| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2413001330155 |
| Дугаар | 2025/ХШТ/26 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ХШТ/26
З.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан /цахим/, хохирогч Ш.Б-ын өмгөөлөгч Х.Зулхаш /цахим/, хохирогч М.Б-ын өмгөөлөгч Х.Бакен /цахим/, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар магадлалтай, З.А-д холбогдох 2413001330155 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, овогт А.
2024 оны 03 дугаар сарын 20-ны үед ... аймгийн ... сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар бэлчээрт байсан хохирогч М.Ж- өмчлөлийн 2 тооны сарлаг үхрийг хулгайлж, нийт 1,900,000 төгрөгийн хохирол,
2023 оны 11 дүгээр сарын дунд үед ... аймгийн ... сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар бэлчээрт байсан хохирогч М.Б-ын өмчлөлийн 7 тооны сарлаг үхрийг хулгайлж, 6,000,000 төгрөгийн хохирол,
2023 оны 11 дүгээр сарын 10-ны үед ... аймгийн ...сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар бэлчээрт байсан хохирогч А.Ас-ы өмчлөлийн 6 тооны сарлаг үхрийг хулгайлж, 5,750,000 төгрөгийн хохирол,
2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед хохирогч Баян-Өлгий аймгийн ... сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар бэлчээрт байсан хохирогч Б.Ж-ийн эзэмшлийн 5 тооны сарлаг үхрийг хулгайлж, 4,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 129 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд шүүгдэгч З.А-ээс 29,140,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Б-ад, 5,600,000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-ад, 5,750,000 төгрөг гаргуулан хохирогч А.Ас- нарт тус тус олгож, хохирогч М.Ж-, хохирогч Б.Ж- нар нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч З.А-ээс 2,750,000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-ад олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.А-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоyоta Кluger” загварын ... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж дараах үндэслэлээр үзэж байна. Анхан шатны шүүх З.А-ийг хохирогч Ш.Б-ын бог малаас олон тооны малыг машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “хохирогч Ш.Б нь цагдаагийн байгууллагад хандсан өргөдөл, гомдол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд хуульд сануулж авсан мэдүүлгүүдэд хулгайд алдагдсан бог малын тоог 90 хонь, 30 ямаа гэж тодорхой, тогтвортой мэдүүлсэн учраас түүний уг мэдүүлгийг гэрч А.Е, Н.Н нарын мэдүүлгүүдтэй харьцуулж үзсэнээр үнэн зөв гэж үнэлснийг тэмдэглэж байна.” хэмээн дүгнэсэн. Хэргийн 11 дүгээр талд авагдсан гэрч М.З-гийн мэдүүлэг, 34, 38 дугаар талуудад авагдсан хохирогч Ш.Б, түүний эхнэр А.Сын мэдүүлэг зэргээс үзвэл М.З-, Ш.Б нар малаа 7 хоногоор ээлжлэн хариулдаг байсан бөгөөд ээлж хүлээлцэхдээ малаа тоолж хүлээлцэж байгаагүй болох нь тогтоогдсон. Хамгийн сүүлд 03 дугаар сарын үед эдгээр малчид малаа хувааж авахдаа тоолоогүй бөгөөд зөвхөн нүдэн баримжаагаар хувааж авсан байдаг. Хохирогч Ш.Б “120 тооны бог малаа хулгайд алдсан” гэдэг боловч энэхүү мэдүүлэг нь мал тооллогын баримтаар үгүйсгэгдсэнээс гадна хэргийн 65 дугаар талд авагдсан гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “З.А- нь манайд 4 удаа цагаан өнгийн тээврийн хэрэгслээр нийт 50 тооны бог мал авчирч надад худалдсан” гэх мэдүүлэг, хэргийн 115 дугаар талд авагдсан гэрч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “З.А- нь манайд 4 удаа цагаан өнгийн тээврийн хэрэгслээр бог мал ачиж авчирч өгсөн. Нийт 55 тооны бог мал худалдсан” гэх мэдүүлэг зэргээр давхар няцаагдсан. Түүнчлэн шүүх “хохирогч М.Б-ын алдагдсан 7 тооны үхрийг З.А- хулгайлсан” гэж дүгнэхдээ А.Е, А.С нарын мэдүүлгийг няцаасан дүгнэлт хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, З.А-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг бус өөр төрлийн гэмт хэрэг гэж үзэхээр байна. Улсын дээд шүүхийн тогтоолд “итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно” гэж, өөр нэгэн тогтоолд “ийнхүү үүрэг хүлээсэн байдлаар хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектээс ялгардаг бөгөөд энэ хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж, бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрдэг” гэж тодорхойлогдсон байна. Шүүгдэгч З.А- нь хохирогч Ш.Б-ын малыг маллаж байх хугацаандаа бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд байх тул түүний үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг бус хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Үүнээс дүгнэвэл, шүүхийн шийдвэрт тусгасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хүнд зэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасан тул шүүгдэгч З.А- хохирогч Ш.Б-ын бог малаас олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, машин, механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, З.А-т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Хэргийн 34 дүгээр талд авагдсан хохирогч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгт малыг 2 айл 7 хоногоор ээлжлэн хариулдаг байсан. З.А- болон түүний эх М.З- нар 7 хоног, хохирогч талаас Ш.Б болон түүний дүү Ш.Ж нар 7 хоног тус тус хариулдаг болох нь тодорхой тусгагдсан байна. Түүнчлэн тэрээр өвлийн улиралд малын хорогдол гарч 5 тооны мал байхгүй болсон талаар, талуудын хэн аль нь өвөл малаа нийлүүлэхдээ, хавар малаа салгахдаа огт тоолж хүлээлцэж байгаагүй, нүдэн баримжаагаар салгаж авсан талаар мэдүүлдэг. Хэргийн 38 дугаар талд авагдсан А.С-ын мэдүүлэгт “манайх болон М.З-гийн талаас 7 хоногоор хариулж байсан ба мал өдрийн цагаар бэлчээрт, шөнийн цагаар манай мал хашаанд байсан. Манай талаас манай нөхөр 7 хоног мал хариулахад М.З-гийн талаас зарим 7 хоногт өөрөө, зарим 7 хоногт түүний хүү болох З.А- хариулж байсан” гэж тусгагдсан байна. Шүүх тус мэдүүлгүүдийг буруу үнэлснээс хэргийг буруу зүйлчилсэн гэж дүгнэж байна. Иймд хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, З.А-т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч Ш.Б-ын өмгөөлөгч Х.Зулхаш хэлсэн саналдаа “... хохирогч Ш.Б нь М.З болон түүний хүү З.А-т нартай малаа ээлжлэн хариулж байсан болох нь тогтоогдсон. Ш.Б-ын мал түүнийг 2024 оны 02 дугаар сарын 27-ноос мөн оны 03 дугаар сарын 07-ны өдөр хооронд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явсан хойгуур алдагдсан. Улмаар орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “30 ямаа, 90 хонь, нийт 120 толгой бог мал алдагдсан” гэж зарлаж, цагдаагийн байгууллагад 120 толгой мал алдагдсан болохыг тэмдэглүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч “120 толгой мал алдагдсан талаарх нотлох баримт байхгүй, 120 толгой мал байсан эсэх нь эргэлзээтэй” гэж тайлбарлаж байна. Гэтэл хохирогч 120-оос илүү, 300 гаруй малтай байсан болох нь 2023 оны жилийн эцсийн мал тооллогын картаар нотлогдсон. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч “энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй” гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүгдэгчийн үйлдэл нь нууц, далд аргаар мал хулгайлснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Нөгөөтээгүүр, тээврийн хэрэгсэл ашигласан эсэх асуудалд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Шүүгдэгч 55 тооны хонийг гэрч А.Е-д 4 удаагийн үйлдлээр авч очихдоо тээврийн хэрэгсэл ашигласан нь нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэх үндэслэл байхгүй. Мөн шүүгдэгч нь зөвхөн Ш.Б-ын малыг хулгайлаагүй, бусад хохирогч нарын малыг далд аргаар хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч М.Б-ын өмгөөлөгч Х.Бакен хэлсэн саналдаа “... шүүгдэгчийн өмгөөлөгчөөс М.Б-тай холбоотой асуудлаар гомдол гаргаагүй. Харин прокурор “гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулсан нь буруу, шинжээч томилох ёстой” гэж тайлбарлаж байна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6 “...мал хулгайлах... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж тусгагдсан. Мөн Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тушаалын 2 дугаар хавсралтад тусгагдсан хүснэгтэд мал хулгайлах гэмт хэрэг тодорхойлогдсон. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Бидний зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх болсон шалгаан нь, миний үйлчлүүлэгч, түүний эхнэр өвчтэй бөгөөд амьжиргааны 7 үхэртэй байсан. Хэрэв хавар 7 үхэр нь тугалласан бол сүү, саалиа бэлтгэх боломжтой байсан. Гэтэл шүүгдэгч тэдгээрийн бүх үхрийг хулгайлж, амьдралын эх үүсвэрээс салгасан тул бидний зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг төлүүлэхээр нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... хэрэгт нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд боломжит байдлаар шалгаж тодруулсан. Шүүгдэгч нь 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хэргийн зүйлчлэл тохироогүй” гэж тайлбарлаж байна. Хоёр айл бог малаа ээлжлэн хариулахаар хоорондоо тохиролцож, хонь, ямаагаа нийлүүлсэн. Түүнээс биш хохирогч нь шүүгдэгчид өөрийн малыг тодорхой хугацаанд хадгалуулахаар шилжүүлсэн үйл баримт байхгүй. Иймээс хэргийг нийлмэл гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчлэх боломжгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн шүүхээс шүүгдэгчийг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Харин анхан шатны шүүх хохирогч М.Б-ын өмгөөлөгч Х.Бакены гаргасан хүсэлтийг үндэслэж хохирогч М.Б-ын сэтгэцэд учирсан хор уршигт Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулахгүйгээр шүүгдэгчээс 2,750,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам”-ын 2.1, 2.2-т тус тус заасан агуулгаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигт шинжилгээний байгууллага шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар зохицуулсан тул анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг холбогдох хууль, тогтоомжтой нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн З.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч З.А- нь 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газарт хамт хонь ямаагаа нийлүүлсэн Ш.Б-ын бог малаас 120 тооны бог мал /хонь 90, ямаа 30/-ыг өвөлжөөнөөс нь ... БӨҮ улсын дугаартай “Кюлүгэр” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 29,140,000 төгрөгийн хохирол,
2024 оны 03 дугаар сарын 20-ны орчим ... аймгийн ... сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар бэлчээрээс М.Ж- 2 тооны сарлаг үхрийг хулгайлж, нийт 1,900,000 төгрөгийн хохирол,
2023 оны 11 дүгээр сарын дунд үед ... аймгийн ... сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар бэлчээрээс М.Б-ын өмчлөлийн 7 тооны сарлаг үхрийг хулгайлж, 6,000,000 төгрөгийн хохирол,
2023 оны 11 дүгээр сарын 10-ны орчим ... аймгийн ... сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар бэлчээрээс А.Ас-ы өмчлөлийн 6 тооны сарлаг үхрийг хулгайлж, 5,750,000 төгрөгийн хохирол,
2023 оны 11 дүгээр сарын 20-ны орчим хохирогч ... аймгийн ...сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар бэлчээрээс Б.Ж-ийн 5 тооны сарлаг үхрийг хулгайлж, 4,750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон гэж үзнэ.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх зорилтын хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн шинэ зохицуулалтыг хэрэглэж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ дараах хууль хэрэглээний алдааг гаргасан байна.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан болно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.
Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл (Мал хулгайлах)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч М.Б-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Иймд талуудын хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэргийн хохирол бус мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн хор уршгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, хохирогч М.Б- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ