| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 183/2021/01226/И |
| Дугаар | 210/МА2026/00701 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00701
2026 03 30 210/МА2026/00701
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00090 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******нарт холбогдох,
Түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалтад зарцуулсан зардал 200,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 75,000,000 төгрөг, нийт 275,000,000 төгрөг гаргуулах, түрээсийн объектоос нүүлгэн шилжүүлсэн эд хогшлоос 178 багц тавилга эд хогшлыг хүлээлгэн өгөх, 31 багц тавилга, эд хогшлыг засварлан өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр 150,000,000 төгрөг, нүүлгэлтийн зардал 15,697,150 төгрөг, эд зүйл хадгалалттай холбоотой зардал 7,620,000 төгрөг, нийт 173,317,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* болон *******-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №20141001 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, *******м.кв талбай бүхий объектыг өргөтгөлийн хамт 6 жилийн хугацаатай түрээслэхээр тохирсон.
1.2. Түрээслүүлэгчийн амаар өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр салгаж үл болох засан сайжруулалт гадна террас барьсан. Түрээслүүлэгч энэ тухай мэдэж байсан бөгөөд энэ талаар ямар ч мэдэгдэл өгөөгүй. Энэ мэтчилэн түрээслүүлэгчтэй нэгэнт 6 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан тул салгаж болохгүй засан сайжруулалтыг түрээслүүлэгчийн амаар өгсөн зөвшөөрлөөр 2014 оноос хойш шат дараатайгаар хийж ирсэн.
1.3. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №02/2020010202 дугаартай түрээсийн гэрээгээр түрээсийн объектыг үргэлжлүүлэн түрээсэлсэн. *******-ийн ******* захирлаас 2 жилийн хугацаандаа байр суллах ямарваа нэг асуудал гарахгүй биз дээ гэж асуусан. ******* захирал, би энэ компанийн тодорхой удирдах түвшний хүн байна даа, энэ үгэндээ эзэн болж чадах байлгүй дээ гэсэн учир түүнд итгэн караокены өрөө, гал тогоо зэргийг засан сайжруулахад нэмж хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа явуулсан.
1.4. Гэтэл түрээслүүлэгчийн зүгээс өмнөх түрээсийн гэрээний хугацаанд үзүүлдэг байсан дарамт шахалтаа мөн л үзүүлж ямар ч үндэслэлгүйгээр түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, объектыг суллаж хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж эхэлсэн. Манай компани *******-аас ирүүлсэн түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түрээслүүлэгчийн амаар өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр салгаж үл болох засан сайжруулалт буюу дотор засал, гадна террас барьж 200,000,000 төгрөгийн зардал гаргаснаа нэхэмжилнэ.
1.5. Мөн 2020 оны 02 дугаар сараас эхлэн Дэлхий даяар COVID-19 вирусын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хөл хорионы дэглэм тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. Энэ талаар түрээсийн гэрээний 10.1-д “Талууд энэхүү гэрээг байгуулснаас хойш үүссэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийн хамарсан дайчилгаа болон бусад аюул, дайны болон онц байдал зарласан гэх мэт/-ын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадахгүйд хүрвэл хариуцлагаac чөлөөлөгдөнө” гэж заасан. Гэвч бид түрээсийн төлбөрөө төлөөд байвал цаашид түрээсийн гэрээний хугацааг сунгаж үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж ойлгож байсан тул энэхүү онцгой нөхцөл байдлын үед ч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлж, түрээсийн төлбөрт 75,000,000 төгрөг илүү төлснөө нэхэмжилнэ.
1.6. Мөн ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн объект дотор байсан манай компанийн өмчлөлийн эд зүйлс (тавилга, эд хогшил)-ийг дур мэдэн нүүлгэн шилжүүлж, ачиж авч яваад эд зүйлсийг одоог хүртэл манай компанид тоо ёсоор, бүрэн бүтэн хүлээлгэн өгөөгүй.
Эд зүйлсийг Маршал таун орон сууцны хотхонд байрлах *******-ийн мэдлийн агуулахад хадгалуулсан байсны зарим эд зүйлсээ хүлээж авсан, ихээхэн хэмжээний эд зүйлс дутсан, хүлээж авсан цөөн хэдэн эд зүйлсийн ихэнх нь эвдэрч гэмтсэн, ашиглах боломжгүй болсон.
Манай компани 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зарим эд зүйлээ хүлээн авахад 31 нэр төрлийн эд хогшил эвдэрч гэмтсэн байсан тул уг эвдрэлтэй тавилга, эд хогшлыг засварлаж өгөх, эд хогшлоос дутсан 178 багц тавилга, эд хогшлыг бүрэн хүлээлгэн өгөхийг хариуцагч нараас шаардаж байна.
1.7. Иймд түрээслүүлэгчийн амаар өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр салгаж үл болох засан сайжруулалт буюу дотор засал, гадна террас барьсан зардал 200,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 75,000,000 төгрөг, нийт 275,000,000 төгрөгийг хариуцагч *******-аас, *******талбай бүхий 4 давхар түрээсийн объектоос ачиж авч явсан *******-ийн өмчлөлийн ресторантай холбоотой 570 багц тавилга, эд хогшлоос дутсан 178 багц тавилга, эд хогшлыг бүрэн хүлээлгэн өгөх, мөн 31 багц тавилга, эд хогшлыг засварлаж өгөхийг хариуцагч нараас шаардаж байна” гэжээ.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******нь *******-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний 1.5-д түрээслэгч нь түрээсийн объектод өөрийн үйл ажиллагаанд нийцүүлэн тохижилт хийхдээ аль болох салгаж авч болохуйцаар хийх бөгөөд заавал түрээслүүлэгчийн удирдлагаар танилцуулж, гарын үсэг, зөвшөөрөл авна, гэрээний 5.1-д түрээслэгч нь түрээсийн объектод өөрийн эрхлэн явуулах үйл ажиллагааны онцлогоос хамаарч цахилгаан, цэвэр болон бохир усны шугам, утасны үзүүр зэргийг татах нэмэлт гэрэлтүүлэг хийх, нэмэлт хана хийх зэргээр урсгал засвар хөрөнгө оруулалтын ажлыг өөрийн санаачлагчаар хийх тохиолдолд түрээслүүлэгчид мэдэгдэх, 5.2.2-т түрээслэгч нь түрээсийн объект түүний бүрдэл хэсэг болох инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт зэргийг хэвийн ажиллагаа комиссын бүрэлдэхүүнээр шалгуулан акт үйлдэн хүлээн авах бөгөөд түрээслэгч гэрээнд заасан зориулалтаар ашиглах явцад гарсан эвдрэл гэмтэл, доголдол гарсан тухай бүрт түрээслүүлэгчид мэдэгдэх гэж заасан бөгөөд манай компанид гэрээний хугацаанд ямар нэгэн мэдэгдэл санал гомдол ирж байгаагүй, террасыг бид өөрийн зардлаар буулгасан.
2014 оны түрээсийн гэрээ 6 жилийн хугацаатай байгуулсан, 2020 түрээсийн гэрээ байгуулснаар өмнөх 2014 оны гэрээ дуусгавар болсон. Террас нь салгаж үл болох засан сайжруулалт биш бөгөөд салгах бүрэн боломжтой, салгасан тохиолдолд нь дуусгавар болсон гэрээний дагуу хийсэн засан сайжруулалтын зардлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
2.2. 2020 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээний 1.1, 2.1, 3.1, 4.1-т тус тус заасны дагуу ******* нь түрээсийн объектыг өргөтгөлийн хамт нийтийн хоол, ресторан, караоке, паб үйлчилгээний зориулалтаар *******-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэхээр талууд харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч ******* нь түрээсийн объектыг өргөтгөлийн хамт *******-ийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд талууд ******* нь гэрээний 4.1-т сар бүрийн түрээсийн төлбөр нь 15,000,000 төгрөг, 4.6-д түрээслэгч нь гэрээний хугацаанд түрээсийн объектыг ашигласан эсэхээс, ямар нэгэн гэнэтийн үйл ажиллагаанаас үл хамааран түрээсийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хугацаанд төлнө, 7.2.1-д тухайн сар бүрийн 5-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн дансанд шилжүүлэх гэж тус тус заасны дагуу 2020 оны 01-р сараас 2020 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөр 90,000,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж, 2020 оны 07, 08, 09, 10, 11-р сарын буюу 5 сарын түрээсийн төлбөр болох 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн боловч 2020 оны 12 дугаар сараас түрээсийн талбайг чөлөөлж өгөх хүртэлх буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр болох 60,000,000 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгч *******-ийг хохироож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь 2020 оны 01 дүгээр сараас түрээсийн талбайг чөлөөлж өгсөн өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн гэрээ болон түрээсийн объектыг ашиглаж байсан нийт 15 сарын түрээсийн төлбөрт 225,000,000 төгрөг төлөхөөс 2020 оны 07 сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх 5 сарын түрээсийн төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар 10 сарын түрээсийн төлбөр болох нийт 150,000,000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн.
2.3. *******-аас *******-ийг түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн, нэхэмжлэгч төлбөр төлөх ямар нэг арга хэмжээ аваагүй, цаашид түрээсийн объектод үйл ажиллагаа явуулах эсэх, мөн цаашид түрээсийн төлбөр төлөхөөс татгалзсан, мөн 2020 онд нэхэмжлэгч ******* нь түрээсийн талбайд өөрийн компанийн үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага үүссэн тул талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцалсан.
Түрээсийн объектыг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч тал арга хэмжээ аваагүй тул 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч компанийн эрх бүхий этгээдүүдийг байлцуулан түрээсийн талбайд байрлах *******-ийн эд зүйлсийг мэргэжлийн нүүлгэлтийн компаниар түрээсийн барилгаас шилжүүлж, “*******” СӨХ-тэй өдрийн 30,000 төгрөгийн төлбөртэй түрээсийн гэрээ байгуулан *******-ийн эд хөрөнгийг хадгалсан болохоос *******-тай тохиролцож хадгалсан зүйл байхгүй, нэхэмжлэгч тал огт үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг анхаарч үзнэ үү.
Нэхэмжлэгч өөрийн эд зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд “*******” СӨХ-ийн ашиглалтын талбайгаас зөөсөн байдаг бөгөөд эхний өдөр нийт 175 багц эд зүйлийг зөөсөн, хоёр дахь өдөр 395 багц эд зүйлийг зөөсөн буюу нийт 570 багц тавилга, эд зүйлийг нэхэмжлэгч компани акт үйлдэн авч явсан болох нь эд зүйл хүлээлцсэн акт болон дүрс бичлэгээр нотлогддог болно. Нөгөөтэйгүүр эд хөрөнгө нь хуучирч муудсан хөрөнгүүд байсан бөгөөд *******-ийн зүгээс дээрх хөрөнгүүдийг мэргэжлийн нүүлгэлтийн компаниар зөөж, аюулгүй газар хадгалж байгаад тухайн байгаа байдлаар нь нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгсөн болохоос зориулалтын бусаар тээвэрлэн эвдэж гэмтээсэн зүйл огт байхгүй болно. Нүүлгэлтийн бичлэг болон бусад фото зургаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал “*******” СӨХ-ийн ашиглалтын талбайгаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 14-ний өдрүүдэд нийт 570 багц тавилга эд зүйлийг яаг тухайн үеийн байдлаар нь хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч ******* нь хууль зүйн үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******нь нэхэмжлэгч *******-тай ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, нэхэмжлэгч ******* болон *******-ийн түрээсийн гэрээ, түрээсийн байр, түүний эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн харилцаанд оролцоогүй буюу мэдэхгүй. ******* нь ямар нэгэн эд зүйлийг *******-ийн мэдлийн агуулахад хадгалуулсан зүйл огт байхгүй, нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн зүйл байхгүй болно. *******-ийн санхүүгийн албанд ажилладаг нягтлан *******нь *******-аас нэхэмжлэгч *******-ийн эд хөрөнгө хүлээлцэхэд хөндлөнгийн байдлаар байлцаж, хүлээлцэх баримтад гарын үсэг зурсан. Иймд *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
4.1. ******* нь 2020 оны 01 дүгээр сараас түрээсийн талбайг чөлөөлж өгсөн өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт түрээсийн төлбөрт 225,000,000 төгрөг төлөхөөс 75,000,000 төгрөг төлсөн, үлдэх 150,000,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээ цуцалсан байхад талбайг чөлөөлж өгөхгүй байснаас түрээсийн талбай дотор байх эд зүйлсийг мэргэжлийн байгууллагаар нүүлгэхтэй холбогдон 15,697,150 төгрөг, эд зүйлсийг хадгалсантай холбоотой 1,697,150 төгрөгийн зардал манай компаниас гарсан тул нэхэмжлэгчээс 173,317,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:
5.1. *******-ийн саналын дагуу түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатайгаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулсан тул нэмж 200,000,000 төгрөгийн засан сайжруулалтыг хийсэн.
5.2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 150,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь түрээсийн объектыг дур мэдэн албадан чөлөөлж, дотор нь байсан эд хөрөнгийг авч явсан. Үүний улмаас талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон.
5.3. Өнөөдрийн байдлаар тухайн түрээсийн объектод байсан манай эд хөрөнгүүд бүрэн, бүтэн эсэхийг мэдэхгүй. Түрээсийн талбайд байрлах эд зүйлсийг нүүлгэхтэй холбогдуулан гарсан 15,697,150 төгрөгийг ******* хариуцах үндэслэлгүй тул *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 112,214,877 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,000,000 төгрөг гаргуулах, 31 нэр төрлийн тавилга, эд хогшлыг засварлаж өгөхийг даалгах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-д холбогдох 178 багц тавилга, эд хогшлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч *******-ийн нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан 173,317,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,673,350 төгрөг, хариуцагч *******-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,123,7400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 719,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Түрээсийн төлбөрт төлсөн 75,000,000 төгрөгийг буцаан шаардсан шаардлагын үндэслэлээ нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 492.1, 492.1.1, 493.1-т заасны дагуу буцаан гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх нэгэнт ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул буцаан шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах замаар арилгах, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн тухайн төлбөр шилжүүлсэн цаг хугацаа нь Ковид-19 цар тахлын улмаас үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг төрийн байгууллагын шийдвэрээр хязгаарласан цаг хугацаа хамаарч нэхэмжлэгч объектыг зориулалтын дагуу ашиглаж, үр шим хүртсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд 75,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
7.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас 31 нэр төрлийн тавилга эд хогшлыг засварлаж өгөхийг даалгаж өгөхийг шаардлагыг эвдэж гэмтээсэн нь үзлэгийн тэмдэглэлээр эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.
Хэрэгт авагдсан нүүлгэлтийн видео бичлэгүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон эд хөрөнгийн жагсаалт зэргийг харьцуулан нүүлгэн шилжүүлэх үед тавилга эд хогшил эвдэрсэн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай шууд шалтгаант холбоотой юм.
Иймд, буруутай этгээдээр эд хөрөнгийг засварлуулах замаар зөрчлийг арилгуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нь Иргэний хуулийн 106.2 дахь хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхэд хамаарч байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэлд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
7.3. Нэхэмжлэгч нь хариуцагч *******-д холбогдуулан 178 нэр төрлийн тавилга, эд хогшлыг гаргуулах шаардлагын хувьд, бүх тавилга, эд хогшлыг *******-ийн мэдлийн агуулахад хадгалсан, тэдний ажилтнууд акт үйлдэн хүлээлгэн өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, эд хөрөнгийн жагсаалтаар тогтоогдсон. Хариуцагч *******нь тухайн жагсаалтаас дутсан 178 нэр төрлийн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид бүрэн хүлээлгэж өгсөн эсхүл “*******” СӨХ-д үлдээсэн гэдгээ нотолж, зааж чадаагүй. Шинжээчийн дүгнэлтээр, хариуцагч *******-аас гаргаж өгсөн гараар хөтөлсөн эд хөрөнгийн жагсаалт нь эргэлзээтэй, засварлагдсан буюу нөхөж үйлдэгдсэн байж болзошгүй ноцтой нөхцөл байдал тогтоогдсон тул уг эргэлзээтэй нотлох баримтаар тухайн маргаан бүхий 178 нэр төрлийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч тал бодитоор тухайн 178 нэр төрлийн тавилга эд хогшлыг хүлээж аваагүй, одоог хүртэл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулж авч чадахгүй хохирч байгаа тул Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулагдсан. 2022, 2023 он хүртэл түрээслүүлж байгаа объект нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан. Ковид-19 цар тахлын улмаас түрээсийн талбайг ашиглаж чадаагүй, 75,000,000 төгрөгийг илүү төлсөн гээд байгаа. 2014 оноос 2022 он хүртэл нэхэмжлэгч байгууллага үр шимийг нь хүртсэн. Үр шимийг хүртсэнийхээ дараа “энэ хэлцэл хүчин төгөлдөр бус байна, бид нар шаардах эрхтэй юм байна” гэж тайлбар гаргаад байгаа нь шударга ёсны зарчим буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан заалттай зөрчилдөж байна.
8.2. 31 нэр төрлийн эд хогшлыг эвдэж гэмтээсэн гээд байдаг боловч нэхэмжлэгч 2014 оноос хойш 6,7 жилийн хугацаанд тухайн тавилга, эд хогшил ашигласан тул цоо шинэ эд хогшил шиг яриад байгаа нь үндэслэлгүй. Бичлэг болон фото зургаас харвал тухайн тоног төхөөрөмж нь ашиглалтын шаардлага алдагдсан. Манай талаас тухайн эд хогшлыг зүгээр хадгалсан. Үнэхээр эвдэрч гэмтсэн зүйл байгаа бол нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй. Тавилга эд хогшлыг хүлээн авсны дараагаар эвдэрсэн байна, гэмтсэн байна гэдэг талаар ямар ч баримт бичиг, санал хүсэлт ирүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон *******нь тухайн тоног төхөөрөмж эд хогшлыг нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгсөн. Гэрчийн мэдүүлгээр “нэхэмжлэгч тал тоног төхөөрөмж эд хогшлыг авч явахдаа нэг бүрчлэн шалгаж авч явсан. Ямар нэгэн байдлаар эвдрэл, гэмтэл, дутуу байна гэх зүйл яриагүй” гэж хэлсэн.
8.3. *******-аас 178 багц тавилга, эд хогшлыг буцааж гаргаж өгөхийг даалгах шаардлагын хувьд, *******нь хариуцагч биш гэдгээр анхнаасаа маргасан. ******* нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан учраас түрээсийн гэрээг цуцлаад объектод байгаа тоног төхөөрөмжөө авахыг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй тул 04 дүгээр сарын 01-ний өдөр объектыг чөлөөлөх явцад *******-ийн эзэмшигч, хувьцаа эзэмшигчид оролцолгүйгээр гадаа машиндаа сууж байсан. Бид зөөвөрлөөд “*******” СӨХ-ийн талбайд гэрээний үндсэн дээр хадгалсан. *******нь *******-ийн ажилтан. *******-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь н.Ганжаргалын найз тул “эд зүйл хүлээлцэх гэж байна, туслаач” гэснээр *******байлцаж, бичлэг хийн эд хогшлыг хүлээлцэж өгсөн. Хүлээлцэж өгөхдөө өөрийн ажлын дугаар, албаны тамга дарсан асуудал байгаа болохоос *******нь хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Гараар бичсэн эд хөрөнгө хүлээлцсэн акт, компьютер дээр шивсэн эд хөрөнгө хүлээлцсэн акт гэж байгаа. *******нь гараар бичсэнээ ойлгомжтой болгохын тулд сүүлд шивсэн. Тусдаа акт биш, нэг акт гэж хэлдэг. Ямар эд хөрөнгө дутуу байгаа гэдгийг нэхэмжлэгч талаас нотолж чаддаггүй атлаа 178 багц л дутуу гэдэг. Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй байгаа тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
9. Хариуцагч “CH трейд” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
9.1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн “Түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагыг зөрчсөн байх тул мөн зүйлийн 318.4-т заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэн улмаар ЭХЭУБтХуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг өмчлөгч гаргахаар заасан гэж хууль, журмын холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь зөвхөн түрээслүүлэгчийн үүрэг мэтээр тайлбарласан нь буруу, энэ үүргийг гагцхүү өмчлөгч бус түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгүүлэхээр заасан. Шүүх ЭХЭУБтХуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдийг *******-ийг гэж тодорхойлон нэхэмжлэгч *******-ийг түрээсийн объектод засан сайжруулалт хийсэн зардлаа хохиролд тооцон хариуцагч компаниас нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.12-т дүгнэсэн нь үндэслэлгүй.
9.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилохдоо хэргийн оролцогчтой ямар харилцаатай, шинжилгээ хийхэд харшлах шалтгаан байгаа эсэх, захирамжид дурдсан асуудлаар тусгай мэдлэг бүхий этгээд эсэхийг тодруулж, хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулж баталгаажуулах ажиллагаа огт хийгээгүй, шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасныг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагч дүгнэлтийг зөвшөөрсөн гэх агуулгаар дүгнэлт хийж байгаа нь талыг барьсан дүгнэлт болсон, нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, өөрт учирсан гэх хохирлын хэмжээ, засан сайжруулалт хийсэн эсэхийг нотлох үүрэгтэй, нэхэмжлэгчээс гаргасан мемориалын баримт, дансны хуулгуудын гүйлгээний утга, зориулалт нь хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн өмчлөлийн объектод засан сайжруулалт хийсэн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
9.3. Шүүх нэхэмжлэгч компанийг Ковид-19 цар тахлын улмаас түрээсийн объектыг эзэмшиж, ашиглаж үр шим хүртээгүй гэж хэт нэг талыг барьсан, нотлох баримтгүй дүгнэлтийг хийсэн. Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын захирамжууд болон нийтэд илэрхий үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасны дагуу үнэлээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамжид "04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах” гэж заасан бол бусад захирамжуудад тусгай зөвшөөрөлтэй байгууллагын үйл ажиллагааг 07:00-22:00 цагийн хооронд явуулахаар цагийн хязгаартай тогтоосон байдаг болохоос үйл ажиллагааг бүрэн зогсоогоогүй. Харин Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдалд тодорхой цаг хугацааны хязгаартайгаар үйл ажиллагаа явуулж байсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийг 2020 оны 01-р сараас 2021 оны 04-р сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж, үр шим хүртэх боломжгүй байсан мэтээр нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч тал түрээсийн объектыг зориулалтын дагуу цагийн хязгаартайгаар ашиглаж байсан байхад *******-ийг *******-аас үл хөдлөх хөрөнгөө ашиглуулсны төлбөрт 150,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын хугацаанд түрээсийн төлбөрт төлөгдсөн 75,000,000 төгрөгийг “нэгэнт ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгосон атлаа, мөн тухайн хугацааны ашиглалт, эзэмшлийн төлбөр болох 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь ашиглаж, үр шим олоогүй гэж үзэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шалтгаант холбооны хувьд зөрчилтэй дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр cap хүртэл 225,000,000 төгрөгийг төлбөрөөс 75,000,000 төгрөгийг нь ямар хугацаанд хамааруулж түрээсийн төлбөрт төлөгдсөн гээд, 150,000,000 төгрөгийг нь ямар хугацаанд хамааруулж түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй гээд байгаа нь тодорхойгүй, нотлох үүргийн хувьд нэхэмжлэгч ******* нь ч Ковидын яг аль хугацаанд огт үйл ажиллагаа явуулж чадаагүйгээ баримтаар нотлоогүй байхад шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй юм.
Түрээсийн гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь талуудын хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохоос биш, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сараас түрээсийн талбайг чөлөөлсөн өдөр буюу 2021 оны 04 дүгээр 01-ний өдрийг хүртэл нийт түрээсийн төлбөрт 225,000,000 төгрөг төлөхөөс 75,000,000 төгрөг төлсөн, үлдэх 150,000,000 төгрөгийг тухайн хугацаанд объектыг эзэмшиж, ашигласан хугацааг буцаан гаргуулах боломжгүй тул үр шим хүртсэн эсэхээс үл хамааран төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу түрээслэгч ******* нь төлөх үндэслэлтэй.
9.4. Анхан шатны шүүхээс хариуцагчийг нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ямар нэгэн зөвшөөрөлгүй зөөвөрлөж, хадгалсан гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй.
******* нь өөрийн өмчлөх эрхийг саадгүй хэрэгжүүлж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй арга хэмжээ авах үүднээс нэхэмжлэгчээс түрээсийн объектыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид удаа дараа албан ёсоор мэдэгдэж байсан. Гэвч нэхэмжлэгч нь бусдын өмчлөл дэх өөрийн хөрөнгөө чөлөөлж өгөх үүргээ огт биелүүлээгүй. Улмаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар нэхэмжлэгч талын этгээдүүдийг байлцуулан нүүлгэн шилжүүлж, зориулалтын агуулахад хадгалалтын гэрээ байгуулан хадгалуулсан. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээдүүд нь тухайн нүүлгэлтийн өдөр нүүлгэлтийн талбай дээр байсан талаарх талуудын тайлбар, дүрс бичлэг зэрэг баримтууд хэрэгт байсаар байхад эд хөрөнгийг ямар нэг зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөж, хадгалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн түрээслэгч *******-ийн эд хөрөнгийг түрээсийн төлбөр төлөгдөхгүй байгаа хугацаанд хадгалж хамгаална гэсэн тохиролцоо байхгүй, ийм үүргийг ******* хүлээгээгүй болохыг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шийдвэрт өөрчлөлт оруулж, үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалтад зарцуулсан зардал 200,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 75,000,000 төгрөг, нийт 275,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч *******-д холбогдуулан, түрээсийн объектоос нүүлгэн шилжүүлсэн эд хогшлоос 178 багц тавилга эд хогшлыг хүлээлгэн өгөх, 31 багц тавилга, эд хогшлыг засварлан өгөхийг даалгах тухай шаардлагыг хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан гаргасныг,
хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь түрээсийн төлбөр 150,000,000 төгрөг, нүүлгэлтийн зардал 15,697,150 төгрөг, эд зүйл хадгалалттай холбоотой зардал 7,620,000 төгрөг, нийт 173,317,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэлийн дээрх шаардлагаас “31 багц тавилга, эд хогшлыг засварлан өгөхийг даалгах” шаардлагыг хариуцагч *******-д, “түрээсийн объектоос нүүлгэн шилжүүлсэн эд хогшлоос 178 багц тавилга эд хогшлыг хүлээлгэн өгөх” шаардлагыг *******-д холбогдуулан гаргасан талаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тодруулж тайлбарлажээ. /шүүх хуралдааны тэмдэглэл-3хх-138/
Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний маргаанд гэрээний тал бус гуравдагч этгээд болох *******-д холбогдуулан 178 багц тавилга, эд хогшлыг хүлээлгэн өгөх шаардлага гаргасан үндэслэл нь түрээсэлсэн объектод үлдээсэн тавилга, эд хогшлыг шаардсан уу, эсхүл өмчлөгчийн хувиар бусдын хууль бус эзэмшлээс тавилга, эд хогшлоо шаардаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, 178 багц тавилга, эд хогшлыг гаргуулах шаардлага, 138 багц тавилга, эд хогшлыг засварлан өгөх шаардлагууд нь гэрээний үүрэгт шаардаж байна уу, эсхүл өмчлөгчийн хувиар шаардаж байна уу гэдгийг тодруулснаар талууд маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
Мөн 31 багц тавилга, эд хогшил нь жагсаалтад байгаа гэх боловч тавилга, эд хогшлын нэр төрөл, шинж байдал, эвдэрсэн байдал тодорхойгүй, эвдэрсэн гэх тавилга, эд хогшлыг ямар байдалд сэргээн засварлахыг нэхэмжлэгч шаардаж байгааг хэргийн баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй, тавилгын үнэлгээ, түүнийг засварлах үнэлгээ тодорхойгүй байна.
178 багц тавилга, эд хогшлыг “*******” СӨХ-тэй байгуулсан гэрээний дагуу “*******” СӨХ-д хадгалж байгаа талаар хариуцагч тайлбарлан, түрээсийн гэрээ, мөнгө төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Гэтэл уг 178 багц тавилга, эд хогшил бодит байдалд хаана, хэний эзэмшилд байгаа талаар тодруулаагүй байна.
3.2. Анхан шатны шүүх түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалтын зардлыг хэрэгт авагдсан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг үндэслэн 112,214,877 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шинжилгээний байгууллага, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх ба уг маргаанд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээчээр томилж, үнэлгээний тайлан гаргасан. /1хх-43-44, 108-168/
Ийнхүү шинжээч томилохдоо дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна” гэж,
мөн зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэсний дагуу шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагаа хийсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймээс хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй.
3.3. Мөн хариуцагчаас гаргасан нүүлгэлтийн бичлэгт 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгчийн гарын үсэг зурагдаагүй зөрчил байна. /2хх-187/
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,115,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,585,611 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.ЦЭРЭНДУЛАМ