Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1103

 

 

 

 

 

            2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2016/01103

                                        Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймаг Угтаалцайдам сум 3 дугаар баг Хар чулуут шанд 1-8 тоотод оршин суух, Азар овгийн Наваантаяын Пүрэвсүрэн  /НТ74062709/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Угтаалцайдам сум 3 дугаар баг Хар чулуут шанд 1-8 тоотод оршин суух,Өлзий тайж овгийн Сампилдэндэвийн Намжилдорж /НТ78120730/-т холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Пүрэвсүрэн, хариуцагч С.Намжилдорж, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар  оролцов.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие 2006 онд С.Намжилдоржтой гэр бүл болсон. 2002 онд хүү Н.Мөнхбаяр, 2008 онд охин С.Дэлгэрмаа нарыг төрүүлсэн. Эхний жилүүдэд сайн сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр С.Намжилдорж нь гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харилцаатай болж гэр бүлдээ анхаарал халамж тавихгүй байгаа. Намжилдоржийг гэртээ ирээд явуулахгүй гэхээр явлаа гээд хэрүүл маргаан үүсэж намайг цохиж зоддог байсан. Намайг цохиж зодоод байхаар 2013 онд Намжилдоржийг угтаалын цагдаад өгсөн боловч хүүхдүүдээ бодоод өргөдлөө буцааж авсан. Удалгүй Намжилдоржоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхэд бид хоёрт эвлэрлийн хугацаа өгч 21 хоног хамт амьдраад л эргээд нөгөө хүүхэн рүүгээ явсан. Бид хоёр эвлэрнэ гэж хэзээ ч байхгүй. Гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан бол Намжилдоржийн гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэж намайг цохиж зодож дарамталдаг байсан явдал. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөр дээр авч, хүүхдийн тэтгэлгийг Намжилдоржоос гаргуулмаар байна гэв.

Хариуцагч С.Намжилдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Пүрэвсүрэн бид хоёр 2000 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2001 онд хүү Н.Мөнхбаяр, 2008 онд охин Н.Дэлгэрмаа нар төрсөн. Айл гэр л болсон хойно хэрэлдэж маргалдах зүйл бишгүй л байсан. Пүрэвсүрэн бид хоёр сүүлийн хэдэн жилүүдэд таарч тохирохоо больсон. Би архи дарс их уудагүй байсан. Үр хүүхдээ харааж зүхэж байгаагүй, уурлаж загнаж байсан нь үнэн. 2014 онд салаад эргэж  нийлээд 21 хоногийн хугацаанд хамт амьдарсан. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй, намайг 2002 онд гэр бүл болоход манай аав, ээж хашаа байшин авч өгч байсан. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй, гэрлэлтээ цуцлуулах нэхэжмлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Пүрэвсүрэн хариуцагч С.Намжилдоржид холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж,тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Наваантаяын Пүрэвсүрэн, Сампилдэндэвийн Намжилдорж нар нь 2005 оны 12 сарын 19-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүл байдлын бүртгэлд 2006 оны 12 сарын 25-ны өдөр бүртгүүлж, 2002 оны 11 сарын 15-ны өдөр Намжилдоржийн Мөнхбаяр, 2008 оны 06 сарын 04-ний өдөр Намжилдоржийн Дэлгэрмаа нарыг төрүүлж өсгөсөн гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн 0030045 2006/03, хүүхдийн төрсний Г-78, 0112124 Г-29 гэрчилгээний хуулбарууд, Н.Мөнхбаяр нь Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургуулийн 9 б ангид, Н.Дэлгэрмаа нь  Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургуулийн 3 б ангид суралцаж байгаа тухай тус сургуулийн нийгмийн ажилтаны тодорхойлолт, Н.Мөнхбаяр, Н.Дэлгэрмаа нар нь эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон Төв аймгийн Угтаал цайдам сумын эмнэлэгийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас тус тусдаа амьдарч байгаа, тэдгээрийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн шүүхээс эвлэрэх хугацаа өгөхгүйгээр цуцлах нь зүйтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д...”гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн хэний асрамжид үлдээхээр харилцан тохиролцож болно”  гэжээ.

Хүү Н.Мөнхбаяр, Н.Дэлгэрмаа нарыг эх Н.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээхээр эцэг, эх харилцан тохиролцсон мөн хүүхдийн амьдрах орчныг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй ба түүний өсөж дассан орчныг солих шаардлагагүй байх тул эхийн асрамжид үлдээж, эцэг С.Намжилдоржоос тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

 

Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Н.Пүрэвсүрэнгийн төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Намжилдорж нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Азар овгийн Наваантаяын Пүрэвсүрэн /НТ74062709/, Өлзий тайж овгийн Сампилдэндэвийн Намжилдорж /НТ78120730/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 11 сарын 15-ны өдөр хүү Намжилдоржийн Мөнхбаяр, 2008 оны 06 сарын 04-ний өдөр охин Намжилдоржийн Дэлгэрмаа нарыг эх Н.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2002 оны 11 сарын 15-ны өдөр Намжилдоржийн Мөнхбаяр, 2008 оны 06 сарын 04-ний өдөр Намжилдоржийн Дэлгэрмаа нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Намжилдоржоор тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Пүрэвсүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.Намжилдоржоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОН