| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/09487/И |
| Дугаар | 210/МА2026/00734 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00734
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2026/00901 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 162,120,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие *******2014 онд танилцаж, хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү *******, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүү *******нар төрсөн. ******* нь эрүүл байх үедээ миний биед гар хүрдэг, жижиг, сажиг зүйлээс болж маш их маргалддаг хоорондын харилцаа их муу болж хамтран амьдрах боломжгүй болж 2023 оны 12 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байна. Иймд хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн 2015 онд гэр бүл болсноос хойш 2019 оноос *******хаягт байршилтай 61,76 м.кв талбай бүхий орон сууцыг ипотекийн зээлээр худалдан аваад хамтран амьдарч эхэлсэн. Орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд зээлийг хааж дуусаад өмчлөх эрхийн гэрчилгээ *******нэр дээр гарсан. Бид 2021 оны 11 дүгээр сард өөр байранд нүүж орсон. Уг байрны одоогийн зах зээлийн ханш 1 м.кв талбай нь 3,500,000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд нийт 216,160,000 төгрөгийн 4 хэсэг буюу 162,120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн цагаас эхлэн хүүхдүүдээ асрах тал дээр адил тэнцүү оролцоотой явсаар ирсэн. Бид хэн хэн нь эцэг, эхийнхээ гэрт амьдардаг бөгөөд ээлжилж хүүхдүүдээ асарсаар өдийг хүрсэн. Миний зүгээс хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байгаа. Мөн сар бүр хүүхдүүддээ ээж дээрээ байх хугацаандаа зарцуулах хэрэглээний төлбөрийг төлсөөр ирсэн. Би хүү *******, *******нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй. Мөн хүүхдүүдээ өөрийн асрамжид авсан ч ямарваа нэгэн байдлаар ээжээс нь тэтгэлэг гаргуулах санаа бодолгүй байгаа.
2.2 *******хаягт байрлах орон сууц нь нэхэмжлэгч ******* бид хоёрын гэр бүлийн дундын эд хөрөнгө биш юм. Байрыг худалдан авахад урьдчилгаа төлбөрийг аав Мягмаржав бэлэглэж, банкны зээлээр худалдан авсан. Байрыг худалдан авснаас хойш сар бүрийн зээлийн төлөлтийг ээж, дүү, бид нарын хамтран явуулдаг бизнесийн орлогоор төлж байсан. 2024 оны 8 сард тухайн орон сууцны зээлийн үлдэгдлийг хааж, зарж борлуулсан. Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 162,120,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү *******, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******нарыг эх *******асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү *******, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг *******гээр тэжээн тэтгүүлж,
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******35,168,696.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 126,951,304 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 968,550 төгрөгийг гаргуулж, тус тус улсын орлогод оруулж, хариуцагч *******403,993 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэрлэлтийн харилцаанд суурилсан хайр сэтгэлийн үндсэн дээр үр хүүхэд төрүүлж, ийнхүү үр хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэх, тэдгээрийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах зэрэг эрх, үүрэг тэдгээрт үүсэж, улмаар хамтран амьдарч байх хугацаанд орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан байх тул үүнийг дан ганц хариуцагчийн хөдөлмөрийн үр шимээр бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин Эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй *******орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг төлж, зээлийг төлж байх хугацаанд талууд хамтын амьдралаа дуусгавар болгож тусдаа амьдарсан байх тул орон сууцнаас ногдох хэсгийг нэхэмжлэгчид тодорхойлох боломжгүй.
Учир нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тул орон сууцнаас бус талууд хамтран амьдарч байх хугацаанд бий болгосон мөнгөн хөрөнгө гэж үзэн орон сууцны урьдчилгаанд төлсөн 50,000,000 төгрөг, ипотекийн зээлд төлсөн 20,337,392.4 төгрөг нийт 70,337,392.4 төгрөгөөс нэхэмжлэгч *******т ногдох 50 хувь 35,168,696.2 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв...”гэж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч *******Хаан банкны дансны хуулга дээр 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Батхүүгийн төрсөн эцэг Мягмаржав анх маргааны зүйл болсон орон сууцны урьдчилгаа төлбөр 44 сая төгрөгийг *******дансанд гүйлгээний утга дээр “бэлэг” гэх утгатайгаар шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1.2-т “өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө” гэж заасны дагуу хуваарьт хөрөнгийг анхан шатны шүүх хариуцагч *******төрсөн эцгээсээ бэлэглэлийн журмаар хүлээн авсан хуваарьт мөнгөн хөрөнгийг гэр бүлийн дундын өмч гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн 20 дугаар тогтоолд: ... Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан гэр бүлийн хөрөнгө гэдэгт гэр бүлийн тухай тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-т зааснаар гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нөхөр, эхнэрийн, мөн зүйлийн 3.1.4.,3.1.5., 3.1.6-д заасан гэрлэгчидтэй хамт амьдардаг гэрлэгчдийн төрсөн, үрчилсэн, дагавар хүүхэд, төрөл, садангийн хүмүүсийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг хамааруулан ойлгоно.
4.2. Хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан "гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд" гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарна гэж тодорхой тайлбарласан байхад анхан шатны шүүх хариуцагчийн хуваарьт хөрөнгө, ипотекийн зээлэнд төлсөн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 108-р зүйлийн 108.1-т заасныг үндэслэн 50 хувийг нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХШХШ тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтыг зөрчиж байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01-р сарын 14-ний өдрийн 191/ШШ2026/00901 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
******* өөрийн аав, ээжтэйгээ хамтарч бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тасралтгүй хөдөлмөрлөсний эцэст зээлийн төлбөрийг төлсөн. Нөхрийнхөө ажлыг тасралтгүй явуулахын тулд тухайн үед өөрийн чадах бүхнээ зориулсан. Хамтран амьдарч байсан хугацаанд гэрлэлтээ батлуулах хүсэлт гаргасан буюу энэ талаар удаа дараа хэлж байсан. Гэвч тухайн саналыг хүлээж аваагүй тул гэрлэлтээ батлуулж чадаагүй. Түүнээс бидний дундаас гарсан 2 хүүхэд *******хүүхдүүд мөн. Яармагт байрлах орон сууцыг худалдан борлуулсны дараа миний бие ээжийнхээ гэрт нүүж очсон. Манай ээж 25 дугаар эмийн санд байрлах 31 дүгээр байр буюу хуучны 3 давхар байранд амьдардаг. Тухайн байр нь 2026 оны хавар дахин төлөвлөлтөд орохоор болсон буюу дахин төлөвлөлтөд орон хурлын шийдвэр гарсан. Мөн тухайн байранд манай ах гэр бүлийн хамт амьдардаг. Миний бие тухайн үед 2 хүүхдээ ээжийнхээ гэрт авч очсон. Байр дахин төлөвлөлтөд хамрагдаж, нураагдах үед манай ээж, мөн ахын гэр бүлийнхэн дахин төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа байгууллагаас өгсөн түрээсийн орон сууцанд амьдрах бөгөөд уг нөхцөлд миний бие 2 хүүхдийн хамт амьдрах газаргүй болж байна.
Миний бие мэргэжил дээшлүүлж, 2026 оны 01 дүгээр сараас 2026 оны 11 дүгээр сарыг дуустал Эх нялхас, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвд дүрс оношилгооны эмчээр нарийвчлан суралцаж байгаа учраас тус хугацаанд цалин хөлс авах боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр ямар ч байдлаар гарсан хүндэтгэж хүлээн авах болно гэжээ.
6. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
*******г төрсөн эцгээсээ бэлэглэлийн журмаар хүлээн авсан хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн, хуваан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулгыг гомдолдоо дурдсан. Харин нэхэмжлэгч, маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэх 162,120,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. *******, ******* нарыг 2015 онд гэр бүл болж, хүүхэдтэй болох үед *******эцэг нь “хүүхдүүдээ сайн сайхан амьдраасай” гэх агуулгаар гэр бүлд нь 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн 50,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд зориулан, ипотекийн зээлд хамрагдаж, маргаан бүхий 10 тоот орон сууцыг худалдаж авсан бөгөөд тухайн орон сууцанд 2023 он хүртэл гэр бүлийн хамт амьдарсан. Уг асуудалд талууд маргадаггүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д “ Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэгт зохицуулсан Гэр бүлийн хөрөнгийн эрх-ийн зохицуулалт нь гэрлэгчдийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгийн эрхэд хамаарах бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ бүртгүүлээгүй учир хуулийн энэ зохицуулалт нь талуудын хөрөнгийн маргаанд хамаарахгүй учир тухайн зохицуулалтыг талуудын маргаанд шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гомдолд дурдагдсан агуулгаар хэргийг шийдвэрлээгүй. Үүний дагуу орон сууцны ногдох хэсэг 161,000,000 төгрөгийг хуваах бус Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар талуудын дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн гэж дүгнэсэн. Анх шилжүүлсэн 50,000,000 төгрөг болон ипотекийн зээлийн төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг талуудад тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 162,120,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүүхдүүдийн асрамжийг эхэд үлдээж, тэтгэлэг төлнө, харин орон сууц гэр бүлийн дундын хөрөнгө биш тул ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Зохигчид гэрлэлтээ бүртгүүлэлгүй 2015 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү *******, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүү *******нар төрсөн. /1хх-10-11/
3.2. Эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, *******орон сууц 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******өмчлөлд бүртгэгдэж, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн А.Гэрэлтуяагийн өмчлөлд шилжсэн байна. /1хх-46/
4. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ батлуулаагүй боловч тэдний дундаас төрсөн хүүхдүүд *******, *******нарыг эх *******асрамжид үлдээж, эцэг *******тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т нийцнэ, хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй.
Харин хүү *******нь 5 настай байх ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг тогтоохоор заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаарх хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
5. Хариуцагч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваасан хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
5.1. Эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй *******орон сууцыг зохигчид хамтран амьдрах хугацаанд 2019 онд ипотекийн зээлээр удалдан авч *******өмчлөлд бүртгэгдэн 2024 онд бусдад худалдсан үйл баримтын талаар маргаагүй.
5.2. Анхан шатны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 162,120,000 төгрөг гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хариуцагч *******35,168,696.2 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Учир нь;
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй тул маргааны зүйл болох орон сууцыг хуульд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхгүй. Мөн уг орон сууц нь нэхэмжлэгч хариуцагч нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон боловч хариуцагч *******өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байхаас гадна талууд орон сууцыг хамтран өмчлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн, тухайн хөрөнгийг бий болоход нэхэмжлэгч хөрөнгө оруулсан гэх үйл баримт нотлогдоогүй байна.
Иймд “...шүүх орон сууцны урьдчилгаанд төлсөн 50,000,000 төгрөг, ипотекийн зээлд төлсөн 20,337,392.4 төгрөг, нийт 70,337,392.4 төгрөгөөс ногдох 50 хувь 35,168,696.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д нийцээгүй...” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хангагдана.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2026/00901 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү *******ыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг *******гээр тэжээн тэтгүүлсүгэй.” гэж,
3 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******162,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******тийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4 дэх заалтын “403,993” гэснийг “70,200” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 337,791 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ц.ЦЭРЭНДУЛАМ