Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00806

 

 

 

     2026          04           13                                      210/МА2026/00806      

                                   

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00940 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

142,469,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие БНСУ-д 2017 оноос эхлэн ажиллаж, амьдарч эхэлсэн бөгөөд *******2019 оноос эхлэн хамтран амьдарч байхдаа удаа дараа вон зээлсээр ирсэн. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Өмнөх зээлээ төлөлгүй үргэлжлүүлэн *******зээл авсаар байсан. Тухайн үед *******хэлсэн үгэнд итгэснээс орон сууц захиалгын гэрээ, худалдан авсан хашаа байшин зэргийг харж байгаагүй бөгөөд зээлсэн воноо юунд зарцуулдгаа нэхэмжлэгч талд хэлдэггүй буцаагаад өгнө гэдэг үгнээс өөр зүйл хэлдэггүй нэгэнт хамт амьдарч байгаагаас өгөх байх хэмээн итгэж нэхэмжлэгч тал зээлдэг байсан.

1.2. Миний бие БНСУ-ын Хана банкны өөрийн данснаас *******Хана банкны данс руу 2019 оноос эхлэн 2024 оны 2 сар хүртэлх хугацаанд нийт 179 удаагийн воны шилжүүлэг хийсэн бөгөөд 6 жилийн турш хариуцагч талд зээлсэн вон нийт дүн 57,914,400  вон болж байгаа. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны нийтэд зарласан валютын ханшаар тооцож үзэхэд 57,914,400*2.46=142,469.424 төгрөгийг *******гаргуулж *******олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч *******тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Миний бие 2015 онд БНСУ-д очиж тэндээ ажиллаж, амьдрах болсон. 2018 оны 09 сард *******танилцаж, 2019 оноос эхлэн бид хамтын амьдралаа эхлүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү *******БНСУ-д төрүүлж, 2023 оныг хүртэл Солонгост хамт амьдарсан. Би 2023 оны 06 сард, ******* 2024 оны 02 сард Солонгос улсаас баригдаж ирсэн бөгөөд бид 2025 оныг хүртэл Монголд хамт амьдарсан. ******* нь би хүүхэдтэй болмоор байна, хүүхэд өсгөх зардал мөнгө, байрны түрээс хоол ундны зардлыг би хариуцна, чи хүүхдээ гаргаад ажлаа хийж болно, олсон мөнгөө чи өөрөө мэдэж, өөртөө зарцуул гэхэд нь түүнд итгэж, итгэлцлийн үндсэн дээр түүний хүссэнээр хүү *******төрүүлсэн. Хүү *******аутизимын эмгэгтэй төрүүлсэн нь чиний буруу гэж намайг буруутгадаг байдал, хамтарч хөрөнгө мөнгө оруулж худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр хүүгээ оруулахгүй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эгчийнхээ нэр дээр авсан зэрэг болон хүүхдээ ханддаг хандлага, ааш зангаас болж хамтран амьдрах боломжгүй болсон.

Солонгост улсад хоёулаа хараар буюу хууль бусаар амьдардаг хэдий ч би даатгалд даатгуулсан тул даатгалтай гэдгээр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, яслид асруулах болон бусад янз бүрийн үйлчилгээг миний даатгалаар авдаг, авсан үйлчилгээний төлбөр миний нэрээр төлөгддөг байсан шалтгаан байрны түрээс хоол хүнс, хүүхдийн сүү, живх, утасны төлбөр бусад хэрэглээний мөнгийг ******* миний данс руу шилжүүлдэг, би буцаагаад дээрх төлбөр, зардалд зарцуулсан.

2.2. *******зээлдүүлсэн гэж нэхэмжилсэн 142,469,424 төгрөгийг, *******, хүү бид гурав Солонгос улсад хамт амьдарч байхдаа, хамтдаа зарцуулж, хамтдаа хэрэглэсэн мөнгө байхад надад зээлдүүлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй. *******нэхэмжилсэн 142,469,424 төгрөгийг Солонгос улсад хамт амьдарсан 4 жил 5 сарын хугацаанд хуваан тооцоход жилд 35 сая орчим төгрөгийг, нэг сард 3 сая орчим төгрөгийг зарцуулсан байх бөгөөд хүний нутагт нялх хүүхэдтэй, хууль бусаар амьдардаг зэргээс өртөг, зардал ихтэй байсан бөгөөд сарын хэрэглээнд 3-4 сая төгрөг хүрэхгүй хүнээс мөнгө зээлээд буцаан төлдөг байсан. *******хэд хэдэн удаа өвдөж эмнэлгээс тусламж авсан бөгөөд Солонгост эмнэлгийн төлбөр үйлчилгээ өндөр тул дээрх мөнгөнөөс нилээд мөнгийг хүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан. *******мөнгө шилжүүлсэн дансны хуулгад зээл, зээлдүүлсэн мөнгө гэсэн утгатай нэг ч гүйлгээ байхгүй харин “төлбөр" гэж бичсэн байгаа нь хамтын амьдралтай байхдаа дээр дурдсан зардалд зарцуулсан мөнгө болохыг нотолж байгаа болно.

2.3. **************2 өрөө орон сууцыг худалдан авахад миний бие 30.000.000 төгрөгийг оруулсан бөгөөд бид хамтран амьдрах боломжгүй болж дээрх 30.000.000 төгрөгийг *******аас нэхэмжилж шүүхэд хандсаны дараа уг мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоор Солонгос улсад хамтран амьдарч байхдаа хэрэглэж зарцуулсан мөнгөө надад зээлдүүлсэн мэтээр ярьж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул *******нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******зээлийн гэрээний үүрэгт 142,469,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие Солонгос улсад төрсөн ах, дүүгийн хамтаар нэг байранд хөршүүд болон амьдардаг байсан. 2019 оноос эхлэн *******миний хөлслөн амьдардаг байранд нүүж ирснээр бидний хамтын амьдрал эхэлсэн. *******болон өөрийн зардлыг би хариуцаж өөрөө төлдөг байсан. Миний бие Солонгос улсад байх хугацаанд *******болон хүүхдийн бүхий л хэрэгцээний зардлыг дангаараа хариуцаж байсан. Нэхэмжлэгч cap бүр олсон мөнгөнөөс байр, хоол, хүүхдийн хувцас, сүү, угж, цэцэрлэг зэрэг бүхий л хэрэглээний зардлыг бүрэн хариуцаж өөрт үлдсэн мөнгөө хариуцагч *******шилжүүлдэг байсан талаарх холбогдох нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Бидний хамтын амьдрал 2019-2020 оны хооронд 2 жилийн хугацаанд үргэжилсэн. 2021 оноос хүү бид 2-ыг орхиж тус тусдаа амьдарч байгаад 2022 оны 1 сард хүүхдээ Монгол руу явуулсан. Үүнээс хойш бид тус тусын амьдралаар амьдарч байгаад Монгол руу жилийн зайтай буцаж ирсэн.

4.2. Миний шилжүүлж байсан мөнгө бидний хамтын амьдралд зарцуулагдаагүй бөгөөд бидний харилцан тохиролцсоноор Монголд орон сууц болон хашаа байшин авах зорилгоор шилжүүлдэг байсан. 2019 оны 1 дүгээр сард 3 удаа 1,023,200 вон, 2 дугаар сард 2 удаа 250,000 вон, 3 дугаар сард 100,000 вон, 4 дүгээр сард 250,000 вон, 5 дугаар сард 70,000 вон, 5 дугаар сард 500,000 вон, 10 дугаар сард 2,152,000 вон, 11 дүгээр сард 50,000 вон, 12 дугаар сард 1,351,000 вон, 2020 оны 3 дугаар сард 771,400 вон, 4 дүгээр сард 501,900 вон, 5 дугаар сард 1,000,000 вон, 6 дугаар сард 3,500,000 вон, 7 дугаар сард 365,000 вон, 8 дугаар сард 850,000 вон, 9 дүгээр сард 3,700,000 вон, 11 дүгээр сард 1,110,000 вон, 12 дугаар сард 1,582,000 вон шилжүүлж байсан.  Эдгээр саруудаас тодрхой харагдаж байна. Зарим саруудад *******руу шилжүүлэг хийгдээгүй байгаа анхаарах нь зүйтэй байх.

4.3. Бидний Солонгост хамтран амтьдарч байсан хугацааны байр, хоол, бусад зардал гэхэд харилцан өөр өөр байгааг харж болно. Хэрэв *******шилжүүлж авсан мөнгөөр байр, хоол бусад зардалд зарцуулсан гэж тайлбарлах боловч бодит байдалтай нийцэхгүй байна. Сард тогтмол зардалд байрны хөлс 1,000,000 вон, ашиглалтын зардал 500,000 вон гэж тооцвол cap бүр тогтмол 1,500,000 вон байх ёстой үүнийг 24 сард тооцвол 36,000,000 вон болно. Тэгвэл миний шилжүүлсэн 2019, 2020 оны зарлагын баримтаас харахад 19,126,500 шилжүүлсэн.  Ингэхлээр миний шилжүүлж байсан мөнгө болон мөнгөн дүн бидний хамтын зардал биш болох нь харагдаж байна. Товчхондоо бидний хамтын амьдрал 57 сая вон зарцууулсан байх боломжгүй гэж хэлэхэд болно. Мөн *******нь хамт амьдрах хугацаанд хэдий хэмжээний зардал гарсаныг мэдэхгүй учир нь эдгээр зардлыг төлж, хариуцаж байгаагүй би өөрөө төлдөг байсан хүний хувьд хэлэхэд харин бодит байдлыг мушгин тайлбарлаж байгаад гомдолдтой байгаа. Миний хувьд *******итгэсэн үндсэн дээр бичгээр гэрээ байгуулаагүй түүний үгэнд итгэж шилжүүлдэг байсан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Баянгол, Хан уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэгт 142,469,420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Давж заалдах гомдолд зээлийн үүрэгт шаардсан мөнгөн дүнгийн зарим хэсгийг хашаа байшин, орон сууц авах зорилгоор хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтын амьдралд зарцуулсан 50,000,000 гаруй сая төгрөгийг хамтын амьдралд зарцуулсан байх боломжгүй гэх агуулгаар дурдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагчид мөнгө зээлдүүлсэн, орон сууц, хашаа байшин авах зорилгоор хариуцагчид мөнгө шилжүүлсэн, хамтын амьдралын явцад зарцуулсан мөнгө 57,000,000 төгрөгт хүрээгүй гэх агуулгаар давж заалдах гомдолд дурдсан тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд уг маргаанаар тогтоогдсон бодит үнэн нь талууд 2019 оноос 2023 он хүртэл БНСУ-д хамтран амьдарсан ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 142,469,420 төгрөгийг байрны түрээс, хоол хүнс, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд зарцуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу 2019 оноос 2026 он хүртэлх хугацаанд 79 хуудас баримтаар гүйлгээ хийж мөнгө шилжүүлсэнд хариуцагч маргадаггүй. Тухайн гүйлгээний баримтад мөнгө зээлдүүлсэн орон сууц, хашаа байшингийн үнэ гэх утгатай гүйлгээний баримт байдаггүй ба хамтын амьдралын хугацаанд зарцуулсан мөнгө гэдэг нь харагддаг. Тухайн мөнгөн дүн нь хамтын амьдралын явцад хүрэлцэхгүй. Учир нь талуудын дундаас гарсан хүүхэд аутизмын эмгэгтэй. Энэ хугацаанд миний үйлчлүүлэгч ч гэсэн мөнгө гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээд зөв тайлбарлаж хэрэглэн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан зээлдүүлсэн 142,469,424 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...*******, хүү бид 3 Солонгос улсад хамт амьдарч байхдаа, хамтдаа зарцуулж, хамтдаа хэрэглэсэн мөнгө байхад надад зээлдүүлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй... ” гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. *******, *******нарын дундаас 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү Төгсбаатарын Тэмүүжин төрсөн. /хх-199/

4.2. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эмчийн  үзлэгийн тэмдэглэл хэсэгт “... F84.0 буюу хүүхдийн аутизм гэх оноштой, *******нас 6 хэлд ороогүй. Ганц нэг үгийг хаа нэг хэлнэ. Холбоо үг хэлэхгүй ... Ар гэрийн хараа хяналт, тусламж дэмжлэг шаардлагатай” гэжээ. /хх-200/

4.3. Нэхэмжлэгч *******аас хариуцагч *******2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 179 удаагийн гүйлгээгээр 57,914,400 вон шилжүүлсэн. /хх-9-27/

5. Талууд дээрх гүйлгээгээр мөнгө шилжсэн үйл баримтын талаар маргаагүй ба харин хамтын амьдралтай байсан хүмүүсийн хувьд уг мөнгийг ямар зориулалтаар шилжүүлсэн, хариуцагч буцаан төлөх үндэслэл байгаа эсэх нь маргааны зүйл болсон.

6. Нэхэмжлэгч, хариуцагч нар Солонгос улсад 2019 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү *******төрж, 2022 онд хүүг Монгол улс руу явуулж, нэхэмжлэгч 2023 оны 06 сард, хариуцагч 2024 оны 2 сард Монгол улс руу албадан буцаагдаж ирсэн ба тэд 2025 он хүртэл хамтран амьдарч байгаад зан харилцаа таарахгүйн улмаас тусдаа амьдарч эхэлсэн байна.

7. Ийнхүү хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 179 удаагийн шилжүүлгээр 57,914,400 вон буюу 142,469,424 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэхдээ, эцэг, эх болохынхоо хувьд хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн хүрээнд удаан хугацааны туршид, олон удаагийн гүйлгээгээр дээрх мөнгийг шилжүүлж байсныг зээлийн гэрээний харилцаа биш гэж дүгнэсэн.

8. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, уг мөнгийг орон сууц, хашаа байшин авах зорилгоор шилжүүлсэн ба хамтын амьдралын явцад гарсан хэрэглээний зардлыг би өөрөө төлдөг байсан, дээрх шилжүүлсэн мөнгө сар бүр тогтмол хэмжээгээр бус, сарын хэрэглээнээс их хэмжээтэй тул хамтын амьдралын явцад хэрэглээнд зарцуулсан мөнгө гэж үзэхгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.  

8.1. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар  зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцсон байх мөн мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

8.2. Гэтэл нэхэмжлэгч *******хувьд хариуцагч *******179 удаагийн гүйлгээгээр 57,914,400 сая вон шилжүүлсэн үйл баримтыг мөнгө зээлдүүлсэн, Монголд хашаа байшин, орон сууц авахаар шилжүүлсэн гэж өөр өөрөөр тайлбарлах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тэрээр уг тайлбараа баримтаар нотлоогүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хэрэгжүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж тус тус заасан.          

Талуудын хооронд орон сууц, хашаа байшин авах талаар ярилцсан болон харилцсан аливаа баримт байхгүй, мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга бүгд нэг ижил “төлбөр” гэж бичигдсэн байгааг зээл болон орон сууц, хашаа байшин авахаар шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нар бага насны хүүхдийн хамт Солонгос улсад амьдарч байх хугацаанд хүүхдийн хоол, өдөр тутмын хэрэгцээ, цэцэрлэгийн төлбөр, эмчилгээний зардал болон хамтын амьдралтай холбоотой бусад зайлшгүй шаардлагатай хэрэгцээнд зориулан мөнгө зарцуулж байсан байна. Ийнхүү зарцуулсан зардал нь тухай улсын амьжиргааны түвшин, үнийн хэмжээнд нийцсэн гэж үзэхээр байх бөгөөд уг байдлаар талуудын хооронд 6 жилийн хугацаанд шилжүүлсэн мөнгийг тооцож үзэхэд жилд 9,652,400 вон буюу 23,744,904 төгрөг гарч байгааг 3 хүний 1 жилийн хэрэглээний зардлаас хэтэрсэн их хэмжээтэй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хамтын амьдралын явцад гарсан өдөр тутмын хэрэглээний зардлыг өөрөө хариуцан төлж бусад мөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбар мөн баримтаар тогтоогдоогүй.

8. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэх 57,914,400 вон буюу 142,469,424 төгрөг нь тэдний хамтын амьдралын хугацаанд хүүхдийн болон өөрсдийнх нь өдөр тутмын хэрэглээний зардалд зарцуулсан мөнгө байх ба зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзнэ.

9. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00940 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА

 

                 ШҮҮГЧИД                                 Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ