Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Өмгөөлөгч Г.Лхам, Ч.Сайнжаргал

Шүүгдэгч: И, О    нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И.О нарт холбогдох 1922002480114 тоот хэргийг 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт суманд 1979.07.04-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р баг Дар гэх газар оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД: ….................../ Ц овогт Ц-гийн И;

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт суманд 1980.06.06-нд төрсөн, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р баг Рашаант гэх газар оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:./ Б овогт Т.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

              ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ц.И, Т.О нар нь Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дар” гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

          -Хохирогч Т.О: 2019 оны 09 дүгээр сарын 14-нд манай эгч Болормаа шинэ гэр барьж найр хийсэн. 21 цагийн үед гэрээс гарахад И манай ах Хүүхэнтогоотой хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би очоод яаж байгаа юм гэтэл чи юу юм гээд зодолдож эхэлсэн. Тэгээд намайг доороо хийгээд зодоод байхаар нь гарыг нь хазчихсан юм. Тэгээд хүмүүс гарч ирээд салгаад байж байтал И ирээд ахиад намайг зодож эхэлсэн, тэгснээ миний чихийг хазаад тасдчихсан. Тэгээд Иийг эхнэр Мөнгөнхундага нь салгаад авсан. Би босоод миний чихийг тасдчихсан болохоор нь уур хүрээд очоод нэг цохиод дүү Бурмаагийнх руу явсан гэх мэдүүлэг /хх-9-11/

            -Хохирогч Ц.Иийн. Орой 21 цагийн үед гэрийн гадаа Хүүхэнтогоотой тамхи татаад сууж байтал О шилэн хүзүү рүү цохисон би босоод нэг цохьсон, тэгээд зодолдож эхэлсэн. Зодолдож байхад миний зүүн гарын шууны хэсэг, баруун гарын чигчий хурууг хазсан. Тэгтэл гэрээс манай эхнэр Мөнгөнхундага, хадам дүү Бурмаа нар гарч ирж салгасан. Тэгээд байж байтал Оирээд нүүр толгой хэсэг рүү хэд хэд цохьсон. Тэгэхээр нь дургүй хүрээд тонгорч унагаад чихийг нь хазсан гэх мэдүүлэг /хх-12-14/

            - Гэрч Т.Бурмаагийн:  Гадаа гэнэт л шуугилдаад эхэлсэн. Бид нар гараад хартал манай ах Отгонбаяр, И нар нь зодолдож байсан бид нар салгатал чихийг нь хазаад тасдчихсан байсан. Бид нар тэр хоёрыг салгачихаад ахыг гэрээс хойш авч яваад тайвшруулаад байж байтал И араас нь очоод дахиад зодоод байсан, тэрийг дахиж болиулчихаад цаг орой болсон байсан болохоор нөхөр хүүхдүүдтэйгээ гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-22-23/

          -  Шинжээчийн 2019.09.20-ны өдрийн 235 тоот: Т.Обиед зүүн чихэнд хазагдсан шарх, баруун зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, хацар шанаанд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-27-29/

          - Шинжээчийн 2019.09.20-ны өдрийн 234 тоот:  Ц.Иийн биед зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн шуунд шарх, зовхи, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь  бусдад зодуулсан  гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-34-36/ зэрэг баримтууд хамаарч байна.

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

 

Шүүгдэгч Ц.И, Т.О нар нь Т.О эгч, Ц.Иийн хадам эх болох Болормаа гэгчийн гэрийн найранд оролцсон, найрын үеэр гадаа тамхилж байсан Ц.И рүү шүүгдэгч Т.Онь “манай ахыг доромжиллоо” гэх шалтгаанаар  түрүүлэн довтолж, Ц.Иийг цохиж зодооныг эхлүүлж, харилцан зодолдсон байх бөгөөд уг зодооны улмаас хэн алиных нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-9-14/, гэрч Т.Бурмаагийн мэдүүлэг/хх-22-23/, шүүх эмнэлгийн шинжээчийн 234, 235 тоот дүгнэлтүүд, гэрэл зураг /хх-27-29, 34-36/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.И, Т.Онарын үйлдлийн улмаас хэн алиных нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг  хэн аль нь хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба ийнхүү зодолдсоны улмаас хэн алинд нь “ноцтой хохирол” учраагүй байх тул Ц.И, Т.Онарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.И Т.О нар нь харилцан зодолдож, Ц.И Т.О зүүн чихний дэлбэнг нь тас хазсан, Т.О нь Ц.Иийн зүүн шууны дотор дунд хэсэгт хазсаны улмаас 2019 оны 9 сарын 20-ны өдөр шинжээч эмч үзлэг хийхэд Т.Обие махбодид “зүүн чихний дэлбэнгийн доод хэсэгт эдийн дутагдал үүсгэсэн шарх, баруун хацрын төвгөр орчим 1х1 см, баруун эрүүний төвгөр орчим 2.1,8 см, баруун чихний цэцэг орчим 2х0,5 см, 1,5х0,5 см, баруун мөрний дээд хэсэгт 6х2,3 см талбайд зулгарсан зузаан хүрэн тав үүссэн. Зүүн нүдний алиманд 2-6 цаг, баруун нүдний эвэрлэгт 7-9 цагийн түшинд улаан шаргал шимэгдэж байгаа цус хуралт” гэмтэл учирсан; мөн өдөр Ц.И үзлэг хийхэд Ц.И -ийн бие махбодид  “зүүн нүдний дээд зовхинд хөхөлбөр хүрэн өнгийн цус хурсан, зүүн нүдний алиманд 7-10 цагийн түвшинд эвэрлэгт шимэгдэж байгаа улаан шаргал цус хуралттай, зүүн шууны дотор дунд хэсэгт 3,5х0,3 см нум хэлбэртэй тав үүссэн шархтай, тухайн шархыг тойрч 9х8 см талбайд хөхөлбөр шаргал шимэгдэж байгаа цус хуралт” гэмтэл  учирсан нь тогтоогдож байна.

Хохирогч Ц.И, Т.О нар нь хэн аль  нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, “гомдолгүй” гэсэн болно.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Ц.И, Т.Онар нь хариуцан арилгах үүрэгтэй, өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг харилцан шаардах эрхтэй байна.

Нэгэнт хохирогч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.И, Т.О нарын нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.И, Т.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхээс өмнөх шатанд хохирогчтой эвлэрсэн нь тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч Ц.И, Т.О нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-65-66/ тогтоогдож байна.

           Иймд дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ шударгаар мэдүүлсэн, хоорондоо эвлэрсэн зэрэг  байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, прокурортой тохиролцсон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Ц овогт Ц.И, Б овогт Т.О нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Ц.И, Б овогт Т.О нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүгдэгч Ц.И, Т.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, Ц.И, Т.О нар нь эвлэрсэн, төлбөр нэхэмжлээгүй,  гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 13 дахь хэсэг, мөн хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар хохирогч нарыг иргэний нэхэмжлэлээсээ татгалзсаныг хангаж, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахтай холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.И, Т.О нар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.И, Т.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ