Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00736

 

 

 

 

 

     2026          04            06                                     210/МА2026/00736                                          

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/09024 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д  холбогдох,

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 22,277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******маркын *******, *******, *******, *******, *******улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд *******-тай 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгалын хураамжийг төлсөн.  Дээрх машин механизуудыг  *******-тай тохиролцож түрээсээр ажиллах гэрээний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс Ховд аймаг Дарви сум дахь Хөшөөтийн нүүрсний уурхайд ажилласан.

1.2. Уг *******маркын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн  18 цаг 30 минутын үед уурхайн талбайд ажил гүйцэтгэж байхдаа тоосжилт их харагдах орчин хязгаарлагдмал байсан тул урд явж байсан *******маркын, 104 парк дугаартай, *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан.

1.3. *******-ийн менежертэй холбогдож ослын талаар мэдэгдсэн ба нөхөн төлбөр авах хүсэлт гаргаж шаардлагатай нотлох баримт материалуудыг цаг тухай бүрт хүргүүлсэн. *******-иас  4 сарын дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөхөн төлбөр олгох боломжгүй талаар шийдвэр гарсан.

1.4.  *******-аас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж хүргүүлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр, Хөшөөтийн нүүрсний уурхайн талбайд *******-тай түрээсээр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тус компанийн эзэмшлийн *******улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлын улмаас урдаа явсан *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргаж даатгалын зүйлд хохирол учруулсан байх ба уг тохиолдлыг танай компанийн зүгээс судалж, хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9.b, 4.22-т заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхээр байна гэх хариуг өгсөн.

 Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг дахин хянан шийдвэрлэх тухай албан бичгийг *******-нд хүргүүлсэн боловч даатгагчийн зүгээс  даатгалын тохиолдолтой холбоотой ослын судалгааны тайлан, бичиг баримт, холбогдох тайлбарууд ирүүлснийг бид хүлээн авч судалж үзээд татгалзсан шийдвэрийг гаргасан гэх хариуг тус тус өгсөн.

Иймд, ******* нь хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.13-д заасан нөхцөлийг зөрчиж нөхөн төлбөр олгохоос зайлсхийж байгаа тул нөхөн төлбөр олгоход шаардлагатай нотлох баримт материалуудыг хянаж үзэн гомдлыг шийдвэрлэж өгнө үү. *******-аас гаргасан хохирлын нийт дүн 22,277,500 төгрөг болно гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.*******-ийн эзэмшлийн *******маркын, ******* тээврийн хэрэгсэл нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймаг Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайд тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх тохиолдолтой холбоотой ослын судалгааны тайлан, бичиг баримт, холбогдох тайлбарууд ирүүлснийг бид хүлээн авч судалж үзээд нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзсэн.

2.2.Учир нь, даатгуулагчийн тайлбарлаж буй осол болсон гэдгийг тогтоосон ослын үеийн зураг, бичлэг, цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон тодорхойлолт зэрэг нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт материалуудыг даатгагчид ирүүлээгүй юм. Даатгуулагч нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийн материалуудыг бүрэн гүйцэд ирүүлээгүйгээс шалтгаалан жолооч ямар тээврийн хэрэгслийг, хэзээ, хаана ямар шалтгаан нөхцөлийн улмаас мөргөснийг тогтоох боломжгүй болсон буюу хохирлын шалтгаан тодорхойгүй, мөн цагдаагийн байгууллагаас ослын газарт үзлэг хэмжилт хийгээгүй, тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй байсан зэрэг нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

2.3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний онцгой анхаарах нөхцөл нь даатгалын тохиолдол үүссэн үед ослын газраас хөдлөхгүйгээр нэн даруй даатгагч руу 7575-2000 /24 цагийн турш ажиллана/ утсаар мэдэгдэж чиглэл авах, даатгуулагч даатгалын тохиолдлын үед ямар нэг шалтгаанаар нэн даруй даатгагчтай холбогдох боломжгүй болсон бол ослын газраас хөдлөхгүйгээр тухайн орчин нөхцөл, ослын учир шалтгааныг нотлохуйц зураг, бичлэг хийж баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ даатгуулагч та дээрх онцгойлон анхаарах нөхцөлүүдийг дагаж мөрдөөгүй тохиолдолд нөхөн төлбөр авах боломжгүй болох эрсдэлтэйг анхаарна уу гэх гэрээний заалтыг даатгуулагч мөрдөөгүй юм.

Иймд, хариуцагч талаас нэхэмжлэгч *******-аас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 22,277,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******-иас 22,277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,337 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хариуцагч *******-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24/1269 тоот албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24/1589 тоот албан бичгүүдэд гэрээнд заасан хугацааны дотор даатгагчид мэдэгдээгүй, чиглэл аваагүй гэсэн нэг ч үг өгүүлбэр байдаггүй, гагцхүү цагдаагийн байгууллагын тодорхойлолт, ослын газарт үзлэг хэмжилт хийгээгүй, жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй гэдэг үндэслэлээр даатгалын төлбөр олгохоос татгалзсан байдаг. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд даатгалын тохиолдлыг даатгагчид мэдэгдээгүй бол дээрх хариунуудад дурдагдах ёстой байсан бөгөөд нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал *******ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд даатгалын тохиолдлыг мэдэгдсэн гэдгээ шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн. Хариуцагчийн зүгээс даатгалын тохиолдол гарснаас хойш 5 cap болон 7 сарын дараах хариунуудад огт дурдагдаагүй асуудлаар шүүх хийсвэрлэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.

4.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нотлох баримт болох энэ хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн этгээд болох “Алтайн зам” ХХК-ийн гаргасан “Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа”-г хуурамч, нөхөж хийсэн гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт огт байхгүй, хариуцагч ч хуурамч, нөхөж хийсэн гэж үзээгүй, мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

4.3.Хэргийн үйл баримтаас үзвэл даатгалын тохиолдол нь Ховд аймгийн төвөөс 210 км-ын зайд байрлах Хөшөөтийн уурхайд болсон бөгөөд Хөшөөтийн нүүрсний уурхайн нүүрс тээвэрлэлтийг “Алтайн зам” ХХК хариуцаж явуулдаг ба нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж, нэг ослоос болж тээвэрлэлт тасалдах боломжгүй байдгаас тээвэрлэлтийг хариуцсан хөндлөнгийн компани болох “Алтайн зам” ХХК ослын нөхцөл байдлын талаар судалгаа дүгнэлт гаргасан, мөн тус судалгааны “ослын газарт авсан арга хэмжээ” хэсэгт “үлээлгэх сорил хийсэн" гэж тодорхой тэмдэглэсэн, мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/4075 тоот албан бичигт нөхцөл байдлыг дүгнэж, даатгалын төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх гэж дүгнэснийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй гэж үзэж байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/09024 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед ослын талаар 24 цагийн дотор даатгагч талд мэдэгдэх ёстой байсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. Даатгалын компанийн хувьд даатгуулагчийн өгсөн материалыг шууд нөхөн төлбөр олгохоос татгалзах талаас нь хардаггүй. Нөхөн төлбөр олгоход талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан баримтуудын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэх тохиролцоо талуудын хооронд хийгдсэн байдаг.

5.2. Гэвч нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д заасан баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч тал тухайн ослын улмаас энэ 2 автомашин мөргөлдсөн гэх гэрэл зураг, видео бичлэг гэх мэт уг осол ийм нөхцөл шалтгааны улмаас гарсан гэдгийг тогтоосон баримтыг огт хэрэгт гаргаж өгөөгүй.

5.3. *******-ийн гаргасан ослын судалгааны актын тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ямар нэгэн гуравдагч этгээдийн ослын судалгааны актыг үндэслэж, нөхөн төлбөр олгоно гэх тохиролцоо огт хийгдээгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаалалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

   2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д  холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 22,277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “даатгуулагч даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр авахад бүрдүүлэх баримтууд бүрэн гүйцэд ирүүлээгүй, ослын шалтгаан нөхцөл тодорхойгүй, цагдаагийн байгууллагаас ослын газарт үзлэг хэмжилт хийгээгүй, тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй тул гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй” гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний тохиролцоог зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс хэргийн үйл баримттай холбоотой дүгнэлтийг буруу хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.  

3.1. Хэрэгт авагдсан, талуудын хооронд байгуулсан №24062097 дугаартай “Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-гээр нэхэмжлэгч *******-ийн эзэмшлийн *******ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй ******* арлын дугаартай, *******маркийн, 2021 онд үйлдвэрлэсэн, ******* улсын дугаартай С ангилалын, өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хариуцагч *******-иар даатгуулсан. /хх-25/

3.2. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт Хөшөөтийн нүүрсний уурхайн талбайд гарсан ослын улмаас даатгалын гэрээний зүйл болох хүнд даацын тээврийн хэрэгсэл ослын улмаас эвдэрч хохирол учирсан даатгалын тохиолдлыг хариуцагч *******-д мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлсэн.

Улмаар хохирол барагдуулах тухай хүсэлтийг хариуцагч *******-д хүргүүлсэн боловч нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу ирүүлснийг даатгуулагч эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, уг байгууллага даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг дахин хянан шийдвэрлэхийг *******-д мэдэгдсэн байна.

3.3. *******-д түрээсээр ажиллаж байсан нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт Хөшөөтийн нүүрсний уурхайн талбайд гарсан ослын улмаас эвдэрч даатгалын тохиолдол үүссэн эсэх, даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл бүрдсэн эсэх нь маргааны зүйл болсон.

3.4. Ослын шалтгааныг *******-иас томилсон Судалгааны баг шалгаж, “Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа” баримтад “2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 18.30 цагийн үед *******паркийн талбай руу явж байх үед урдуур явж байсан ******* парк дугаартай дампын хажуу талаар зөрөх үйлдэл хийхдээ тоосжилт их, харагдах орчин хязгаарлагдмал байснаас болж *******-н араас мөргөсөн осол гарсан. *******оператор анхаарал болгоомжгүй байсан ба парклах гэж хэт яаруу явсан тоосжилт их, операторын анхаарал болгоомжгүйгээс энэхүү осол гарсан” гэж тэмдэглэсэн.

4. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт “Гэм хорын даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд хохирол учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

4.1. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээгээр хүнд даацын тээврийн хэрэгслийг байгалийн, галын болон галаас үүдэлтэй тэсрэлт, дэлбэрэлтийн эрсдэл, зогсоолд байрлуулах, байх үеийн эрсдэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс даатгуулсан нь хуульд заасан гэм хорын даатгалын төрөлд хамаарч байна.

4.2. Нэхэмжлэгч талаас даатгалын тохиолдлыг судалсан *******-ийн Осол, осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа, осол гаргасан жолооч нарын тайлбар, “Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа” өгсөн баримт, тээврийн хэрэгслийн зургийн хамт *******-д хүргүүлсэн боловч хариуцагч ******* нь уг баримтыг үндэслэлгүй гэж маргасан.

4.3. Хариуцагч нь даатгалын мэргэжлийн этгээдийн хувьд ослын шалтгаан, холбогдох баримтыг судалж баримтаар няцаагаагүй атлаа осол болсныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоогүй, жолоочийн согтуурлыг шалгасан баримтгүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохгүй гэж маргасан нь үндэслэлгүй.

Учир нь, даатгалын гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох тус хүнд даацын тээврийн хэрэгслийг төв суурийн газраас алслагдсан газарт ашиглахыг мэдэх боломжтой ба уурхайн талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, тасралтгүй ажиллагаатай холбоотой нөхцөл байдлыг харгалзан даатгалын тохиолдлыг түрээслэгч байгууллагаас томилогдсон судалгааны баг судлан тогтоосон тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх зохигчийн даатгалын гэрээний онцлог, даатгуулсан зүйлийг хөдөө орон нутагт ашигладаг байдал, үүнтэй холбоотойгоор даатгалын тохиолдлыг судлан бүртгэхэд хязгаарлагдмал нөхцөл байдал байсныг тус тус харгалзахгүйгээр даатгалын тохиолдол бий болоогүй гэж буруу дүгнэснийг дээрх байдлаар залруулна. 

5. Харин Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлөх үүрэг хүлээх боловч гэм хорын даатгалын тохиолдлоос учирсан гэм хор, хохирлын хэмжээ тодорхой, маргаангүй баримтаар тогтоогдсон байх учиртай.

Гэвч даатгалын тохиолдол үүссэний улмаас тээврийн хэрэгсэлд чухам ямар эвдрэл гэмтэл учирсан нь тодорхойгүй, ослыг шалган тогтоосон баримтад тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл тусгагдаагүй, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг *******-иар засварлуулсан гэх боловч засвар хийх шаардлагатай эд анги, түүний үнэлгээ тодорхойгүй тул хэрэгт авагдсан уг компанийн бараа материалын зарлагын баримтаар хохирлын хэмжээг тооцон гаргах үндэслэлгүй байна. /хх-6-8/ 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд даатгалын зүйлд учирсан хохирол, хэмжээ тодорхойгүй, нэхэмжлэгчийн өгсөн тус баримтаар үүнийг эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх боломжгүй байна.

6. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/09024 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 ” гэснийг хасч “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,337 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.БАТЧИМЭГ

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ