Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00804

 

     2026         04           13                                       210/МА2026/00804

 

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/10465 дугаар шийдвэртэй,

 

*******нэхэмжлэлтэй,

*******холбогдох,

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч *******нь “*******” сайтаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “******* оюуны хулгай хийж академич цол хүртсэн” гэх гарчигтай ярилцлага, “*******” сонины 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаарт “Хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ *******” гэх гарчигтай ярилцлага, мөн өөрийн цахим хуудсаараа 2019-2022 он хүртэл “******* оюуны хулгай хийж академич цол хүртсэн” гэх агуулгаар пост оруулж байсан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, худал мэдээллийг удаа дараа түгээсэн. 

 

1.2. Шинжлэх ухааны академич хэргэм хүртэхэд 17 дугаар зууны Монголын түүхийг Орос, манжийн харилцаатай холбон судлахдаа Монгол, Манж сурвалж хийгээд археологийн дурсгалтай хослуулан судлах онол, арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, түүнийг баримталсан томоохон суурь бүтээлүүд туурвиж байгаагаар түүхийн судалгаанд өөрийн гэсэн дэг сургууль бий болгосон гэж үнэлсэн.  Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах журмын дагуу явагдсан.

 

1.3. Академич цол хүртэхэд зориулсан эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга ном бол зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл биш ба тус танилцуулгад бичигдсэн номуудын эх бүтээл дээр хамтран зохиогчийн нэрийг дурдсан. ,

1.4. Дээрх мэдээлэл нь хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн агуулгагүй бөгөөд хувь этгээд рүү илт чиглэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байна. Иймд, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэхэмжлэгч *******нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг *******даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2018 оны 12 дугаар сард Шинжлэх ухааны академич цол хүртэхэд хэвлүүлсэн “Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнд нэр дэвшигч, доктор, профессор *******эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга” 2017 он ном, “Доктор (Sc.D), Профессор, *******эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга” 2018 он номд “эрдэм шинжилгээний бүтээлийн цэс” хэсгийн “1. Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном (Монгол Улсад)” жагсаалтын 4 нь *******нэгэн сэдэвт бүтээл бол бусад нь энэ ангилалд хамаарахгүй, хамтран зохиогчийн нэрийг орхигдуулсан. Үүнд: 

1) “История социально-экономического и этнокультурного развития хотогойтов Монголий (IX-начало XX вв.) -докторын ажлыг хэвлүүлж байгаагүй тул нэг сэдэвт бүтээлд хамаарахгүй.

2) “Шинэ үеийн түүхийн он цагийн хэлхээс, сурвалж, судалгааны ном зохиолын зэс” 5-р боть ном нь 20 гаруй эрдэмтдийн хамтын бүтээл ба тухайн 5-р ботийг хамтран бүтээсэн Б.Баттөмөрийг нэрийг орхигдуулсан.   

3) “Лхамсүрэнгийн ******* Монголын товч түүх” ном нь Л.******* зохиолыг монгол бичгээс хөрвүүлсэн тул хөрвүүлсэн бүтээлийн ангилалд багтах ёстой.

4) “Хотогойд судар”. УБ., 2006 номд хамтран зохиосон *******нэрийг орхигдуулсан, өмнөх бүтээлээ хэсэгчлэн хуулбарлаж дахин нэг ном зохиосон мэт төөрөгдүүлсэн.

5) Улсын хоёрдугаар их хурал, Улсын нэг, хоёр, гуравдугаар бага хурал. 2009 ном нь нэг сэдэвт, эсвэл хамтын бүтээл биш эмхэтгэл гэсэн ангилалд багтана.

6) "Тувагийн түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэл" (1734-1911) 2010 ном *******хамт эмхэтгэсэн боловч нэрийг орхиж, өөрийн ном мэт харагдуулсан ба эмхэтгэл гэсэн ангилалд багтана.

7) “Шинээр олдсон Халхын дөрвөн аймгийн ноёдын хүрдэн зураг” Эх бичиг, сурвалжийн судалгаа. 2011 ном нь хамтран бичсэн Н.Хатанбаатарын нэрийг дурдалгүй орхисон.

8) “Өргөөг зорьсон англи дэслэгч” Ч.Ж. *******. Нэгэн зууны тэртээ, 2013 ном нь *******англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан ба нэрийг дурдаагүй, мөн редакторлосон бүтээлийн ангилалд багтана.

9) Монголчууд. XVII-XX зууны эхэн. Зурагт түүх. 2014 ном нь хамтран бичсэн 10 гаруй зохиогчийн нэрийг дурдаагүй.

10) Монгол орон ба Монголчууд. 2015 ном нь бусадтай эрхлэн гаргасан архивын баримт юм.

11) Монгол орон ба Монголчууд. Vol. I. 2015 ном нь катологи учраас нэг сэдэвт бүтээл биш.

2.2. Мөн бүтээлийн жагсаалтын 2 дугаар хэсэг болох “Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном. Гадаад улсад” гэх хэсэгт

1) S.Chuluun. Qalqa daqi burqan-u sume hiyid. Olan ulus-un Monggol sudalul-un nebterhii toli. 2005 ном нь нэвтэрхий толь бол эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээл ангилалд орно.

2) Монголо-российская научная сотрудничество: от ученного комитета до академий 2012 ном өгүүллийн эмхэтгэлийг ******* редакторлосон юм.

3) Монголын сангийн аж ахуйн түүх. 2013 ном нь монгол хэлээр хэвлэгдсэн ба тайлангийн хэмжээтэй,

4) Culture of Mongolian Buddhism 2013 ном нь орчуулсан гэх ангилалд багтах ёстой.

5) The thirteenth Dalai Lama on the run 2013 номыг Урадын Булагтай хамтран эмхэтгэсэн ба эмхэтгэл ангилалд багтана.

6) Transcontinental neighbors 2012 ном хамтран эмхэтгэсэн Алтангэрэл, Булаг, Шүрхүү нарын нэрийг дурдаагүй ба эмхэтгэл ангилалд багтана.

7) Культурное наследие Монголов: Рукописные и архивные собрания Санкт-Петербурга и Улан-Батора. 2013 номын хариуцлагатай редактороор ажилласан тул редакторын бүтээл жагсаалтад багтана.  

 

2.3. Ийнхүү хамтран зохиогч, орчуулагч, редакторын нэрийг орхигдуулсан, өөрөө бүтээгээгүй номыг нэг сэдэвт бүтээлд оруулсан нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан зохиогч гэх тодорхойлолтод нийцээгүй, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн “Монгол Улсын хэвлэмэл бүтээгдэхүүн. Үндсэн төрлүүд. Нэр томьёо MNS 5419:2004 стандартыг зөрчсөн. ******* нь ийнхүү зөрчил гаргаснаа 2019 онд Шинжлэх ухааны ерөнхийлөгч *******нэр дээр ирүүлсэн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

2.4. Ихэнх постууд нь хариуцагчийн хэрэглэдэггүй үг хэллэгтэй, хариуцагч оруулаагүй нь шүүхийн үзлэгт тусгагдсан. Хэрэгт байгаа хүлээн зөвшөөрсөн постуудаа устгасан гэдгээ шүүхийн өмнө мэдүүлсэн. *******оюуны өмчийн хулгай, зохиолчийн эрхийн зөрчилтэй бол хэзээ ч эвлэрэхгүй. *******ыг удирдах зөвлөлөөс багш нарын шаардлагаар чөлөөлсөн үйл  баримтыг Эгүүр цахим сайтад 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нийтэлснийг шейрлэсэн. Тус постод зөвхөн *******тухай бус ёс зүйн зөрчил гаргаад зэрэглэл буурсан МУИС-ийн багш нар болоод ёс зүйн зөрчил гаргаад сургуулиас хөөгдөж буй оюутны тухай ч дурдсан байгаа тул уг постыг зөвхөн *******тухай эсвэл түүний нэр төрд халдсан гэж үзэх үндэслэл алга байна. МУИС-ийн профессор Б.Ганбат өөрийн фейсбүүктээ хамгийн түгээмэл мэдээллийн сан болох www.scopus.com дээр ******* хэдэн бүтээлтэй, түүнээс нь хэдэн ишлэл авсан байсныг шейрлэсэн. “Г.Баттогтох: Хулгайг нь илчилсэн судлаачдыг ******* “ална” гэж сүрдүүлж байна” гэсэн бичлэг нийтэлсэн *******хариуцлага тооц гэж шаардаж шейрлэсэн байна. Гэвч одоо холбоос олдохгүй байгаа. Мэдээг шейрлэх нь ямар нэгэн байдлаар *******нь *******нэр төрд халдаж байгаа хэрэг биш юм.

 

2.5. ОХУ-ын Эрдэмтэн *******“Монгол Зөвлөлтийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа 1921-1961 он” гэж орос хэл дээр бичсэн эрдмийн ажлаас 1940-1960 оны хэсгийг ******* хуулбарлан авч, өөрөө үйлдсэн мэт болгож, бусдын бүтээлийг шууд хуулбарлан зохиогчийн эрх зөрчсөн. *******нэртэй тайлан өөр хүний буюу Т.Юсуповагийн бүтээлтэй адил хуулж аваад, төсөвт өртөгтэй ажил хаасныг олж мэдсэн юм. Гэрээний дугаар 04/2016. Монгол Зөвлөлтийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа 2018 онд “ШУА-ийн Грантын төслийн тайлан. Төсөл хэрэгжүүлэх 1940-1960.” /2015-2017 онд хийсэн бололтой/ нэртэй ажлыг ******* төсвийн удирдагчаар ажиллаж, тайлан өмчлөгч нь ШУА-ийн түүх археологийн хүрээлэн байжээ. Энэ ажил нь одоо Монгол Улсын шинжлэх ухааны академид хадгалагдаж байгааг хуулбарлаж авлаа. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Шинжлэх ухааны академийн академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж, бичин байж авсан ******* гэгч хүн” гэх мэдээллийг нийтэлсэн “*******” сониноор дамжуулан няцаалт хийхийг хариуцагч *******даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: 

4.1. “...Шүүхээс маргааны зүйл болсон танилцуулга гэсэн номд дүгнэлт хийгээгүй, гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар өгсөн ШУА-ийн Ерөнхийлөгч, академич *******гаргасан тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй, Монгол Улсын стандартаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд маргаж тайлбарлаж, мэтгэлцэж байхад энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй.

Нэхэмжлэгч өөрийн редакторласан ном бүтээлээ “Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном” гэж танилцуулгадаа бичиж зохиогчийн эрхийг зөрчсөн, хэргийг Дээд шүүхээс буцаасан тогтоолын хүрээнд хянан шийдвэрлэнэ гэж хурлын явцад тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна гэж үзээд гомдол гаргаж байна.

4.2. Хариуцагч *******хувьд танилцуулгад нэр дурдсан бүтээлүүдийг ******* бүтээгээгүй гэж маргаагүй. Харин ******* өөрийнхөө бүтээлийн танилцуулгыг санаатай худлаа гаргаж, ганцаараа зохиосон бүтээлийн тоог олон болгохын тулд албан ёсны намтар, танилцуулгаа худлаа хийсэн.

Мөн илт нэг сэдэвт биш бүтээлийг нэг сэдэвт (“Нэг сэдэвт бүтээл гэдэг нь эрдэмтэд судлаачийн хувьд нэг асуудлыг хөндөөд бүрэн судалж, дүгнэсэн бүтээл байдаг” гэсэн Монгол Улсын стандарттай) гэж маргасан.

4.3. Редакторласан ном бүтээлээ хамтран бүтээсэн гэж танилцуулсан, орчуулагчийн нэрийг дурдахгүй өөрөө зохиосон, орчуулсан мэтээр танилцуулга гаргаж оюуны өмчийн хулгай хийсэн гэж шүүмжилсэн. Эдгээр нь дараах нотлох баримтаар нотлогдоно. Үүнд:

4.3.1. ...*******Эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга ном нь ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга шалгаж, гарын үсэг зуран баталгаажуулдаг, Үндэсний номын санд хадгалагддаг, албан ёсны баримт бичиг, хэвлэмэл бүтээгдэхүүн тул энэ ангиллаар хийгдэж болох байсан. Мөн *******танилцуулгад 11 дугаар бүхий хэсэгтэй “Орчуулгын, хөрвүүлсэн, ном өгүүлэл”, “Толь, лавлах,сурах бичиг, кино, ном зүй”, “Редакторласан ном зохиол” гэх мэт ангилсан байна. Энэ ангилал руу өөрийн бүтээлийг зохих журмаар оруулсан бол оюуны өмчийн хулгай хийсэн гэж хэн ч шүүмжилж маргахгүй байсан юм. Ингэснээр *******“Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном” бүхий цэс нь хамгийн ихдээ 6 ширхэг ном болох ба маргаан үүсэхгүй байсан юм.

Шинжээчид “Зохиогчийн эрхийн тухай хуулийн 7.1-т дараах зүйлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гээд 7.1.6-д үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл гэсэн заалтыг баримтлан ******* танилцуулгадаа хамтран зохиосон зохиолчийн нэрээ бичихгүй байж болно гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь зохиогчийн амины эрхийг зөрчиж байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн амины эрхийн тухай 12 дугаар зүйлийн 12.1.3-д бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах гэж заасан байна. Танилцуулга нь *******эрдэм судлалын ажиллагааны талаар тодорхойлсон 8 нүүр тодорхойлолттой, бүхий л хийсэн ажлыг төрөлжүүлэн жагсаасан 30 орчим хуудастай ном юм. Шүүхээс шинжээчийн дүгнэлтийг, шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтэй нь харьцуулж үзээгүй хамгийн ******* зөв мэтээр үнэлсэн нь хууль зөрчиж байна. Шинжээчид зохиогчийн эрхийг нотолсон нэг ч баримттай танилцаагүй, редакторлосон номыг зохиосон гэж үзэхгүй гэх зэргээр дүгнэлтээсээ зөрсөн хэд хэдэн мэдүүлэг өгсөн. Танилцуулгад бусдын зохиогчийн амины эрхийг зөрчиж болох мэт жишиг тогтох нөхцөл үүсч байна.

4.3.2. *******олонд танилцуулсан Шинжлэх ухааны академийн гишүүнд нэр дэвшихдээ, миний дангаараа болон бусадтай хамтран бүтээсэн ном нь номын санд хүртэл хадгалагдаж, хүн бүр уншиж судалдаг тул сонордуулгын шинжтэй мэдээ мэдээлэл гэж үзэхэд ******* зөв, хоёр утгагүй байх нь хуульд нийцэх билээ.

Хариуцагч *******нь мэргэжлийн судлаач, МУИС-ийн багшийн хувьд өөр нэгэн судлаач болох *******намтар, ном бүтээлийг уншиж, танилцаад түүнийг бусад түүхч, эрдэмтэд, зохиолчидтой хамтран бүтээсэн, хөрвүүлсэн танилцуулгаа хуурамчаар бүрдүүлсэн гэж мэргэжлийн шүүмж хэлсэн. Энэ шүүмжлэл ******* болохыг *******гарын үсэгтэй ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлд гаргасан тайлбар нь нотолж байгаа. Хэргийн 1 дүгээр хавтасны 17-28-р хуудаст нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн баримт байна. Тайлбарт маргаан бүхий баримтуудыг 1-26, 1-7 гэж хоёр ангилан хүснэгтэлж, *******хариу тайлбар гээд хамгийн арын хүснэгтэд нэг бүрчлэн тайлбарласныг дүгнэлт хийхгүй байна.

4.3.3. Танилцуулгын 3 дах хүснэгтэд Монгол Улсын түүх 5 боть номыг хамтран зохиосон болгож оруулсан гэж шүүмжилсэн. ******* “Энэ мэдээж нэгэн сэдэвт бүтээл биш, харин миний хийсэн нэг ажил мөн” гэж тайлбарласан.

Он цагийн хэлхээс, судалгааны бүтээлийн цэс чимхлүүр ажил гэдэгтэй маргаагүй, харин түүхийн 5 боть номын хамтарсан бүтээл гэж зохиогч нь болж танилцуулсанд хариуцагч шүүмжилж, оюуны өмчийн хулгай хийсэн гэж үзэж байгаа.

Танилцуулгын 4 дэх хүснэгтэд ******* тайлбарлахдаа “Нэгэн сэдэвт бүтээл гэдэг бол судлаач хүн асар олноор нь ч бичээд байдаг зүйл биш. Магадгүй шаардлага бичигсэд өөрсдөө үүнийг сайн мэдэх байх. Нэртэй түүх судлаачид ч амьдралдаа ганцхан нэгэн сэдэвт бичсэн тохиолдол ч нэн олон. Шүүмжлэлийг хүлээж авлаа” гэсэн тайлбар нь ******* нэгэн сэдэвт бүтээлийн тухай маш тодорхой ойлголттой болохыг нотолж байна.

Танилцуулгын 5-д  ******* Л.******* Монголын товч түүх. Уб 2006 гэсэн номын талаар Энхтуяа шинжээч ...******* ******* зохиогчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоогоогүй байж үүсмэл бүтээлийн эрх эдэлнэ гэж шууд дүгнэсэн. Мөн дүгнэлтдээ 2007 онд ******* зохиогчийн эрх дууссан гэж дүгнэсэн атал Чулуун уг бүтээлийг 2006 онд ямар нэгэн, гэрээ, зөвшөөрөлгүй хэвлүүлсэн буюу ******* зохиогчийн эрхийн хугацаа дуусахаас өмнө Чулуун уг бүтээлийг хэвлүүлсэн зөрчлийг тооцохгүйгээр дүгнэлт гаргасан. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна. 15.4-т Зохиогчийн амины эрх өвлөгдөхгүй. 15.6-т Өв залгамжлагч нь тодорхойгүй, эсхүл өвлөгч нь өв . залгамжлалаас татгалзсан тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэмшинэ гэж тус тус заажээ. Оюуны өмчийн шинжээч нар өв залгамжлагч нь тодорхойгүй бол оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэмшинэ гэсэн энэ заалтыг үл хайхарч дүгнэлт гаргасан.

Танилцуулгын 18-д *******. *******ба Монголын товч түүх. 2012.Адмон ХХК. Номын нэрийг хүртэл санаатай өөрчилж ба гэдэг үг оруулсан. Л.******* зохиосон номыг уйгаржин бичгээс хөрвүүлсэн үйл баримттай маргаагүй. Энэ нь хөрвүүлсэн ном ангилалд орох юм. Номын 134 дүгээр хуудаснаас Л.******* “Монголын түүх” 1934 он гэсэн номыг хэвлэсэн байгаа. Танилцуулгын 18-д ******* ’’Өргөөг зорьсон англи дэслэгч Ж.Ч.*******. Нэгэн зууны тэртээ”. УБ 2013 он гэсэн ном ******* хэн нэгэн этгээдтэй хамтран зохиогоогүй, энэ ном түүний нэгэн сэдэвт бүтээл ч биш юм. Ийм хоёр утгатай нэртэй ном байхгүй бөгөөд английн иргэн Ж.Ч.*******ийн бичсэн зохиолын орчуулагч нь Б.Цэцэнцолмонгийн нэрийг орхисон. Энэ номыг ******* зохиосон мэтээр түүний бүтээлийн тодорхойлолтыг үйлдсэн доктор Н.Ганбат нь “1920-1950-иад оны баримтад түшиглэн... ’’Өргөөг зорьсон англи дэслэгч Ж.Ч.*******.., зэрэг нь нийтлэгдээд байна” гэж бичсэн. Энэ тодорхойлолт ч гэсэн бусдыг төөрөгдүүлж ******* Ж.Ч.*******ийн тухай ном бичсэн мэт танилцуулагдаж байна. Өргөөг зорьсон англи дэслэгч Ж.Ч. ******* гэсэн англи хэл дээр бичсэн номыг *******гэгч орчуулсан, ******* редакторлосан байна. Гэтэл бид 3-ын хамтын бүтээл гэж тайлбарлах боловч ямар гурван хүн гэрээ байгуулж, *******д эрх олгосон баримт хэрэгт байхгүй байна.

4.3.4. Оюуны өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Зохиогч өөрийн бүтээлийн зохиогч мөн болохоо нотлох үүрэгтэй ба *******хувьд маргаан үүсээд шүүхээр хянагдах хугацаанд Л.******* Монголын товч түүх номыг өөрийн нэрээр нэрлэх эрх олж авсан, энэ номыг хэвлэн нийтлэх эрхийг Оюуны өмчийн газраас авсан тухай баримтыг шүүхэд өгөөгүй, иргэн Б.Цэцэнцолмонгийн орчуулсан номыг өөрөө зохиосон тухай баримтаа шүүхэд өгөөгүй байна. Бусад олон маргаан бүхий бүтээлийг өмнө нь нэг бүрчлэн тайлбарлан бичсэн байгаа. Танилцуулгын 8-д Чулуун “Харамсалтай нь миний бүтээлийн цэсэд эмхэтгэл гэсэн ангилал алга. Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн бүтээлүүд гэсэн ерөнхий ангилалд багтаан он дарааллын дагуу оруулсан юм. Ангиллыг хэрхэн хийх тухай Монгол Улсад стандарт тогтсон зүйл байхгүй” гэжээ. Шүүх нь ч, ШУА нь ч, нэхэмжлэгч ******* ч гэсэн стандарт байхгүй гэж үзжээ. Нэгэнт танилцуулга ном болж, хэвлэгдэн хэвлэмэл бүтээгдэхүүн болсон тул Монгол Улсад мөрдөж байгаа хэвлэмэл бүтээгдэхүүнд тавих стандартыг үндэслэн тайлбарлах үүрэгтэй гэж үзэж гомдол гаргаж байна.

Танилцуулгын 9 дэх бүтээл сурах бичиг юм гэж ******* өөрөө тайлбарласан байна. Хэргийн 1-р хавтас: 18х 3-д ******* нарын 5 хүний бүтээлд цэс хийснийгээ хамтран зохиогч болгосон, Тав. Хамтран зохиогчдын нэрийг орхигдуулсан, 19х 6-д Хотгойд судар номд хамтран бүтээгч *******нэрийг орхигдуулсан, 21х 11-д Тува хэлээр судалж, хамтран зохиосон К.А.Бичилдэйн нэрийг хасаад редакцын зөвлөлд оруулсан, 22х 14-д судлаач Н.Хатанбаатарын хамт бичсэн нь *******. Харин цэсэнд нэрийг орхигдуулсан байна, 23х 17-д бүх л илтгэлийг уншиж засаж хамтран нийтлүүлсэн гэжээ. Гэтэл илтгэл тавьсан хүмүүсээс ганцхан өөрийнхөө нэрээр хэвлэн нийтлэх зөвшөөрөл авсан баримт байхгүй байна. 23х 19-д 9-р бүлгийн 6- г миний бие дангаар болон хамтран бичсэн, бусад зохиогч үүнийг хүлээн зөвшөөрнө байх хэмээн итгэж байна гэж бичжээ.

4.6. Хэрэгт *******хамтран бичсэн ном гэж дурдсан номуудад шүүхийн журмаар үзлэг хийлгэж тухайн номын зохиолч хэн болох, хянасан редакторласан ******* болохыг нотолсон хэсгийг хуулбарлаж, нотариатаар батлуулсан баримтуудыг хавсаргасан. Зохиолч *******д итгээд номоо хянуулсан байна. Мэдээж мөнгө төлдөг байх. Гэтэл редактор нь би энэ номыг хамтран бичсэн ном гэж нэрлээд олон нийтэд танилцуулах эрхийг Оюуны өмчийн эрхийг хамгаалах үүрэгтэй шинжээчээр ажилласан албан тушаалтнууд олгож байгаа нь хууль бус юм.

4.7. Шинжээч *******нар “Өргөөг зорьсон англи дэслэгч “Бенстийд нэртэй номын зохиогч нь ******* биш” гэж Шүүх хуралдаанд мэдэгдсэн, гаргасан дүгнэлт дээрээ ******* тус бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчөөгүй гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

Хамгийн сүүлд шүүх хуралд гаргаж өгсөн ОХУ-ын эрдэмтэн Юсуповагийн эрдмийн ажлаас хэсэгчилж аваад, шууд хуулбарлахдаа зүйл заалт бүрийн эхний тайлбар болох 10 орчим мөртэй хэсгийг хасаад, өөрийн үзэмжээр дугаарлаж, орос хэл дээрх баримтын эхний нүүрийг монголоор үйлдсэн нотлох баримт бол жинхэнэ оюуны өмчийн хулгай юм. Энэ баримтаар жичид нь нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн байгаа.

Хариуцагч *******нь ******* үндэслэлгүй шүүмжлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн өөрийнх нь гарын үсэг зурсан тайлбар зэргээр нотлогдож байна. Бодит байдал дээр *******нь мэдээллийн хэрэгслээр урьд өмнө нь тарсан мэдээ, мэдээлэл, өргөдөл гомдол дээр тулгуурлаж үзэл бодлоо илэрхийлсэн гэдгийг анхаарч үзээгүй Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Өмнө энэ хэрэг анхан шатны шүүхээс Улсын дээд шүүх хүртэл маргаад буцсан. Улсын дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2024/00260 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг бусдын оюуны өмчийн эрхийг зөрчсөн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр буцаасан.

Анхан шатны шүүх дээрх тогтоолын биелэлтийг хангуулахаар Оюуны өмчийн газрыг томилсон. Оюуны өмчийн газраас Зохигчийн эрхийн хяналтын газрын мэргэжилтэн Х.Бэлгүтэй, Л.Энхтуяа, Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч *******нарыг шинжээчээр томилж, Оюуны өмчийн газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай *******, *******нарын дүгнэлт, мөн өдрийн Л.Энхтуяа нарыг дүгнэлтийг гаргуулсан.

Энэ хоёр дүгнэлт ямар агуулгаар гарсан бэ гэхээр 7 номын эхийг буюу зохиогчийн нэрийг хассан. Нөгөө нь бүтээлийн танилцуулгад хүний нэрийг хассан эсэх гэх агуулгаар гарсан.

2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай *******, *******нарын дүгнэлтээр Л.******* “Өргөөг зорьсон англи дэслэгч”, “Хотогойд судар тууж зэрэгт 7 бүтээл нь зохиогчийн эрхийн зөрчил байгаа эсэх, тус бүрээр зохиогчийн эрхийн зөрчил байгаа эсэх тал дээр дүгнэлт гаргаад зохиогчийн эрхийн зөрчил байхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

 Мөн оюуны өмчийн байцаагч *******дүгнэлтээр тухайн 7 бүтээлийг улам дэлгэрүүлж гаргасан бөгөөд зохиогчийн эрхийн зөрчил биш гэж гаргасан. Тухайн дүгнэлтүүдээс нэг гол зүйлд дүгнэлт гарсан. Бүтээлийн нэр дээр хүний нэрийг дутуу гаргасан оюуны өмчийн хулгай гэж маргаад байдаг. Гэтэл яг тэр бүтээлийн жагсаал гэдэг нь оюуны өмчөөр хамгаалагдсан. Зохиогчийн эрхэд хамаарах эсэхэд шинжээч дүгнэлт гаргадаг. Тэрийг зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй, оюуны үнэт бүтээл биш гэдэг. Тэр оюуны өмчийн зүйл нь оюунаар бүтээгдээд зохигчийн эрх эдлээд байдаг зүйл биш байна. Бичсэн зүйлийн жагсаал гэдэг зүйл зохиогчийн эрхтэй зүйл биш байна. Ийм зохиогчийн эрхгүй зүйлээр хэн нэгний оюуны өмчийн хулгайлсан ойлголт руу орохгүй шүү гэдэг ойлголтыг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Энэ хоёр дүгнэлтийг үндэслээд анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Дээрх нэр бүхий шинжээчид шүүх хуралдаанд гурвуулаа гэрчээр оролцсон ба бүтээлийн жагсаалт, эхтэй холбоотой асуудалд зохиогчийн эрхийн зөрчил үүсээгүй гэх байдлаар гэрийн мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Пийк.мн” сайт, “*******” сонин болон хариуцагч өөрийн фэйсбүүк /нүүр норм/ хаягаар дамжуулан 2019-2022 оны хооронд “******* нь оюуны хулгай хийж, Шинжлэх ухааны “Академич” цол хүртсэн” гэх мэдээллийг хувь иргэн рүү чиглэсэн, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тараасан...” гэсэн бол,

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, “...******* нь 2018 оны 12 дугаар сард Шинжлэх ухааны “Академич” цол хүртэхэд хэвлүүлсэн 2017, 2018 оны “Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнд нэр дэвшигч, доктор, профессор *******эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга”-даа “Нэг сэдэвт бүтээлийн ангилал”-д хамаарахгүй бүтээлийг дурдсан, мөн хамтран гаргасан бүтээлдээ хамтран зохиогчийн нэрийг санаатайгаар орхигдуулсан, түүнчлэн орчуулагч, редакторын нэрийг орхигдуулж, өөрөө бүтээгээгүй номыг нэг сэдэвт бүтээлд оруулсан нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан зохиогч гэх тодорхойлолтод нийцээгүй, “Монгол Улсын хэвлэмэл бүтээгдэхүүн. Үндсэн төрлүүд. Нэр томьёо MNS 5419:2004” стандартыг зөрчсөн...” гэж тайлбарлаж, маргасан.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар зарлигаар Шинжлэх ухааны “Академич” хэргэм хүртэхдээ 2017, 2018 онуудад “Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнд нэр дэвшигч, доктор, профессор *******эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга” хэвлүүлсэн. / 1хх-7, хэрэгт эх хувиар хавсаргагдсан танилцуулга/

 

2017 оны танилцуулгын “Түүхийн ухааны доктор, профессор *******эрдэм шинжилгээний бүтээлийн цэс” хэсэгт “Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном (Монгол Улсад)-ын жагсаалтад 24 бүтээл, “Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном. (Гадаад улсад)” гэх жагсаалтад 9 бүтээл, /2017 оны ...танилцуулга, 22-24-р хууд/

 

2018 оны танилцуулгын “Түүхийн ухааны доктор, профессор *******эрдэм шинжилгээний бүтээлийн цэс” хэсэгт “Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном (Монгол Улсад)-ын жагсаалтад 25 бүтээл, “Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном. (Гадаад улсад)” гэх жагсаалтад 9 бүтээл тус тус дурдагджээ. /2018 оны ...танилцуулга, 25-28 хуудас/

 

3.2. Хариуцагч *******нь нэхэмжлэгч *******ыг дээрх танилцуулгыг гаргахдаа зарим бүтээлийн хамтран зохиогч, орчуулагч, редакторын нэрийг орхигдуулсан, өөрөө бүтээгээгүй номыг нэг сэдэвт бүтээлд оруулсан нь Зохиогчийн эрхийн тухай хууль /2021 он/ -ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан зохиогч гэх тодорхойлолтод нийцээгүй, Хэвлэмэл бүтээгдэхүүний стандартыг зөрчсөн гэж тайлбарлана.

 

3.3. Хариуцагч *******“*******” сонины 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №036 (24517) дугаарт “Хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ *******” гэх гарчигтай ярилцлага нийтлэгдсэн. /******* сонин №036 (24517) эх хувиар/

 

Уг ярилцлагадаа “... тухайлбал, ШУА-ийн академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан ******* гэгч хүний жишээ байна...” гэж ярьсан. /******* сонин №036 (24517) эх хувиар/

 

3.4. Харин “******* нь оюуны хулгай хийж, Шинжлэх ухааны “Академич” цол хүртсэн” гэх агуулгатай мэдээлэл “Пийк.мн” сайтад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн гэх  ярилцлага устсан, “Munkh-Erdene Gantulga” гэсэн фейсбүүкт постууд байхгүй талаар шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан. /1-р хх-ийн 85-87 дугаар тал/

 

4. Нэхэмжлэгч “Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнд нэр дэвшигч, доктор, профессор *******эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга”-ын “Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном (Монгол Улсад), ...(Гадаад улсад)” гэх жагсаалтад нэр дурдсан зарим бүтээлүүдийн хамтран зохиогчийн нэрийг дурдаагүй болох нь дээрх жагсаалтад дурдагдсан 41 ширхэг ном, хэвлэмэл баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон /2-р хх-154-235/,

 

Зохигч энэ талаар маргаагүй.

 

Харин ийнхүү хамтран зохиогчийн талаар дурдаагүй нь зохиогчийн эрхийг зөрчсөн эсэх, улмаар хариуцагчийн “ШУА-аас “академич” цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан ******* гэгч хүний жишээ байна...” гэх ярилцлага нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон, Оюуны өмчийн газрын шинжээч *******, *******нарын 01 дугаар дүгнэлт, *******тусгай саналтай гаргасан дүгнэлт болон тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “Доктор (Sc.D), Профессор, *******эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга” нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл тул зохиогчийн эрхээр үл хамгаалагдана, тус бүтээлийн танилцуулгад хамтран зохиогчийн нэрийг орхигдуулсан нь зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй,  нэг сэдэвт бүтээл мөн эсэхийг оюуны өмчийн шинжээч тогтоох боломжгүй гэжээ. /3 хх-ийн 90-91, 98-103 дугаар тал/

6. Нэхэмжлэгч ******* нь бүтээлийнхээ танилцуулгыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт зааснаар зохиогч нь бүтээлээ нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах амины эрхийг эдлэх эрхтэй байсан.

Шүүх хожим батлагдсан хууль, нэмэлт өөрчлөлтийг өмнө үүссэн эрх зүйн харилцаанд буцаан хэрэглэхгүй байх зарчмын хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах хууль хэрэглээний дүгнэлтийг өгнө.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь бусад зохиогчтой хамтран бүтээсэн бүтээлийн талаар танилцуулгадаа оруулахдаа хамтран зохиогчийн нэрийг дурдаагүй нь уг хамтран зохиогчийн амины эрхтэй холбоотой асуудалд хамаарах боловч хариуцагч *******нь үүнийг үндэслэн нэхэмжлэгчийг Шинжлэх ухааны академийн академич цолыг хууран мэхлэх замаар авсан гэх ойлголтыг нийгэмд төрүүлсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнд нэр дэвшихдээ гаргасан өөрийн болон бусадтай хамтран зохиосон бүтээлийн талаарх танилцуулгадаа хамтран зохиогч нарын нэрийг тухайн танилцуулгад тусгаагүй нь зохиогчийн амины эрх болох нэрээ дурдуулах /бүтээлийг хэн зохиосныг мэдэх, мэдүүлэх, хүлээн зөвшөөрөх/ эрхэнд нийцээгүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийг уг бүтээлийг ганцаараа зохиосон, тэрээр үүний тусламжтайгаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жингэнэн гишүүн, “Академич” хэргэмтэй болсон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймээс хариуцагч *******нь олон нийтэд сониноор дамжуулан нэхэмжлэгч *******ыг Шинжлэх ухааны академийн академич цолыг хууран мэхлэх арга замаар авсан гэсэн ойлголтыг төрүүлснээс нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхээр байна.

 

Харин нэхэмжлэгч ******* нь бүтээлийн жагсаалтын зарим хэсэгт хамтран зохиогчдын нэрийг дурдаагүй боловч тухайн бүтээлийг туурвих, хэвлэн нийтлэх, хуулбарлах гэх зэрэг явцад зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн хэвлэмэл бүтээгдэхүүний стандарт зөрчсөн эсэх асуудал нь зохиогчийн эрхэд  хамаарахгүй.

 

7. Түүнчлэн Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Академич” хэргэм олгох ажиллагаа нь Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дүрэмд заасан журмын дагуу нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээл, үйл ажиллагааг зохих шалгуурын дагуу үнэлж, нэр дэвшүүлэх, санал хурааж сонгон шалгаруулах ажиллагаагаар хэрэгждэг шинжлэх ухааны байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарна.

 

Энэ утгаараа шинжлэх ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, нэг сэдэвт болон онолын нэгтгэн дүгнэсэн бүтээл туурвих зэрэг нь шинжлэх ухааны эрдэмтний оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болдог тул шүүх шинжлэх ухааны онол, судалгааны агуулгад эрх зүйн дүгнэлт өгөхгүй юм. 

 

Иймээс хариуцагч *******нийтэд түгээсэн мэдээлэл нь зөвхөн танилцуулгад дурдсан агуулгаар хязгаарлагдаагүй бөгөөд нэхэмжлэгч *******ыг Шинжлэх ухааны академич хэргэм хүртэхдээ оюуны өмчийн хулгай хийсэн гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхүйц байдлаар илэрхийлсэн нь түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзнэ.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасны дагуу Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ ******* зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 21.3 дахь хэсгийг баримталсан нь буруу байна. Учир нь,

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг нь хүний талаар дутуу, ташаа мэдээлэл тарсантай холбоотой шаардлага гаргах эрхийг зохицуулдаг бол энэ хэрэгт дутуу мэдээлэл тараасан бус тараасан мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй гэх маргаан тул тогтоох хэсэгт маргааны үйл баримт, шаардах эрхэд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг баримталсныг хасна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/10465 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтаас “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАНДАЛБАЯР

 

                                           ШҮҮГЧИД                              Б.АЗБАЯР

 

                                                                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ