Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00872

 

 

 2026          04            20                                     210/МА2026/00872

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01331 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******, *******, *******нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,792,043,749.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч *******, *******, *******нар манай банктай  2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээгээр 693,000,000 төгрөгийг эргэлийн хөрөнгийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн. Мөн өдрийн *******дугаартай зээлийн гэрээг байгуулж 1,627,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн.

1.2. Зээлдэгч *******, *******, *******нар  дээрх зээлийн гэрээнүүдийн хуваарийг зөрчиж, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ******* дугаар зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 462,000,000 төгрөг, үндсэн хүү 45,917,823.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,131,474.24 төгрөг, нийт 509,049,297.59 төгрөг, *******дугаар зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 1,143,582,380.77 төгрөг, үндсэн хүү 132,288,868.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,098,781.89 төгрөг, даатгалын төлбөр 3,024,421.04 төгрөг, нийт 1,282,994,452.02 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.3. Зээлдэгч *******, *******, *******нар нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******тай *******, *******дугаар барьцааны гэрээ байгуулж,

1.3.а. *******, *******тоот хаягт байршилтай 1,097 м.кв талбайтай үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

1.3.б. *******, *******тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай ******* нэгж талбарын дугаартай гэр орон сууцны хашааны зориулалттай газар,

1.3.в. *******, *******тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай 1******* нэгж талбарын дугаартай гэр орон сууцны хашааны зориулалттай газар,

1.3.г. *******, *******тоот хаягт байршилтай 1,020 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,

1.3.д. *******, УБ менежментийн хойд талд гудамж *******хаягт байршилтай 3,222 м.кв талбайтай ******* нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай газар болон тоног төхөөрөмжийг барьцаалсан.

Иймд, Зээлдэгч *******, *******, *******нараас зээлийн гэрээний үүрэгт 1,792,043,749.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.

2. Хариуцагч нар шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй ба шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, *******, *******нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. 3ээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын хувьд маргаангүй. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хувьд маргаангүй.

2.2 Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь, компанийн үйл ажиллагаа доголдож, зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тухайгаа нэхэмжлэгч компанийн холбогдох ажилтанд мэдэгдсэн боловч гэрээг цуцлахгүйгээр хугацаа алдаж 2025 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь зээлдэгч буюу хариуцагч нарыг хохироосон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******" ХХК, ******* болон *******нараас 1,792,043,749.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

Улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн *******, *******тоот хаягт байршилтай 1,097 м.кв талбайтай үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

эзэмших эрхийн *******дугаарт бүртгэгдсэн, *******, ******* тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай ******* нэгж талбарын дугаартай, гэр орон сууцны хашааны зориулалттай газар,

эзэмших эрхийн *******дугаарт бүртгэгдсэн, *******, ******* тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай, 1******* нэгж талбарын дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай газар,

улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн, *******, ТЭЦ-2 гудамж, 2-26 тоот хаягт байршилтай, 1,020 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,

эзэмших эрхийн *******дугаарт бүртгэгдсэн, *******, УБ менежментийн хойд талд гудамж *******хаягт байршилтай, 3,222 м.кв талбайтай, *******нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай газар, 

2022 онд үйлдвэрлэгдсэн *******загварын цэнхэр өнгийн цогц тоног төхөөрөмж болох тасдагч машин, сэндвич хавтангийн наах машинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,346,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* болон *******нараас 9,346,319 төгрөгийг гаргуулан *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******, ******* болон *******нарын хүндрэлтэй, хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг, нэхэмжлэгчийн хариуцагчид илтэд хохиролтой нөхцөл байдлыг үүсгэсэнд шүүхийн зүгээс дүгнэлт хийгээгүй ба хариуцагчид илтэд хохиролтой нөхцөл байдал бий болгосон буюу талуудын хийсэн хэлцлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн мэт дүр үзүүлэн аливаа шаардлага гаргахгүй байж байгаад өчнөөн хугацааны дараа хэт их хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар нэхэмжлэл гаргаж байгааг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх үндэслэл байгааг хэрэглээгүй тул шийдвэрийн зарим хэсэг буюу ******* тоот зээлийн гэрээний үндсэн хүү 45,917,823.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,131,472.24 төгрөг, *******тоот зээлийн гэрээний хувьд үндсэн хүү 132,288,868.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,098,781.89 төгрөгийг багасган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

4.2. Үндсэн нэхэмжлэлд дурдагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн эсэх нь тодорхойлогдоогүй мөнгөн дүн буюу 70,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн дүнгээр буюу 1,792,043,749,62 төгрөгөөр хариуцагчаас гаргуулж байгааг шүүх анхааран үзнэ үү.

4.3. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан даатгалын төлбөр 3,024,421,04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үндэслэл бүхий үнэлж дүгнэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна.

5.2. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт авагдаагүй, амлалт үүрэг өгсөн баримтыг ******* хүлээн авсан гэх агуулгаар тайлбар гаргадаг. Гэтэл хариуцагч нь энэ талаарх үйл баримттай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт авагдаагүй. “*******” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээнээс татгалзаагүй. ******* нь шаардах эрхээ хэрэгжүүлснээр тухайн байгууллагад хөнгөлөлт үзүүлэх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь холбогдох хуулийг зөрчөөгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд хуульд заасан үндэслэлээр хэргийн үйл баримтад дүгнэлт өгсөн учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй. Иймд, хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,720,600,969.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэгт 1,792,043,749.62 төгрөг шаардсаныг хариуцагч нар *******, *******тоот зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ. 

3.  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

          3.1. Талууд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч *******-аас зээлдэгч *******, *******, *******нарт 693,000,000 төгрөгийг, зээл дахин санхүүжүүлэх зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нар нь зээл, түүний хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөгдөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх талаар харилцан тохиролцсон. /хх-26-31/

          Мөн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээгээр, зээлдүүлэгч *******-аас зээлдэгч *******, *******, *******нарт 1,627,000,000 төгрөгийг дээрх нөхцөлөөр зээлдүүлж, зээлдэгч нар зээл, түүний хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөгдөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх талаар харилцан тохиролцсон./хх-6-11/

          3.2. Дээрх 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *******, *******дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, талууд дараах барьцааны гэрээ байгуулсан;

          3.2.1. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *******тоот Ипотекийн гэрээгээр, хариуцагч *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, *******, *******тоот хаягт байршилтай 1097 м.кв талбайтай, үйлчилгээ, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

          3.2.2. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *******тоот Ипотекийн гэрээгээр, хариуцагч *******өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, *******, *******тоот хаягт байршилтай, 1020 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

          3.2.3. Хариуцагч *******ы эзэмшлийн, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газар эзэмших эрх,

          3.2.4. Хариуцагч *******ы эзэмшлийн, нэгж талбарын 1******* дугаарт бүртгэлтэй, *******, *******тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газар эзэмших эрх,

          3.2.5. Хариуцагч *******эзэмшлийн, нэгж талбарын *******дугаарт бүртгэлтэй, *******, УБ менежментийн хойд талд, *******хаягт байршилтай *******талбайтай, аж ахуйн зориулалттай газар эзэмших эрх,

          3.2.6. Хариуцагч *******-ийн *******загварын цэнхэр өнгийн тоног төхөөрөмж /тасдагч машин-1 ширхэг, сэндвич хавтангийн наах машин-1 ширхэг/-ийг барьцаалсан.

          4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

          Хариуцагч *******, *******, *******нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас ******* нь зээл төлөх мэдэгдлийг тэдгээрт удаа дараа өгч, зээлийн гэрээний зөрчил арилаагүй тул гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т тус тус нийцсэн.

          Тодруулбал, хариуцагч нар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй үүргийн зөрчил гаргасан байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэг,  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2-т зааснаар нэхэмжлэгч талын санаачилгаар урт хугацааны гэрээг зээлдүүлэгч цуцлах эрхтэй. 

          Хэргийн баримтаар, хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгч талаас өгч байсан боловч хариуцагч нар гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.

          5.Хариуцагч тал зээл төлж чадахгүй болсон нөхцөл байдлаа нэхэмжлэгчид мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн мэт дүр үзүүлэн аливаа шаардлага гаргаагүй байж байгаад хэт их хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх үндэслэл байгааг хэрэглээгүй гэх гомдлыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан.

          5.1. Нэхэмжлэгч нь банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд ба талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтаар маргааныг шийдвэрлэх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгах зохицуулалтад хамаарахгүй.

          Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 2.5-д зааснаар зээлдэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөхгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

          5.2. Хариуцагч нарын хувьд зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй, үүргийн зөрчил гаргасан нь зээлийн дансны хуулга, зээл хүүгийн тооцоолол баримтаар тогтоогдсон. /хх-22-25, 96-97/

          Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******нарт зээлийн гэрээний үүргийн зөрчил, түүнийг арилгах талаар уулзалт хийж, мэдэгдэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэл, мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-52-55/

          Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний зөрчил арилаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны  тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэнтэй нийцсэн.

Иймээс хариуцагч нар;

Зээлийн 1305150151 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 1,143,582,380.77 төгрөг, хүү 132,288,868.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,098,781.89 төгрөг,

Зээлийн 1305150146 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 462,000,000 төгрөг, хүү 45,917,823.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,131,474.24 төгрөг,

Дээрх 2 гэрээний үүрэгт бүгд нийлээд үндсэн зээл 1,605,582,380.77 төгрөг, хүү 178,206,691.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,230,256.13 төгрөг нийт 1,789,019,329 төгрөг төлөх үүрэгтэй ба  дээрх үүргээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасах үндэслэлгүй байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдал буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал нөлөөлснөөс хариуцагч хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдож, зээлийг эгүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй.

Иймд, зээлдэгч зээлийн гэрээний үүрэг биелүүлэхэд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх гомдол хангагдахгүй.

6. Харин зээлийн гэрээний үүрэгт даатгалын нөхөн төлбөрийг хамааруулан шаардсаныг анхан шатны шүүх хангасныг хасаж хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна. Учир нь;

Хэргийн баримтаар “*******” ХХК болон *******-тай байгуулсан Бизнесийн зээлийн даатгал-Эд хөрөнгийн даатгалын гэрээний дагуу барьцааны зүйл болох 2 үл хөдлөх хөрөнгө, 1 тоног төхөөрөмжийг даатгуулж, нийт төлөх даатгалын хураамжийн дүнг 4,536,631.54 төгрөг, сард 378,052.63 төгрөгөөр тогтоож, зээлийн гэрээнд даатгалын хураамжийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт оруулан зээлдэгч төлөхөөр талууд тохирсон, ******* нь даатгалын зуучлагчаар гэрээнд оролцсон. /хх-51/

Гэвч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нийт төлөх даатгалын хураамжийн дүнг дээрхээс зөрүүтэй буюу 13,231,842.05 төгрөгөөр, хүү тооцооллын баримтад даатгалын өрийг 6,804,947.34 төгрөг гэж өөр өөр тогтоосон, дээрх хуваарь зөрчигдсөнөөс гадна даатгалын гэрээ хэрэгжиж, даатгалын хамгаалалт хүчин төгөлдөр үйлчилж байсныг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, тухайлбал, даатгалын баталгаа, даатгалын хураамжийн нэхэмжлэл зэрэг баримт байхгүй.

Мөн “*******” ХХК нь даатгалын хураамж шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу *******-д шилжүүлсэн баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас даатгалын хураамжийн өрийн үлдэгдэл 3,024,421.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

            Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч *******, *******, *******нараас зээлийн гэрээний үүрэгт 1,789,019,329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 3,024,421.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн нэрийг бичих өөрчлөлт оруулна. 

            Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг буюу хэтэрсэн хугацааны хүүтэй холбоотой зохицуулалтыг баримталсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01331 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, *******, *******нараас 1,789,019,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 3,024,421.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, *******, *******нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй  тохиолдолд;

2.1. Хариуцагч *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, *******, *******тоот хаягт байршилтай 1097 м.кв талбайтай, үйлчилгээ, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

             2.2. Хариуцагч *******өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, *******, *******тоот хаягт байршилтай, 1020 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,

             2.3. Хариуцагч *******ы эзэмшлийн, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газар эзэмших эрх,

             2.4. Хариуцагч *******ы эзэмшлийн, нэгж талбарын 1******* дугаарт бүртгэлтэй, *******, *******тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газар эзэмших эрх,

             2.5. Хариуцагч *******эзэмшлийн, нэгж талбарын *******дугаарт бүртгэлтэй, *******, УБ менежментийн хойд талд, *******хаягт байршилтай *******талбайтай, аж ахуйн зориулалттай газар эзэмших эрх,

             2.6. Хариуцагч ******* ХХК-ийн *******загварын цэнхэр өнгийн тоног төхөөрөмж /тасдагч машин-1 ширхэг, сэндвич хавтангийн наах машин-1 ширхэг/-ийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1,789,019,329 төгрөгийг гаргуулж, *******-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

3 дахь заалтын “...9,346,319” гэснийг “...9,103,047” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,085,290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНДАЛБАЯР

 

     ШҮҮГЧИД                                      Ч.БАТЧИМЭГ

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ