| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 192/2025/07782/И |
| Дугаар | 210/МА2026/00737 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00737
2026 04 06 210/МА2026/00737
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/09815 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******холбогдох,
Нийтийн эзэмшлийн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******хороонд байрлах Туул гарден хотхон нь *******-ийн захиалгаар 14 давхар 57 автомашины дулаан зогсоолтой, 135 айлын хүчин чадал бүхий үйлчилгээтэй, орон сууцны зориулалтай барилгын ажлын зургийг Онцгой байдлын байгууллагаар хянуулж 27/5-*******дугаартай дүгнэлт авч, 20*******оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2018/236 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан. Тус хотхоны Сууц өмчлөгчдийн холбооны даргаар *******-ийн барилгын инженер *******нь 20*******оноос 2023 он хүртэлх хугацаанд ажиллуулсан. СӨХ-ны дарга *******нь Туул гарден хотхоны зоорийн В1 давхрын үндсэн барилгын төлөвлөлтийг өөрчилж, барилгын зурагт тусгагдаагүй нэмэлтээр зогсоол үүсгэж, зогсоол тойруулж гурван агуулах /склад/ барьсан.
1.2. Хариуцагч *******тухайн барилгын зоорийн давхрын автомашины дулаан зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй буюу эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхгүй байж нийтийн эзэмшлийн зам талбайд олон тооны буюу таван ширхэг автомашиныг орц, гарцад байрлуулж, бусад оршин суугчдын автомашиныг таглаж оршин суугчдын орох гарах хөдөлгөөнд саад учруулж байна.
Энэ талаар шаардлага тавихаар огт хүлээж авдаггүй, автозогсоол дотор агуулах барьж /склад/ дур мэдэн эзэмшиж, ашиглаж байна. Иймд хариуцагчийн эзэмшиж байгаа автомашинууд, агуулах /склак/-ыг нийтийн эзэмшлийн зам талбайгаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******нь *******2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр *******хороо *******тоот автозогсоолуудыг *******ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэж худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг үе шаттай төлж байгаа. Мөн *******автозогсоол буюу агуулах /склад/-ыг анх барилгыг барьж ашиглалтад оруулсан *******-иас худалдаж авсан. Дээрх автозогсоолуудын үл хөдлөхийн гэрчилгээ эрх бүхий байгууллагаас гараагүй байгаа тул тухайн автозогсоол, агуулах нь *******миний эд хөрөнгө мөн болно. Миний дээрх автозогсоол, агуулахыг зориулалтын дагуу өөрт ноогдсон хэмжээнд захиран зарцуулж байгаа билээ. Ямар нэгэн байдлаар бусад оршин суугч иргэдийн эрх ашгийг зөрчиж дур мэдэн орц, гарц хааж таглаагүй мөн галын аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй.
2.2. Мөн 2025 оноос эхлэн *******нь өмнө ажиллаж байсан *******гэх хүнээс *******-ны даргын ажлыг оршин суугчдын ямар нэг зөвшөөрөл, хурал, санал хураалтгүйгээр хийж байгаа нь хууль, дүрэм зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын зурагт тэмдэглэсэн *******дугаартай автозогсоолд барьсан агуулахыг нийтийн эзэмшлийн талбайгаас чөлөөлөхийг хариуцагч *******даалгаж, үлдэх нийтийн эзэмшлийн зам талбайгаас хариуцагчийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт *******ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын зургаас үзэхэд *******дугаартай автозогсоолыг ханаар тусгаарлаж агуулах болгосон байх бөгөөд *******дугаарын зэргэлдээ хоосон талбайг *******дугаараар тэмдэглэж, тээврийн хэрэгсэл байршуулдаг болох нь үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
*******-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг Онцгой байдлын байгууллагаар хянуулж 27/Б-*******дугаартай дүгнэлт авч, 20*******оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2018/236 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар “*******" ХХК-ийн захиалгатай зоорьтой 14 давхар 57 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээний 135 айлын орон сууцны барилгаар байнгын ашиглалтад оруулсан.
Үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбараар маргаан бүхий агуулахын баруун талд 17 дугаартай автозогсоол, зүүн талд 19 дугаартай автозогсоол байсан болох нь тогтоогдсон бөгөөд “*******-ийн барилгын зургийн *******дугаартай автозогсоолд агуулах барьсан үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь *******дугаартай автозогсоолын зориулалтыг өөрчилж агуулах барьж ашигласан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээгүй барилгын зургаас өөр газрыг *******дугаартай автозогсоол гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Харин *******-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын зурагт тэмдэглэсэн *******дугаартай автозогсоолын зориулалтыг өөрчилж, агуулахын зориулалтаар *******ашиглаж байгаа тул агуулахыг чөлөөлөхийг даалгах нь зүйтэй” гэж дүгнэсэн. Тус дүгнэлтээс үзвэл хариуцагч нь *******дугаартай автозогсоолыг агуулах болгосон үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, тухайн автозогсоол улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэл үнэн зөв гэх зарчмын хүрээнд улсын бүртгэлийн байгууллага холбогдох баримтыг үндэслэж тухайн автозогсоолыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан буюу хуульд заасан нийтийн эзэмшлийн талбай гэж бүртгэх үндэслэл тогтоогдоогүй учир уг автозогсоолыг хариуцагчийн нэр дээр бүртгэсэн. Түүнчлэн бүртгэлтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч тусдаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэх агуулгаар буюу тухайн автозогсоолыг хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх тул үүнийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэх байдлаар дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч нь агуулахын зориулалтаар босгосон ханыг зохих зөвшөөрөлтэй барьсныг баримтаар нотлоогүй байна” гэж дүгнэсэн.
Анхан шатны дээрх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, дээрх агуулахыг нийтийн эзэмшлийн талбайгаас чөлөөлөхийг *******даалгаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Агуулахыг *******бий болгоогүй бөгөөд уг СӨХ-ны өмнөх гүйцэтгэх удирдлага өөрөө барьж гүйцэтгэж, *******худалдсан байдаг. Иймд өөрийн худалдан авсан авсан агуулахыг нураах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Мөн *******-ны өнөөгийн гүйцэтгэх захирал нь өөрөө хувьдаа маргаан бүхий орон сууцны В1 давхарт 2 ширхэг агуулахыг эзэмшиж байгаа бөгөөд шударга ёсны зарчмын дагуу *******адил мөн л нийтийн эзэмшлийн талбайгаас чөлөөлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч тал маргаан бүхий автозогсоолыг улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэх гэж байна. Гэтэл 20*******оноос хойш автомашины зогсоолын орц, гарц хааж байгаа хариуцагчийн 5 автомашин тавьж байгаа хэсэгт улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй. Гэтэл шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед 2025 оны 11 дүгээр сард гэнэт гэрчилгээ гаргаж ирсэн. Мөн агуулахыг хэрхэн яаж чөлөөлөх талаар ойлгохгүй байна гээд байна. СӨХ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагчид өөрийн *******тоот автозогсоол дээр барьсан агуулахаа буулгаж, зориулалтын дагуу буюу автозогсоолоор нь ашигла, огт өөр хэсэг болох орц гарцны хажууд өөрөө *******гэж дугаарлаад орц гарц хааж, нийтийн эзэмшлийн талбайг ашиглаад байгаа талаар шаардлагыг удаа дараа тавьсан. СӨХ автозогсоолын байрлалд барьсан 3 агуулахыг эзэмшиж байгаа хүмүүст удаа дараа мэдэгдэж, тус бүрд нь тухайн агуулахыг чөлөөл гэх шаардлага тавьж байгаа буюу энэ талаарх асуудал энэ хэрэг маргаанаас тусдаа шийдвэрлэгдэнэ. Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн ашиглалтад оруулах комиссын “Мөнгөт цахиур” ХХК-ийн дүгнэлт дээр тусгагдсан *******тоот автозогсоолыг агуулах болсон байх үед нь худалдан авсан гэх баримт огт байхгүй байхад хариуцагч талын зүгээс тухайн автозогсоолыг худалдаж авсан гэх зүйлийн талаар яриад байдаг. СӨХ зөвхөн өөрийн *******тоот автозогсоол дээрээ автомашинаа тавь, агуулахаа буулга гэх шаардлагыг хариуцагчид тавьсан. Хариуцагч тухайн агуулахыг худалдан авсантай холбоотойгоор хэнд хэдэн төгрөг өгсөн, тухайн хүнээсээ иргэний шүүхийн журмаар хохирлоо нэхэмжилж авах боломжтой гэж үзэж байна. Харин үүнтэй холбоотойгоор СӨХ-нд ямар нэгэн мөнгө төгрөг төлсөн зүйл байхгүй. Мөн хариуцагч автозогсоолын орц гарц дээр байгаа хэсгийг өөрийн 2 автомашинаас гадна 3 оршин суугчид жилээр нь түрээслүүлсэн учир 3 оршин суугчид хохиролтой нөхцөл байдал үүсэж байгаа юм. Галын аюулгүй байдлын дүгнэлт болон автозогсоолын орц гарц дээр автомашин тавихгүй, автозогсоолыг зориулалтынх нь дагуу ашигла гэх дүгнэлтүүд гарсан бөгөөд тухайн баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл хариуцагч талын ярьж буй зүйлүүд огт бодит байдалтай нийцдэггүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан хариуцагчийн эзэмшиж байгаа автомашинууд, агуулах складыг нийтийн эзэмшлийн зам талбайгаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагч *******тухайн барилгын зоорийн давхрын автомашины дулаан зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй буюу эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхгүй байж нийтийн эзэмшлийн зам талбайд таван ширхэг автомашиныг байрлуулж, оршин суугчдын автомашиныг таглаж орох гарах хөдөлгөөнд саад учруулж байна” гэж тайлбарлаж,
Хариуцагч *******нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ “...110а байрны доорхи 59, 60 тоот автозогсоолуудыг *******ХХК-иас, *******автозогсоол буюу агуулах /склад/-ыг анх барилгыг барьж ашиглалтанд оруулсан *******-иас худалдаж авсан, гэрчилгээ гараагүй дээрх автозогсоол, агуулахыг зориулалтын дагуу өөрт ноогдсон хэмжээнд захиран зарцуулж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн болон нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэгч *******-ийн хариуцсан 110а байрны зоорийн давхрын зогсоолд хариуцагч автомашин дур мэдэн байршуулдаг болон дур мэдэн барьсан агуулахыг чөлөөлүүлэх агуулгаар шаардлагаа тодорхойлсон.
3.2. Хариуцагч нь *******автозогсоолын өмчлөгч гэж өөрийгөө тайлбарлаж байгаа боловч хэрэгт *******өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн *******хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, *******хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж, уг үл хөдлөх хөрөнгийг *******2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр эзэмшиж байгаа гэж тайлбарлаж байна.
3.3. Хэрэгт нэхэмжлэгчээс *******-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын нэгдсэн зоорийн байгуулалтын зургийг зогсоолын дугаарлалттай, дугаарлалтгүй байдлаар гаргаж өгсөн.
3.4. Маргаан бүхий *******тоот автозогсоол нь В1 давхарт байрлах зогсоолуудын аль хэсэгт байгаа үйл баримтын талаар шүүх тодруулж чадаагүйгээс маргааны үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
Шүүх дээрх баримтуудыг үндэслэн *******давхарт үзлэг хийж, зургаар баталгаажуулав гэсэн боловч үзлэгийн явцыг тэмдэглэлд тусгаагүйгээс үзлэгээр маргаан бүхий нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй болжээ.
Зохигчид барилгын зураг дээрх *******агуулах болсон, эсхүл автомашины зогсоол гэж өөр өөрөөр тайлбарлаж байхад, уг зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн 30 м.кв талбайн хэмжээ талуудын зааж байгаа зогсоол, агуулахын хэмжээтэй тохирч байгаа эсэхийг тодруулаагүй, “18” гэж тэмдэглэсэн зогсоолын хажуугийн зогсоолуудын дугаарлалт тодорхойгүй, агуулахын байрлал нь хаана байгааг тогтоогоогүй тул давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй.
4. Маргааны үйл баримт бүрэн тогтоогдсоноор шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүрэгтэй, ийнхүү тодруулснаар талууд тухайн шаардлагын хүрээнд бүрэн мэтгэлцэж, зохигчийн хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх юм.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/09815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ц.ЦЭРЭНДУЛАМ