Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00959

 

    2026           04            29                                     210/МА2026/00959

                                   

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Б.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/2038 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:*******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******тус тус холбогдох,

Гэм хорын хохиролд 2,138,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* миний том хүү *******нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих үед цагдаагийн албан хаагчийн хэрэглэсэн галт зэвсэгт оногдож нас барсан. Уг хэргийг хуульд заасны дагуу шалган тогтоож, хэрэг болох үед Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч *******, Нийслэлийн цагдаагийн газрын дарга *******, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга *******, Эргүүл хамгаалалтын газрын дарга *******нар нь албан үүргээ биелүүлэхдээ хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн, эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 240 дугаар шүүхийн тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон.

1.2. Хүүгээ нас барснаас хойш миний хань *******нь шударга үнэнийг олохын төлөө хууль хяналтын байгууллагаар явсаар сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч 65 насандаа нас барсан. Миний хань үнэнийг олж тогтоохын тулд өлсгөлөн суулт зарлаж явсаар зүрх, элэг, нойр булчирхай гээд эрүүл эрхтэнгүй болж эцэстээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний хувьд хүү, ханиа алдаад амьд явахад ч хэцүү, энэ их гомдлын улмаас эрүүл мэнд ихээр доройтож, элэг, сахар, зүрхний өвчтэй болоод байна. Мөн ах, эцгээ алдсанаас хойш миний хоёр хүүхдийн элэг нь муудаж насан туршийн өвчтэй болсон.

1.3. Хүү *******нь амь насаа алдахдаа 24 настай, ажил амьдралын гараагаа эхлээд удаагүй буюу уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “*******” компанид орчуулагч, аж ахуйн нярваар ажиллаж, ахиж дэвшиж явсаар цалин нь нэмэгдэж хамгийн сүүлд 2008 оны 6 дугаар сард 1,248,000 төгрөгийн цалин авч байсан. Хэрэв миний хүү өдийг хүртэл амьд, ажил хөдөлмөрөө эрхлээд явж байсан бол 2008-2024 оны хугацаанд нийт 498,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Цаашид эрэгтэй хүний тэтгэвэрт гарах нас болох 60 нас хүртлээ хөдөлмөр эрхэлнэ гэж үзээд өнөөгийн сарын дундаж цалин хөлс болох 5,000,000 төгрөгөөр 19 жилийн хугацаагаар тооцоход 1,140,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Иймд миний хүүгийн амь нас хохирсны улмаас нийт 1,638,000,000 төгрөгийн цалин хөлс авах боломжтой байсан.

1.4. Түүнчлэн хүүгээ бусдын гарт амь насаа алдсанаас хойш аав нь сэтгэл санаагаар унаж явсаар эцэст нь нас барсан. Миний хувьд хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаагаар маш их унаж, нойргүйдэлд орсон, байнга даралт хэлбэлзэлтэй болсон, элэгний өвчтэй болсон, мөн гэнэт гөлийж суудаг болсон гэх мэт сэтгэл санааны хохиролд 500,000,000 төгрөг нэхэмжилнэ.

Иймд хүү минь амьд байгаад ажил хөдөлмөр эрхлэн олох ёстой байсан цалин хөлс 1,638,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 500,000,000 төгрөг, нийт 2,138,000,000 төгрөгийг хариуцагч *******, *******гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч өөрийн сэтгэл санааны хохиролд 500,000,000 сая төгрөг гаргуулахаар тусгажээ. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсгийг нэмсэн бөгөөд 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болсон үйл явдалтай холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1, 508.4.2, 508.4.3, 508.4.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүгийнхээ амьд байх хугацаанд олох байсан цалин хөлсийг зах зээлийн хөдөлмөрийн хөлсний хамгийн бага дүнгээр тооцож, өнөөгийн үнэ цэнээр 1,638,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй, хууль зүйн үндэслэлгүй.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун гарсны улсаас 5 иргэн амь насаа алдсанаас гадна бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан. Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4.1.1 дэх заалтад төрөөс амь насаа алдсан иргэний ар гэрт тус бүр 50 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор заасны дагуу Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 293 дугаар тогтоолоор амь насаа алдсан 5 иргэний ар гэрт тус бүр 50,000,000 төгрөг олгох шийдвэрийг гаргаж, олгосон. Иймд *******гэм хорын хохиролд 2,138,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон нийтийн эмх замбараагүй байдлын үед хүний амь нас хохирсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутай этгээдүүдэд ял шийтгэж, нас барсан хохирогч *******эцэг хохирогч *******50,000,000 төгрөгийг... Засгийн газрын нөөц сангаас гаргуулж олгосугай гэж шийдвэрлэсэн.

3.2. Хохирогчид нөхөх олговор олгох тухай /2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дараах хохирогчид дор дурдсан хэмжээгээр төрөөс нэг удаа нөхөх олговор олгоно; 4.1.1.амь насаа алдсан иргэний ар гэрт тус бүр 50 сая төгрөгийн/ гэжээ. Мөн хуулийн 4.2-д “Энэ хуулийн 4.1.1-4.1.3-т заасан хохирогчийн нэхэмжилсэн эдийн бус хохиролд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлын хэмжээгээр нөхөх олговрыг олгоно.” гэж заасны дагуу нөхөн олговрыг олгосон байна.

Иймд *******эдийн бус хохирол нэхэмжилсэн гэм хорын хохиролд 2,138,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******газраас 104,350,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,033,649,600 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******газраас 679,702 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч *******газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Үйл баримтууд 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байхад дахин нотолсон, хариуцагчийг зөв тодорхойлоогүй нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4, 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3-т “...******* нь нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг баримталсан нь хуулийн үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар “Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар ...” гэж ангилахаар, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой уйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж, 25.3 дахь хэсэгт “Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна” гэж тус тус заасан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн” гэж, 2 дахь хэсэгт “Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн тэргүүлнэ” гэж, 5 дахь хэсэгт “Хэрэг эрхлэх газар энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан ажлыг эрхэлнэ”. 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ...” гэж тус тус хуульчилсан болон Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм”-ийн дагуу ажилладаг төрийн байгууллага буюу хуулийн этгээд болно.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, удирдах, алба хаагчдыг нь томилох чиг үүрэггүй. Харин 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр албан тушаалаар хүлээсэн албаны эрх мэдлээ үл хэрэгжүүлсэн алба хаагчид нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эргүүл хамгаалалтын газарт ажилладаг байсныг дээр дурдсан 3 шатны шүүхээр тогтоосон байдаг.

2008 оны 07 дугаар сарын 01-ний үед Цагдаагийн байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулиар үйл ажиллагаа, эрх зүйн үндэс нь тодорхойлогдож байсан ба Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тусдаа бие даасан төрийн байгууллага буюу хуулийн этгээд юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн хариуцагч нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар биш талаар хүсэлт өгсөн боловч, шүүх хүлээн аваагүйг эргэн нягтлах шаардлагатай.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар тогтоолоор “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 3.1-д “Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт зарцуулалтыг хууль зүй дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан удирдана” гэж, мөн 5.5 дахь хэсэгт “Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох шийдвэр гаргана” гэж, мөн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд ... тэргүүлнэ” гэж тус тус заасан. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын харьяанд ажиллаж байсан алба хаагчдын гэм буруутай холбоотой асуудлыг *******хариуцуулж, тус сангийн үйл ажиллагааг хариуцан удирдаж, төлбөр олгох эрхтэй Засгийн газрын гишүүний тэргүүлж байгаа *******холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй төдийгүй хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, төрийн байгууллага зөвхөн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Улсын Их Хурлаас баталсан тухайн оны төсвийн хуулийн дагуу улсын төсвийг зориулалтын дагуу зарцуулдаг ба Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын мэдэлд байхгүй “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-гийн үйл ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хөндлөнгөөс оролцох хууль зүйн боломжгүй юм.

5.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолын 6.2.3-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгана.” гэж, 6.2.4-д “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовуурь шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй.” талаар заасныг зөрчиж, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 741 дүгээр магадлалаар “...Шүүх 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хохирогчид нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу хохирогч нар авсан эсэхийг үл харгалзан тэдэнд учирсан гэм хорын хохиролд /эдийн болон эдийн бус/ тооцон нас барсан *******нарын хохирол, гэм хорын мөнгөн төлбөрийг авах эрх бүхий этгээд тус бүрд 50,000,000 төгрөг, ... хүнд...хүндэвтэр гэмтэл авсан иргэн ....нарт тус бүр 20,000,000 төгрөгөөр хохирлыг тогтоон Засгийн газрын нөөц сангаас гаргуулж хохирогч нарт олгуулахаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу биш байна” гэж дүгнэсэн бөгөөд тус магадлалд хохирогч нар гомдол гаргаагүй уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тайлбарлавал, нэхэмжлэгч нь тухайн үед Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 4 дүгээр зүйлийн дагуу 4.1.1 дэх заалтад заасны дагуу 50,000,000 төгрөг, мөн хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1.1-4.1.3-т заасан хохирогчийн нэхэмжилсэн эдийн бус хохиролд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлын хэмжээгээр нөхөх олговрыг олгоно” гэж заасны дагуу 3 шатны шүүхээр гэм хорын хохирол /эдийн болон эдийн бус/-оо тогтоолгож 50,000,000 төгрөгийг тус тус авснаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх байдлаар үйл баримтууд нь 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий болсон байхад дахин нотолсон нь шийдвэр хууль ёсны биш, үндэслэлгүй гэж үзэж байна.

5.3. Харин шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх заалтад “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” үйлчлэхээр заасныг харгалзан үзээгүй нь мөн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр нь хариуцагчийг буруу тодорхойлсон, гэм хорын хохирол /эдийн болон эдийн бус/-ын асуудал өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн байхад дахин хэлэлцэж, хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, бодит амьдралд хэрэгжих боломжгүй хөөн хэлэлцэх хугацаанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа учир шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, үнэн зөв, бодитой шийдвэр болсон. Хариуцагчийн гомдлын гол агуулга нь өмнө нь Засгийн газрын шийдвэрээр хохирогчид нөхөн төлбөр олгосон тул дахин иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой, анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэжээ. Гэвч хүний амь нас нь юугаар ч үнэлж болшгүй үнэ цэнтэй. Үүнээс үүдэлтэй гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг Эрүүгийн хэргийн гурван шатны шүүх нээлттэй хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хохирогчийн амь нас хохирсонтой холбоотой асуудлыг гурван шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, тухайн эрх бүхий цагдаагийн байгууллагын албан тушаалтны буруутайг тогтоосон. Цагдаагийн байгууллага нь *******харьяалагддаг бөгөөд тус яам нь Засгийн газрын харьяа байгууллага тул уг гэм хорын хохирлыг Засгийн газар хариуцах нь зүйтэй. Иймээс хариуцагчийг зөв тодорхойлсон.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, гэм хорын хохирол нь эдийн болон эдийн бус хэлбэртэй байдаг бөгөөд эдийн бус гэм хорын хохирол нь мөнгөн дүнгээр бүрэн үнэлэх боломжгүй, хүний амь настай холбоотой онцгой шинжтэй хохирол юм. Иймээс хүний амь нас хохирсонтой холбоотой гэм хорын хохиролд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйл хэрэглэх боломжтой. Тиймээс хөөн хугацаа тооцоогүй гэх гомдол үндэслэлгүй.

6.2. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 510 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж маргасан. Гэвч анхан шатны шүүх уг хэрэгт хамаарах холбогдох хуулийн заалтуудыг зөв хэрэглэсэн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд амь нас хохирсонтой холбоотой сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлээр үнэлэх боломж хязгаарлагдмал байсан тул шүүх боломжит хууль, нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан. Хэрэг гарсан тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр заасан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан бие махбод, эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг хохирогч, түүний төлөөлөгчид олгосон. Уг эрхийнхээ хүрээнд хохирогчийн хүү нь амьд байсан бол хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ болон эцэг эхдээ дэмжлэг үзүүлэх боломжтой байсан. Цаашлаад, хүү нь амьд байсан бол эцэг нь ч мөн амь насаа алдахгүй байх нөхцөл бүрдэх байсан зэрэг олон сөрөг үр дагавар үүссэн. Иймд анхан шатны шүүх уг хэргийг бүх талаас нь бодитой үнэлж, үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******тус тус холбогдуулан нийт 2,138,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба үндэслэлээ “...2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих үед цагдаагийн албан хаагчийн хэрэглэсэн галт зэвсэгт оногдож нас барсан хүү *******нь амьд байгаад ажил хөдөлмөрөө эрхлээд явж байсан бол 2008-2024 оны хугацаанд болон цаашид 60 нас хүртлээ хөдөлмөр эрхэлж олох байсан орлого 1,638,000,000 төгрөг, хүүгээ нас барснаас сэтгэл санааны хохиролд 500,000,000 төгрөг, нийт 2,138,000,000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлжээ. /хх-1-3/

3.1. Нэхэмжлэгч ******* нь *******, *******холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. /хх-70/

Улмаар, шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч *******дуудсан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч ******* гэснийг ******* гэж тодруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар ******* оролцсон байна. /хх-72/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлно. 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдагдсан, мөн иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчаар тодорхойлсон ******* бус, харин *******холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус нийцээгүй байна.

3.2 Түүнчлэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийнх 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болох бөгөөд мөн зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй. Хариуцагч **************Газраар сольсон талаар баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******Газрыг хариуцагчийн нэгэн адил оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийнх 28.1 дэх хэсэгт нийцээгүй байна.  

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдож байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ.

4.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Харин албан тушаалтны гэм буруутай хамааралгүй үйл ажиллагаанаас учирсан гэм хорын асуудлыг эрх зүйн маргааны журмаар буюу нэхэмжлэлээр бус, хүсэлтээр, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

******* нь цагдаагийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас, эсхүл албан тушаалтны буруутай эсэхээс үл хамааран учирсан хохирлыг төр хариуцах агуулгын алинд хамаарч хохирол шаардаж байгааг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, үүнээс хамаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журам үйлчлэх учиртай.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг залруулах, нөхөн гүйцэтгэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/02038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ОЮУНТУЯА

 

                 ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ