Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1503

 

 

 

 

 

 

 

 

 

“Ноц бетон зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/03767 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ноц бетон зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Их наран өргөө констракшн” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 295 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Анар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их наран өргөө констракшн" ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 01 тоот албан бичгээр М250 маркийн бетон зуурмагийг, 1 м3-ыг 135 000 төгрөгт тооцож, 150 м3-ыг авах захиалга өгсөн. Захиалгын дагуу 158 м3 бетон зуурмагийг өдөрт нь хүлээлгэж өгсөн. "Их наран өргөө констракшн" ХХК-ийн захирал О.Хонгорзул нь мөн өдрийн 01 тоот албан бичигтээ бетон зуурмагийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлөхөө мэдэгдэн хугацаа хэтэрвэл 0,2 хувийн алданги төлнө гэсэн. Өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Удаа дараа шаардлага тавьдаг ч хариу өгдөггүй. Алдангийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөнөөр буюу хоног тутамд 0,2 хувиар тооцон 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар хуулинд нийцүүлэн нэхэмжилсэн. Иймд М250 маркийн 158 м3 бетон зуурмагын үнэ 21 330 000 төгрөг, алданги 10 665 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 2 300 000 төгрөг нийт 34 295 000 төгрөгийг хариуцагч “Их наран өргөө констракшн" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Их наран өргөө констракшн" ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр "Ноц бетон зуурмаг" ХХК-иас 142 м3 бетон зуурмаг авах захиалга өгсөн. "Ноц бетон зуурмаг" ХХК нь 158 м3 бетон зуурмаг манайд хүлээлгэн өгсөн баримт өгч 16м3 зуурмагийн үнэ илүү нэхэмжилсэн. “Ноц бетон зуурмаг" ХХК-иас авсан бетон зуурмагийг Баянзүрх дүүрэгт байрлах "Их наран өргөө констракшн'' ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 77 айл өрхийн орон сууцыг барихад ашигласан. “Ноц бетон зуурмаг" ХХК бидний үзэж байгаагаар 147 м3 бетон зуурмаг манайд хүлээлгэж өгсөн. Манайд нийлүүлсэн бетон зуурмаг нь М250 маркийн бетон зуурмаг биш байсан. Эдний нийлүүлсэн М250 маркийн бетон зуурмагыг манай компанийн инженер С.Аахаймэргэн шмитд алхны ойлтоор шалгаж үзэхэд М250 маркийн бетон зуурмагийн нөхцөлийг хангаж чадаагүй юм. Бид шинжилгээ хийлгэх замаар үүнийг тоггоолгохоор хүсэлт тавьсан ч харамсалтай нь шинжээчээр ажилласан Барилгын хөгжлийн төвийн 3 шинжээч нь шүүхээс тавьсан асуултаас өөр асуултанд хариу өгч манай талын өгсөн нотлох баримтыг няцаах зорилгоор нэмэлт шинжилгээ хийж хувийн шинжтэй асуудлыг гаргаж бидний асуултаас өөр асуултанд хариу өгсөн байсан учир дахин шинжилгээ хийлгэх хүсэлт тавьсан. Манай байгууллага ажлын гүйцэтгэл буюу хүлээлгэж өгсөн үр дүн нь биет байдлын доголдолтой гэж үзэж байгаа. Шинжилгээ бодитой гарах ёстой ч шинжилгээ нь бидний үзэж байгаа шиг бодитой гараагүй. Манай захирал нийлүүлсэн бетон зуурмаг нь М250 маркийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд төлбөр болон алданги төлөх боломжтой гэж үзэж байгаа. Алданги төлөх тохиролцоог хийсэн болзол нь тухайн ажлын гүйцэтгэл нь биет байдлын доголдолгүй байх ёстой байсан. Харамсалтай нь энэ доголдлыг бид илрүүлсэн тул алданги төлөх боломжгүй. Анхнаасаа энэ ажлыг талуудын хоорондох итгэлцэл дээр хийсэн. Яагаад итгэлцэл дээр үндэслэсэн бэ гэвэл талууд бичгийн хэлбэрийн гэрээ байгуулаагүй. Иймд манай байгууллагаас алданги болон үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-иас 31 455 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Ноц бетон зуурмаг" ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2 840 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Ноц бетон зуурмаг" ХХК-ийн улсын тэмдэггийн хураамжид урьдчилан төлсөн 422 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-иас 315 225 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Ноц бетон зуурмаг" ХХК-д олгож, … Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-иас 361 500 төгрөг, нэхэмжлэгч "Ноц бетон зуурмаг" ХХК-иас 361 500 төгрөг нийт 723 000 төгрөгийг гаргуулан Барилгын хөгжлийн төвд олгуулахаар шийдвэрлэжээ.       

 

Хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-ийн захирал О.Хонгорзул давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхийг шүүх үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Худалдагч "Ноц бетон зуурмаг" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн ба худалдан авагч буюу "Их наран өргөө констракшн” ХХК нь худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК нь 158 м3 буюу 21 330 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо" гээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний холбогдох зохицуулалтыг хэрэглэхдээ доголдолтой холбоотойгоор худалдан авагчийн хэрэгжүүлж болох эрхүүдийг, тухайлбал Иргэний хуулийн 254.1, 255 дугаар зүйлд заасан худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдаагүй болохыг шүүх тооцолгүй орхигдуулсан байна. Цаашилбал, шүүх хуулийг буруу хэрэглэсний улмаас уг хэргийг шийдвэрлэхэд хамгийн чухал нөлөөтэй нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарах бололцоог олгоогүй буюу хариуцагч талаас доголдолтой эсэхийг тогтоох зорилгоор хараат бус хууль дээдлэх зарчмын дагуу дахин шинжилгээ хийлгэн явуулах хүсэлтийг эс хангаж шийдвэрлэснээр шүүх тус хэргийг үнэн зөв бүрэн бодитойгоор шийдвэрлэх боломжгүй болсон. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт алдангийн тухай дурдсан албан захидлыг буруу үнэлсэн. Учир нь албан бичигт хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал О.Хонгорзулын болзол тогтоосон хэлцлийн саналыг хүлээн авсан тухай Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл бүрдээгүй байхад шүүх  алданги тогтоосон үндэслэлээр гэрээг байгуулагдсан гэж хүчээр тооцсон. Энэ нь 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн  албан бичгээс цаг хугацааны хувьд дараа буюу хожим хойно зохигч талуудын нягтлан бодогч нарын тооцоо нийлж төлбөрийн хэмжээг тохирч тогтоон харилцан хүлээн зөвшөөрсөн албан тоот буюу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь үнэлэлгүй орхигдуулснаар илэрч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Хариуцагч талаас шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтэд тусгагдсан шинжээчийг татгалзан гаргах тухай хууль ёсны, зохих үндэслэлтэй хүсэлтийг бүхэлд нь авч хэлэлцэлгүй шийдвэрлэлгүй орхигдуулсан ба шүүх ийнхүү хэргийг яаралтай шуурхай шийдвэрлэхийг урьтал болгосны улмаас хариуцагчаас гаргасан дахин шинжилгээ хийлгэх тухай бичгээр гаргасан хүсэлтдээ тусгасан татгалзан гаргах тухай хүсэлтийг бүхэлд нь авч хэлэлцэлгүй орхисноор, хуульд заасан журам ноцтойгоор зөрчигдсөн. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалтыг буруу хэрэглэсний улмаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хангаагүй. Нэхэмжлэгчээс нийлүүлсэн бетон зуурмагийн доголдолтой холбоотойгоор шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан журмын дагуу сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхээр шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг хангаагүй. Түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох хараат бус, хууль дээдлэх зарчмын дагуу ажиллан доголдолтой эсэх тухай мэргэжлийн үнэлэлтийг өгөх шинжээчийн дүгнэлтийг гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохих журамд нийцүүлэн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                                         

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Ноц бетон зуурмаг” ХХК нь хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 295 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК нь нэхэмжлэгч “Ноц бетон зуурмаг” ХХК-д хандан 150 м.куб бетон зуурмаг худалдан авах талаар  санал гаргаж, төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулах, хугацаа хэтэрвэл 0,2 хувийн алданги тооцох талаар  уг гэрээ байгуулах тухай саналдаа дурджээ. /хх-ийн 6 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ байгуулах саналыг хүлээн авч бетон зуурмаг нийлүүлсэн талаар талууд маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

 

            Хариуцагч төлбөр төлөх хугацаа хэтэрвэл 0,2 хувийн алданги төлөх санал хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч, талуудын хооронд алданги төлөх талаархи хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй  байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар  анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 10 125 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            Нэхэмжлэгч 158 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн гэж, хариуцагч 147 м.куб бетон зуурмаг хүлээн авсан гэж маргажээ. Талууд 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, 147.438 м.куб бетон зуурмагийн үнэ 19 904 130 төгрөгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх тухай баримт үйлдэж зохигч компаниудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж  тэмдэг дарсан баримт, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаар нийт 16 удаагийн  ачилтаар, ачилт тутамд 8 м.куб нийт 128 м.куб бетон зуурмаг хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Нэхэмжлэгч нь 158 м.куб бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. /хх-ийн 9 дүгээр тал/

 

            Хэдийгээр, хэрэгт авагдсан бетон зуурмаг хүлээлцсэн баримтаар /хх-ийн 14-16 дугаар тал/ 128 м.куб бетон зуурмаг хүлээлгэн өгсөн байх боловч 147.438 м.куб бетон зуурмаг авсан гэх хариуцагчийн тайлбар болон тооцоо нийлсэн актад /хх-ийн 9 дүгээр тал/ үндэслэж хариуцагчаас 147.438 м.куб бетон зуурмагны үнэ 19 904 130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан ажлын хөлс гэх 2 300 000 төгрөгийг анхан шатны шүүх зөв дүгнэж хэрэгсэхгүй болгосон ба энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой  өмгөөлөгч авч,  дээрх хэмжээний хөлс зайлшгүй  төлөх шаардлагатай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь чанарын шаардлага хангаагүй гэж хариуцагч маргаж байгаа боловч тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна нийлүүлсэн бетон зуурмагийг  барилгын ажилд хэрэглэсэн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул худалдан авагч “Их наран өргөө констракшн” ХХК нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.

 

            Нөгөө талаар, хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу бетон зуурмагийн чанарын талаар шинжээч “Барилгын хөгжлийн” төв дүгнэлт гаргасан ба шинжээч шүүхээс тавьсан асуултад тодорхой, ойлгомжтой хариулт өгсөн байхын зэрэгцээ шинжээч нь хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар асуулт тавигдаагүй ч дүгнэлтдээ оруулах эрхтэй тул шүүгчийн захирамжаар асуугаагүй зүйлд дүгнэлт гаргасан нь уг дүгнэлтийг  бүхэлд нь буруу гарсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

 

            Шүүх 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид  2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 28, 2016 оны 4 дүгээр сарын 18, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж,  2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр шинжээч томилсон зэргээс үзэхэд хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, энэ хугацаанд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаж мэтгэлцэх боломжтой байжээ. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг шүүх хязгаарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамж хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2 дахь хэсгийг хэрэглээгүй, шинжээчийн ажлын хөлс гаргуулж шийдвэрлэхдээ баримталбал зохих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/03767 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-иас 19 904 130 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ноц бетон зуурмаг” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 14 390 870 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “… 57 дугаар зүйлийн 57.1 …” гэсний дараа “56 дугаар зүйлийн 56.2” гэж нэмж, “… 315 225 төгрөг …” гэснийг “257 470 төгрөг” гэж,

4 дэх заалтын “… 56 дугаар зүйлийн 56.2 …” гэснийг “53 дугаар зүйлийн 53.1.1” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 225 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                            

                             ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА                                                                                                         

                                                               Г.ДАВААДОРЖ