Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 473

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Г ийн А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У ,

Хариуцагч:  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Эмчилгээнд зарцуулсан 10.704.000 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас олгохоор шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С , Н.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Г.А би төрийн албанд 32 жил ажилласан бөгөөд сүүлийн 11 жил Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа болно. Г.А нь 2009 оноос эхлэн өвдөж, элэгний хавдар гэж оношлогдон элэг тайрах хагалгааг Нэгдүгээр эмнэлэгт 1 удаа, судас бөглөх эмчилгээг 3 дугаар эмнэлэгт 2 удаа, хавдарын эмнэлэгт 2 удаа, элэгний хавдар түлэх эмчилгээг хавдарын эмнэлэгт 2 удаа тус тус хийлгэсэн боловч элэгний хавдрын хэмжээ 1.3 см-ээс 5,2 см хүртэл томорсон.

Ингээд С эмнэлгийн шийдвэрээр БНСУ-ын А эмнэлэгт 2015 оны 3 ба 4 дүгээр саруудад 2 удаа явж эмчлүүлсэн юм. Миний гаргасан зардлын 9.646.873 төгрөг, 410913 төгрөг, 195163 /вон 1.74/, 60 хувь нийт 10.704.000 төгрөг болсон байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д ...магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна гэсэн заалтын дагуу эмчилгээнд явж ирээд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд зардлын тодорхой хэсгийг олгохыг хүссэн өргөдөл гаргасан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгөх тухай 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай албан тоотыг өргөдлийн хамт хүргүүлсэн байдаг.

Уг албан тоотыг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.М т эмчилгээний зардлын тодорхой хэсгийг олгох хүсэлт гаргахад Надад ийм боломж байхгүй, санхүүгийн эх үүсвэргүй, төсөвт тусгавал олгох боломжтой гэсэн хариуг өгсөн юм. Би дарга нартай биечлэн уулзахад шүүхээр яваад шийдвэр гаргуулчихвал өгнө гэдэг байсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэний хэргийн шүүх хуралдаан дээр ч гэсэн төсөвт суулгаж өгөхгүй байгаа тул олгох боломжгүй гэж тайлбарлаж байсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нар намайг хүлээж авч уулзахаараа яаж ийгээд хэдэн төгрөг олгож бололгүй яах вэ гэж хэлээд маш их итгэл төрүүлж, өрөөнөөсөө гаргадаг боловч өнөөдрийг хүртэл намайг хуурч өвчтэй миний эрх ашгийг хохироож байна.

Тухайлбал 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бичгийн доод буланд 2016 оны төсвийн төсөлд тусгаж саналаа ирүүлэх гээд тэмдэглэгдсэн байсан.

Би 2016 он гараад төсөвт тусгасан мөнгө олгогдох нь гэж итгэл төрөөд санаа амар 2016 он гаргасан гэтэл төсөвт тусгаагүй байсан. Одоогийн нэрээр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын эрх бүхий этгээд нь хуульд заасны дагуу төрийн албан хаагчид олгож болох мөнгөн төлбөрийг олгохын тулд холбогдох төсөвт суулгуулах үүргийг хүлээдэг атал энэ үүргээ биелүүлэхгүй байгаа, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгохоор шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Г.А миний эмчилгээнд зарцуулсан мөнгөний 60 хувь болох 10.704.000 төгрөгийг олгоход шаардагдах захиргааны акт гаргахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шийдвэр гаргуулах гэж нэхэмжпэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн Г овогтой А ийн нэхэмжлэлтэй хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох эмчилгээнд зарцуулсан 10.704.000 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгохоор шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Эрүүл мэндийн сайдын 2015 оны 119 дүгээр тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлэгдэх 39 өвчний жагсаалтыг шинэчлэн батлан гаргасан бөгөөд уг жагсаалтад орсон Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх шаардлагатай болсон иргэн нь Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ын дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад материалаа бүрдүүлэн өгч шийдвэрлүүлэх журамтай.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгаж байхыг Сангийн сайдад үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч Г.А нь Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу холбогдох баримт, материалаа бүрдүүлж Эрүүл мэндийн яаманд хандан гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн эмчилгээний зардлаа гаргуулан авах хууль зүйн зохицуулалттай тул манай байгууллага нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

... Одоогийн нэрээр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрх бүхий этгээд нь хуульд заасны дагуу төрийн албан хаагчид олгож болох мөнгөн төлбөрийг олгохын тулд холбогдох төсөвт суулгуулах үүргийг хүлээдэг атал энэ үүргээ биелүүлэхгүй байгаа, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас олгохоор шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Г.А ийн эмчилгээнд зарцуулсан мөнгөний 60 хувь болох 10704000 төгрөгийг олгоход шаардагдах захиргааны акт гаргахыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шийдвэр гаргуулах гэжээ.

Дөрөв. Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ... Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн Г овогтой А ийн нэхэмжлэлтэй хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох эмчилгээнд зарцуулсан 10.704.000 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгохоор шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.А нь Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан байх бөгөөд ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Солонгос Улсад элэгний эмчилгээ хийлгэн улмаар 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандан гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлын хөнгөлөлт авах хүсэлтийг гаргасан байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай албан бичгээр ...Г.А ийн өргөдлийг шилжүүлж байна. Хууль эрх зүйн хүрээнд судалж шийдвэрлэнэ үү гэсэн хариу өгсөн байдаг. Төсөв батлах эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас 2016 оны Нийгмийн даатгалын ерөнхий газрын төсөв, Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны төсөв, Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны зардлын 2016 оны төсвийн хуваарьт эмчилгээний зардлын мөнгө гэж огт хуваарилаагүй байсан.

Төсвийн тухай хуулийн дагуу батлагдсан төсөвт байхгүй мөнгийг олгох боломжгүй юм. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгодог мөнгө нь зөвхөн Монгол Улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд хамаарна түүнээс биш гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардал хамаарахгүй бөгөөд сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хориглосон байгаа.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно гэж хуульчилсан байдаг.

Мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны 47 дугаар тогтоолоор дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно гэдгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд гаргасан хуулийн зохицуулалтаар тухайн заалтыг өөрчлөхөөс өөр байдлаар, нийгмийн даатгалын төрөл бүрд байрших мөнгөн хөрөнгийг сан хооронд шилжүүлэх, ашиглах, захиран зарцуулж болохгүй гэж ойлгоно гэж тайлбарласан байна.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх иргэдэд эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу Эрүүл мэндийн яамнаас олгодог.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаал болон 2015 оны 119 дүгээр тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлэгдэх 39 өвчний жагсаалтыг шинэчлэн батлан гаргасан бөгөөд уг жагсаалтад орсон Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх шаардлагатай болсон иргэн нь Засгийн газрын 2011 оны 226 дугаар Тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ын дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад материалаа бүрдүүлэн өгч шийдвэрлүүлэх журамтай.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгаж байхыг Сангийн сайдад үүрэг болгосон байна.

Иймд 2016 оны батлагдсан төсөвт эмчилгээний зардлын мөнгө төсөвлөгдөөгүй мөн уг эмчилгээний зардал нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгогдох эмчилгээний зардалд хамаарахгүй бөгөөд Засгийн газрын 2011 оны 226 дугаар Тогтоолоор баталсан журмын дагуу холбогдох баримт, материалаа бүрдүүлж Эрүүл мэндийн яаманд хандан эмчилгээний зардлаа гаргуулан авах хууль зүйн зохицуулалттай байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас олгохоор шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Г.А ийн эмчилгээнд зарцуулсан мөнгөний 60 хувь болох 10704000 төгрөгийг олгоход шаардагдах захиргааны акт гаргахыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.А нь Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан байх бөгөөд ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20-ны өдрүүдийн хооронд Солонгос Улсад элэгний эмчилгээ хийлгэн улмаар 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандан гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлын хөнгөлөлт авах хүсэлт гаргасныг тус зөвлөл хүлээн аваад 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 75, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр албан бичгүүдээр ...Г.А ийн өргөдлийг шилжүүлж байна. Хууль эрх зүйн хүрээнд судалж шийдвэрлэнэ үү гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад шилжүүлсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас уг хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээ авсан байх ба 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/1665 дугаар албан бичгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд руу Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д тус тус заасныг үндэслэн 2016 оны төсвийн төсөл, 2017-2018 оны дунд хугацааны төсвийн төсөөллийн саналыг хүргүүлэхдээ 2016 оны төсөвт эмчилгээний төлбөрийн зардалд 119,761.0 мян төгрөгийг төсөвлөн тусгасан нь төсвийн төслийн танилцуулга, хавсралт хүснэгт болон холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч Төсөв батлах эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас 2016 оны Нийгмийн даатгалын ерөнхий газрын төсөв, Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны төсөв, Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны зардлын 2016 оны төсвийн хуваарьт эмчилгээний зардлын мөнгө гэж огт хуваарилаагүй болох нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сард баталсан 22 дугаар тогтоолын хавсралтуудаар нотлогдоно.

Хариуцагч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэгч Г.А ийн гадаад улсад эмчлүүлсэн эсэх болон эмчилгээний зардлын дүнгийн талаар огт маргаагүй бөгөөд харин Төсвийн тухай хуулийн дагуу батлагдсан төсөвт байхгүй мөнгийг олгох боломжгүй. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгодог мөнгө нь зөвхөн Монгол Улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд хамаарна түүнээс биш гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардал хамаарахгүй бөгөөд сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу хориглосон гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно гэж хуульчилсан бөгөөд мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны 47 дугаар тогтоолоор дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно гэдгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд гаргасан хуулийн зохицуулалтаар тухайн заалтыг өөрчлөхөөс өөр байдлаар, нийгмийн даатгалын төрөл бүрд байрших мөнгөн хөрөнгийг сан хооронд шилжүүлэх, ашиглах, захиран зарцуулж болохгүй гэж ойлгоно гэж тайлбарласан байна.

 Нэхэмжлэгчээс эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх хэдий ч хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагуудад хариу өгч байсан.

Тодруулбал 2016 оны батлагдсан төсөвт Төрийн албан хаагчийн эмчилгээний төлбөр тусгагдаагүй тул гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг шийдвэрлэх боломжгүй тухай хариуцагч байгууллагаас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/1071 тоот албан бичгээр нэхэмжлэгч Г.А д мэдэгдсэн бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2026 тоот албан бичгээр Эрүүл мэнд, спортын яаманд ...хуульд заасны дагуу олгогдох эмчилгээний төлбөрийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор баталсан журамд зааснаар Г.А /эмчилгээний зардлын 60% болох 21720000 төгрөг/ нарын нэр бүхий 6 хүний материалыг хавсралтын хамт хүргүүлж байсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлэгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна гэж заасан хэдий ч хариуцагч байгууллагын 2016 оны батлагдсан төсөвт эмчилгээний зардлын мөнгө төсөвлөгдөөгүй мөн уг эмчилгээний зардал нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгогдох эмчилгээний зардалд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эмчилгээнд зарцуулсан 10.704.000 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас олгохоор шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313, 2015 оны 119 дүгээр тушаалуудаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлэгдэх 39 өвчний жагсаалтыг шинэчлэн батлан гаргасан бөгөөд уг жагсаалтад орсон Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх шаардлагатай болсон иргэн нь Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ын дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад материалаа бүрдүүлэн өгч дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.4, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У ийн шүүхэд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Г.А ийн эмчилгээнд зарцуулсан 10.704.000 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас олгохоор шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,                       ШҮҮГЧ Д.ОЮУМАА