Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01025

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01343 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******нд тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус 1 баазын үйлдвэрчний хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******ны төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь ******* ОНӨААТҮГ-ын автобус нэг баазын үйлдвэрчний хорооны тамга тэмдгийг амрах хугацаандаа ******* ОНӨААТҮГ-ын нэгдсэн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга *******, Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний холбооны дарга ******* нарт хүлээлгэн өгсөн. Энэ хоёр хүн миний тамгыг өгөөгүйгээс болоод би хамтын гэрээнд заасан цалингаа авч чадахгүй байна. Одоо би нийгмийн даатгалын төлөлтөө хийж чадахгүй байгаад гомдол гаргаж байна. Иймд *******ын эзэмших ******* ОНӨААТҮГ-ын автобус нэг баазын үйлдвэрчний хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ны татгалзал, тайлбарын агуулга:

Монгол Улсын хэмжээнд Зорчигч тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны хоёрдугаар баазын ажилтны ҮЭ-ийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭ-ийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл ҮЭ-ийн хороо гэсэн ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан 4-н үйлдвэрчний эвлэлийн хороог нийт ажилчдын санал хүсэлтээр нэгтгэх хурлыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулж нэгтгэсэн ҮЭ-ийн хорооны даргыг сонгох сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус нэгтгэсэн ҮЭ-ийн хороон даргыг сонгох сонгуульд *******, *******, ******* нар өрсөлдсөн бөгөөд хуралд 745 ажилтан, албан хаагч нар оролцсоноос 383 ажилтны санал авч 51.4%-иар ******* нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭ-ийн хороо-ны даргаар сонгогдсон.

Нэгдсэн нэг хороотой болсон тул Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны хоёрдугаар баазын ажилтны ҮЭ-ийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны эв нэгдэл ҮЭ-ийн хороог тус тус татан буулгах тухай тогтоолыг бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэсэн.

Иймд, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хорооны дарга *******, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны хоёрдугаар баазын ажилтны ҮЭ-ийн хорооны дарга ******* нарт хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭ-ийн хороо-ны дарга *******т хураалгаж улсын бүртгэлээс хасуулах талаар мэдэгдсэн.

******* нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн байдаг. Хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан ******* нь хуучин ажилдаа эргэн орох хүсэлт гаргасныг ажил олгогчтой зөвшилцөж урьд эрхэлж байсан ажил болох нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажил үүргээ гүйцэтгэж байгаад Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Нэгдүгээр баазаас өндөр насны тэтгэвэрт гарсан.

Иймд, *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ны татгалзал, тайлбарын агуулга:

Нийслэлийн нийтийн тээврийн ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны хоёрдугаар баазын ажилтны ҮЭ-ийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭ-ийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны эв нэгдэл ҮЭ-ийн дөрвөн ҮЭ-ийн хороог гишүүд ажилчдын санал, ҮЭ-ийн сонгуультнуудын санал, хүсэлтэд тулгуурлан нэгтгэн зохион байгуулах, нийт ҮЭ-ийн гишүүдийн хурлыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил олгогч, үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгуулсан. Тус хурлаар ******* олонхын саналыг авч үйлдвэрчний эвлэлийн сонгуульт хорооны даргаар сонгогдсон. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуультнуудын санал хүсэлтийн дагуу Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хороог татан буулгах тухай тогтоолыг бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэсэн.

******* Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны даргын сонгуульт ажлыг 2022 оны 02 дугаар сараас сонгогдож ажиллаж эхэлсэн. ******* нь анхан шатны үйлдвэрчний эвлэлүүдийн хороог мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, салбарын хамтын хэлэлцээрийг 3 талаас хамтарч байгуулдаг үйлдвэрчний эвлэлийн холбоо юм. ******* нь анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хорооны тамга, тэмдгийг ямар нэгэн байдлаар хүлээж авдаггүй, ашигладаггүй, анхан шатны хороодын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хадгалах эрхгүй.

Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус 1 баазын үйлдвэрчний хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж шударга эзэмшигч гэж буруу дүгнэсэн.

...Маргаан бүхий тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ нь ******* ОНӨААТҮГ-ын Автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны өмч бөгөөд зөвхөн тухайн байгууллагын эрх бүхий удирдлага буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд эзэмших хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хууль ёсны үндэслэлээр олж авсан байх, эзэмших эрх нь эрх бүхий байгууллага, бүртгэл, баримтаар баталгаажсан байх гэтэл хариуцагч нь улсын бүртгэлд эрх бүхий этгээдээр бүртгэгдээгүй, өмч шилжүүлсэн тухай хууль ёсны шийдвэр, гишүүдийн хурлын шийдвэр, бүртгэлийн өөрчлөлт байхгүй байхад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг эзэмшиж байгаа нь хууль бус эзэмшил болно. Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн өмч хөрөнгө халдашгүй бөгөөд төр, аж ахуйн нэгж, улс төрийн болон бусад байгууллага, этгээдүүд тэдгээрийн санхүү, өмчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэтэл хариуцагч нь хууль ёсны эрхгүйгээр тамга, гэрчилгээг эзэмшиж, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, өмчийн эрхэд халдсан нь дээрх дүрмийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

Үйлдвэрчний эвлэл нь сайн дурын, бие даасан байгууллага бөгөөд түүний үйл ажиллагаа, удирдлага, нэгдэх, татан буугдах асуудлыг зөвхөн гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан боловч хариуцагч уг шаардлагыг хангаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад гуравдагч этгээд тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус байдлаар хураан авсан нь үйлдвэрчний эвлэлийн бие даасан байдал, өмчийн халдашгүй эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болно. Иймд хариуцагчийн үйлдэл нь өмчийн халдашгүй байдлыг зөрчсөн, байгууллагын бие даасан байдлыг алдагдуулсан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг шууд хязгаарласан ноцтой зөрчил бөгөөд нэхэмжлэгчид тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгуулах шаардлага бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн байгууллагын өмч бөгөөд зөвхөн хууль ёсны удирдлага эсвэл улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд эзэмших эрхтэй. Хариуцагчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өгсөн мэдээлэл нь хууль бус, баталгаажаагүй үйлдэл, үнэн бодит нөхцөл байдалд нийцээгүй, шүүхэд итгүүлэхэд үнэн зөв нотолгоо биш юм. Хариуцагчийн худал мэдээлэл, баталгаажаагүй баримт дээр үндэслэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлгүй, хүчингүй болгох үндэслэлтэй.

...Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 44 дүгээр зүйлийн Үйлдвэрчний эвлэл сайн дурын үндсэн дээр тарах буюу бусад үйлдвэрчний эвлэлд нэгдэх замаар үйл ажиллагаагаа зогсоож болно. Энэ тухай улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 10 хоногийн дотор мэдэгдэнэ., дүрмийн 7 дугаар зүйл (7.6.4, 7.6.5) зааснаар эрх барих дээд байгууллага буюу бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал нь татан буулгах, нэгтгэхэд зайлшгүй хэрэгтэй гэтэл ажлын хэсэг зөвхөн 01 тоот тогтоол хэрэгжүүлэх үүргээ хэтрүүлэн, нэмж ******* ОНӨААТҮГ-ын Автобусны нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, ******* ОНӨААТҮГ-ын Автобусны хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог ажлын хэсэг татан буулгах эрхгүй шийдвэр гаргасан нь хууль, дүрмийн ноцтой зөрчил бөгөөд хүчин төгөлдөр бус байна.

Маргаан бүхий тамга, гэрчилгээ нь нэхэмжлэгчийн төлөөлж буй хуулийн этгээдийн өмч бөгөөд хариуцагч нь тухайн өмчийн эзэмшигч биш, улсын бүртгэлд эрх бүхий этгээдээр бүртгэгдээгүй, гишүүдийн хурлаар өмч шилжүүлэн авах шийдвэр гаргаагүй байхад эзэмшиж байгаа нь хууль бус юм. Хэрэв 2021 оны 06 дугаар сарын 25-ны тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзвэл ******* ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь уг тогтоолоор татан буугдсан гэж үзэх нөхцөл бүрдэнэ. Иргэний хуулийн 32, 33 дугаар зүйлд зааснаар татан буугдсан хуулийн этгээд нь эрх зүйн чадамжгүй болох тул өмч эзэмших, бусдын өмч хураан авах эрхгүй болно. Иймд, хариуцагчийн үйлдэл нь хууль зүйн болон хувьд зөрчилтэй.

...Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 5.7-д үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно, 12.3-т үйлдвэрчний эвлэл бие даан үйл ажиллагаа явуулах эрхтэй, 13.1-д дүрмийг дээдлэн сахиж, эв нэгдлийг ханган ажиллах, 14.2-д бусад эвлэлд шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно, 15.3-т үйлдвэрчний эвлэлийн өмч халдашгүй гэтэл хариуцагч тал тамга, гэрчилгээг хууль бусаар хураан авч байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж санхүүгийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь дээрх дүрмийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн ноцтой үйлдэл юм.

2024 оны 06 дугаар сарын 24-ний №02 дугаар тогтоол нь /тэргүүлэгчид бага хурал хийж тогтоол гаргаагүй/ 01 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг тогтоол гаргах эрхгүй болно. Үр дагавар нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны тогтоол нь бүх үйлдвэрчний хороодын байгууллагыг татан буулгасан агуулгатай атлаа дараа нь өмч эзэмших үндэслэл болгож ашиглагдаж байгаа энэ нь эрх зүйн болон ноцтой зөрчил болно.

******* ОНӨААТҮГ-ын Автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаа, тайлан, сонгууль нь дотоод асуудал бөгөөд тухайн эвлэлийн баталсан дүрмээр зохицуулагддаг.

Дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Гишүүн үйлдвэрчний эвлэлүүд жил бүр нийт гишүүддээ тайлан тавьж, дөрвөн жил тутамд сонгууль явуулна. Харин зайлшгүй тохиолдолд, тухайлбал дарга өөрийн хүсэлтээр огцрох, эрүүл мэндийн шалтгаан, нас барах, удирдах албан тушаалд дэвших, эсхүл гишүүдийн олонх сонгууль явуулахыг шаардсан тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр сонгууль явуулж болно. гэж заасан. Иймд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн олонхын шаардлага гарсан тохиолдолд сонгуулийг заавал 4 жилийн хугацаа хүлээлгүйгээр явуулах эрх зүйн үндэслэл бүрэн байна. *******ын хувьд муу ажилласан гэх үндэслэлээр гомдол гаргасан асуудал байхгүй боловч дүрмийн дагуу гишүүдийн олонх сонгууль явуулах шаардлага гаргасан тохиолдолд даргын сонгуулийг хугацаа харгалзахгүйгээр явуулах боломжтой гэж үзэж байна.

*******, ******* ОНӨААТҮГ-ын Автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2012, 2013 оны 03 дугаар сар, 2017 оны 04 дүгээр cap, 2021 оны 11 дүгээр саруудад тус тус дарга сонгох сонгуулийг зохион байгуулж байсан. Мөн ******* ОНӨААТҮГ-ын Автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны Голомт банкны ******* тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 7-25, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд гүйлгээ хийж, тамга дарж мөнгө гаргаж байсан. Уг данс нь татан буугдсан, хаагдсан байх ёстой байсан ч бодит байдал дээр байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан нь нотлогдож байна. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би гүйлгээ хийх зорилгоор тамга авахаар очиход ******* тамгыг өгөхөөс татгалзсаны улмаас гүйлгээ хийж, мөнгөө авч чадаагүй. Иймд, *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, гүйлгээ хийх боломжийг хангуулж, байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсныг хүлээн зөвшөөрөхийг хүсье.

Нотлох баримтын бүрдүүлэлт, шүүхийн ажиллагааны зөрчил болон бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг бүрэн, бодитой цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ нь хэргийг бодитой, зөв шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчид нотлох баримтаа өөрсдөө гаргах үүрэгтэй гэж заасан боловч зохигч өөрөө нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй тохиолдолд шүүх тухайн баримтыг гаргуулж авах үүрэгтэй байдаг. Гэтэл ******* нь татварын байгууллагаас санхүүгийн тайлантай холбоотой баримт тамгагүй байгаа учир нотлох боломжгүй, банкнаас дансны орлого, зарлагын гүйлгээний баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаагүй болно.

Маргаан бүхий байгууллагын тамга хариуцагчийн хууль бус эзэмшилд байсан нөхцөлд нэхэмжлэгчийн хувьд дээрх баримтуудыг өөрийн хүчээр бүрдүүлэх бодит боломжгүй байсан. Ийм нөхцөлд шүүх нотлох баримтыг гаргуулах арга хэмжээ аваагүй атлаа нэхэмжлэгч тайлан гаргаагүй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт болсон.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй, бодит байдлыг буруу тогтоож, нэхэмжлэгчийг тайлан гаргаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын дагуу нотлох баримтыг бүрдүүлэх боломжийг хязгаарласан нөхцөлд тухайн этгээдэд сөрөг үр дагавар үүсгэх ёсгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн хувьд алдаатай гэж үзэж байна.

...Тус байгууллага татан буугдаагүй, хууль ёсны үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нотлогдож байна. Гэтэл дээрх нөхцөл байдлыг үл харгалзан миний хууль ёсны эрхийг зөрчиж, улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Иймд ******* ОНӨААТҮГ-ын Автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр хуульд заасны дагуу олгуулах, тус байгууллагын тамгыг хууль ёсны эзэмшигчийн хувьд *******ад шилжүүлэн олгуулах, *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, цаашид саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тус үйлдвэрчний эвлэлийн хороо татан буугдаагүй, үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүх гишүүдийн хурал зарласан. Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний холбооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Үйлдвэрчний холбооны Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11.2 дээр үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан. Хороон даргыг сонгох эрх нь бүх гишүүдийн хурал шийддэг. Уг хурлаар 6 тоот тогтоол гарсан байдаг. *******, ******* мөн миний бие өрсөлдөөд 63 хувиар миний бие ялалт байгуулаад хороон даргаар сонсогдсон. Гэрчилгээ тамга тэмдгээ хүлээж аваад тухайн үед ******* нь хүлээн зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, автобус 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны гэрчилгээ, тамга хоёрыг *******т хүлээлгэж өгсөн. ******* ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо гээд нэг хороог аваад бусад хороогоо татан буулгах зөвшилцөлд хүрсэн. Бүх гишүүдийн хурлаар нэг хороотой байх бөгөөд уг хороо нь Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн ажилчдын үйлдвэрийн хороо цаашид үйл ажиллагаагаа явуулна гэж бүх гишүүдийн хурлаар шийдсэн. Бага хурлыг салбарын холбоод хийдэг болохоос үйлдвэрчний эвлэлийн хороо анхан шатны хороонд бага хурал гэж хийдэггүй.

2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* нь ажилд эгүүлэн авахгүй байна гэж ******* өргөдөл өгсөн. *******ийн захиргаанд өөрийнхөн нь хүсэлтийн дагуу Зорчигч тээврийн захиргаа хурлаар өөрийнхөн хүсэлтийн дагуу 08 дугаар сарын 23-ны өдөр бүх гишүүдийн хурлаар ******* өрсөлдөөд ******* сонгогдоод ажлаа хүлээлгэж өгсөн тул буцааж ажилд эгүүлэн авна уу гэсэн хүсэлт нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус байгууллагад 19 жил ажиллаад тэтгэвэртээ сууна. ******* орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот газрын ******* газрын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан хамтын гэрээний дагуу 14 сарын тэтгэмж олгоно уу гэсэн хүсэлтүүд байсан. ******* миний ажиллаж байсан жолоочийн ажилд хүү ******* овогтой *******ийг 1-р баазад 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн автобусны жолоочийн ажилд ажлуулахаар харилцан тохиролцож, хүсэлтийнх нь дагуу ажлаас нь чөлөөлөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гараад ажлаас чөлөөлөгдсөн. ******* татан буугдсан. Одоо зорчигч тээвэр 1 гэсэн хуулийн этгээд тамга тэмдэгтэйгээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүх ажилчдын хурал хийгээд ******* томилогдоод ажиллаж байна. *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 1-р баазын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******ны төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Монгол Улсад нийт 2200 анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо, мэргэжил үйлдвэрчний салбар холбоо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо анхан шатны холбоо гэсэн статусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр дүрмүүд нь зөрчигдөх юм бол монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг баримтална гэж заасан байдаг. Жил бүр гишүүддээ тайлан тавьж сонгуулийн хурлыг хийдэг. 4 жилийн хугацаанд тайлан сонгуулийн ажлыг зохион байгуулдаг. Бүх гишүүдийн 3/2 шаардвал хугацаа харгалзахгүй сонгуульт ажил явна гэж заасан. Үйлдвэрчний эвлэлийн хороог нэгтгэн зохион байгуулах хурал 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүх үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцож, холбоон хяналтын холбооны дарга ******* нь цуг оролцсон. Энэ хурал дээр нэгтгэн зохион байгуулах тогтоол гаргаад, хурлаар ******* ******* ******* нар өрсөлдсөн. Олонхын саналаар *******ыг сонгосон. Дүрмийн заалтын 11 дүгээр бүлэгт гишүүд, үйлдвэрчний хороо бүтэц зохион байгуулалтын асуудал яригдаж байна. 7 дугаар зүйл заалт бол үйлдвэрчний холбооны эрх барих хурлыг зааж байна. Бага хурал бүх гишүүдийн хурал нь 2 өөр статустай. *******ын давж заалдах гомдлын шаардлага нь холбооны дүрэмд байхгүй заалтуудыг буруу хэрэглэж өөрөөр тайлбарласан. Тамга тэмдгийг булааж авдаг этгээд бид биш тусдаа хуулийн этгээдтэй холбоотой асуудал юм. Бүх гишүүдийн хурал нь эцсийн шийдвэр байна гэж заасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******нд тус тус холбогдуулан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус 1 баазын үйлдвэрчний хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...Би, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус 1 баазын үйлдвэрчний хорооны даргаар ажилладаг, улсын бүртгэлд бүртгэлтэй, өөр бусад хороотой нэгдээгүй байхад нэгдсэн мэтээр бүх гишүүдийн тогтоол гаргасан, тэр хурлаар манай хороог нэгтгэх талаар хэлэлцээгүй бөгөөд тамга, гэрчилгээгээ амралттай хугацаанд түр хадгалуулсан... гэжээ.

 

3. Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...Хороо нь бусад хороонд нэгдсэн учраас нэхэмжлэгч хорооны даргаас чөлөөлөгдөж урьд эрхэлж байсан ажил болох нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож үүргээ гүйцэтгэж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, хорооны тамга гэрчилгээг дээрх үндэслэлээр хүлээлгэж өгсөн атлаа маргааш нь тухайн тамгыг дарсан амралттай гэх албан бичгийг гаргасан нь үндэслэлгүй... гэж,

Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...манай байгууллага нь анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хорооны тамга, тэмдгийг ямар нэгэн байдлаар хүлээж авдаггүй, ашигладаггүй, анхан шатны хороодын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хадгалах эрхгүй... гэж тус тус тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Автобус нэг ОНӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 дугаар тогтоолоор Автобус нэг компанийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар нэхэмжлэгч *******ыг сонгож, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Автобус нэг ОНӨҮГ-ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар улсын бүртгэлд бүртгэгдсэн,

 

4.2. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №132 дугаар тогтоолоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, Автобус-1 ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан газарт нийлүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор Автобус нэг ОНӨҮГ-ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо оноосон нэр нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болж өөрчлөгджээ.

 

4.3. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №06 дугаар тогтоолоор Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг 4 хороог татан буулгаж, *******, *******, ******* нарын хүмүүсийг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлаас чөлөөлсөн.

 

Мөн өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор *******ыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус хорооны даргаар *******ыг томилжээ.

 

5. Дээрх үйл баримтаар Автобус нэг ОНӨҮГ-ыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр татан буулгаж, өөр хуулийн этгээдтэй нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан бөгөөд нэхэмжлэгч *******ын улсын бүртгэлд даргаар бүртгэгдсэн Автобус нэг ОНӨҮААТҮГ-ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо 2021 онд бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь шинээр сонгогдсон дарга *******т хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

6. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж, 4 дүгээр зүйлийн 1-д Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна гэж заасан бол, Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дүрмийн 11.3-д Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. Бүх гишүүдийн болон төлөөлөгчдийн хурлаас дарга, тэргүүлэгч, хяналтын зөвлөлийн дарга, залуучууд, эмэгтэйчүүдийн хэсгийн дарга гишүүдийг сонгоно, дүрмийн 11.4-т Гишүүн үйлдвэрчний эвлэлүүд нь жил бүр бүх гишүүддээ тайлан тавьж, дөрвөн жил тутам сонгууль явуулна гэж тусгажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын дэргэд үүсгэн байгуулагдсан үйлдвэрчний эвлэлд иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дураараа, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй ба ийнхүү эвлэлдэн нэгдсэн гишүүд эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаараа 4 жил тутам сонгууль явуулж даргаа сонгож байхаар дүрмээрээ зохицуулсан.

 

7. Түүнчлэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол гарснаар нэхэмжлэгч *******ын хувьд хорооны даргын бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй ба бүх гишүүдийн хурлын дээрх шийдвэрийг хууль бус гэх үндэслэлээр гишүүд, хороодын эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээд болох *******нд болон шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан талаар баримтгүй, үйлдвэрчний эвлэлийн хороодуудыг нэгтгэх асуудлыг хэлэлцсэн бүх гишүүдийн хурлын шийдвэрүүдийг хууль бус гэж тогтоосон баримтгүй байна.

 

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хуралд нэхэмжлэгч ******* нь биечлэн оролцсон болох нь бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд тэрээр бүх гишүүдийн хурлын шийдвэртэй холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр сонгогдсон *******т хүлээлгэн өгсөн болох нь ажил хүлээлцэх тухай талуудын гарын үсэг бүхий бичгийн баримтад ...******* овогтой ******* овогтой *******аас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн хамт, эд хөрөнгө, тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, данс Х төгрөг, өр, авлагыг шилжүүлэн нэгтгэн хүлээлгэн өгөв гэж тэмдэглэгдсэн байдлаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь ... ээлжийн амралтаа авах болсон тул улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг түр хадгалуулахаар *******т өгсөн... гэж тайлбарлаж байгаа боловч энэ нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №70 дугаар ******* ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ******* танаа гэсэн *******ын гарын үсэг, тамга бүхий бичгийн баримт нь зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн үндсэн дээр үйлдэгдсэн, нэг талын баримт байна.

 

8. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 44 дүгээр зүйлд Үйлдвэрчний эвлэл сайн дураараа тарах буюу бусад үйлдвэрчний эвлэлд нэгдэж үйл ажиллагаагаа зогсоож болно. Энэ тухай улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 10 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заасан. Нэхэмжлэгч *******ыг бүртгэсэн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болоогүй, түүнд өөрчлөлт ороогүй асуудал нь нэхэмжлэгчийг татан буугдсан үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Энэ үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

9. Нэхэмжлэлийн зүйл болох Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус 1 баазын үйлдвэрчний хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ нь Иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө болохгүй, өмчийн зүйл биш бөгөөд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн бичиг баримтыг гэрчлэх, батлах тамга, тэмдэг учраас үүнийг эд хөрөнгө гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

10. Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч *******, *******нд тус тус холбогдуулан гаргасан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус 1 баазын үйлдвэрчний хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул ******* ОНӨААТҮГ-ын Автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр хуульд заасны дагуу олгуулах, тус байгууллагын тамгыг хууль ёсны эзэмшигчийн хувьд надад шилжүүлэн олгуулах агуулгаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

11. Түүнчлэн, нэхэмжлэгч *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, цаашид саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах агуулгаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг мөн хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 90 дүгээр зүйлийн 90.1 гэснийг 9 дүгээр зүйлийн 9.4.2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН