Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01023

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/04210 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: хохирол 2,573,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч *******-нд холбогдуулан хохирол 2,573,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ өөрийн эзэмшлийн 0144 УНЛ улсын дугаартай автомашиныг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* байрны ******* орцны харалдаа автомашины зогсоолд хэвийн байрлуулсан, тус байрны дээврээс дээврийн зарим хэсэг болон нарийн хурц ирмэг бүхий үзүүртэй том хэмжээний төмөр зүйл унаж, автомашинд хохирол учруулсан, хохирлыг үнэлгээний байгууллагаар тогтоолгосон, ******* нь тус байрыг хариуцдаг бөгөөд байрны дээврийн засварыг СӨХ хийгээгүйгээс хохирол учирсан гэж тодорхойлсон.

Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ автомашины байрлуулсан зогсоол нь байрны гадаа байдаг автомашины зогсоол, дээврийн төмөр сайтар бэхлэгдсэн байсан, тухайн үед цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу их салхитай, ширүүн борооны улмаас дээврийн төмөр унасан байсан тул хохирлыг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* байрны ******* орцны 9 давхрын дээвэр хэсгийн тавцангаас дээвэрлэгээний зарим хэсэг унаж нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн 0144 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хэргийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна: 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, ...тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана гэж заасны дагуу хариуцагч Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах хэсэг болох орон сууцны барилгын дээврийн арчлалт, хамгаалалт, үйлчилгээг хариуцан зохион байгуулах үүргийг хуулиар хүлээсэн ба энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор бусдын эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгах үүрэгтэй тул ******* нь ******* дүүргийн *******хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлэх, хариуцах эрх бүхий этгээд гэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т аюулт үзэгдэл гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг ойлгоно гэж заасан.

 

2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсад түүний дотор Улаанбаатар хотын аль нэгэн дүүрэгт дээрх хуульд заасан аюулт үзэгдэл болсон талаар баримтгүй учраас нэхэмжлэгчид учирсан хохирлыг аюулт үзэгдлийн улмаас буюу хариуцагчаас үл шалтгаалах байгалийн давагдашгүй хүчний улмаас үүссэн хохирол гэж үзэх боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн ******* дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5059 дугаартай тогтоолд гамшигт үзэгдэл гэж дурдсан нь маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтоосон баримт гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******-аар 2 Б байрны гадна фасад дээврийн ажлыг улсын төсвөөр хийлгүүлж засуулсан, дээврийн ямар нэгэн гэмтэл байгаагүй гэж тайлбарлан давж заалдах гомдол гаргасан боловч *******-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын үр дүнг СӨХ хүлээн авах, ажлыг хүлээж авснаас хойш арчлалт хамгаалалтыг нь хариуцагч ******* хариуцах үүрэгтэй.

 

Иймд хариуцагч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны байшингийн дээврийг зохих ёсоор арчлан хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцагч ******* хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагч *******-ноос хохирол 2,573,200 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой шаардах эрхийн хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/04210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 497.1 гэсний дараа 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,121 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН