Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01024

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01528 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135,909,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь барилгын материал борлуулах, нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 605-0326 маркийн 69 ширхэг коридор өрөөний хулдаас, 605-0313 маркийн 80 ширхэг коридор өрөөний хулдаас, 605-0341 маркийн 75 ширхэг коридор өрөөний хулдаас, 605-0305 маркийн 76 ширхэг коридор өрөөний хулдаас, 605-0337 маркийн 79 ширхэг коридор өрөөний хулдаас, 961-03 32-С маркийн 14 ширхэг ханын хулдаас, 961-01 32-А маркийн 15 ширхэг ханын хулдаасыг *******-ийн захиалга, зөвшөөрлийн дагуу *******-д хүлээлгэн өгч бараа материал хүлээлцэх акт үйлдсэн. Гэрээний дагуу ******* нь төлбөрт 351,856,077.6 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор *******-д бүрэн төлж барагдуулах ёстой байсан ч нийт 4 удаагийн гүйлгээгээр 261,250,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 90,606,076 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд тухайн мөнгийг, алданги 45,303,039 төгрөгийн хамт нийт 135,909,078 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал чанарын шаардлага хангаагүй доголдолтой бараа нийлүүлсэн, мөн гэрээнд заасны дагуу бидэнд хүлээлгэн өгч акт үйлдээгүй, өөрсдийн дур зоргоор өөр этгээдэд барааг хүлээлгэж өгсөн, бид хариуцахгүй гэдэг ч тэдний хэлсэн гуравдагч этгээдэд барааг хүлээлгэж өгсөн, чанар байдлын талаар шалгаад хүлээж авсан, татгалзал үндэслэлгүй. Эвлэрэх нөхцөлийг хүлээн авах боломжгүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

*******-тай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 351,725,000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нийт 16,110 м.кв чанарын доголдолгүй шалны хулдаас хүлээлгэн өгөх үүрэг нэхэмжлэгч тал хүлээсэн. Бид гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу нийт 261,250,000 төгрөгийг урьдчилан төлж үлдэх төлбөрийг барааг бүрэн хүлээлцэх акт үйлдсэний дараа шилжүүлэн өгөх нөхцөлтэй байсан. Гэсэн хэдий ч ******* нь бидний зөвшөөрөлгүйгээр *******-ийн харилцагч *******-ийн агуулахад хулдаасыг буулгасан, тус агуулахын нярав тухайн бараа нь аль захиалга, аль гэрээний хүрээнд ирснийг мэдээгүй тул ачааг тоолж гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Гэрээний дагуу *******-д барааг хүлээлгэж өгөх үүрэгтэй, гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн үйл баримтыг зөвшөөрөхгүй.

Мөн дээрх шалны хулдаасыг задлах үед нийт барааны 15 орчим хувь нь гэмтэлтэй, хөлдсөн, хагарсан байсан тухай гомдлыг ******* гаргаж акт үйлдсэн, албан бичгийг бидэнд ирүүлсэн. Иймд хариуцагч нь гэрээний дагуу барааг манайд хүлээлгэж өгөөгүй, нийлүүлсэн бараа нь чанарын доголдолтой байсан тул гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ. Үлдэгдэл төлбөр 90,606,078 төгрөг, алданги 45,303,039 төгрөг, нийт 135,909,078 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэсэн хэдий ч бид гэрээтэй холбоотой үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр албан захидлаар тодорхой санал хүргүүлсэн. Чанарын шаардлага хангаагүй нийт барааны 15 хувийн хорогдлыг тооцож, үлдэгдэл төлбөрөөс суутган 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор үлдсэн төлбөрийг шилжүүлэх боломжтой болохыг мэдэгдсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу *******-аас 56,964,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78,944,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 838,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 442,772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу *******-аас 56,964,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,944,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, захиалагч тал гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол нийлүүлэгч буюу нэхэмжлэгч тал уг төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч ******* нь гэрээний зүйл болох хулдаасыг нийлүүлэгч буюу нэхэмжлэгч *******-аас хүлээн авсан гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр захиалсан бараа материалыг *******-д хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгч захиалсан бараа материалыг манайд хүлээлгэж өгөөгүй гэж маргадаг хэдий ч тус бараа материалыг хүлээн авсан *******-тай урьд гэрээтэй, гэрээний дагуу нэхэмжлэгчээс захиалсан бараа материалыг нийлүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд тус үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн.

 

Харин анхан шатны шүүхээс бараа материалыг хүлээлгэн өгөхдөө чанарын шаардлагатай холбогдох гарал үүслийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Тодруулбал, нийлүүлсэн бараа материалын чанарын шаардлагатай холбогдох гарал үүслийн гэрчилгээг холбогдох этгээдэд хүлээлгэн өгсөн болох нь бараа материалыг хүлээн авсан *******-ийн захирал *******н гэрчийн мэдүүлэгт тодорхой харагдаж байгаа юм. Гэрч ******* нь гэрчийн мэдүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******-аас хулдаасыг хүлээлгэж өгөхдөө дагалдах бичиг баримт, гарал үүслийн гэрчилгээ, хадгалах горим зааврыг өгсөн үү гэхэд, гэрч: өгсөн, бүгдийг гэж мэдүүлсэн байдаг.

4.2. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч талын ...нийлүүлэгч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, доголдолтой хөрөнгө шилжүүлсэн байсан гэх тайлбар үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Тодруулбал, гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагч талын тайлбарт дурдсанаар захиалгын дагуу нийлүүлсэн бараа материалыг 2024 оны 03 болон 04 дүгээр сард Дархан хотод баригдаж байсан барилгад ашиглахаар тээвэрлэн хүргэж задлах үед анх доголдлын талаар мэдсэн гэжээ.

Нэхэмжлэгч нь анх 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ямар нэгэн байдлаар доголдолтой холбоотой мэдэгдэл огт ирүүлж байгаагүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нийлүүлсэн бараа материал доголдолтой байсан талаар анх удаа албан бичиг ирүүлсэн. Гэтэл анх доголдлыг 2024 оны 03 болон 04 дүгээр сард мэдсэн гэх боловч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэх гаргах хүртэл хугацаанд буюу нэг жилийн хугацаанд огт мэдэгдэл ирүүлж байгаагүй нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нийлүүлсэн бараа материал доголдолтой талаар 2024 оны 03 болон 04 дүгээр сард мэдсэн гэх тайлбар гаргадаг хэдий ч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэх гаргах хүртэлх хугацаанд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй байна. Үүнээс үзвэл хариуцагч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн анхан шатны шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нийлүүлсэн бараа материал доголдолтой байсан талаарх албан бичигт дурдсан 15 хувийн алдангийг нэхэмжлэгч тал няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 7 төрлийн загвар, марк, өнгө бүхий хулдаасыг нийлүүлсэн байдаг. Үүнд: 605-0326 маркийн 69 ширхэг коридор, өрөөний хулдаас, цайвар шар өнгийн, 605-0313 маркийн 80 ширхэг коридор, өрөөний хулдаас, шаргал саарал өнгийн, 605-0341 маркийн 75 ширхэг коридор, өрөөний хулдаас, саарал өнгийн, 605-0305 маркийн 76 ширхэг коридор, өрөөний хулдаас, ногоон туяатай цэнхэр өнгийн, 605-0337 маркийн 79 ширхэг коридор, өрөөний хулдаас, цэнхэр өнгийн, 961-03 32-С маркийн 14 ширхэг ширхэг ханын хулдаас, цайвар хөх саарал өнгийн, 961-01 32-А маркийн 15 ширхэг ханын хулдаас, цайвар саарал өнгийн,

Харин хариуцагчийн тайлбар болон тус албан бичгийн хавсралтад дурдсанаар нийт бараа материалын 15% нь доголдолтой байсан гэжээ. Үүнд: 605-0326 маркийн 69 ширхэг коридор, өрөөний хулдаас, цайвар шар өнгийн, 15.9%-ийн доголдол, 605-0313 маркийн 80 ширхэг коридор, өрөөний хулдаас, шаргал саарал өнгийн 15%-ийн доголдол, 605-0341 маркийн 75 ширхэг коридор, өрөөний хулдаас, саарал өнгийн, 16%-ийн доголдол, 605-0305 маркийн 76 ширхэг коридор, өрөөний хулдаас, ногоон туяатай цэнхэр өнгийн, 17.1%-ийн доголдол, 605-0337 маркийн 79 ширхэг коридор, өрөөний хулдаас, цэнхэр өнгийн, 16.5%-ийн доголдол, 961-03 32-С маркийн 14 ширхэг ширхэг ханын хулдаас, цайвар хөх саарал өнгийн, 0%-ийн доголдол, 961-01 32-А маркийн 15 ширхэг ханын хулдаас, цайвар саарал өнгийн, 0%-ийн доголдол, үүнээс үзвэл нийт нийлүүлсэн бараа материалаас 961-03 32-С болон 961-01 32-А маркийн хулдаас нь доголдолгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй, хариуцагч нь үүнийг хүлээн зөвшөөрсөн байна.

Харин 605-0326, 605-0313, 605-0341, 605-0305, 605-0337 маркийн хулдаас нь доголдолтой байсан гэх хариуцагчийн тайлбар мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн ажилтан *******ийг гэрчээр асуулгасан. Гэрч нь Дархан хотод хулдаасыг анх задлахад биечлэн байсан гэх инженер бөгөөд хулдаас задалсан тухай бүр зураг авч, бичлэг хийн баталгаажуулж байсан гэж мэдүүлдэг. Үүнтэй холбоотой гэрч *******ийн rap утсанд үзлэг хийхэд барилгын талбай дээр шар өнгийн 3-4 ширхэг хулдаас задалсан бичлэг байдаг. Нэхэмжлэгч нь нийт 7 төрлийн хулдаас нийлүүлснээс шар өнгийн хулдаас нь зөвхөн 605-0326 маркийн хулдаас юм. Харин бусад нийлүүлсэн хулдаас доголдолтой талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн тайлбар мэдүүлэг нотлогдохгүй байгаа болно. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний нийт үнийн дүнгээс 15%-ийг хасаж тооцох тухай хариуцагчийн тайлбарыг хангаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх алдангитай холбоотой асуудлыг хариуцагчтай холбож шийдвэрлэсэн нь доголдол байсан учраас төлбөрийн хэмжээ хэд байх вэ гэдэг нь талуудын хооронд маргаантай байсан. Нэхэмжлэгч гэрээнд заасан үнийн дүнд таарсан санхүүгийн нэхэмжлэлийг бичиж өгөөгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч доголдолтой холбоотой үгүйсгэсэн баримтаа нотолж чадаагүй гэж үзсэн. Энэ дүгнэлтийг үндэслээд доголтой холбоотой хэдий хэмжээний төлбөрийг өгөх вэ гэдэг нь санал болгосон үнийн дүнд шийдэгдсэн. Анхан шатын шүүхийн шийдвэр гарах нь тодорхой болж байгаа учраас 37,976,220.65 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, алданги тооцох нь логикийн хувьд алдаатай байна. Алданги тооцсон хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 56,964,330 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингэхдээ гэрээний үндсэн төлбөрт 37,976,220 төгрөг гаргуулж, түүнд ногдох алдангид 18,988,110 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаас 37,976,220 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг нь доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай оролцсон.

******* нь доголдлыг нотлох зорилгоор гэрчүүд асуулгах, бараа материал задлах үеийн бичлэгт үзлэг хийлгэх болон нэхэмжлэгчийг гэрээний дагуу анхнаасаа хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэх баримтуудыг хэлэлцүүлсэн бөгөөд үүний үндсэн дээр зөвшөөрсөн хэмжээнд үндсэн төлбөрийг шийдвэрлэсэн.

Алдангитай холбоотой шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасны дагуу *******-д хүлээлгэн өгөх ёстой боловч гэрээний оролцогч бус *******-д хүлээлгэн өгснөөс асуудал үүссэн бөгөөд доголдлыг ч мөн тус компанийн эрх бүхий этгээдүүд баримтаар нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн. Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй, доголдолтой бараа материал нийлүүлсэн талаар маргасан байдлаас хамааран төлбөр төлөх үүргээ хойшлуулсан.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоо ширхэг бүхий материал нийлүүлээгүй, чанарын хувьд доголдолтой, гарал үүслийн гэрчилгээгүй, хил гаалиар оруулж ирсэн баримт нь илт зөрүүтэй байсан бөгөөд энэ талаар үндэслэл бүхий тайлбар нотолгоо гаргаагүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.

Харин анхан шатны шүүхээс алдангид 18,988,110 төгрөг гаргуулахдаа хугацаа хоцроосон нөхцөл байдал, доголдлын талаар дүгнэлт хийж, гэрээний дагуу хүлээлгэн өгч дагалдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй зэрэг тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатын шүүхээс алдангитай холбоотой дүгнэлтийг зөв дүгнэсэн. Иргэний хуульд зааснаар төлбөр төлөх үүрэгтэй этгээд хугацаанд нь биелүүлээгүй бол алданги тооцож шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 90,606,078 төгрөг, алданги 45,303,039 төгрөг нийт 135,909,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргаж буй тайлбартаа ...барааг бидний зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн ... нийлүүлсэн барааны 15 орчим хувь нь гэмтэлтэй, хөлдсөн, хагарсан байсан, тиймээс нийт төлбөрөөс 15 хувийн хорогдлыг тооцож, үлдэх хэсгийг төлөх боломжтой... гэж маргажээ.

 

3. Талууд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр барилгын бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* коридор, өрөөний хулдаас /марк-605-0326, 605-0313, 605-0341, 605-0305, 605-0337/, ханын хулдаас /961-03(32-C), 961-01(32-А) нийлүүлэх, хариуцагч ******* нь барааны үнэ нийт 351,725,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт 261,250,000 төгрөг, үлдэгдэл 90,475,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх-5-11/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

5. Гэрээ байгуулагдсан үйл баримт болон гуравдагч этгээд ******* нь барилгын материал болох хулдаасыг хүлээн авсан, хариуцагч нь барааны төлбөрөөс 261,250,000 төгрөгийг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барааг зохих ёсоор хүлээлгэж өгсөн эсэх, нийлүүлсэн бараа чанарын шаардлага хангаагүй, доголдолтой бараа байсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

7. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээний зүйл болох барилгын бараа материалыг *******-нд хүлээлгэн өгсөн, хариуцагч тал нь *******-тай хулдаас нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээтэй байсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хулдаасыг *******-д шилжүүлэн өгснийг хариуцагч талд шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр маргах боловч *******-д бараа материалыг хүлээлгэн өгснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, гэрээний төлбөрт нийт 261,250,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн үндэслэлд хамаарах тул гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

8. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн боловч хариуцагч талын нийлүүлэгч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэх тайлбар үндэслэл бүхий байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Тодруулбал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь дээрх хуульд зааснаар 6 сарын дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учраас доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

9. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасан барааг хүлээлгэн өгөхөд хариуцагч нь өөрөө хүлээж авч, барааны доголдлыг тухайн үед илрүүлэх боломж байсан боловч хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийг зөвтгөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч тал нийлүүлсэн барааны 15 орчим хувь нь гэмтэлтэй, хөлдсөн, хагарсан байсан, энэ доголдлыг барааг задлах үед буюу 2025 оны 03 дугаар сард *******-аас барааг задлах үед мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн доголдол нь анхнаасаа буюу бараа нийлүүлэх үед байсан доголдол, эсвэл барааг хүлээлгэн өгсний дараа агуулахад байх хугацаанд үүссэн доголдол эсэх ялгаж тодорхойлох боломжгүй, дээрх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй.

Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10. Талуудын байгуулсан гэрээний 2.6-д Бараа нийлүүлэх хугацаа хоцорсон тохиолдолд төлөх алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 45,303,039 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч хариуцагч *******-аас 135,909,078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01528 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-аас 135,909,078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 442,772 гэснийг 837,495 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 553,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН