Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1483

 

 

 

 

 

 

 

 

 

“Даймонд файнанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00055 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Даймонд файнанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Отгонтөгст холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 104 405 666 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Пүрэвбазар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Базаррагчаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Нармандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.Отгонтөгс нь “Даймонд файнанс” ББСБ-аас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ 14/11/125 тоот зээлийн гэрээний дагуу 80 000 000 төгрөгийг, сарын 2,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж барагдуулах хугацааг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байхаар талууд харилцан тохиролцсон. Гэвч бид бүхэн зээлдэгч талын удаа дараагийн хүсэлт, хувийн болон санхүүгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл хугацаанд зээлээ эргэн төлөх боломжийг түүнд олгосон. Харамсалтай нь өдийг хүртэл бодитой үр дүн гараагүй бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэхээр байна. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ 14/11/125 тоот зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 80 000 000 төгрөг, хүү 23 253 667 төгрөг, нэмэгдэл хүү 1 152 000 төгрөг нийт 104 405 666 төгрөгийг зээлдэгч О.Отгонтөгсөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийн материалтай танилцаад хуулийн заалтууд болон надад гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

  • 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 23 253 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 152 000 төгрөг нийт 104 405 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679 984 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч О.Отгонтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679 984 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч О.Отгонтөгсөөс 679 984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.          

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базаррагчаа давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч болон иггэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох, талуудын тэгш эрх, мэтгэлцэх бололцоог хангалгүйгээр хийсэн ба хариуцагчийн хөдөө, орон нутагт ажлаар явж буй тухай болон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгөхийг хүссэн хүсэлт, баримтаа шүүхэд ирүүлсээр байтал хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 31714/11/125 дугаар гэрээгээр О.Отгонтөгст 80 000 000 төгрөг олгох тухай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг шүүх гүйцэтгэх захирал Д.Бямбажав баталсан байна гэж дүгнэжээ. Гэтэл энэхүү гэрээг Д.Бямбажав биш Г.Энхтогоо баталж, мөн зээлдэгчийг төлөөлж гарын үсэг тус тус зурж зээлийн гэрээг баталсан үйлдлийг хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 56 дyraap зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд шүүхээс Г.Энхтогоо батлаагүй мэтээр буруу дүгнэсэн байна. Шүүхээс талуудын хооронд гэрээ байгуулагдах үед ББСБ-ын захирлаар Д.Бямбажав ажиллаж байсан болох нь хавтаст хэргийн 16, 57 дугаар талуудад авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь зээлийн гэрээг Г.Энхтогоо баталж гарын үсэг зурсантай зөрчилдөж байна. Мөн гүйцэтгэх захирал Б.Бямбажав нь Г.Энхтогоод 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэл олгосон байх боловч энэхүү итгэмжлэлд гүйцэтгэх захирлын эзгүйд түүнд олгогдсон бүрэн эрхийг гэрээ хэлцэл байгуулах, компанийг төлөөлөх эрхийг олгож байна гэсэн нь ямар эрхийг олгож байгаа нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэл гаргах талаар дурдагдаагүй байна. Үүнтэй холбогдуулан гүйцэтгэх захирлын эзгүйд ямар эрх хэрэгжүүлдэг талаар банк бус санхүүгийн байгууллагын дүрэмд хэрхэн тусгагдсан талаарх баримт гаргуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно. Шүүхээс Г.Энхтогоогийн баталж гарын үсэг зурагдсан гэрээг Б.Бямбажав баталсан мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ..

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Даймонд файнанс ББСБ” ХХК нь хариуцагч О.Отгонтөгст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 104 405 666 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч “Даймонд файнанс ББСБ” ХХК нь 80 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч О.Отгонтөгс нь зээлийн төлбөрийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-7 дугаар тал/                                           

                                                                                                           

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Даймонд файнанс ББСБ” ХХК  нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

            Зээлдэгч О.Отгонтөгс нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй талаар талууд маргаагүй ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотолж мэтгэлцээгүй байна.

 

 Иймд анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 104 405 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Даймонд файнанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Даймонд файнанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбажаваас зээлийн хэлтсийн дарга Г.Энхтогоод компанийг төлөөлж түүнд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг олгосон, зээлийн гэрээг гүйцэтгэх захирал Б.Бямбажав баталсан байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд зээлийн гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбар  татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй талаархи хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримтаар нотлоогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ мөн баримтаар нотлоогүй байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтдаа “хариуцагч О.Отгонтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679 984 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан зөвтгөх нь зүйтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

2 дахь заалтын “… хариуцагч О.Отгонтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679 984 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн …” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679 980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ                                           

                             ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН                                                                                                  

                                                                                                     Г.ДАВААДОРЖ