| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2019/0087/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа
Улсын яллагч: Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам
Шүүгдэгч: Ш.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.Эд холбогдох 1922002470109 тоот хэргийг 2019 оны 10 сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1974.04.24-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р баг “Ихэр дал” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, /РД:....................../ …................. овогт Ш.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтыг шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ш.Э нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2019.09.17-ны иргэн Эрдэнэсүхийн гэх хороон дээр иргэн Д.Амгаланбаатарын толгойн тус газарт чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 9 сарын 17-ны өдөр хохирогч Д.Амгаланбаатарыг “манай хонийг тэмдэглэсэн” гэх шалтаг хэлж маргаан үүсгэн, улмаар чулуугаар толгойн дагз хэсэгт нь цохиж Б.Амгаланбаатарын дагз баруун чихний ар төвгөрт шарх гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Ш.Э-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргийн талаар шударгаар хэлж мэдүүлсэн мэдүүлэг /хх-59-60/, хохирогч Д.Амгаланбаатарын мэдүүлэг /хх-5-6/, гэрч Л.Соёлмаа /хх-13-14/, Ж.Энхцэцэг нарын мэдүүлэг /хх-10/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-22-23/зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Эийн төрсөн хүү 16 настай Э.Мижиддорж гэгч нь Ш.Э, Д.Амгаланбаатар нарын маргаан дундуур орж, “манай аавын өөдөөс томроод байгаа юм уу” гэх шалтгаар Д.Амгаланбаатарын шанаан тус газарт цохьсон болох нь хохирогч Д.Амгаланбаатар, гэрч Л.Соёлмаа нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний энэхүү үйлдлийн улмаас Д.Амгаланбаатарын бие махбодид гэмтэл тодорхойлогдоогүй нь шинжээчийн 2019.09.19-ний өдрийн 231 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Э, түүний хүү Э.Мижиддорж нараас Д.Амгаланбаатарын эрх эрх чөлөөнд халдсан үйлдэл нь нэг дор, нэг хохирогчийн эрүүл мэндэд халдсан боловч тус тусдаа сэдэлтээр үйлдсэн, нэг санаа зорилгоор нэгдэн бүлэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд прокуророос Ш.Э, Э.Мижиддорж нарын үйлдлийг тусд нь зүйлчилж, Э.Мижиддоржид Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүгдэгч Ш.Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Ш.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Амгаланбаатар нь “нүүдэл хийгээд завгүй байгаа, зардал болон эмчилгээний төлбөрөө мөнгөн хэлбэрээр авсан” гэж шүүхэд мэдэгдсэн ба шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, оролцоогүй болно. Хохирогч Д.Амгаланбаатар нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт шүүхэд гаргаагүй тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Ш.Э хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Д.Амгаланбаатар нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг Ш.Эөөс шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Ш.Эд цохиулсны улмаас Д.Амгаланбаатарын дагзны хэсгийн баруун тулд 6 см орчим хавдсан, 4 см орчим дугуй ил шарх , баруун чихний ар төвгөрт 3 см орчим ил шарх гэмтэл учирсан бөгөөд шархны анхдагч цэгцлэлт хийж, дагзны баруун ар хэсэгт 3.5 см-т 3 ширхэг оёдол тавьсан, баруун чихний арын төвгөр орчим 2.5 см-т 4 ширхэг оёдол тавьсан, хохирогч Д.Амгаланбаатар нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, эмнэлгээс гадуур эмчилгээ хийлгэсэн нь Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн мэс заслын тасгийн эмчийн тодорхойлолт, амбулаторийн карт, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-18-23/ тогтоогдож байна.
Хохирогчийн зүгээс нийт 420705 төгрөгийн баримт /хх-25-36/ гаргаж өгснийг судалж үзэхэд бензин шатахууны зардалд 330685 төгрөг, эм тарианы зардалд 90020 төгрөг зарцуулсан гэх баримт байна.
Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн зүгээс Д.Амгаланбаатарын ХААН банкны дансанд 2019 оны 9 сарын 30-ны өдөр 340000 төгрөг тушаасан баримт гаргаж өгсөн ба Ш.Э нь “өмнө нь 560000 төгрөг хохирогчид өгсөн, баримтаа мөрдөн байцаагчид аваачиж өгсөн” гэж мэдүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч нь “зардал болон эмчилгээний төлбөрөө мөнгөн хэлбэрээр авсан, 500000 төгрөг авсан” гэж мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
Иймд хохирогчийн мэдэгдсэнээр баримтаар нэхэмжилсэн зардал бүрэн нөхөн төлөгдсөн гэх боловч хохирогчид чухам хэдэн төгрөг хүлээлгэн өгсөн эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул Д.Амгаланбатарын эрүүл мэндэд учирсан гэм хорыг ариглгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж Ш.Эөөс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
3/ Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шүүхээс өмнөх шатанд санаачилгаараа зарим хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокурор хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналдаа “Ш.Эийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан уг саналтай яллагдагч танилцаж хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан /хх-69/ байна. Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч “Ш.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргаж, яллагдагчид санал болгосноос хөнгөрүүлэн ял оногдуулах болсон үндэслэлээ шүүхэд тайлбарлаж танилцуулсангүй.
Иймд дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, яллагдагч, прокурорын харилцан тохиролцсон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт Ш. Э-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Ш.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Амгаланбаатар “гомдолгүй” гэсэн, хохирогч Д.Амгаланбаатарт 340000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлд зааснаар Д.Амгаланбаатарын эрүүл мэндэд хохирол учирсан гэм хорыг иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ