| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/07981/и |
| Дугаар | 210/МА2026/01000 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/01000
2026 05 04 210/МА2026/01000
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/05378 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,676,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 3,676,200 төгрөг гаргуулахаар шаардаж үндэслэлийг “...замын тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хөдөлмөрийн чадвараа алдсанаас 1 сарын хугацаанд ногдох цалин 2,500,000 төгрөг, онош тодруулахаар эмчид үзүүлсэн, эм авсан зардал 1,102,200 төгрөг, нотариатын зардал 36,000 төгрөг, архиваас баримт авсан зардалд 38,000 төгрөг гаргуулна” гэжээ.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч тухайн үед утсаар яриад явж байгаад намайг хараад зогсохоор нь би хөдөлсөн боловч зэрэг хөдлөөд өөрөө бүдрээд унасан... хүчтэй мөргөж шидэгдсэн зүйл байхгүй...ажлаас чөлөөлсөн эмчийн актгүй, өөрөө сайн дураараа ажилдаа яваагүй байж ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн нь үндэслэлгүй...тухайн үед эмч 3 хоног гэртээ бай гэж хэлсэн...1, 2 сарын дараа өгсөн шинжилгээний зардлаа нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй” гэж тайлбарлан маргажээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
4.1. Хариуцагч ******* нь 2024.11.27-ны өдрийн 10.15 цагийн орчимд ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-р дунд сургуулийн дунд замд явган зорчигч *******ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна. /хх-15-32/
4.2. *******гийн дээрх зөрчлийн улмаас *******ын уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан. /хх-27-31/
5. Анхан шатны шүүх эрх зүйн харилцаа, шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан гэм хорын хохирол шаардахад хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүнд хохирол учирсан байх, уг үйлдэл болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоотой байх учиртай.
6. Анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон хэмжээнд буюу 2024.12.28-ны өдөр “*******” эмнэлэгт толгойн ******* оношилгоонд 420,000 төгрөг, мэдрэлийн эмчийн бичсэн эм, тарианд 201,800 төгрөг, 2024.12.27-ны өдөр “*******” эмнэлгийн эмчийн үзлэгт 40,000 төгрөг, 2024.12.06-ны өдөр “*******” эмнэлгийн эмчийн үзлэгт 35,000 төгрөг, Эрүүгийн хэргийн Төв архиваас баримт авахад 38,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 26,000 төгрөг, нийт 760,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасанд нийцсэн байна.
7. Нэхэмжлэгч ******* нь 2024.12.28-ны өдөр “*******” эмнэлэгт бүсэлхий нуруу MRI оношилгоог 188,800 төгрөгөөр хийлгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байхын зэрэгцээ толгойн MRI оношилгоотой нэгэн зэрэг хийлгэсэн, эмчийн үзлэгээр нурууны өвдөлтийн шинж тэмдгийн талаар мэдүүлж байсан зэргийг харгалзан уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.
8. Анхан шатны шүүх эм худалдан авсан 2024.12.16-ны өдрийн 202,600 төгрөгийн баримт, 2025.01.15-ны өдрийн 14,000 төгрөгийн баримтаар хэнд эдгээр эмийг авсан нь тодорхойгүй, эмчийн үзлэгийн дүгнэлтэд дурдагдаагүй эм, тариа бичигдсэн тул хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гарсан зардал мөн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн гэж үзнэ.
9. Түүнчлэн, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.12.07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалаар батлагдсан “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам”-ын 4.8-д зааснаар эрүүл мэндийн байгууллагын дарга, ерөнхий эмч баталгаажуулаагүй, магадлагч эмчийн тэмдэггүй тул нотлох баримтаар үнэлэхгүй гэж үзэн, 1 сарын цалинд 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Дээрх журамд зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг цахим хэлбэрээр авах тохиолдолд цахим мэдээлэл бүхий QR код, дахин давтагдашгүй дугаар байхаар заасан ба нэхэмжлэгчээс гарган өгсөн дээрх баримт нь эдгээр бүрдлийг хангаагүй байна.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах үндэслэл болохын хувьд нэхэмжлэгч хэдэн төгрөгийн тэтгэмж авсан, цалин хөлсний зөрүү хэд болох нь тодорхойгүй байх тул 2024.12.03-ны өдрөөс 2024.12.15-ны өдрийн хооронд 9 хоногийн цалин гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримталсныг хасаж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээг 188,800 төгрөгөөр нэмсэн өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/05378 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч *******гээс 949,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх 2,716,600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтад “...22.809.2...” гэснийг “...27,340...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Г.НЯМСҮРЭН