Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00944

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 197/ШШ2026/04618 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 9,175,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, хүлээлгэн өгөөгүй шатны үнэ 5,175,000 төгрөг, нийт 9,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талууд 2022 оны 11 сарын 05-ны барилгын угсардаг шат 20 ком /40 хөл, 40 тушаа, 20 тавцан, 40 залгаа/-ыг 2022 оны 11 сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаатай, нийт 300,000 төгрөгөөр,

2023 оны 03 сарын 10-ны өдөр барилгын угсардаг шат 10 ком /20 хөл, 20 тушаа, 10 тавцан, 20 залгаа/-ыг 2023 оны 03 сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл,

мөн 2023 оны 03 сарын 31-ний өдөр аман хэлбэрээр тохиролцож барилгын угсардаг шат 10 ком /20 хөл, 20 тушаа, 10 тавцан, 20 залгааг/-ыг түрээслүүлэхээр, хариуцагч нь нэг ком шатыг өдрийн 1,500 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлөхөөр тус тус тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Хариуцагч нь гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар болон барилгын шатыг өдрийн 1,500 төгрөгөөр түрээслүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж, маргаагүй байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 12 шатны төлбөр болох 2,400,000 төгрөг /12 шат х 200,000 төгрөг/-ийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч нь *******-д олгож шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс шийдлийг хэвээр үлдээнэ.

 

6. Харин анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс түрээсийн төлбөрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

6.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч талаас нийт 40 ком шат авсан, мөн нэхэмжлэгч нь ...гэрээнд заасан хугацаанд ******* нь шатыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй учир 2025 оны 08 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч өөрөө очиж буцаан авсан гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж, маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

6.2. Анхан шатны шүүх хэргийн баримтаар талуудын хооронд бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээг үндэслэн шатыг түрээслүүлсэн, уг гэрээний хугацаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон байхад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй гэж түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон түүний эзэмшилд бодитоор байсан түрээсийн зүйлийн хөлсийг төлөхөөс татгалзах, чөлөөлөх үндэслэл болохгүй тул түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт тус тус нийцнэ.

 

6.3. Хариуцагчийн ...нэхэмжлэгч нь ******* ахтай харилцан тохиролцож шат, тавцанг үргэлжлүүлэх түрээсэлж авч үлдсэн, ******* ах нь ******* эко хотхоны захиалагч бөгөөд 2022 оны 11 сараас нэмж 20 шат надаар дамжуулан авч түрээслэн үлдсэн, ******* болон ******* нар хоорондоо тооцоо нийлж төлбөрөө тохирсон гэсэн тайлбар, татгалзал нь хэрэгт цугларсан бусад баримтаар дэмжигдэж, нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь түрээсийн гэрээний зүйлийг түр хугацаагаар ашиглаж, улмаар гэрээний хугацаа дуусгавар болоход буцаан өгөх үүрэгтэй ба талуудын хооронд байгуулсан гэрээгээр дамжуулан түрээслэх эрх олгосон, мөн нэхэмжлэгчээс бусдад шилжүүлэх талаар зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулсан хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардаж эрхтэй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

6.4. Анхан шатны шүүх 14 тавцан /26-12/, 39 тушаа /63-24/, 18 залгаа /66-48/-ны үнийн тарифын талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, ямар үнэлгээтэй болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж 2,775,000 төгрөгт тооцогдох төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж, 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт түрээсийн гэрээний хохирол шаардах эрхийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсэгт заасныг хасаж, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасан зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 197/ШШ2026/04618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 6,400,000 төгрөг гаргуулж, *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,775,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 53,350 гэснийг 117,350 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН