Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907001960066 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* ******* тоотод оршин суух,

            урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 5 сарын 14-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан ******* овогт Д.Ж /РД:**********/.

           

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Яллагдагч Д.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ******* ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.*******г зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ******* ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жгийн өгсөн “...Би 2019 оны хавар 3 сараас эхлээд хөдөө айлын мал төллүүлэх, ямаа самнах ажлаар явж ирсэн. Тэрнээс өмнө ******* “чиний юм гэж байхгүй манайхаас зайлаарай гэж байнга хэлдэг байсан”. Би хөдөө байхдаа гэр ч үгүй болж байгаа юм байна, гэр ч яахав авгай хүүхэд авдаг юм байгаа биз гэж бодсон. Би өөрөө газаргүй болж байгаа юм байна гэсэн бодолтой болсон. Ягаад Багахангай дүүргийн газрын алба миний хэлэлцүүлэггүйгээр миний газрыг хүүхдийн нэр дээр шилжүүлдэг юм бол гэсэн бодлоор асууж тодруулараах хөдөөнөөс ирээд 7 хонож байсан. Тэгээд кадастрын зураг гэрчилгээгээ газрын алба орохоор бичиг баримтаасаа тусад нь аваад хадгалсан байсан. Тэр өдөр архи ууснаасаа болоод, хөдөө явах таараад ******* миний хувцсыг ялгаад хөдөө явуулахаар ирсэн байсан юм байна лэ. Тэгээд “тэр чигээрээ манайхаас зайлаараа” гэхээр нь “чи яахав гэр орноо авдаг юм байгаа биз, би өөрийнхөө авсан алга дарам газар дээрээ үлдье” гэж хэлсэн. Хэрвээ та нарыг тэгсэн бол цагдаа сэргийлэхэд өгнө гэж би хэлсэн чинь ******* “тэгвэл одоо чамайг цагдааг өгнө” гэхээр би “2-3 цохьчихсон” юм. ******* өөдөөс зодолдохоор нь дарж аваад хамар луу нь цохьсон юм.” гэх мэдүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.*******гийн өгсөн “... 14 цагийн үед гэртээ очиход Д.Ж гэртээ ганцаараа архи уучихсан байж байсан. Тэгээд гэр лүү ороход газрын кадастрын зураг хүү *******гийн нэр дээр шилжүүлсэн байна гээд хэрүүл маргаан хийсэн. Тэгээд Д.Ж толгой руу 2-3 удаа цохьсон би урдаас нь болиоч гэхэд чи хүний урдаас зодолдох чадвартай болсон байна гээд намайг унагаж дээр гарч суугаад миний хамар луу 1 удаа гараараа цохьсон, би гарч гүйгээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 10 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаартай

  1. М.*******гийн биед хамрын нурууны муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 16 хуудас/,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,  мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна: 3.1.1....хамтран амьдрагч, ... тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан, шүүгдэгч Д.Ж хохирогч М.******* нар нь 2010 оноос хойш хамтран амьдарч, 2015 онд хүү ******* төрүүлсэн байх тул  Д.Ж нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Д.Ж нь урьд хамтран амьдрагч М.*******гийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх тул түүнийг тохиолдлын шинж чанартай тухайн гэмт хэргийг анх удаа үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.*******тай сайн дураараа эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй, урьд тухайн төрлийн гэмт хэрэгт торгуулийн ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. 

            Шүүгдэгч нь Д.Ж нь хохирогч М.*******тай сайн дураараа эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч М.*******гийн “...Би нөхөртэйгөө учраа олоод сайхан амьдарч байна. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/-ээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. ******* овогт Д.Жг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагыг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН