Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1089

 

 

 

 

 

        2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/01089

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг Өгөөмөр Жаргалант 8-8 тоотод суух, эрэгтэй, Боржигон овгийн Нямжавын Раднаа /НМ56061016/-ийн хүсэлттэй,

            Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Раднаа, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Раднаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие нь 1956 оны 06 сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг Нямжавын 1 дүгээр хүү болон мэндэлсэн. Миний эх Доржсамбуугийн Нямжав нь намайг төрөхөд өөрөөрөө овоглосон бөгөөд намайг 3 настай байхад буюу 1959 онд манай нутгийн Хорлоо гэдэг хүнтэй суусан юм.  Ингээд би хойд эцэг Хорлоогоор овоглож 1974 оноос 1977 он хүртэл цэргийн алба хааж, мөн Жаргалантын сангийн аж ахуйд 1977 оноос 1991 хүртэл ажилласан. Иргэний үнэмлэх авахад төрсний бүртгэлээр эх Д.Нямжаваар овоглосон байдаг. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн болон цэргийн батлахын хуулбар, мэргэжлийн үнэмлэх, тушаалууд, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Раднаа нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйгаас 1973 оны 01 сарын 11-ний өдөр Нямжав овогтой Раднаа нэрээр олгосон 740702 тоот хөдөлмөрийн дэвтэр мөн Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1977 оны 07 сарын 17-ны өдрийн 189 тоот ажилд томилох тушаалын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Нямжавын Раднаа мөн болох нь эдгээр бичиг баримтын төрсөн он сар өдөр нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх дээрх төрсөн он сар өдөртэй тохирч байгаагаар мөн Батлан хамгаалахын Төв архивын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 4951 тоот лавлагаа болон төрсөн дүү Н.Амартүвшин, Н.Түвшиндолгор нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээх үндэслэлтэй байна.

 

Нямжавын Раднаа нь Төв аймгийн Жаргалантын сумын барилгын салбарт 1972 оны 12 сарын 27-ны өдрөөс 1974 оны 07 сарын 07-ны өдөр хүртэл ачигчаар, 1974 оны 05 сарын 17-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл Ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хаасан, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1977 оны 07 сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл нормчиноор тус тус ажиллаж байсан болох нь Х.Раднаа нэрээр Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн даргын тушаалын бичилтүүдээр, Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн даргын 1977 оны 07 сарын 17-ны өдрийн 189 тоот Ажилд томилох тушаал, 1978 оны 08 сарын 30-ны өдрийн 228 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1979 оны 12 сарын 17-ны өдрийн 333 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1980 оны 12 сарын 12-ны өдрийн 336 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1981 оны 12 сарын 24-ны өдрийн 323 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1982 оны 11 сарын 20-ны өдрийн 262 тоот Ээлжийн амралт олгох тушаал, 1983 оны 12 сарын 24-ны өдрийн 362 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1984 оны 11 сарын 19-ний 343 тоот Барилгачдын ээлжийн амралт олгох тухай, 1985 оны 12 сарын 09-ны өдрийн 317 тоот Ээлжийн амралт олгох тушаалын хавсралтад Хорлоо Раднаа шаварчин, 1986 оны 03 сарын 17-ны өдрийн 61 тоот Нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, 1987 оны 04 сарын 03-ны өдрийн 83 тоот Шагнах тухай тушаал, 1988 оны 11 сарын 22-ны өдрийн 309 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 12 сарын 19-ны өдрийн 249 тоот Удаан жилийн нэмэгдэл олгох тушаал, 1990 оны 12 сарын 26-ны өдрийн 296 тоот Шагнал олгох тухай тушаалын 13 дугаарт Хорлоо Раднаа гэж тус тус бичигдсэн байдал болон түүний ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч О.Цагаанцоож, Б.Цэдэв, Н.Амартүвшин, Н.Түвшин нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан дээрх бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйгаас 1973 оны 01 сарын 11-ний өдөр Нямжав овогтой Раднаа нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1974 оны 05 сарын 17-ны өдөр Хорлоо овогтой Раднаа нэрээр олгосон ....... тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Нямжавын Раднаа болохыг,

Н.Раднаагийн Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйд 1972 оны 12 сарын 27-ны өдрөөс 1974 оны 07 сарын 07-ны өдөр хүртэл ачигчаар, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1977 оны 07 сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.ЦОЛМОН