| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/01613/И |
| Дугаар | 210/МА2026/00796 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00796
2026 04 13 210/МА2026/00796
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01541 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ болон автомашины зогсоол захиалан бариулах гэрээг байгуулан ******* дугаартай амины орон сууцыг 240,000,000 төгрөг, А эгнээний А02-9 байршилд байрлах дулаан зогсоолыг 20,000,000 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн барагдуулсан. Амины орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, автозогсоолыг 2024 оны 1 дүгээр улиралд хүлээн авч одоог хүртэл бодитоор эзэмшиж байна.
1.2. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т төлбөрөө 100 хувь төлж дуусгасан захиалагчид энэ гэрээний 5.1 -т заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш 1 нэг жилийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчид шилжүүлнэ” гэж зааснаар хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг болтол шилжүүлэн өгөөгүй. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 4 дүгээр сарын 28-ны өдөр, 5 дугаар сарын 12-ны өдөр, 7 дугаар сарын 07-ны өдөр, 12 дугаар сарын 07-ны өдөр амины орон сууцыг хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөх ажпыг 2023 оны 2 дугаар улиралд багтаана гэсэн боловч тогтоосон хугацаандаа хийж өгөөгүй. Түүнээс хойш ямар ч холбоо байхгүй, удахгүй гэдэг хариу өгдөг боловч гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Иймд ******* дугаартай амины орон сууц болон A эгнээний А02-9 байршилд байрлах дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг амины орон сууц болон автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 20-р хороо, хадатын ам хадаг Билла-2 хотхон А212 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус хотхоны А эгнээний А02-9 авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны А212 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хариуцагчаас хүлээн зөвшөөрч байна. Харин тус хотхоны А эгнээний А02-9 авто зогсоолын гэрчилгээ гараагүй байгаа учраас энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.2. Маргаан бүхий амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ иргэн *******нэр дээр гарсан байх тул түүний өмчлөх эрх энэхүү маргаанаар зөрчигдөж байгаа тул энэ хэрэгт гуравдагч этгээдээр Ц.Баасандоржийг оролцуулна. Мөн маргаан бүхий амины орон сууцыг төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор банкны барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөгдөж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох ******* дугаартай амины орон сууц, А эгнээний А02-9 байршилд байрлах дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаараа 2 (амины орон сууц, авто зогсоол) үл хөдлөх хөрөнгийн талаар шаардлага гаргасныг хариуцагч амины орон сууцтай холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч энэ тухайгаа 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа тодорхой дурдсан байхад буюу талууд амины орон сууцтай холбогдох хэсэгт огт маргаагүй байхад анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэн шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Шийдвэрт шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаар ямарваа нэгэн шаардлага тавиагүй бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бол хариуцагчид гардуулан тайлбар авах байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийм ажиллагаа хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан мэтээр дүгнэн шийдвэрлэсэнд хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.2. Гэрээний 3.1-т “Төлбөр 100 хувь төлөгдсөн болно”, Төлбөр төлөлтийн хувь: 240,000,000, 100%” гэж тохиролцож төлбөрийг 100 хувь төлсөн талаар гэрээндээ тодорхой тусгаж оруулсан байтал гэрээний төлбөр төлөгдөөгүй байна гэж шүүхээс дүгнэсэнд яаж ч бодоод ойлгохгүй байна. Мөн автомашины зогсоол захиалан бариулах гэрээний 1.3-т “Дулаан зогсоолын үнэ: 20,000,000 (хорин сая) төгрөг байна. Гэрээний төлбөрийг дараах байдлаар төлсөн. Үүнд: 17,000,000 төгрөгийг бэлнээр, 3,000,000 төгрөгийг хөнгөлөлтийн купоноор байна.” гэж, 1.4-т “... 100% төлсөн ...” гэж зааж, гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан талаар гэрээнд маш тодорхой, ойлгомжтой оруулж өгсөн байна.
Төлбөрийн асуудал хэрэгт авагдсан баримтуудаар төлбөр бүрэн төлөгдөж дууссан нь нотлогдон тогтоогдож байхад төлбөр төлөгдөөгүй байна гэж хийсвэрээр дүгнэн ямар ч баримт гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдөө оролцохоос зайлсхийсэн, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчид давуу байдал олгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01541 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна ...” гэж заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар тайлбар гараагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан амины орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч “*******” ******* ХХК нь “...амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, автозогсоолын гэрчилгээ гараагүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, маргаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн” гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******нь тайлбар, нотлох баримт гаргаагүй.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодруулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Нэхэмжлэгч нь Амины орон сууц болон автозогсоол захиалан бариулах гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж, *******, Их цуурайтын аманд байршилтай “Хадат Вилла II” хотхоны А212 дугаартай амины орон сууц, мөн хаягт байршилтай А эгнээний /А02-9/ дугаарын авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар, нэхэмжлэлд дурьдсан хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодоруулахад, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4/9235 тоот албан бичгээр “...*******дугаартай амины орон сууц, автозогсоолын А эгнээний (02-9) дугаарын талбай гэх хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны хаяг, дугаар тодорхойгүй байх тул уг үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, дугаарыг тодруулж ирүүлнэ үү” гэсэн хариу өгчээ. /хх-73/
Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны хаягийг эрх бүхий байгууллагаас тодруулах ажиллагаа гүйцэтгэхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, мөн шүүхийн захирамжийн биелэлт хандагдаагүй гэж үзэхээр байна.
Шүүх нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэж үзсэн атлаа захирамжаар шаардсан нотлох баримт ирээгүй шалтгааныг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Тодруулбал, уг нотлох баримт байхгүй, бүртгэлгүй гэсэн шалтгааныг дурдаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, дугаар тодорхойгүй байхад уг хаяг, дугаарыг тодруулсны дараа дахин нотлох баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг гаргуулах шаардлагатай байжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байхад маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд байгаа эсэхийг тодруулаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01541 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,000 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.ЦЭРЭНДУЛАМ