Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Г нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 190 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н гаргасан давж заалдах гомдлоор, Л.Г нэхэмжлэлтэй, Монголын хуульчдын холбоонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Л.Г 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Журам болон хууль зөрчсөн сорилгын асуултаар шалгалт авсан нь хууль бус болохыг тогтоож, уг оноог нөхөн олгох, бодлогын шалгалт нь мөн журмын заалт зөрчсөн болохыг тогтоож, оноог нөхөн олгохыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 190 дугаар шийдвэрээр:

“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4-д заасныг тус тус баримтлан Л.Г нэхэмжлэлтэй Монголын Хуульчдын холбоонд холбогдох “Журам болон хууль зөрчсөн сорилгын асуултаар шалгалт авсан нь хууль бус болохыг тогтоож, уг оноог нөхөн олгох, бодлогын шалгалт нь мөн журмын заалт зөрчсөн болохыг тогтоож, оноог нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1 дүгээр зүйлийн 3-т заасан салбар эрх зүйн хүрээнээс хальж өөр өөр эрх зүйн салбараас асуулт оруулсан сорилго гэдгийг уг журмын 7.1-ийг эш татан шүүхээс үгүйсгэж байх боловч хууль хэрэглээний хувьд эхэлж 6.1-ийг хэрэглээд дараа нь 7.1 хэрэглэгдэнэ.

Тэгэхээр 6.1-т заасан шаардлагын хүрээнд 7.1-т заасан зорилгыг хэрэгжүүлэх ёстой тул буруу тайлбар хийсэн байна.

2.“Сорилгын шалгалттай холбоотой асуудлаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэжээ. Гэвч үнэлгээтэй холбоотой асуудлаар гомдол гаргах хугацааг тогтоосон байх бөгөөд сорилго нь журмын заалт зөрчсөн тухай буюу бусад асуудлаар гомдол гаргах хугацааны дотор гомдол гаргасан тул уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.“Бодлогын шалгалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэж үнэлгээнд өөрчлөлт оруулсан байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.

Иргэний эрх зүйн бодлогын хариулт нь шалгалтын хорооноос өгч байгаа хариулттай таарч байгаа тул уг оноог нөхөн авая, түүнчлэн эрүүгийн эрх зүйн бодлогыг мөн л зөв бодсон тул уг оноог авая гэсэн ч өгөхгүй байгаа нь журмын заалтыг зөрчиж байгаа хууль бус эс үйлдэхүй болно. Түүнчлэн шалгалтад өгсөн бодлоготой яг адил тохиолдлыг шат шатны шүүх өөр өөрөөр шийдвэрлэсэн талаарх шийдвэрийг гаргаж өгснийг шүүх үнэлж үзсэнгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

“Журам болон хууль зөрчсөн сорилгын асуултаар шалгалт авсныг хууль бус болохыг тогтоох, оноог нөхөн олгохыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн нэг шаардлага нь шүүхээр хянагдах боломжгүй шаардлага болно.

Учир нь дээрх шаардлагын үндэслэлээ “…сорилгын буюу тестийн шалгалтын даалгавар нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1 дүгээр зүйлийн 6.1.3-т заасан Үндсэн хууль, эрүү, иргэн, захиргааны эрх зүй ба эдгээр салбар эрх зүйн процессийн хүрээнээс хэтэрч олон улсын, хөдөлмөрийн, гэр бүлийн эрх зүйн асуултууд оруулсан, мөн асуултууд нь илэрхий алдаатай байсан…” гэж тодорхойлох бөгөөд энэ хүрээнд маргааныг шийдвэрлэх тохиолдолд шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч үр дагавар нь шалгалтад орсон бүх хүмүүст эерэг болон сөргөөр нөлөөлнө.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт “…бодлогыг дүгнэсэн шалгалтын бүрэлдэхүүний үнэлгээнд дүгнэлт хийх, үнэлгээнд өөрчлөлт оруулах эрхгүй…” гэж дүгнэснээс үзэхэд дээрх болон “бодлогын шалгалт нь журмын заалт зөрчсөн болохыг тогтоож, оноог нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийн дараагийн шаардлагыг ч шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэхээр байна.

Гэхдээ шалгалтын үнэлгээнд шүүхээс өөрчлөлт оруулах эрхгүй гэдэг нь зөв боловч харин үнэлгээг хэрхэн хийсэнд шүүх дүгнэлт хийх эрхгүй гэж үзэж болохгүй. Хэрэв шүүх шалгалтын бүрэлдэхүүний үнэлгээг огт дүгнэхгүй байх тохиолдолд дээрх шаардлагаар захиргааны хэрэг үүсгэх, нотлох баримт цуглуулах, улмаар хэргийг шийдвэрлэх нь ч утгагүй.

Тэр тусмаа тухайн маргаанд хамаарал бүхий үйл баримтад дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэдэг атал шийдвэрт “…үйл баримтыг тогтоохгүй…” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан “шүүх нэхэмжлэлийн …шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэдэгт хамаарч энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлжээ.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.3 дугаар зүйлийн 4.4.2-т комисс шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг баталж, түүний дагуу бодлогын даалгаврыг дүгнэхээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн бодлогын үнэлгээг тогтоосон аргачлалаар гаргасан эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжтой.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу бодлогын шалгалтын даалгаврыг дүгнэсэн шалгагчдын өгсөн онооны зөрүү хэд болох, илтэд зөрүүтэй байх тохиолдолд чухам ямар үндэслэлээр илтэд зөрүүтэй оноо өгсөн зэргийг тодруулан шалгах шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллагын сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан тул хэрэгт авагдсан баримтад үндэслэн шалгалтын үнэлгээнд зохих хэмжээнд дүгнэлт хийх байдлаар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд сорилгын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн атлаа холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд болон бусад үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжтой байсан ч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлж болох хэмжээнд тодруулж, шаардлагатай бол тэрхүү тодруулсан шаардлагад холбогдох нотлох баримтыг цуглуулсны дараа хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул маргааны зарим үйл баримтад дүгнэлт хийсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН