| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2019/0006/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907001970067 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 37 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* ******* тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 12 сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн ******* овогт Д.О /РД: **********/
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ******* ******* тоотод танил найз Д.*******ийн зүүн даланд хутгаар хатгаж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим ******* ******* тоотод байрлах өөрийн гэртээ найз Д.*******ий зүүн даланд хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын өгсөн “....Би тухайн үед согтуу байсан. Миний хавирга хугарсан жаахан уцаарлангүй байсан. Тэгээд намайг доромжлоод байхаар нь жаахан айлгах санаатай мах хэрчиж байсан хутгаараа хатгасан. Бултчих байх гэж бодсон бултаагүй.” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ийн өгсөн“...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *******нд гадуур архи ууж яваад Д.Оийн гэрээр орсон. Д.О гэртээ халамцуу, мах чаначихсан байж байсан. Мөн цээжээ бариад “хөдөлж болохгүй байна” гэхээр нь “тоглоё” гээд жоохон татаж чангаасан чинь “яах гээд байгаа юм” гээд уурлангуй байж байснаа мах хөшиглөж байсан бор иштэй хутгаараа зүүн мөр орчим хатгасан. Зүүн далнаас бага зэрэг цус гарсан. Энэ үед *******а орж ирээд цагдаа дуудсан. Бид 2 хэрэлдэж маргасан зүйл байхгүй, бид 2-оос өөр хүн байгаагүй, одоо миний биеийн байдал зүгээр, ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг
/хх-ийн 13-17 хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.*******ын өгсөн “...Би болсон хэргийн талаар нарийн мэдэхгүй, намайг гэр рүү нь үдээс хойш ороход *******э, Д.О 2 согтуу сууж байсан ба *******ийн зүүн дал хэсгээр цус болсон байсан. Юу болсон талаар асуухад Д.Оийг “худлаа тоглоод байна” гээд татах гэхэд барьсан бор иштэй хутгаараа хатгасан гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ийн өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үдээс хойш 14 цаг өнгөрч байхад жижүүрээс “*******ны иргэн *******а залгаж байна манай хашаанд цуг амьдардаг төрсөн дүү Д.О найз *******ийн зүүн дал руу нь хутганы үзүүрээр хатгасан байна” гэхээр нь би дуудлагын дагуу 2 дугаар хороо руу явсан. Намайг очиход Д.О нь *******ийг хутганы үзүүрээр хатгасан гэж байсан ба “хутга хаана байна” гэхэд “угаагаад шургуулганд хийсэн” гэсэн. Бор иштэй гар хийцийн хутгыг мөн гэхээр нь авч явсан. Д.О, *******э нар согтуу байсан учир цагдаагийн хэлтэс дээр авч ирээд *******ийг эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 20-21 хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дугаартай
1. Д.*******ийн биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 24 хуудас/,
Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн хуудас
/хх-ийн 23 хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /Бор өнгийн иштэй хутга 1 ширхэг/ /хх-ийн 7 хуудас/,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.*******этэй сайн дураараа эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдаанд шүүгдэгч торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж торгуулын ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөх боломжтой болохоо илэрхийлсэн, улсын яллагч шүүх хуралдаанд торгуулын ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгуулын ял оногдуулав.
Шүүгдэгч Д.О нь хохирогч Д.*******этэй сайн дураараа эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.*******э, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын цагдаагийн хэлтэст 2019 оны 5 сарын 29-ний өдөр гарган өгсөн хүсэлт /хх-ийн 80 хуудас/-ээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулын ялыг гүйцэтгэх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, ажлын хэсэг нь 15 см урттай, 2 см өргөнтэй шар өнгийн гуулин хийц бүхий иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.От мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, ажлын хэсэг нь 15 см урттай, 2 см өргөнтэй шар өнгийн гуулин хийц бүхий иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН