Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч Б.Хурц,

насанд хүрээгүй хохирогч Б.З, түүний хууль ёсны төлөөлөгч С.*******,

насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.*******,

насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл /№1943/

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март /№  /

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Л.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000910049 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Л.Б /РД:**********/

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Яллагдагч Л.Б нь ******* ******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн том хүү 10 настай Б.Зыг 2018 оны 4 дүгээр сард цахилгаан тогооны залгуураар ороолгож зодсон, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өшиглөж зодсон, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрийн унины модоор цохиж, зуухан доторх халуун нурман дээр хөл нүцгэн зогсоолгож өвдөлт зовиур үүсгэн тарчлаасан, бага хүү 6 настай Б.Мыг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зодсон, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өшиглөсөн, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн Л.Б нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн том хүү 10 настай Б.Зыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэрийн унины модоор цохиж, зуухан доторх халуун нурман дээр хөл нүцгэн зогсоолгож өвдөлт зовиур үүсгэн тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Л.Б нь өөрийн хүүхдүүдийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бийн өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би согтуудаа хүүхдүүдээ зодсон нь үнэн. 2019 оны 02 сарын 03-нд цагаан сараар битүүний орой халуун тогооны залгуураар ороолгосон. Тэгээд миний буруу уучлаарай. Дахиж тэгэхгүй” гэх мэдүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Зын “... Цагаан сараар миний хөлийг түлсэн. Түлсэн сорви нь одоо байгаа. Ээж эрүүл үедээ гэр буулгалаа гээд хааяа чимхээд байдаг. Ээж 7 хоногт  3-4 удаад нь архи уудаг. Архи уух болгондоо зодоод байдаг. Залгуураар олон удаа зоддог.” гэх мэдүүлэг        

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Мын “... Ээж цагаан сараар дэгээ төмрөөр зодсон. Заримдаа тогооны залгуураар ороолгодог. Архи уухаараа зоддог. Нуруун дээр униар цохьсон. Ээжтэйгээ амьдрахгүй байвал зүгээр байна. ” гэх мэдүүлэг                     

Мөрдөн байцаалтад гэрч Г.*******ийн өгсөн “...Л.Б 2016 оноос эрчимтэй архи ууж миний төрсөн ахыг согтуудаа гэрээсээ хөөнө, зодно, архи олж ир гэж дарамталдаг, сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр хүүхдээ зодож эхлэсэн. 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой согтуугаар *******ын хоёр хөлийг зуухны ам онгойлгож байгаад хийж түлсэн, мөн биед нь олон тооны гэмтэл учруулсан байсан. Удаа дараа өөрийн төрсөн хүүхдүүдээ зодож тарчлааж, тамлан зовоодог. *******ын биед олон тооны шарх сорив байгаа. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж шийдүүлэх хүсэлттэй байна ....” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.*******ын өгсөн “...Архи уусан үедээ хүүхдүүдээ зодож байсан би “боль” гэж хэлдэг тэр үед больчихдог юм. 2017 оны 9-р сараас 2018 оны 3-р сарын үе хүртэл нэг хашаанд бууж тус тусдаа гэрээрээ амьдарсан тэр үед манай дүү архи уусан үедээ хүүхдүүдээ загнаад л цохиж байхыг харж байсан айхтар гэмтэл учруулж байхыг харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ө.ийн өгсөн “...Л.Б архи уусан үедээ галзуу юм шиг л болдог. Согтуу ирээд хоёр хүүхдээ нэг нэг удаа өшиглөж зодож хоёр гөлөг минь ална шүү та 2 урд суу гээд хоёр хүүхдээ айлгаад урдаа сөхрүүлж суулгаад байхаар нь дарж байгаад унтуулж байсан. Нөхөр нь нэг удаа манай эхнэр гэрт өөр хүнтэй секс хийж байна, намайг архи авч өгсөнгүй, чи намайг хангаж чадахгүй байна гээд нүдэн дээр өөр хүнтэй унтаж байсан гэж хэлж байсан. Нөхрөө байнга л дарамталж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Л. өгсөн “...Л.Б эрүүл байсан ч согтуу байсан ч хамаагүй хоёр хүүгээ гэрт таарсан зүйлээрээ байнга зодож байдаг. Намайг гэрээс байнга хөөж туудаг. Надаас байнга архи олж ир гэж шаардана. Хоёр хүүгээ элдвээр харааж зүхэн загнадаг. Зодох үйлдэл нь 7 хоногт багадаа 2-3 удаа. Би аргаа бараад өөрийн төрсөн дүүгийндээ байлгаж байгаа. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн “...Б.М, Б.З гэх нэртэй хоёр хүүхэд манай гэрт уйлсан байдалтай орж ирээд ээж зодоод байна та аавтай яриулаад өгөөч гэж хэлсэн. Маргааш нь дахиад урд шөнө ээж хөл түлчихлээ та аавтай яриулаад өгөөч гээд уйлаад байсан. Л.Б архи их уудаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.*******ын өгсөн “...Б.З гэх хүүхэд хөлөндөө дунд хэмжээний түлэгдэлтэй цэврүү үсэрсэн байдалтай гишгэж чадахгүй хөл өвдөнө, толгой өвдөнө гэсэн зовиуртай уг хүүхдийн авга эгч ******* гэх эмэгтэй дагуулан ирсэн. Уг хүүхэд манай ээж намайг зодсон, гал дээр хөл тавьж түлсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн “...Б.Зын биед цахилгаан тогооны залгуураар ороолгож зодсон нуруунд нь улаан хөх болсон шарх байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 122 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн “....Б.З нь дуу цөөнтэй томоотой, ар гэрийн зүгээс анхаарал халамж сул, хичээлийн хэрэгсэлгүй ирдэг. Аавынх нь дүү гэх эмэгтэй Б.Зын зодуулж хөх няц болсон зургийг гар утсан дээрээ аваад надад үзүүлж байсан. Зурган дээр бие нь нэг зүйлээр ороолгож байсан бололтой их гөвдрүү тогтсон шархтай хэцүү зураг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 123 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн “...Б.З нь байнга хичээл тасалж байдаг анхаарал татсан хүүхэд байгаа юм. Авга эгч нь гэх эмэгтэй сургууль дээр ирж ээж нь байнга зодож байсан байна. Энэ удаа дахин зодсон учир сумын сургуульд шилжүүлэн суралцуулах гэсэн юм гээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 124 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 шэ/123 дугаартай

  1. Б.Зын биед 2 талын тавхайн уланд 1-р зэргийн түлэгдэлт, нуруу, баруун гуянд цус хуралт, баруун бугалга, баруун даланд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх нуруу, баруун гуянд цус хуралт, баруун бугалга, баруун даланд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2 талын тавхайн уланд 1-р зэргийн түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 08 шэ/288 дугаартай

  1. Б.Мын биед хавтаст хэргийн материалаар хүзүүний баруун талд сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. 2019.02.22-ны 08шэ/124 тоот дүгнэлтэнд дээрх хуучин сорви гэмтэл тусгагдаагүй болно.
  3. 2019.05.01-ний мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлд орсон хүзүүний зүүн талд түлэнхийн сорви, нуруунд зөөлөн эдийн битүү хуучин гэмтэл нь гэрэл зурагт хамрагдахгүй байх ба сорви мөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
  4. Б.Мын биед учирсан хүзүүний баруун талд сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсээгүй байх ба хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 155 хуудас/.

2008 оны 9 сарын 10-ны өдөр төрсөн, насанд хүрээгүй хохирогч Б.З, 2012 оны 8 сарын 30-ны өдөр төрсөн, насанд хүрээгүй хохирогч Б.М нар нь шүүгдэгч Л.Бийн хүүхдүүд болох нь Б.Зын Г-67 дугаартай төрсний гэрчилгээ /хх-ийн 9 хуудас/, Б.Мын Г-70 дугаартай төрсний гэрчилгээ /хх-ийн 29 хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,  мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1 “... гэр бүлийн бусад гишүүн, ... тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, ...” гэж зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.З, Б.М, шүүгдэгч Л.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болно.

Шүүгдэгч Б.Л.Б нь  өөрийн том хүү 10 настай Б.Зыг 2018 оны 4 дүгээр сард цахилгаан тогооны залгуураар ороолгож зодсон, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өшиглөж зодсон, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрийн унины модоор цохиж, зуухан доторх халуун нурман дээр хөл нүцгэн зогсоолгож өвдөлт зовиур үүсгэн тарчлаасан, бага хүү 6 настай Б.Мыг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зодсон, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өшиглөсөн, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж зодсон ба дээрхээс гадна насанд хүрээгүй хохирогч Б.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ээж эрүүл үедээ гэр буулгалаа гээд хааяа чимхээд байдаг. Ээж 7 хоногт 3-4 удаад нь архи уудаг. Архи уусан болгондоо зодоод байдаг. Залгуураар олон удаа зоддог.” гэх мэдүүлэг, гэрч Л.ын “... 2018 оны 12 сараас өмнө манай дүү Л.Б нь архи уусан үедээ том хүү *******ыгаа байнга зодож нүдэж хөөж байгаа харагдаж байдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, гэрч Л.*******ын өгсөн “...Архи уусан үедээ хүүхдүүдээ зодож байсан би “боль” гэж хэлдэг тэр үед больчихдог юм. 2017 оны    9-р сараас 2018 оны 3-р сарын үе хүртэл нэг хашаанд бууж тус тусдаа гэрээрээ амьдарсан тэр үед манай дүү архи уусан үедээ хүүхдүүдээ загнаад л цохиж байхыг харж байсан айхтар гэмтэл учруулж байхыг харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/ зэргээр Л.Б нь хүүхдүүдээ байнга зодсон болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Бийн хүүхдүүд болох Б.З, Б.М нарыг  байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан, мөн Б.Зыг  2018 оны 4 дүгээр сард,  2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Шүүгдэгч Л.Б нь насанд хүрээгүй хохирогч /өөрийн хүүхэд/ Б.Зыг 2018 оны 4 дүгээр сард галын дэгээ төмрөөр хайрч, зодож түүний зүүн шуу, зүүн бугалга, нуруу, өгзгөнд сорви гэмтэл үүсгэн /2019 оны 5 сарын 20-ны өдрийн 08/шэ/289 дугаар шинжээчийн дүгнэлт хх-ийн 161 хуудас/,  мөн 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэрийн унины модоор цохиж, зуухан доторх халуун нурман дээр хөл нүцгэн зогсоолгож өвдөлт зовиур үүсгэн тарчлааж түүний 2 талын тавхайн уланд 1-р зэргийн түлэгдэлт, нуруу, баруун гуянд цус хуралт, баруун бугалга, баруун даланд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн хяцрал гэмтэл үүсгэн /2019 оны 02 сарын 22-ны өдрийн 08 шэ/123 дугаар шинжээчийн дүгнэлт хх-ийн 44 хуудас/ насанд хүрээгүй хохирогчид олон тооны шарх үүсгэн өвтгөн шаналгасан, тарчилаан зовоосон, согтуурсан үедээ харгис хэрцгий байдлаар зодсон байх тул Л.Бийг “онц харгис хэрцгий аргаар”, “хохирогч биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд”, ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэхэд маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, улсын яллагчийн санал болгосон хорих ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахад татгалзах зүйлгүйгээ илэрхийлэн, одоо 28 долоо хоногтой жирэмсэн /гэгээн үйлс эмнэлгийн хэт авиан шинжилгээ/, гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан /Шүүх эмнэлгийн дүгнэлт хх-ийн 47-49 хуудас/, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон /урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 62 хуудас/ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулж өгөхийг хүссэн.

Шүүх шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч хүүхдүүдийн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур  үүсгэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдал болон “онц харгис хэрцгий аргаар” гэмт хэргийг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэв.

2008 оны 9 сарын 10-ны өдөр төрсөн Б.Зын Г-67 дугаартай төрсний гэрчилгээ /хх-ийн 9 хуудас/, 2012 оны 8 сарын 30-ны өдөр төрсөн Б.Мын  Г-70 дугаартай төрсний гэрчилгээ /хх-ийн 29 хуудас/ тус бүрт эцгийн мэдээлэл байхгүй, эх Боржигон овогт гийн Л.Б гэсэн зөвхөн эхийн мэдээлэл тусгагдсан, Л. нь хүүхдүүдийн эцэг гэх боловч хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул хүүхдүүдийн асрамжийг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж зааснаар Багахангай дүүргийн Засаг даргад шийдвэрлүүлэхээр даалгах нь зүйтэй.

            Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Боржигон овогт гийн Л.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 (есөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг ял эдлэх хугацаанд тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 (есөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын 15 (арван тав) нэгж буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 (хоёр) сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Бт оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 9 сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.З, 2012 оны 8 сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.М нарт асран хамгаалагч тогтоож, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахыг Багахангай дүүргийн Засаг даргад даалгасугай.

7. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 6 сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН