Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ц.Б нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “К” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.  

Хоёр. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. “ж”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/482 дугаар захирамжийг гаргахдаа Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “К” ХХК-ийг албадан татан буулгах тухай А-96 дугаар тушаалыг үндэслэл хэсэгтээ дурджээ. Үүнээс үзэхэд Капитап банк хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд газар эзэмших эрхийг цуцлаагүй хэрнээ Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “К” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар “К” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон тул газар эзэмших эрхийг цуцлах тухай шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

2.Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагчид Капитал банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх түүний томилогдсон өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн шилжсэн. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй байдаг. Гэвч хариуцагч “К” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэснийг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Банкны эрх хүлээн авагчид хуулиар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг нь шууд зөрчсөн үр дагаврыг үүсгэж байна. Үүгээр зогсохгүй цаашид аливаа банкийг татан буулгах тухай шийдвэр гарсан даруйд захиргааны байгууллагаас түүнд эзэмшүүлсэн газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шууд цуцлах жишиг, үр дагаврыг үүсгэж байна.

3.Шүүх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт газар эзэмшигч байгууллага татан буугдсан тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох талаар зохицуулсан тул хариуцагчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамж үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүх “К” ХХК-ийг “татан буулгахаар шийдвэрлэсэн” үйл баримтыг “татан буулгасан” гэх үйл баримттай хольж хутгасан. “Татан буулгахаар шийдвэрлэх” үйл баримтын үр дагавар нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Банкны эрхлэх үйл ажиллагаа”-г явуулахгүй болох бөгөөд энэ тохиолдолд “К” ХХК-ийн эрх зүйн чадвар нь хэвээр, Банкны эрх хүлээн авагч татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар “К” ХХК нь улсын бүртгэлээс хасагдаагүй, эрх зүйн чадвартай хэвээр байгаа болно. Нөгөө талаар Банкны эрх хүлээн авагч томилогдсон байхад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг шүүх хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

4.Тухайн газарт газар эзэмшүүлэх гэрээг хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч дахин гэрээг байгуулаагүй. Гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигч “К” ХХК-тай гэрээ байгуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж...”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын даамал ...тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж...”, 34.8-д “газар эзэмших эрхийн гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байсныг анхан шатны шүүх анхаарсангүй. Тиймээс хариуцагч нь “К” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулаагүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт газар эзэмшигчтэй “газар эзэмших тухай” гэрээ байгуулаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үүргийг газар эзэмшигч биелүүлээгүй гэж үзэхгүй бөгөөд хариуцагч тэрхүү үүргийг газар эзэмшигчээс шаардах боломжгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

“…газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах мэдэгдлийг 2019 оны 4 сард нэхэмжлэгчид хүргүүлж, 5 дугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд холбогдох тайлбар саналаа ирүүлэх боломж олгосон, мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1/1367 дугаар мэдэгдлийг дахин хүргүүлсэн, гэвч 9 дүгээр сарын 18-ныг хүртэлх хугацаанд ямар ч санал, тайлбар гаргаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон…” гэх хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан зарим нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. 

Тухайлбал банкны эрх хүлээн авагч дээр дурдсан эхний мэдэгдлийг хүлээн авсан болохоо 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрдөг төдийгүй уг мэдэгдлийн дагуу газартай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн Б.Мөнгөнсүхийг 5 дугаар сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл хугацаанд томилолтоор ажиллуулсан талаарх албан томилолтын удирдамж, томилолтын хуудас хэрэгт авагджээ.

Иймд Б.М маргаан бүхий газартай холбогдуулан тухайн үед хэн гэдэг албан тушаалтантай хэрхэн уулзсан болох, хариуцагчийн байр суурь ямар байсан болон бусад шаардлагатай асуудлаар гэрчийн мэдүүлэг авахаас гадна Капитал банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 267 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг хариуцагч хүлээн авсан эсэх, Дорнод аймгийн Засаг даргын дээр дурдсан 2019 оны 1/1367 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчид хэрхэн хүргүүлсэн болохыг тус тус тодруулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл хангалттай хугацаа олгоход нэхэмжлэгчээс ямар ч тайлбар, санал гаргаагүй гэдэг нь бодит байдалтай хэрхэн нийцэж байгааг дээрх байдлаар шалгах шаардлагатай. Түүнчлэн захирамжийн нэг үндэслэл болсон газрын төлбөрийн үлдэгдлийг хэрхэн тооцсон болохыг хариуцагчаас тодруулах нь зүйтэй.

2014 оны газар эзэмших гэрээнд 144 м.кв газрын жилийн төлбөрт 5184 төгрөг төлөхөөр, 2015 оны гэрээнд 15552 төгрөг, үүнээс улирал бүр 3888 төгрөг төлөхөөр тусгасан, гэтэл хэргийн 45 дахь талд авагдсан газрын төлбөрийн мэдээллээр 2016 оныг дуустал төлбөр бүрэн төлөгдсөн, 97 дахь талд авагдсан банкны дотоод дансны хуулгаар 2013-2018 оныг дуусталх төлбөр төлөгдсөн, 2019 оны хувьд 3 дугаар сарын 28-ны өдөр эхний улирлын төлбөр болох 3888 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлсөн, мөн энэ нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 210829 тоот тодорхойлолтоор батлагддагаас үзэхэд чухам ямар хугацааны төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэгчийн буруутгаж буй нь тодорхойгүй байна.

Капитал банкны Дорнод аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Н.О 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ “…гэрээнд заасны дагуу улирал бүр, 2019.04.08-ны өдөр банкны үйл ажиллагаа зогсох хүртэлх хугацаанд газрын төлбөр төлдөг данс руу ахлах теллер гүйлгээ хийдэг байсан…” гэж мэдүүлсэн нь дээрх байдлаар батлагдах бөгөөд харин үүнээс хойших буюу 2, 3 дугаар улирлын төлбөрт нийт 7776 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах тохиолдолд Капитал банкыг татан буулгахаар шийдвэрлэсэн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалтай энэ цаг хугацаа хэрхэн уялдаж байгаа талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

Мөн хариуцагч хүлээн авсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж өмнө нь дүгнэсэн Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны “Хүсэлт уламжлах тухай” 267 дугаар албан бичигт газартай холбоотой төлбөр тооцоог яаралтай төлж барагдуулах болохоо илэрхийлжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох нэг үндэслэл нь тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байх тохиолдол.

Гэтэл нэхэмжлэгчийг 2 бус 6 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзсэн, өөрөөр хэлбэл Капитал банкийг татан буулгахаас өмнө ч хүчингүй болгох энэхүү үндэслэл цаг хугацааны хувьд хэдий нь бүрдсэн байхад заавал Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг мөн өдрөөс албадан татан буулгаж, татан буулгах арга хэмжээ болон тус банкин дахь эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны хугацааг 1 жилээр тогтоосон шийдвэр гарснаас хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгох мэдэгдлийг удаа дараа гаргах болсон, мөн маргаан бүхий захирамжид Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг үндэслэх болсон шалтгааныг хариуцагчаас тус тус тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН