Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00945

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/05181 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 8,414,013.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,341,219.46 төгрөг, зээлийн хүү 1,033,539.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,253.96 төгрөг нийт 8,414,013.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...зээлийг хариуцагч өөрөө аваагүй, хувийн мэдээлэл, утсыг ашиглан ******* гэх этгээд хууль бусаар, нууцаар авсан, зээлийн тооцоолол алдаатай... гэсэн агуулгаар тайлбар гарган маргажээ.

 

3.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 9214333098 дугаартай банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр банк харилцагчийн хүсэлтийн дагуу харилцагчийг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд бүртгэх, зээлийн эрх нээлгэх банкны бүх төрлийн үйлчилгээг гэрээнд заасан сувгаар үзүүлэх, цахим банкны үйлчилгээнд бүртгэж, интернэт холболт бүхий төхөөрөмжөөр дамжуулан банкны үйлчилгээ үзүүлэх, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг зайнаас авах тохиолдолд ашиглагдах нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэрэг нь харилцагчийн баталгаат гарын үсэгтэй адил хүчин төгөлдөр болохыг талууд хүлээн зөвшөөрч, тухайн гэрээг бичгээр байгуулсантай адил хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан, энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд хэн аль нь маргаагүй. /хх-15/

 

5. Дээрх ерөнхий гэрээнд үндэслэн талууд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр МN580021002104699021 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 8,100,000 төгрөгийг жилийн 21.6, сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх17-20/

 

6. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй, цахим зээлийн гэрээнд талууд гарын үсэг зураагүй, зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

 

7. Учир нь, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар банк, эрх бүхий этгээдээ олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах ба хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цахимаар 8,100,000 төгрөгийн зээл авсан авсан нь дээр дурдсан хуулийн 421 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэгт ...эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно... гэж заасантай нийцсэн.

 

7.1. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт банк нь цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болохоор, 7.2 дахь хэсэгт цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болохоор, мөн эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн зээлийн гэрээнд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзэхээр зохицуулсан.

 

8. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн ба 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 9214333098 дугаартай банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу гэрээг цахим хэлбэрээр байгуулж, цахим гарын үсгээр баталгаажуулсан байх тул гэрээг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн МN580021002104699021 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******ээс шаардах эрхтэй.

 

9. Хэрэгт авагдсан дансны хуулга, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоос үзэхэд ******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 8,100,000 төгрөгийг зээлдэгч *******ийн дансанд шилжүүлэн өгч, үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч ******* нь зээлийн эргэн төлөлтөд мөн өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 758,780.54 төгрөг, хүүгийн төлбөрт 985,432.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,139.94 төгрөг төгрөг нийт 1,760,353.10 төгрөгийг төлсөн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчиж, улмаар 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

Зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 06, 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд төлбөрийн зөрчлийг арилгаж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид тус тус мэдэгдэж байжээ.

 

10. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан зээлийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцоолол гэсэн баримтаас үзэхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагч ******* нь үндсэн зээл 7,341,219.46 төгрөг, зээлийн хүү 1,033,539.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,253.96 төгрөг, нийт 8,414,013.40 төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээсэн болох нь тогтоогдсон, уг тооцооллыг хариуцагч баримт, тооцооллоор няцаагаагүй.

 

11. Ийнхүү зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, энэ тухай зээлдүүлэгч нь мэдэгдсэн боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******ээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,414,013.40 төгрөгийг шаардах эрхтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн зээлийг хариуцагч өөрөө аваагүй *******ийн хувийн мэдээлэл, утсыг ашиглан ******* гэх этгээд хууль бусаар, нууц аргаар авсан, энэ хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа... гэх тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

12.1. ******* нь дээр дүгнэснээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан ба зээлийн мөнгийг өөрийн дансаар хүлээн авч, улмаар 2-3 удаа зээлийн эргэн төлөлтийг өөрөө төлж байсан талаар тайлбарласан байх тул зээлийг өөрөө аваагүй гэж үзэх үндэслэлгүй.

 

12.2. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээнд зааснаар ...цахим банк үйлчилгээний нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, нэг удаагийн нууц дугаар, бусад баталгаажуулалтын хэлбэрийг чандлан хадгалах... үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, ийнхүү чандлан хадгалаагүйгээс үүсэх үүрэг хариуцагч *******т өөрт нь хамааралтай болно.

 

Түүнчлэн бусдад залилуулсан гэх хэргийг эрүүгийн журмаар шалгаж, хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч хариуцагч *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 8,414,013.40 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. 

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/05181 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******ээс 8,414,013.40 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******ээс 149,574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН