Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00954

 

 

2026          04             29                                           210/МА2026/00954

 

“*******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01206 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,657,310 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “*******" ХХК нь хариуцагч ******* нь 2024.01.20-ны өдөр ******* дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 22,750,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэйгээр, зээлийг 2027.01.20-ны өдрийг хүртэл хугацаанд эргэн төлөх хуваарь гаргаж, хуучин авто машины лизингийн зориулалттайгаар зээлж авсан. 2024.01.20-ны өдөр талуудын хооронд ФГ/******* дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г байгуулж, зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор ******* улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, 2023 оны 06 дугаар сард Монгол Улсад орж ирсэн, хар саарал өнгөтэй, ******* маркийн ******* арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн, зээлдэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцсон. Зээлдэгч нь нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 4,078,026.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,432,548.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55,825.84 төгрөг буюу нийт 12,566,400 төгрөг төлсөн. Зээлдэгч тал ******* дугаартай “Зээлийн гэрээ”-ний хавсралт 1-д дурдсан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд энэ талаар зээлдүүлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.2.1-т заасныг үндэслэн ******* дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрт 18,671,973.88 төгрөг, үндсэн зээлийн хүү 5,800,149.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,286.52 төгрөг болон нотариатын зардал 24,900 төгрөг, нийт 24,657,310.33 төгрөгийг гаргуулж, ******* улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, 2023 оны 06 дугаар сард Монгол Улсад орж ирсэн, хар саарал өнгөтэй, ******* маркийн ******* арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2024.01.20-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулах үед ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний талаар дэлгэрэнгүй тайлбар гаргаагүй, миний эрх зүйн мэдлэг дутуу дулимаг байдлыг ашиглаж төөрөгдөлд оруулж зээлийн гэрээ байгуулсан. ...Хэт өндөр хүүтэй зээлийн гэрээ байгуулсныг мэдэж нэхэмжлэгчид энэ талаараа хэлж хүүд өөрчлөлт оруулах, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх санал хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч нэг ч удаа энэ талаар тодорхой албан ёсны тайлбар өгөөгүй. 2025 оны 10 дугаар сард нэхэмжлэгчийн харьяа дүүргийн шүүхэд Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч холбогдох боломжгүй, шүүхэд хариу тайлбар өгөөгүйн улмаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд 2024.01.20-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний хүүг хэт өндөр байсан гэдгийг тогтоож, 2024.01.20-ноос 2025.12.03-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн нийт 12,566,400 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж үлдэгдэл төлбөрийг сар бүр 500,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас үндсэн зээл 18.671.973.88 төгрөг, зээлийн хүү 5.800.149.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160.286.52 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 24.900 төгрөг, нийт 24.657.310.33 төгрөгийг /хорин дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянга гурван зуун арван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч *******ыг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ******* улсын дугаартай ******* маркийн *******, 2013 онд үйлдвэрлэгдсэн, суудлыг автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэхгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн 421.637 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 351.437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие зээл төлөх үүргээ цаг хугацаанд нь биелүүлж байсан. 2025 оны 05 сараас хойш 2 удаа хүсэлт гаргасан бөгөөд зээлийн хүү болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж өгнө үү гэж хүссэн боловч зээлээ хугацаандаа төлж бай бид өөрчилж өгөх болно гэж хэлсэн боловч өөрчилж өгөөгүй. Учир нь, 2024.01.20-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний хүү хэт өндөр байсан, үүнийг нэхэмжлэгч мэдсээр байж дахин засах болно гэж төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан ч дахиж огт гэрээг шинэчилж надтай байгуулаагүй. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоож өгнө үү. Мөн ******* маркийн ******* дугаартай автомашины зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохыг хүсэж байна. Учир нь нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийн бодит үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж байгаа ба үлдэгдэл төлбөрийг намайг төлөхөөр шаардаж байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг бүрэн сонсоогүй, миний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй ба хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлэх, эсвэл шийдвэрийг өөрчилж өгнө үү гэв.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч манай компанид хүсэлт гаргаж байгаагүй. Зээлдэгч хүсэлт тавьсны дараа тухайн этгээдийн санхүүгийн нөхцөл байдалд тулгуурласан дүн шинжилгээ хийж ямар хугацаатай, ямар хүүтэй зээлийг олгож болох талаар саналыг гаргадаг бөгөөд хариуцагч уг саналыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Манай компани нь хариуцагчид зориулж өндөр хүүтэй зээл олгосон зүйл байхгүй бөгөөд бусад зээлдэгч нарт олгодог хүүгийн хэмжээгээр зээл олгосон. Иймд зээлийн хүүг хэт өндөр тогтоосон гэдэг нь үндэслэлгүй. Манай компани автомашины үнэлгээний асуудалд оролцоогүй. Хариуцагч тухайн автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд бид үнэлгээтэй холбоотой асуудалд гомдол гаргаагүй. Харин хариуцагчийг үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан. Анхан шатны шүүх талуудыг эрх тэгш оролцуулсан бөгөөд хэн нэгэнд давуу байдал олгоогүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

        ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,657,310 төгрөг гаргуулж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “намайг төөрөгдөлд оруулж, хэт өндөр хүүтэй зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

3.1. “*******” ХХК нь хариуцагч *******тай 2024.01.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч 22,750,000 төгрөгийг, сарын 3,4 хувийн хүүтэйгээр 2027.01.20-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлдүүлэх, хариуцагч ******* хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 5-7/

3.2. Зээлийн гэрээний үүрэг хангуулахаар талууд 2024.01.20-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* улсын дугаартай, ******* аралын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, ******* маркийн суудлын автомашиныг “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх-ийн 8-9/

3.3. Зээлдүүлэгчээс зээлдэгчид 22,750,000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн, үлдэгдэл зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ болон автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа гэх үйл баримтад талууд маргаагүй.

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

4.1. Зээлдэгч ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөхөөр тохирсон ба зээлийн төлбөрт 4,087,026.12 төгрөг, хүүд 8,432,548.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 55,825.84 төгрөг төлөхдөө 2024.06.20-ны өдрийн төлөлтөөс эхлэн доголдож, улмаар 2025 оны 1 дүгээр сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй үүргийн зөрчил гаргажээ. /хх-ийн 11/

4.2. Зээлдүүлэгч “*******” ХХК нь зээлдэгч *******д зээлийн үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичгийг 2025.08.26-ны өдөр хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасанд нийцсэн байна.

4.3. Анхан шатны шүүх хариуцагч *******аас зээлийн үлдэгдэл 18,671,973.88 төгрөг, зээлийн хүү 5,800,149.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,286.52 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

Хариуцагч зээл авах хүсэлт гаргаж, зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд “нэхэмжлэгч зээлийн хүүг хэт өндөр байгааг мэдсээр байж дахин засна гэж худал хэлж төөрөгдөлд оруулсан” гэх тайлбараа аливаа нотолгооны хэрэгслээр нотлоогүй тул түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.   

5. Анхан шатны шүүх 2024.01.20-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар автомашин барьцаалсан гэж дүгнэн, барьцааны гэрээний эрх зүйн зохицуулалтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулна.

5.1. Талуудын 2024.01.20-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор хариуцагч ******* улсын дугаартай, ******* аралын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, ******* маркийн суудлын автомашиныг 26,000,000 төгрөгөөр үнэлж “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар автомашинаар зээлийн гэрээний үүргийг хангуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д  заасан ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар албадан худалдах  зохицуулалтыг баримтласан нь эрх зүйн үндэслэлгүй.  

5.2. Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан атал шүүхийн журмаар фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргасан эрх зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар фидуцийн гэрээний зүйл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиодолд фидуцийн зүйлийг буцаан өгөх, эсхүл үүрэг биелэгдээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болохоор зохицуулсан.  

Нэхэмжлэгчид тухайн автомашины өмчлөгчийн хувьд зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй нөхцөлд автомашиныг бодитойгоор гаргуулан авч, хуульд заасан журмын дагуу захиран зарцуулж, зээлийн үүргээ хангуулах боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

6. Хариуцагч нь 2025.01.14-ний өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар хойшлуулж, 2025.01.21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон байх бөгөөд хариуцагч талаас аливаа хүсэлт гаргаагүй байна. Хариуцагчийн “...өмгөөлөгчийг бүрэн сонсоогүй, гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, нэг талыг баримталж шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасныг баримтлан ******* улсын дугаартай, ******* аралын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, ******* маркийн суудлыг автомашин үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “351,437” гэснийг “281,237” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ОЮУНТУЯА

 

           ШҮҮГЧИД                                             С.ЭНХБАЯР

 

                                                                                     Г.НЯМСҮРЭН