Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ХШТ/17

 

                                                                              П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч П.Б, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1071 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1287 дугаар магадлалтай, П.Б-д холбогдох 2408016490909 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй,

... овогт П.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-гаас 4,620,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Б-д олгуулах, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамцны өөдөс, тасарсан гинжний хэсгийг эзэмшигч С.Б-д буцаан олгож, дүрс оношилгооны шинжилгээний хариу болох 4 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамцны өөдөс, тасарсан гинжний хэсэг, дүрс оношилгооны шинжилгээний хариу бүхий 4 ширхэг сиди-г хохирогч С.Б-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.Б, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч П.Б нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, ... автобусны буудлын авто зогсоол дээр хохирогч С.Б-тэй маргалдаж улмаар нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь зүүн зовхинд няцарсан шарх, баруун шуунд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэсэн байна.

Өмгөөлөгчөөс шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч С.Б сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хохирол 4,620,000 төгрөгийг шүүгдэгч П.Б-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Магадлалыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гардаж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-гаас хохирогч С.Б-гийн сэтгэцэд учирсан хохирол 4,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг заасан байна.

Хуулийн дээрх заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1,5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр заасан байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шүүх шинжилгээний байгууллага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заажээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна. Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заажээ.

Өмгөөлөгчийн зүгээс хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд тооцогдоно гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ХШТ/108 дугаартай тогтоолд “Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хууль болон журмаар зохицуулсан, мөн хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг хохирогчид танилцуулсныг үндэслэн анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй” гэж заасан байхад шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхээс мөрдөгчийн үйлдсэн хохирогч С.Б-д сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг үндэслэж түүний сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Улмаар шүүхээс мөрдөгчийн хохирогч С.Б-д Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хохирол 4,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өмгөөлөгчийн хувьд уг шийдвэрт гомдолтой байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1071 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалт, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ДШМ/1287 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 4,620,000 төгрөгийг шүүгдэгч П.Б-гаас гаргуулж, хохирогч С.Б-д олгуулж, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байхад хэрэгт мөрдөгч “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоосон нь дээрх хуулийг зөрчсөн байна. Энэ талаар хяналтын шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх талаар хууль хэрэглээний практик тогтсон байхад хоёр шатны шүүхээс өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нь энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарахгүй бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Б-гийн үйлдлийн улмаас хохирогч С.Б-гийн сэтгэцэд хор уршиг учирч болох бөгөөд энэ нь тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудалд хамаарч байх тул заавал эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх шаардлагагүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тайлбарт тодорхой тусгагдсан байна.

 Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх бүрэн боломжтой байх тул шийтгэх тогтоол, магадлалд “хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж заасан заалтад “сэтгэцэд учирсан гэм хорын хохирол” гэж нэмэн өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн П.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

2.Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, ... автобусны буудлын авто зогсоол дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Б-гийн нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь “зүүн зовхинд няцарсан шарх, баруун шуунд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл, зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан билээ.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3-т “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

 

Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүйгээс гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг шинжилгээний байгууллага хийж, дүгнэлт гаргахаар зохицуулжээ.

 

Тухайлбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т … заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэсэн байна.

 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1, 2.2-т “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн (Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйл) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ ... Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, шинжилгээний байгууллага нь практикт түгээмэл үйлдэгддэг Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан 5 төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийсний үр дүнд сэтгэцийн хор уршиг учирсан гэх дүгнэлт гаргасан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн хор уршгийн зэрэглэлийг хялбарчлан тогтоож болно.

 

Ийнхүү мөрдөгч нь шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан, уг хор уршиг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу аль зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлтийг хохирогчид танилцуулж, хүлээн зөвшөөрвөл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-д гарын үсэг зуруулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.

 

Харин “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шинжилгээний байгууллагын тогтоосон хор уршгийн зэрэглэлийг хохирогч эс зөвшөөрч, маргасан тохиолдолд шинжилгээний байгууллага хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг ердийн журмаар явуулж, дүгнэлт гаргана.

 

4.Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаагүй байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 4,620,000 төгрөгийг шүүгдэгч П.Б-гаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол аль зэрэглэлд хамаарахыг тогтоосны дараа шүүх сэтгэцийн гэм хорын хохирол гаргуулах асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1071 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1287 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

     Б.БАТЦЭРЭН

     М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ