Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1482

 

 

 

 

 

 

 

 

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04399 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Суварга ургац” ХХК-д холбогдох

                                                                                                     

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 177 960 650 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Наран-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Манлайбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наран-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Түшиг суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч “Суврага ургац” ХХК нь манай сантай 2008 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өр барагдуулах тухай 15/07 тоот гэрээгээр нийт 167 318 967 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийг харилцан баталгаажуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2015 оны намрын ургацаар бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Мөн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн УХБ-УБ-2015/60 тоот гэрээгээр 1000 литр пумасуперыг 5 640 000 төгрөгийн урьдчилгаа төлөн үлдэгдэл 13 160 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон. Гэвч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 152 752 047 төгрөг байна. Дээрхи гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл нь биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.6-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон алданги тооцоход 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15/07 тоот гэрээний үлдэгдэл 152 752 047 төгрөгт алданги тооцоход 11 456 403 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн УХБ -УБ-2015/60 тоот гэрээний үлдэгдэл 13 160 000 төгрөгт алданги тооцоход 592 200 төгрөг нийт алданги 12 048 603 төгрөг байна. Иймд нийт 177 960 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлд дурдахдаа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өр барагдуулах тухай 15/07 тоот гэрээний 167 318 967 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн УХБ-УБ-201 5/60 тоот гэрээний үлдэгдэл 13 160 000 төгрөгийг алдангийн хамт нийт 177 960 650 төгрөг нэхэмжилжээ. Дээрх нэхэмжлэлийн 167 318 967 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ дүн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Суварга ургац” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот хүнсний улаан буудай хадгалах, хадгалуулах гэрээний 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн гэрээ дүгнэсэн актад дурдсан стандартын шаардлага хангаагүй гэх 694,44 тонн буудайн үнийн дүнгээс үүдэлтэй мөнгөн дүн юм. Дээрх 694,44 тонн улаан буудайн алдагдлыг “Суварга ургац” ХХК хариуцахгүй. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн УХБ-УБ-201 5/60 тоот гэрээний үлдэгдэл 13 160 000 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тушаасан буудайгаар төлбөр барагдуулсан болно. Энэ нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тул алданги тооцогдохгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Суврага ургац” ХХК-иас 177 960 650 /нэг зуун далан долоон сая есөн зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан Хүнс хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Суврага ургац” ХХК-иас 104 775 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун далан тав/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Манлайбаатар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Манлайбаатар би Булган аймгийн Баяннуур сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшсэн, сонгуулийн компанит ажлын үеэр Улаанбаатар хотод 2016 оны 6 дугаар сарын 20-нд шүүх хурал зарлагдсан тул, сонгууль дуусах хүртэл шүүх хуралдааныг түр хойшлуулах хүсэлтийг шүүхэд албан ёсоор гаргасан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү иргэний хэрэг нь ихээхэн маргаантай, хариуцагчийн талаас гаргавал зохих нотлох баримтыг гаргах боломж олдоогүй зэрэг шалтгааны улмаас баялаг бүтээгч, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч “Суврага ургац” ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн байна. Учир нь шүүх хуралдаанд гаргахаар бэлдсэн байсан боловч, хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байсан. “Суврага ургац” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаан буудайгаа худалдсан. Гэтэл улаан буудайг худалдан авагч тал татаж аваагүй. Мөн Булган аймгийн мэргэжлийн хяналтын газраас "гадаа ил талбайд хадгалах боломжтой" гэж дүгнэлт гаргасан зэрэг нь хариуцагч тал асуудлыг мэтгэлцэх замаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг харгалзан үзнэ үү. Иймд шийдвэрийг хүчингүй болгон мэтгэлцэх эрхийг хангаж, шүүхээс хуульд нийцсэн, шударга шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү. Маргаж буй 13 160 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгаалалтын бодисын үнийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тушаасан буудайгаар барагдуулсан, тооцоо нийлсэн акт байгааг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч тал шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэж байсан боловч шүүх хурал хийгдсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч “Суварга ургац” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 177 960 650 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж,  уг гэрээгээр талуудын тооцоо нийлсэн актыг баталгаажуулж “Суварга ургац” ХХК-ийн 2012-2013 онд авсан зээлийн дэмжлэгийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 167 318 967 төгрөгийг 2015 оны намар төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

            Мөн  талууд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр “Суварга ургац” ХХК нь 1000 литр пумасупер бодисыг, 18 800 000 төгрөгөөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан авч, урьдчилгаанд 5 640 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх-ийн 4-5 дугаар тал/                                        

                                                                                                           

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж дүгнэсэн нь зөв.

 

            Хариуцагч “Суварга ургац” ХХК нь өр төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцсон мөнгийг төлөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзах үндэслэл, тайлбараа баримтаар нотолж мэтгэлцээгүй байна.

 

 Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээр шаардсан гэрээний үүрэг 152 752 047  төгрөг, түүний алданги 11 456 403 төгрөг нийт 164 208 650 төгрөгийг хариуцагч “Суварга ургац” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасантай  нийцжээ.

 

Харин 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх тухай гэрээний үүрэг болох үндсэн төлбөрийн үлдэгдэл 13 160 000 төгрөгийг хариуцагч гэрээнд заасан хугацаанд, буудай нийлүүлэх байдлаар төлж барагдуулсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул дээрх төлбөрийг алдангид тооцсон 592 200 төгрөгийн хамт нэхэмжлэлийн шаардлага 177 960 650 төгрөгөөс хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг дутуу гаргуулсан байгааг зөвтгөж шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04399 дүгээр шийдвэрийн

 

1 дэх заалтын “… 177 960 650 төгрөг …”  гэснийг “164 208 650 төгрөг” гэж,

2 дахь заалтын “…104 755 төгрөг…” гэснийг “…978 993 төгрөг…” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 047 753 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ                                           

                             ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН                                                                                                  

                                                                          Г.ДАВААДОРЖ