Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00908

 

 

     

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/01832 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 22,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* ******* дүүрэг ******* тоотод оршин суух хаягтай ******* гэх хүнд олон удаагийн давтамжтай нийт 26 сая төгрөгийг өөрийн данснаас тус хүний данс руу шилжүүлсэн. Бид ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд ******* нь өнөөдөр өгнө, маргааш өгнө, зээл авч байгаа мөнгө нь ороод ирсэн гэж хэлж гуйхад нь хамт нэг газар ажилдаг үеийн залуу болохоор нь мөнгө шилжүүлж өгсөн. *******гийн шилжүүлсэн мөнгийг удахгүй өгнө өнөөдөр, маргааш гэх мэтээр өдийг хүрсэн тул хуулийн хүрээнд миний асуудлыг шийдэж өгнө үү.

Тус мөнгийг зээлж авснаас хойш ажлаасаа гарч холбогдохгүй алга болсон бөгөөд тухайн авсан мөнгөний зээлүүдийг ******* миний бие төлж чадахгүйд хүрч хугацаа хэтэрч явсаар эхнээсээ шүүхэд өгсөн байна. Тус зээлүүдийн хүү алданги нь ******* ХХК-аас авхуулсан 6,000,000 төгрөг нь өнөөдрийн байдлаар 7,575,212 төгрөг болж шүүхэд нэхэмжлэл өгсөн байгаа бөгөөд ******* нь найдваргүй зээлдэгч болж Монгол банкны мэдээллийн санд орсон бөгөөд дахин ямар нэгэн зээл боломжгүй болсон. Нөмөр ББСБ ХХК-аас авуулсан 4,000,000 төгрөг нь 4,900,000 төгрөг болоод байгаа бөгөөд мөн шүүх рүү шилжүүллээ гэдгээ мэдэгдсэн болно. ******* банкны кредит картаас авуулсан 8,000,000 төгрөг нь хугацаа хэтэрч алданги бодогдож явсаар 12,300,000 төгрөг болоод цаашид үргэлжлээд явж байгаа бөгөөд ******* банкнаас дахин зээл авах боломжгүй болсон. Бусад мөнгө нь надад өөрт байсан мөнгө учир ямар нэгэн хүү алданги байхгүй юм.

Иймд нийт авсан 26,000,000 төгрөг дээр нэмэлтээр 6,775,000 төгрөгийн хүү алдангийг нэмж нийт 32,775,000 төгрөг болж байгаагаас цагдаа дээр байх хугацаандаа өгсөн 10,000,000 төгрөгийг хасаж 22,775,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүү алданги нь бүгд баримттай болно. Мөн үндсэн өөрөөс гарсан мөнгөнд ямар нэгэн хүү бодоогүй болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

*******гээс 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл нийт 24 удаагийн гүйлгээгээр 21,410,000 төгрөг авсан ба 2023 оны 04 сарын 29-ний өдрийн 21 цаг 08 минутад 2 сая төгрөг, 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 07-08 цагийн хооронд *******гийн ******* тоот ******* банкны дансанд 10-13 сая төгрөгийг онлайн покерын данснаас хамт тоглож байгаад шууд шилжүүлж тухайн үед ******* өр хаагдлаа энэ чиний ашиг гэж 3 сая төгрөгийг 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 07 цаг 30 минутад шилжүүлсэн.

Мөн *******гийн Худалдаа хөгжлийн банканд 7 сая, 3 саяар миний эхнэр болох *******ийн данснаас шилжүүлсэн, *******, ******* нар нэг уурхайд хамт ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ хамт цахим мөрийтэй тоглоом буюу покер ррр2 гэдгийг хамт нэг ээлжид 14 хоног явах хугацаандаа тоглож байсан. Сүүлд өгч авсан мөнгөний хүү гэж маргаан үүсэж тухайн үед нэхэмжлэгч нь олон нийтийн сүлжээ ашиглан бичлэг болон пост оруулж эхнэр, ээж, дүү, хүүхдийн зураг оруулж луйварчин, залилагчаар зарлан нэр төрд халдаж байсан. Дорнод аймгийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгагдаж залилан луйвар хийгээгүйн тогтоогдсон болно. Нийт өгсөн, авснаа харьцуулан үзэхэд тооцоо таарч байгаа.

*******гийн нэхэмжлэлдээ дурдсан ******* ХХК-аас авхуулсан гэх 6,000,000 төгрөг, Нөмөр банк бусаас авсан гэх 4,000,000 төгрөг, ******* банкны кредит картаас авсан гэх 8,000,000 төгрөгийг тус банк бусуудтай ******* нь гэрээ хийж зээл аваад *******ын данс руу шууд шилжүүлж тухайн зээлийг *******т өгөөгүй. Тухайн үедээ өөрөө хэрэгцээндээ авч тоглож байсан ба тухайн өдөр зээл авсан цаг тухайдаа *******ын данс руу шилжүүлсэн талаар нэхэмжлэгчийн өгсөн дансны хуулга болон нотлох баримтад байхгүй. Мөн *******ын дансны хуулгаар тухайн *******гийн авч, өгсөн гэх мөнгөн дүнтэй гүйлгээ хийгдээгүй байгаа тул ******* өөрийн хэрэгцээндээ зарцуулж авсан. Иймд тухайн нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 12,759,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 10,016,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 219,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 22,775,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас төлсөн 12,000,000 төгрөг, мөн нэхэмжлэгч нь хариуцагчид Бэлэг гэх утгаар шилжүүлсэн 1,200,000 төгрөг нийт 13,200,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэсэн тул үүнийг нэхэмжлэлийн шаардлага болох 22,775,000 төгрөгөөс хасахад 9,575,000 төгрөг болж байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас 12,759,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.2. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Зохигч хамтарч мөрийтэй тоглоом тоглодог байсан бөгөөд хариуцагч ******* нь мөрийтэй тоглоом тоглох зорилгоор нэхэмжлэгч *******гээс мөнгө авч байсан талаар дурдсан, улмаар дээрх хуульд зааснаар мөрийтэй тоглоом тоглоход олгосон зээлийг буцаан шаардах эрхгүй... гэж тайлбар гаргаж маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг мөрийтэй тоглоом тоглоход олгосон мөнгийг буцаан шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

******* эхлээд мөнгө авахдаа кредит картаас мөнгө аваад буцаагаад өгнө гэж авснаас тоглоно гэж аваагүй. ******* нь надад итгэл үнэмшил төрүүлсний улмаас энэ үнийн дүнд хүрсэн. ******* нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахад ******* нь хохирлыг ойр ойрхон төлөөд барагдуулна гэж мөрдөгчид хэлээд энэ хэргийг хаасан. Хэрэг хаагдсаны дараагаар ******* надтай ярихдаа мөнгийг буцаан өгөх боломжгүй байна шүүхээрээ яв гэж хэлээд алга болсон. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш надтай холбоо бариагүй, нэг ч төгрөг өгөөгүй. Анх нэхэмжлэл гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн, тухайн хугацааны хүү, алдангийг нэмж тооцоогүй. Анхан шатны шүүхээс гаргасан үнийн дүнг адилхан залуу хүмүүс гэж бодоод хүлээн зөвшөөрсөн. Одоо болохоор хохирлыг барагдуулахгүй гэж яриад байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 22,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, үндэслэлээ *******т 26,000,000 төгрөг зээлсэн, бусдаас зээлсэн мөнгөний хүү, алданги буюу хохирол 6,775,000 төгрөг болсон тул нийт 32,775,000 төгрөг төлөхөөс *******ын эхнэрийн төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж үлдэх мөнгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлдээ *******гээс 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл нийт 24 удаагийн гүйлгээгээр 21,410,000 төгрөг авсан боловч буцаан төлсөн, ...*******гийн нэхэмжлэлдээ дурдсан банк эрх бүхий этгээдүүдээс авсан зээлийг ******* өөрөөр гэрээ байгуулж авч, хэрэгцээндээ зарцуулсан болохоос зээлийг *******т өгөөгүй, шилжүүлсэн талаар нотлох баримт байхгүй гэжээ.

 

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1. ******* нь ******* банк дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас 2023 оны 04 сарын 03-ны өдөр 50,000 төгрөгийг emch hishig 200k гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 сарын 27-ны өдөр 260,000 төгрөгийг ******* 3,5m гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг bro bur 0,00 bolloo 4,85m гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 сарын 04-ны өдөр 1,000,000 төгрөгийг niit 6M гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 сарын 04-ны өдөр 2,000,000 төгрөгийг ******* 8M bolson shu bro гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөгийг ******* 8+1.2=9.2 beejin гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 19-ны өдөр 700,000 төгрөгийг ******* niit 15 say margaash ogno гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 20-ны өдөр 600,000 төгрөгийг hisih гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 20-ны өдөр 600,000 төгрөгийг beleg shuu turuunii 600k.tai hamt гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг ******* niit 26m margaash ogloo ogoorei гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 21-ний өдөр 300,000 төгрөгийг hishig 20,5m гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөгийг hishig niit 22m гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийг ki гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 23-ны өдөр 49,000 төгрөгийг kin гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 23-ны өдөр 200,000 төгрөгийг gishii mini 22,5 shuu гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 23-ны өдөр 300,000 төгрөгийг k******* 23M odoo bolson shu гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 07 сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөгийг ******* niit 25M гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 07 сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг ******* niit 26,5M гэх гүйлгээний утгатайгаар ******* банк дахь *******ын эзэмшлийн ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн байна. /хх-5-6, 11, 18-20, 23-34/

 

4.2. Мөн ******* нь ******* банк дахь өөрийн эзэмшлийн 5169288171 тоот данснаас 2023 оны 04 сарын 24-ний өдөр 200,000 төгрөгийг ******* undsen ni 500k bolloo гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 сарын 24-ний өдөр 300,000 төгрөгийг ******* niit 800k undsen гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг ******* 1650k bolloo гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 сарын 26-ны өдөр 300,000 төгрөгийг ******* гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг ******* 3M гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг ******* 4M гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөгийг ******* 2,8 gadna 1,5m гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 сарын 03-ны өдөр 1,800,000 төгрөгийг ******* 0,5+1,8+0,5=2,8 гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 сарын 10-ны өдөр 700,000 төгрөгийг ******* 9.2+0.7=10M гэх гүйлгээний утгатайгаар ******* банк дахь *******ын эзэмшлийн ******* тоот дансанд тус тус шилжүүлжээ. /хх-21, 51-52/

 

4.3. ******* нь ******* банк дахь өөрийн эзэмшлийн 5169496157 тоот данснаас 2023 оны 06 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг ******* niit 14 гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг hishig niit 17m гэх гүйлгээний утгатайгаар, мөн өдөр 1,000,000 төгрөгийг hishig 18,5m гэх гүйлгээний утгатайгаар ******* банк дахь *******ын эзэмшлийн ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн байна. /хх-22, 54-55/

 

4.4. Хариуцагч ******* нь эхнэр *******ийн эзэмшлийн ******* банк дахь ******* тоот данснаас 2024 оны 11 сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг ******* гэх гүйлгээний утгатайгаар, 2024 оны 08 сарын 06-ны өдөр 7,000,000 төгрөгийг ******* гэх гүйлгээний утгатайгаар ******* тоот дансанд шилжүүлсэн. /хх-47-48/

 

5. Дээрх үйл баримтаар хариуцагч нь нийт 30 удаагийн гүйлгээгээр нийт 25,959,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авч, үүнээс 12,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл нь нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрч хүсэл зоригийн хувьд талуудын хооронд хэн алиных нь гэрээ байгуулах хүсэл зориг нэгдсэн тохиолдолд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон буюу талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болдог.

 

6.1. Тиймээс зөвхөн мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн талуудын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь мөрийтэй тоглох зорилготойгоор энэ үйл баримт болсон буюу хамтран ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч хэргийн баримтаар зохигчийн хооронд тодорхой хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэгдсэн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

6.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу хөрөнгөө буцаан шаардах тохиолдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж тодорхойлсон.

 

6.3. Үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг ойлгох тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхэд хамаарна.

Иймд талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон гэх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 06 сарын 20-ны өдөр 600,000 төгрөгийг hisih гэх гүйлгээний утгатайгаар, 600,000 төгрөгийг beleg shuu turuunii 600k.tai hamt гэх гүйлгээний утгатайгаар нийт 1,200,000 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа байх тул хариуцагч ******* нь 1,200,000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй гэж дүгнэж 1,200,000 төгрөгийг хасаж тооцсон нь зөв болжээ.

 

7.1. Мөн анхан шатны шүүх хариуцагч *******ыг нийт 25,959,000 төгрөг буцаан төлөх үүрэгтэйгээс түүний 3 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчид өгсөн 12,000,000 төгрөг болон бэлэг гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 1,200,000 төгрөгийг тус тус хасаж тооцон, хариуцагчийг 12,759,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

7.2. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх болсон үндэслэлийн талаар талууд өөр байр суурь илэрхийлэн маргасан, хоёр талын үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, хариуцагч *******аас 12,759,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцсэн байх тул хариуцагчаас 12,759,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/01832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 271,825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН