулалт бүхий 13x10 м хэмжээтэй 9 давхар байшинг барих Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001077 №440/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна.
Энэ барилга баригдсанаар барилга хоорондын зай зөвшөөрөгдөх хэмжээнээс бага болж барилгын норм, дүрэм зөрчигдөхөөс гадна .. дугаар байрны суурьт нөлөөлж суулт, цууралт, хазайлт үүсэх, бат бөх байдлыг алдагдуулах өндөр эрсдэлтэй, мөн ..А, ..Б байрны оршин суугчдын нарыг халхлах, хүүхдийн тоглоом, явган хүний зам, машин тавих зай талбайг багасгах зэрэг сөрөг нөлөөлөлтэй.
Энэ газар нь сул хайрган хөрстэй, 7 баллын хөдлөлтийн бүсэд багтдаг ба барилгын ажлын улмаас .. дугаар байрны суурь хөдөлгөөнд орох магадлалтай. Газрын төлөв байдал, чанар болон хөрсний судалгаа хийсэн талаарх эх мэдээлэл байхгүй, дээж авсан цэгийн координатыг тодорхой заагаагүйгээс том хэмжээний хашаа барьж явган хүний зам талбайг хааж, машины зогсоолгүй болгож, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна. Барилга барихад энэ байдал мөн хэвээр байх ба хүүхдийн тоглоомын талбайд тулгаж барилга баригдах тул хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй байна. Мөн .. дугаар байрнаас 2 м орчим зайд барилгын суурь ухах нь оршин суугчдад аюултай нөхцөл байдал үүсээд байна. Ийм жишээ манай нийслэлд гарч байсан билээ. Иймд бид болгоомжилж байна.
Нөгөө талаар Ж.Н гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 6 дугаар хороо, кадастрын зураг, барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл .. дугаар хороо, Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем .. дугаар хороо, хөрсний дүгнэлт 12 дугаар хороогоор гарсан зэрэг баримт бичгийн зөрчилтэй байна.
Мөн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд:
- Зөрчилтэй ажлын зураг төсөлд магадлан хяналт хийж баталгаажуулсан нь хууль эрх зүйн актуудын 4 заалт,
- Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа тус барилгад олгосон газраас хэтрүүлэн ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, тохижилтын ажлыг төлөвлөсөн нь хууль эрх зүйн актуудын 4 заалт,
- Барилгын ажлын зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдрах нөхцөлийг хангасан төлөвлөлтийн шийдлийг тусгаагүй нь хууль эрх зүйн актын 6 заалт, Жич: Хот байгуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй хүрч үйлчлүүлэх нөхцөлийг хангаагүй хот төлөвлөлт болон барилгажилтын шийдэл, зураг төсөл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барин байгуулах аливаа төсөлд зөвшөөрөл олгохыг хориглоно гэсэн заалт бий.
- “Ач сан” оффис үйлчилгээний барилгаас ..А байр хүртэл 18,8 м, .. дугаар байр хүртэл 3,8 м, “О ” дэлгүүрээс 1 м зайтай байхаар төлөвлөсөн. Зураг төсөл батлагдсан нь орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт БНбД 31-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалт, хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтыг,
- Гадна дулааны зураг төслийг УБДС ХК-тай зөвшилцөөгүй, техник ийн нөхцөл аваагүй байгаа нь хууль эрх зүйн актуудын 3 заалт Жич: Барилгын тухай хуулийн 13-р зүйлийн 13.5 дахь хэсэгт зураг төсөлд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажил эхлүүлэхийг хориглоно. 16-р зүйлийн 16.2 дахь хэсэгт барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэсэн
- Холбооны ажлын зураг төсөлд АТС-45 станцын ССС-4522 хуваарилах шүүгээний 1 ба 3 яндант сувагчлал кабел, 48 core шилэн кабел зэргийг зөөхөөр төлөвлөснийг зөөгөөгүй, хугацаа нь дуусаж байгаа болон ТН-СЗ19/2014 тоот техник ийн нөхцөл сунгагдаагүй байгаа зэрэг нь хууль эрх зүйн актуудын 1 заалт стандартуудын 2 заалтыг зөрчиж байгаа тул Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001077 №440/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
Тав. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучнаар/-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...Г СӨХ-ны нэхэмжлэлтэй тус газарт холбогдох, тус газраас олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар иргэн Ж.Н Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт 200 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг бөгөөд эзэмшлийн газартаа оффис, үйлчилгээний барилга барих хүсэлтийг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байна.
Хүсэлтийг хүлээн авч судалсны үндсэн дээр тухайн байршилд 13x10 метрийн хэмжээтэй барилга барих боломжтой хэмээн үзэж техник ийн зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлснээр уг асуудал дэмжигдсэн. Улмаар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 869 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэн олгогдож, оффис, үйлчилгээний барилгын эх загвар /эскиз/ батлагдсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байхаар заасан бөгөөд иргэн Ж.Н гийн эзэмшлийн 200 м.кв газрын 130 м.кв буюу 70 хувьд нь барилгажуулахаар шийдвэрлэсэн.
Иргэн Ж.Н гийн эзэмшлийн газар нь Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд байрладаг бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгаварт .. дугаар хороо хэмээн бичсэн нь техник ийн алдаа байна. Төлөвлөж буй барилга нь .. дугаар хороонд байрладаг болох нь барилгажих талбайн схем зургаар нотлогдоно.
Тухайн барилгын ажлын зураг төсөлд Барилгын хөгжлийн төв 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1200/2014 дугаар бүхий Магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байх ба энэ нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангаж байгааг нотолж байна. Тус газраас олгосон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2014 оны 9 дүгээр сарын 24- ний өдөр олгогдсон бөгөөд уг үйл ажиллагаа нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг удирдлага болгон хэрэгждэг.
Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4-д “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг, баримтыг...” хэмээсэн байдаг бөгөөд энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А”-д заасан бүрдүүлэх материал нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.3-т заасан бүрдэлтэй ижил болно. Өөрөөр хэлбэл, иргэн Ж.Н нь Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэхдээ дээрх журмын 6.3-т заасан бүрдлийг бүрдүүлсэн.
Иймд тус газраас олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дугаар бүхий зөвшөөрлийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Г ” СӨХ нь шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Н д холбогдох хэсгийг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Г ” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэн Ж.Н д Баянзүрх дүүргийн 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221 дүгээр захирамжаар тус дүүргийн .. дугаар хороо, 13 дугаар хороолол, .. дугаар байрны хойд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд улмаар дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 275 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 200 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 0184458 дугаар гэрчилгээг шинээр олгосон байна.
Мөн иргэн Ж.Н нь уг газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны .. дугаар байрны хойно 200 м.кв талбай газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар баталгаажуулан олгожээ.
Ж.Н нь дээрх захирамжуудаар газраа эзэмших явцдаа хууль, журамд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын анхны үнэ болон тухайн жилийн газрын төлбөрүүдээ бүрэн төлж ирсэн болох нь хэрэгт авагдсан 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №29 тоот Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол”-ууд, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газрын төлбөрт 3.168.000 төлсөн баримт, 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын төлбөр тогтоох тухай” 2004 015/231 акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмшүүлсэн газарт Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус гэж буруутгах боломжгүй бөгөөд шинээр газар эзэмшээгүй, урьд нь уг газраа эзэмшээд олон жил болсон, 1 давхар дэлгүүрийн барилга байсан байхад ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа явуулах шаардлагыг хангалгүй 2008 онд гуравдагч этгээдэд 100 м.кв газрыг эзэмшүүлсэн” гэж маргаж байгаа хэдий ч хариуцагчийн “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс их байвал төсөл сонгон шалгаруулалт явуулна гэж заасан бөгөөд гуравдагч этгээдэд олгосон газар нь 200 м.кв байх тул дуудлага худалдаа явуулах шаардлагагүй. Харин дуудлага худалдааны үнийг төлөх ёсгүй мөртлөө гуравдагч этгээд төлсөн байна" гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч дуудлага худалдаанд оролцох эрх ашиг нь хөндөгдсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
Хэрэгт “Г ” СӨХ-ны ашиглалтын газрын кадастрын зураг нотлох баримтаар авагдсан /..А байр 790 м.кв, ..Б байр 787 м.кв, .. байр 487 м.кв ашиглалтын талбай бүхий/ бөгөөд маргаан бүхий газартай давхцаагүй байх тул гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр. 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар иргэн Ж.Н д Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт 200 м.кв газар дээр худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон бөгөөд гуравдагч этгээд эзэмшлийн газартаа оффис, үйлчилгээний барилга барих хүсэлтийг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрийн захиргааны байгууллагад гаргажээ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүсэлтийг хүлээн авч судалсны үндсэн дээр тухайн байршилд 13x10 метрийн хэмжээтэй барилга барих боломжтой хэмээн үзэж техник ийн зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 869 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэн олгогдож, оффис, үйлчилгээний барилгын эх загвар /эскиз/ батлагдсан.
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байхаар заасан бөгөөд иргэн Ж.Н гийн эзэмшлийн 200 м.кв газрын 130 м.кв буюу 70 хувьд нь барилгажуулахаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан бөгөөд эрх бүхий байгууллагуудаас техник ийн нөхцөлүүдийг авсан болох нь нотлогдож байна.
Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангасан тул тухайн барилгын ажлын зураг төсөлд Барилгын хөгжлийн төв 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1200/2014 дугаар бүхий Магадлалын ерөнхий дүгнэлт гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон бөгөөд уг үйл ажиллагаа нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг удирдлага болгосон бөгөөд барилгын зөвшөөрлийг авах үед тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдаас санал болон зөвшөөрлийг авах шаардлага үүсээгүй байжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4-д “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг, баримтыг...” хэмээсэн байдаг бөгөөд энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А”-д заасан бүрдүүлэх материал нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.3-т заасан бүрдлийг гуравдагч этгээд бүрдүүлсэн болно.
Түүнчлэн маргаан бүхий газар буюу барилгажих талбай нь ертөнцийн зүгээр “Г ” СӨХ-ны .. дугаар байрны чанх ард, ..А байрны зүүн талд, ..А байрны баруун талд орших бөгөөд .. дугаар байр нь ард талдаа цонхгүй тул дээрх орон сууцнуудын нарны тусгал, салхины урсгалыг хаах боломжгүй байна.
Харин нэхэмжлэлийн үндэслэл болсон барилгажих талбайн доогуур цахилгааны хуваарилах салбар кабел дайрсныг зайлуулах, мөн .. дугаар байр шинээр барих барилга хоёрын хоорондох хөрсийг суурийн нүх ухсан үед нуралт үүсэхээс хамгаалж, хөрсний бэхэлгээг чанартай зөв хийх шаардлагуудыг хангах боломжтой нь мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн албан бичиг, шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Иймд гуравдагч этгээдэд төрийн захиргааны байгууллагаас олгогдсон 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь нэхэмжлэгч “Г ” СӨХ-ны эрх ашгийг хөндсөн нь хангалттай нотлогдохгүй байх тул түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 441 дүгээр зүйлийн 441.5, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 10 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан “Г ” Сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Н д холбогдох хэсгийг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА